| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 2431001690142 |
| Дугаар | 2025/ШЦТ/138 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/138
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ц*******,
шүүгдэгч Б.Ж******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2431001690142 дугаартай, 175/2024/0254/Э индекстэй, хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд /4 сартай/, хадам ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын Т******* 1 дүгээр баг, Г******* 03 дугаар хэсэг, 05 тоотод оршин суух иргэний бүртгэлийн хаягтай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 27 хороо, 12-1 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Б*******н Ж******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр баг, “Эрээн нарс” гэх газарт өөрт олгогдоогүй эрхээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн сангаас 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс мод бэлтгэж, 27-39 СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Монгол улсын ойн санд 5,307,421 төгрөгийн шууд хохирол, 15,922,263 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хуралдаанд оролцсон талуудын байр суурь, шинжлэн судалсан нотлох баримтын талаар:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ж******* Эрүүгийн хуулийн тусгай анийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үйл баримтыг тогтоосон, бэлтгэсэн модны хэмжээг тогтоосон ойн ангийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник тоног төхөөрөмжийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр Б.Ж*******ийг зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэрэг үйлдээгүй гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэж илэрхийлж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэргийг модны шинж чанар буюу амьдрах чадвартай, чадваргүй гэдэг үйл баримтын талаар тусгаагүй. Харин тухайг бэлтгэж байгаа модыг бэлтгэхийн тулд зөвшөөрөл авах ёстой байсан гэдэг агуулгаар хууль тогтоогчид тогтоосон. Тухайн гэмт хэргийн салбар хууль болох Ойн тухай хууль, ойн модыг бэлтгэх зөвшөөрөл авах талаар зохицуулсан дүрэм журмаар харилцаа хамаарлыг тогтоож энэ гэмт хэргийн шинжийг тогтоож тусгасан. Б.Ж*******өд эрээн нарс гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй юм байна. Өөрт оногдоогүй зөвшөөрлөөр эрхийн бичигт заагаагүй газраас мод бэлтгэсэн нь зөвшөөрөл олгоогүй гэж үзнэ гэж Ойн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан. Эгчийнхээ өгсөн гарал үүслийн бичигт заасан гэрчилгээгээр мод бэлтгэсэн юм гэж ярьж байгаа боловч тухайн гэрчилгээнд Батмөнгөлөг гэх газар байсан. Шүүгдэгчийн хувьд Батмөнгөлөг, Эрээннарс гэх газраа ялгадаг. Хаанаас мод бэлтгэхээ мэдэж байгаад энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг 5,307,421 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Улсын байцаагчийн актаар 15,920,263 төгрөгийн хохирол хор уршиг учирсан байна гэж байдлаар тогтоосон. Үүнийг Байгаль орчны тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар улсын байцаагч дүгнэлт гаргасан. Хүрээлэн буй орчны гэмт хэрэг дээр хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай. Газрын хэвлийд халдсан гэмт хэрэг дээр нөхөн сэргээх ажлаар ховор ургамал дээр тухайн ургамлыг нөхөн сэргээх үйл ажиллагаатай холбоотой хохирлыг тооцоолдог. Өмнө нь энэ гэмт хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Амьдрах чадвартай байсан үгүй гэдэг дээр гэмт хэргийн шинж хамаарахгүй харин Байгаль экологид учруулах хохирлын эерэг үзүүлэлтийн нөлөөллийг хор уршиг тооцогдох юм байна гээд улсын байцаагчийн актаар учруулсан хохирол дээр урьдын гаргасан саналаа дэмжиж байна. Яагаад гэхээр тухайн мод хэдийгээр амьдрах чадваргүй болсон байсан боловч тухайн модны байгаль экологид хүчил төрөгч ялгаруулах шинж чанараа алдсан, гаргаж байгаа байдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр таслан зогсоогдсон байгаа учраас хор уршигт тооцох боломжгүй байна. Зөвшөөрөлтэй хийгдэх ёстой байтал зөвшөөрөлгүй хийгдсэн учраас учруулсан хор уршгийг гаргуулах нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж Б.Ж*******өөс 5,307,421 төгрөгийг гаргуулж Байгаль орчны уур амьсгалын санд оруулах саналтай байна. Хэрэгт 11 ширхэг 7,8 мкуб нарс мод, 2738СЭА улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэл зэргийг Сэлэнгэ аймгийн ******* сумын тарвагатай 1 дүгээр багт битүүмжилсэн байгаа үүнийг битүүмжлэлээс чөлөөлж тухайн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлийн лавлагаа гэрчилгээгээр О******* гэх хүний нэр дээр бүртгэлтэй байгаа тул иргэний нэхэмжлэгч О*******д буцаан олгох түүний үнэ болох 1,100,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ж*******өөс гаргуулан улсын орлого болгуулах саналтай байна. Нойтон нарс модыг хурааж улсын орлого болгуулах саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг цахилгаан хөрөөг шүүгдэгч нь манай ахынх гэж мэдүүлж байгаа тул тухайн хөрөөг Б.Жавхалантөгсөд буцаан олгож түүний үнэ болох 60,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ж*******ийн холбогдсон асуудал бол 2023 оны 08 дугаар сард болсон асуудал. Ингээд 2 дахь жилдээ орж байна, өмнө нь шүүх хуралдаанаас буцсан. Цагаатгагдсан дараа нь Улсын дээд шүүх хянаагүй буцаасан хэрэг байгаа юм. Энэ хүний гэм буруугийн асуудал дээр маш их эргэлзээтэй, улсын яллагчийн дүгнэлтээс эсэг байр суурьтай байдаг. Би энэ байр сууриас буцахгүй яагаад гэвэл хууль хэрэглээ хууль гэдэг бол хуулийг зөв хэрэглэх нь гол гэж бодож байна. Давж заалдах шатны шүүхийн цагаатгасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. Анхан шатны шүүх цагаатгасан дараа нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 14 тоот магадлалаар ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр үйл баримтаа харьцуулж судалж шалгаагүй, нойтон гэх хэрэглээний мод бэлтгэсэн байхад дээрх баримтуудыг няцааж байгаа цагаатгах тогтоолд тодорхой заагаагүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Мөн өрөөр хэлбэл хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж нягтлан шалгаагүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогдоогүй байхад шүүгдэгчийг цагаатгасан байна гэсэн дүгнэлт хийсэн. Тэрнээс биш Б.Ж*******ийг гэмт хэрэг үйлдсэн байхад цагаатгасан дүгнэлт байхгүй. Анхан шатны шүүх дахин зөв шийдвэрлэх байх гэж бодож байна. Б.Ж*******ийн үйлдсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцлээ. 2023 онд үеэл эгч Баттуяагийн хүсэлтээр өгсөн модны бичгээр нь мод авахаар Батмөнгөлөг гэх газраас мод авах болсон. Үүнийг залхуурдаг юм уу яадаг юм портер машин явах аргагүй газар байсан учраас Ерөө суманд ойрхон байдаг Эрээн нарс гэх газраас хүмүүс мод аваад байдаг учраас тэндээс авъя гэж шийдээд унасан байсан 8 ширхэг модыг аваад хожуулаас нь таслаад 11 ширхэг болгож ачсан. Ачиж яваад замдаа машин нь эвдэрсэн учраас компанийн хашаа зүг лүү оруулаад орхисон. Б.Ж*******ийн үйлдэл бол ердөө энэ. Энэ хүн энэ модыг аваад өөртөө ашиг олох, зарж үрэх, өөртөө байшин барих гэсэн зорилго байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд гэмт хэрэг гэж юу вэ? гэмт хэрэг бол тодорхой сэдэлт, санаа зорилготой байх ёстой. Тэгвэл ямар санаа зорилгоор үйлдээд байгаа юм. Улсын яллагчийн хэлж байгааг ойлгож байна. Иргэн Гд олгогдсон эрхийн бичгээр Батмөнгөлөг гэх газраас мод бэлтгэхээр заагдсан байгаа ч заагдаагүй газраас дур мэдэн мод бэлтгэсэн гээд байгаа юм. Бэлтгэх гэдгийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр Улсын дээд шүүхийн тогтоол байна. 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 370 дугаар тогтоолоор тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэх гэмт хэрэг заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолоор мод бэлтгэх ажиллагаа байх бөгөөд арчлагаа цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын гэсэн 3 зүйл байхаар хуульчилсан. Харин ойгоос хожуул, унанги, үзүүр мөчир гишүүг цэвэрлэх байдлаар бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй. Энэ бол унанги мод байсан учраас ойлгомжтой хамаарахгүй. Ойн тухай болон Байгалын баялгийг ашиглах тухай хуульд тус тус зааснаар түлээ мод, хэрэглээний мод гэдгийг салангид авч үзэх ёстой гэж ойлгож болно. Зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа модны шинж чанар түүнийг бэлтгэсэн арга шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгаатай авч үзэх нь зүйтэй гэж энэ хэргийн шийдвэрлэхдээ гэмт хэрэг мөн юм уу? зөрчил юм уу гэдгийг тодорхой хэмжээнд харьцуулан шалгаж үзэж байж шийдвэрлэх нь зөв гэсэн ойлголт тогтоолд өгөгдсөн байдаг. Б.Ж******* гэмт хэргийн сэдэлт байхгүй. Эгчийнхээ өгсөн эрхийн бичиг дээр бичигдсэн газраас өөр газраас авч байгаа нь буруу гэхдээ өөртөө гэмт үйлдэж хийж хувийн шунахай сэдэлтээр холбогдсонгүй гэж үзэж байна. Уг мод 2023 оны 08 сард салхины улмаас үндсээрээ булгарч унасан мод байна. Гэхдээ цаашид амьдар боломжгүй насгүй болсон байна гэдэг. Залуу мод гэж гарч байгаагийн утга учир бол мэдээж мод хатна, өмхөрнө энэ хугацаандаа хүрээгүй л байгаа юм. 07, 08 дугаар сард унаад цаашдаа ургаж төлжих боломжгүй болсон залуу байхдаа унасан мод. Бусдын мод бэлтгэх гэдэг асуудлыг авч үзэхдээ хүний хүчин зүйлээс огтлогдож, ургах чадвар нь хүний хүчин зүйлээс болж таслан зогсоогдсон байхыг шаарддаг. Тэр ургаж байгаа нойтон модыг хөрөөгөөр таслаад хаясан бол ойлгомжтой. Булраад унасан мод нэгэнт шинжээчийн дүгнэлтээр амьдрах чадваргүй болсон мод дараа жил нь мэдээж ойн цэвэрлэгээнд хамрагдана шүү дээ. Энэ хүнд ямар гэмт хэргийн сэдэлт байна вэ? сэдэлт санаа зорилго байхгүй байна. Зараад ашиг олох гэсэнгүй, өөртөө байшин барих гэсэнгүй, зөвшөөрөлгүй газраас очиж авсан нь буруу байна. Хуулийг хэрэглэхдээ хууль зүйн үндэслэлтэй зөв талаас нь тайлбарлаж хэрэглэх хэрэгтэй. Хохирол хор уршгийн хувьд модны асуудал дээр байгальд байсан үндсэн хэв шинжийг тайрах хөрөөдөх гэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр өөртөө ашиг олох зорилготой байна гэж хуульчлагдсан байна. Хохирлын хувьд гэм буруутай тодорхой сэдэлт санаа зорилго шунахайн үйлдэлтэй бол төлүүлэх нь зөв. Гэтэл тэгсэнгүй, бодит хохирол гэдгийг унасан байгаа модыг авахаар бодит хохирол болох юм уу? амьдрах чадваргүй модыг ачаад бодит хохирол болох юм уу? ойн санд учруулсан байгаль экологийн хэвлийд учруулсан гээд байна. Б.Ж*******ийн үйлдлээр модыг булга татаагүй шүү дээ. Б.Ж*******ийн үйлдлээр модыг үндсээр нь сугалаагүй шүү дээ. Салхи буруутай юм уу? ямар буруутай үйл байгаа юм. Хуулийг нэг бүрчлэн ойлгох ёстой. Гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго нь зүгээр булгарсан модыг тайрч ачсаны төлөө гэмт хэрэгтэн гэж ял авч байгаа нь арай л хууль зүйн зөв дүгнэлт биш юм. Удаа дараа тэр битгий хэл шинжээж дутуу дүгнэлт гаргасан байна. Ямар учраас хохирол учруулсан гэж үзээд байгаа юм бэ гэдэг талаас асуухаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахаар ямар ч нөхцөл байдалд хүлээж авдаггүй. Мод авах ёсгүй газраас авснаараа шийтгэж байгаа юм. Авах ёсгүй газраас мод бэлтгэсэн гэх юм бол дээд шүүхийн хууль тайлбарласан байгаа байдал хүний хүчин зүйлээр авагдана гэдэг нөхцөл байдал, цаашдаа ургах боломжгүй болсон байгаа байдал гэх мэт зүйл нөлөөлнө. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Яг бодит байдал дээр юу болсон юм цагаатгаж байгаа үндэслэл нь ийм ийм учраас гэдгийг тодорхой тайлбарлаагүй учраас хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд байгаа юм уу? ойлгохгүй байна. Мэдээж гэм буруугүй, энэ хүн өөрийн үйлдэлд тохирсон арга нь зөрчил үү? гэмт хэрэг үү? үүнийг ялгаж салгаж шийдвэрлэж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 05-14 дүгээр хуудас,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-15 дугаар хуудас/
Гэрч Т.Мын “...Би СБА 23-013814 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг тус сумын иргэн П.Г гэх хүнд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ойн цэвэрлэгээний ажлаар хэрэглээний 10 метр куб мод бэлтгүүлэхээр олгосон. Тухайн иргэн эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж амжаагүй тул 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны хооронд бэлдүүлэхээр сунгалт хийж өгсөн. Тухайн бичиг нь ******* сумын ойн сангийн Батмөнгөлөг гэдэг нэртэй газрын 160 дугаар хэсэглэлээс ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх хэрэглээний нарс модыг бэлтгүүлэхээр зааж өгсөн. Мод бэлтгэх эрхийн бичгийг бусдад дамжуулахыг хориглодог бөгөөд тухайн иргэн өөрөө бэлтгэх боломжгүй бол өргөдөл хүсэлтээ өгөөд өөр этгээдэд шилжүүлж болно. Б*******, Ж******* гэх 2 иргэн 2023 онд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Эрээн нарс гэх газар нь ******* сумын 1 дүгээр багт байрладаг бөгөөд ойн сангийн 3 дугаар мужлалд хамаардаг. Тухайн газарт иргэдийн хэрэгцээний болон түлээний мод бэлтгүүлэхээр тухайн талбайд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй. Иргэн Гд олгогдсон СБА -23013814 тоот эрхийн бичиг нь Батмөнгөлөг гэх газрын 160 дугаар хэсэглэлээс бэлтгэхээр заасан байгаа. Эрхийн бичигт заасан газраас хугацаа, хэмжээг хэтрүүлэхгүйгээр бэлтгэх ёстой учраас эрхийн бичигт заагдаагүй газраас мод бэлтгэж болохгүй. Эрхийн бичигт заагдсан газраас мод бэлтгэхгүйгээр өөр газраас дур мэдэн бэлтгэсэн мод нь хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ.2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хүчтэй салхи шуурганаар тус сумын ихэвчлэн Эрээн нарс, Бүдүүн, Галагтай, Төмөртэй гэх газруудад зарим моднууд үндсээрээ бултарч зарим хэсгээрээ налсан байсан. уг моднуудыг байгальд ургаж байсан эсэхээс үл хамааран чиргэн, аж ахуй нэгжүүд холбогдох хууль тогтоомжийн дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг авч мод бэлтгэх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-153-р хуудас/
Гэрч Ц.Бийн “ ...Би он сарыг нь сайн санахгүй байна. Ямартай
ч 2023 оны 12 дугаар сард манай дүү Ж******* нь намайг “ах аа цуг модонд
яваад өгөөч" гэхээр нь би зөвшөөрөөд Б******* ахын цагаан өнгийн портероор
Б******* ах, Ж 2-той хамт Эрээн нарс гэх газарт очиж шуурганд унасан байсан моднуудыг бэлтгэж сумын төв рүү явж байх үед машин нь эвдэрчихээр нь
би даараад тэр 2-ыг тэнд нь үлдээгээд өөрөө замын машинд суугаад ирсэн. Модны бичиг баримтыг би огт мэдэхгүй. Тухайн өдөр Ж******* намайг авч
явахдаа хамд яваад ачилцаад өгөөч, тэгвэл хэдэн төгрөг өгье л гэж хэлж байсан.
нийт хэдэн ширхэг мод байсныг тоолоогүй. Ж өөрөө цахилгаан хөрөөгөө
ажиллуулаад унасан моднуудыг хожуулаас нь тастаж хөрөөдөөд дараа нь
Б******* ах метрээр унасан модыг хэмжиж тэрийг нь Ж 4 метр болгож
хөрөөдөөд би тэр 2-той хамт мод өргөлцөж машинд ачиж өгсөн. Ж өөрөө
машинаа бариад тэр газар руу явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн ... хуудас/,
******* сумын ойн ангийн техникч Б.Баярхүүгийн 2024 оны 03 дугаар
сарын 14-ний өдрийн “ ...тухайн бэлтгэсэн мод нь нарс мод ба насны анги 6-8
болно. Тухайн бэлтгэгдсэн мод нь салхи шуурганд унасан амьдрах чадваргүй
болсон мод байна. Бэлтгэсэн мод нь нойтон болно. Бэлтгэсэн мод нь 7.8 метр куб
болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 5.307.421 төгрөг болж байна” гэх
шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 46-48-р хуудас/,
.“А” ХХК-ны 2024 оны 05 дугаар сарны 24-ний өдрийн
СЭА: 1001766 дугаартай 27-39 СЭҮ улсын дугаартай Портер загварын тээврийн
хэрэгслийн үнийг 1,100,000 төгрөг, Мустанг цахилгаан хөрөө 1 ширхэг 60,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 67-70-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 05
дугаар сарын 24-ний өдрийн 01/29-01/068/17 дугаартай улсын байцаагчийн акт /1-р хх-ийн 73-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ж*******ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Б.Ж******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр баг, “Эрээн нарс” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс мод бэлтгэж, 27-39 СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Монгол улсын ойн санд 5,307,421 төгрөгийн шууд хохирол, 15,922,263 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 05-14 дүгээр хуудас, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-15 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-23 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.О*******гийн мэдүүлэг /хх-н 34 дүгээр хуудас/, гэрч Р.Б*******н мэдүүлэг /хх-н 39-41 дүгээр хуудас/, гэрч Ц.Бийн мэдүүлэг /хх-н 46-48 дугаар хуудас/, гэрч Т.Мын мэдүүлэг /хх-н 51-53 дугаар хуудас/, ******* сумын ойн ангийн техникч Б.Баярхүүгийн 2024 оны 03 дугаар
сарын 14-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 05
дугаар сарын 24-ний өдрийн 01/29-01/068/17 дугаартай улсын байцаагчийн акт /хх-ийн 73 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын ойн анги ОНӨААТҮГ-н албан тоот /хх-н 75-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Ж******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр баг, “Эрээн нарс” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс мод бэлтгэж, 27-39 СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Монгол улсын ойн санд 5,307,421 төгрөгийн шууд хохирол, 15,922,263 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон.
Прокуророос шүүгдэгч Б.Ж*******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол ” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг энэ хуулиар тодорхойлохоор байна.
Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь ойгоос мод бэлтгэх үйл ажиллагаа эрхлэхдээ зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгосон зөвшөөрлийг үндэслэн үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ шаардлагыг хангахгүйгээр мод бэлтгэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилжээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, “эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана”, “эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж,
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд ойн цэвэрлэгээ хийх замаар мод бэлтгэж болно гэж хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар …зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр… мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр тогтоосон байна.
Гэтэл шүүгдэгч Б.Ж******* нь зохих төлбөр хураамжийг төлж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр байшингийн мод бэлтгэх зорилгоор ашиглалтын бүсийн ойд хамаарах Сэлэнгэ аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр баг, “Эрээн нарс” гэх газраас 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, тухайн мод бэлтгэсэн мод нь ойн цэвэрлэгээний, арчилгааны, үйлдвэрлэлийн зориулалттай болон байгалын хүчин зүйлийн улмаас шалтгаалж унасан, амьдрах чадваргүй байхаас үл хамааран хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Жавлантөгс нь хууль бусаар мод бэлтгэснээр уг гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь төгссөн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах тухай өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй.
Харин гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн гэдэг нь иргэн ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот хооронд тээвэрлэх бол харьяалах ойн анги, эрх бүхий албан тушаалтнаас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Ж******* нь 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс модыг өөр аймаг, сум, хот хооронд тээвэрлэсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтэд “гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Иймд Б.Ж******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр баг, “Эрээн нарс” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй гэдгээ мэдсээр байж мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас ойн санд 5,307,421 /таван сая гурван зуун долоон мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийн үндсэн хохирол, түүнийг гурав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,922,263 /арван таван сая есөн зуун хорин хоёр хоёр зуун жаран гурван/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бэлтгэсэн модны шинж байдал, тухайн байгалийн үзэгдлийн улмаас цаашид мод амьдрах чадваргүй гэх шинжээчийн дүгнэлт, тухайн моднууд нь хүчтэй салхины улмаас үндсээрээ булгарч цаашид байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл үгүй болсон байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч гэмт хэргийн улмаас учирсан үндсэн хохирол болох 5,307,421 төгрөгийг шүүгдэгч Б.Ж*******өөс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг шүүгдэгч хохирол төлөхөөр завсарлага авах хугацаанд бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэг Б.Ж*******ийг бусадад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дахь заалтад “...Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна…” гэж зааснаар тухайн нөхөн төлбөрийг барагдуулах үүргийг нөхөн төлбөр тооцсон улсын байцаагчид хуулиар үүрэг болгосон байгааг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээ: Шүүгдэгч Б.Ж*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзээд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд тус зүйл ангид зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж оролцсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзээд торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл иргэний нэхэмжлэгч О*******гийн нэр дээр бүртгэлтэй гэж байгаа боловч Ж*******ийн аавынх нь нэр дээр байгаа учраас тухайн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож түүний үнэ болох 1,100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох саналтай байна. Цахилгаан хөрөөг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээ: Энэ гэмт хэрэг дээр хууль зүйн талаас нь өмгөөлөгч миний бие шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гэм буруугийн шүүх хуралдаанд болтол мэтгэлцсэн. Энэ дээр шүүгдэгч Б.Ж******* ямар нэг байдлаар би буруугүй энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж хэлсэн зүйл байхгүй. Үүнийг улсын яллагч хүлээн зөвшөөрөөгүй ирсэн гэж ярьж байна. Нэгэнт шүүх гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон. Мөн Б.Ж******* гэмт буруутай гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрсөн тул завсарлага авсан хугацаанд 5,300,000 төгрөгийг төлсөн, хохирол хор уршиг арилж байна гэсэн үг. Учруулсан хор уршгийн тухайд энэ гэмт хэрэг эргэлзээтэй. Б.Ж*******ийг өмөөрсөндөө хэлээд байгаа юм биш энэ чинь хууль зүйн талаас нь дүгнэлт хийж байна. Яагаад вэ гэхээр салхинд унасан модыг Ж*******ийн үйлдлээр унасан юм шиг. Б.Ж*******ийг зөвшөөрөлгүй газраас модыг тээвэрлэсэн гэдэг дээр эрүүгийн хариуцлага яригдаад гэм буруугийн асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Тэр утгаар Ж******* хүлээж байгаа юм. Нэгэнт салхинд унасан модыг санаатайгаар өөрөө булга татаад тайрсан зүйл байхгүй учраас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг шинж чанар дээр арай өөр дүгнэлт хийгдэх байх гэж бодож байна. Хувийн байдлын хувьд ч гэсэн байнга модны наймаа хийгээд уулнаас мод аваад байдаг юм биш. Ийш тийш зараад байдаг зүйл биш. Хамтраад авсан ах дүү байдаг хүн яваад өгөөч гэхээр нь л яваад өгсөн юм. Нарийн яривал мод захиалсан эгч нь ч гэсэн гээд яриад бужигнуулаад явуул явна. Нэгэнт Эрээн нарс гэх газраас зөвшөөрөлгүй мод ачаад ирсэн нь Б.Ж*******ийн буруу гэж шүүх үзсэн учраас шүүхийн дүгнэлтэд бид хүндэтгэлтэй хандаж байна. Эрүүгийн хариуцлага ярихад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлаад чөлөөлүүлэх саналтай байна. Хувийн байдал төлөв төвшин томоотой, энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд, шүүх прокурорын үйл ажиллагаанд ямар нэг эсрэг зүйл гаргаж байгаагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан 5,300,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Буруутгаж байгаа байдал тухайн үйл нөхцөл байдалд цэвэр эрүүгийн гэмт хэргийн санаатай үйлдлээс өөрөөр ойлгож болохоор нөхцөл байдал байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсвэл хорих ялын дээд хэмжээ 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх эсвэл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял заагаагүй хөнгөн төрлийн гэмт хэрэг тул энэ заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Иймд шүүгдэгч Б.Ж*******ийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцсон байдлыг харгалзан ялаас чөлөөлж болох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Ж*******, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж, цагаатгах байр сууринаас оролцсон нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ялаас чөлөөлөх саналыг хүлээж авах боломжгүй.
Шүүгдэгч Б.Ж******* нь нийт 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс модыг хууль бусаар бэлтгэхдээ 27-39 СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгсэл, мустанг гэх цахилгаан хөрөөг дэмжлэг болгон ашигласан болох нь тогтоогдсон.
Тухайн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ч.О*******гийн өмчлөлийнх болох нь 1 дүгээр хх-ийн 116-117 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог. Иргэний нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгслийг Р.Б*******д худалдсан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг эрх бүхий байгууллагаас 1.100.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон дүгнэлт 1 дүгээр хх-н 69 дүгээр хуудаст авагдсан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д зааснаар 27-39 СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Ч.О*******д буцаан олгож, түүний үнэ болох 1,100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Сэлэнгэ аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр баг 03 дугаар хэсэг 05 тоотод битүүмжлэгдсэн11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс модыг хураан авч тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг “Мустанг” цахилгаан хөрөө“-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Б*******н Ж*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ж******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д зааснаар 27-39 СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ч.О*******д буцаан олгож, түүний үнэ болох 1,100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Сэлэнгэ аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр баг 03 дугаар хэсэг 05 тоотод битүүмжлэгдсэн 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс модыг хураан авч тус тус улсын орлогод оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг “Мустанг” цахилгаан хөрөө“-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Ж******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ