| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/02124/И |
| Дугаар | 101/ШШ2019/00418 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2019/00418
| 2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2019/00418 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ааааааааааааа тоотод оршин суух, С-н Ргийн /РД: аааааааа/,
Хариуцагч: аааааааааааааа 51, Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдох
236.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Р,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх,
Иргэдийн төлөөлөгч Х.Отгончимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.Р нь 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цэрэгт татагдан ангидаа хүрэх замд цэргүүд ачсан автомашин онхолдсоноос үүдэн үйлдвэрлэлийн осол болж үүний улмаас тэрээр насан туршдаа эрүүл мэндээрээ хохирсон. Үүнийг 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Октябрийн районы Цэргийн хэлтсийн даргын баталсан үйлдвэрлэлд гарсан ослын тухай актаар тогтоосон бөгөөд эпипепси, уналт, сим эпидепсия гэсэн оноштой хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болохыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон.
Тухайн гэмтэл одоог хүртэл эдгээгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь болсон ба ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж ид ажиллаж, амьдралаа зохиох залуу насандаа эрүүл мэндээрээ хохирч 34 жилийг хөдөлмөрлөх боломжгүй амьдарч байна.
1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сарын 5, 2001 оноос хойш өнөөг хүртэл нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авч амьжиргаагаа залгуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сард 365.194 төгрөгийн тэтгэвэр авч байгаа ба энэ нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч буй надад амьдрал ахуйд маань огт хүрдэггүй.
Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
Цэрэгт татах асуудал нь Зэвсэгт хүчний жанжин штабт хамаарах асуудал бөгөөд хариуцагч тал тухайн машиныг жолоодон явж байсан жолоочийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гэж тайлбарласан байсан. Тухайн жолооч Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаанд оролцоод явж байсан учраас уг гэм хорын хохирлыг арилгах нь Зэвсэгт хүчний жанжин штабын үүрэг юм.
С.Р нь цэрэгт татагдахаас өмнө ДЦС-3 дугаар цахилгаан станцад техникч, зуухны машинистаар ажиллан тухайн үед өндөрт тооцогдох цалинг буюу сард 680-900 төгрөгийн цалин авч байсан. Одоо ийм ажил эрхэлж байгаа хүн ямар цалин авч байгааг судлахад 1.107.762 төгрөгийн цалин авдаг нь баримтаар тогтоогдсон.
Осол болсноос хойш Зэвсэгч хүчний жанжин штаб болон төрөөс ямар нэгэн байдлаар зөрүү мөнгө олгож байгаагүй.
Өнөөдрийн байдлаар өндөр даралтын зуухан цехийн 5 дугаар зэрэгтэй машинист сард 1.101.767 төгрөгийн цалин авч байгаа ба С.Р би сард 365.194 төгрөгийн тэтгэвэр авдаг.
Үүний зөрүү 736.573 төгрөгийг 246 сард үржүүлэхэд 181.197.085 төгрөг гарч байгаа. Уг мөнгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг үндэслэн нэхэмжилж байгаа.
Өнөөдрийн байдлаар өндөр даралтын зуухан цехийн 5 зэрэгтэй машинистын сард авч байгаа цалин 1.101.767 төгрөгийг 9 сараар үржүүлээд 9.915.907 төгрөг гарч байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу нэхэмжилнэ. Иймд хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабаас нийт 191.112.992 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Анх шүүхэд Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдуулан гэм хорын хохирол буюу цалин хөлс болон халамжийн тэтгэмжийн зөрүү 222.384.000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан нөхөн төлбөр 10.800.000 төгрөг, нийт 236.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийнхээ шаардлагыг 45.687.008 төгрөгөөр багасгасан гэв.
Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч А.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн С.Р нь 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тухайн үеийн Октябрийн районоос хугацаат цэргийн албанд татагдаж улмаар цэрэг татлагын байрнаас цэргийн анхан шатны бэлтгэл зохион байгуулах газар хүргэгдэх явцдаа цэрэг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас бэртэн хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэгтэй хариуцагчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй.
Монгол улсын эрэгтэйчүүд маань улс, эх орноо батлан хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн. Энэ асуудал нь 1984 онд болсон явдал, 1964 оны Үндсэн хуулинд заагдсаны дагуу цэрэгт татагдсан үедээ тодорхой албан тушаалтнуудын гэм буруутай үйлдлээс болоод хөдөлмөрийн чадвараа алдсанд харамсаж байгаагаа хэлмээр байна.
Түүнийг хугацаат цэргийн албанд татсан болон чөлөөлсөнтэй холбоотой баримт бичиг, материал олдохгүй байна. Учир нь С.Р цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдаагүй, мөн цэргийн анги, байгууллагад хуваарилагдаагүй.
Гэхдээ С.Рг цэргийн алба хааж байхдаа осолд орж тахир дутуу болсон үндэслэлээр Чех улсын Карловарын рашаан сувилалд эмчлүүлэх эмчилгээний болон замын зардалд нь зориулж Батлан хамгаалахын сайдын 2000 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 257 дугаар тушаалаар 646.900 төгрөгийг нэг удаагийн тусламж, төлбөр болгон өгсөн.
С.Р нь осолд орж тахир дутуу болсон асуудлаараа Зэвсэгт хүчний жанжин штабт ... 1984 онд цэрэгт татагдан ангидаа хүрэх замд цэрэг ачсан авто машин онхолдсоны улмаас насан туршдаа эрүүл мэндээр хохирч байгаа байдлыг харгалзан 25.000.000 төгрөгийн нөхөн төлбөр олгох-ыг хүссэн өргөдөл ирүүлж байсан. Түүний өргөдлийг судлан үзээд Батлан хамгаалах яамнаас нөхөн олговор авсан тул дахин нөхөн олговор олгох боломжгүйг Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10-3964 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. С.Рг Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс осолд өртүүлж эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй бөгөөд тэрээр 1984 онд Октябрийн районоос хугацаат цэргийн албанд татагдаж улмаар цэрэг тээвэрлэж явсан авто машин онхолдсоны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан.
Түүнээс бус Зэвсэгт хүчний жанжин штабын ямар нэгэн хууль бус үйл ажиллагааны улмаас С.Ргийн эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал байхгүй.
Тус хэргийн жинхэнэ хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штаб биш юм. Учир нь цэрэг татлагыг Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулдаггүй. Харин Батлан хамгаалах яамны харьяа цэргийн штабуудаас зохион байгуулж цэргийн анхан шатны бэлтгэл явагдах газарт нь хүргэдэг.
Өөрөөр хэлбэл хугацаат цэргийн албанд тэнцэж цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдахаар ирсэн иргэдэд цэргийн анхан шатны бэлтгэлийг Зэвсэгт хүчний томилогдсон бүрэлдэхүүн явуулдаг болно.
С.Р одоогийн Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн ангид хуваарилагдсан байсан. Тэр утгаараа энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч одоогийн Хил хамгаалах ерөнхий газар байна.
Манай зүгээс хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хавсарган өгсөн байгаа. Тухайлбал Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд Нарын Зөвлөлийн 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 131 дугаартай тогтоол, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн М232 дугаартай тушаал, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 101 болон 102 дугаар захирамж, Октябрийн районы Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны даргын 75 тоот захирамж, Зэвсэгт хүчний жанжин штабын 4 дүгээр газрын дарга танаа гэсэн илтгэх хуудас гэх мэт баримтуудыг гаргаж өгсөн.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд Нарын Зөвлөлийн 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 131 тоот тогтоолд 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс цэрэг татлагын бэлтгэлийг хангаж 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр явуулж дуусгахыг тухайн үеийн Батлан Хамгаалахын яам болон сайд, Иргэний агаарын тээврийг удирдах газар, Нийгмийг аюулаас хамгаалах яам гэх мэт холбогдох төрийн байгууллагуудад даалгаж байсан.
Үүнийг үндэслэн Батлан хамгаалах сайдын М232 тоот тушаал гарсан ба уг тушаалаар цэрэгт татлагын төлөөлөгч нарыг томилсон. Цэрэг татлагыг зохион байгуулах Батлан хамгаалах яамны төлөөлөгч нарт уг тушаалын Г хэсэгт цэргийн албанд тэнцэгсдийг тээвэрлэх авто машиныг аймаг, хотын авто техникийн хэргийг шалган байцаах байгууллагаар шалгуулж албан ёсны акт тогтоолгон машины сандал бүрхүүл, бусад төхөөрөмжөөр тоноглосны дараа хүмүүсийг тээвэрлэх, түүнчлэн замд цувааны зарчмыг баримтлан явах талаар жолооч нарт үүрэг, чиглэл өгөх, осол гарах явдлаас урьдчилан сэргийлэхийг даалгасан заалт байгаа.
Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 101 дүгээр захирамжаар районуудын цэрэг татлагын коммиссыг районы цэргийн хэлтсийн даргаар даргалуулан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулан, цэрэг татлага явуулж байгаа байранд нийгмийн хэв журам сахиулах, авто машины хөдөлгөөнийг зохицуулах ажлыг 6 дугаар сарын 21-28-ны өдөр хүртэлх хугацаанд 22-ын товчоо, Шар хөвийн даваанд авто техникийн болон цагдан сэргийлэхийн эргүүл гаргаж, аваар зөрчилгүй явуулах арга хэмжээ авахыг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар, хотын цагдан сэргийлэх газарт тус тус даалгасан.
Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 102 дугаар захирамжид цэргийн албанд тэнцсэн эрчүүдийг 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай дайчлан гаргах цэрэг тээвэрлэх тушаал гаргасан.
Уг тушаалаар тухайн үеийн Октябрийн районы 29 дүгээр авто баазаас 6 машиныг гарга гэж дурьдсан байсан. Уг тушаалын 3.а-д цэрэг тээвэрлэх машин бүрт 25-30 хүн суух суудал бэлтгэж тавих ба машины өнгө, үзэмжийг сайжруулан, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үзлэг үйлчилгээ хийж 6 дугаар сарын 20-ны дотор шалгуулж, бэлэн болгохыг даалгах, 3.б-д авто машины жолооч нарт мэргэжил, сахилга, ажлын хариуцлагаар сайн, хүн тээвэрлэх эрх бүхий жолооч нарыг сонгон авч ажиллуулах гэж тус тус заасан.
Октябрийн районы Ардын депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны даргын 75 дугаартай захирамжаар Октябрийн районы цэрэг татлагын ажлыг 54 дүгээр дунд сургууль дээр байр бэлтгүүлж, 6 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд сахилга, зохион байгуулалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж явуул гэж заасан.
Миний дурьдаад байгаа эдгээр баримтаар 1984 оны цэрэг татлагатай холбоотой асуудалд Зэвсэгт хүчний жанжин штаб гэсэн ганц ч үг, үсэг байхгүй. Гэтэл нэхэмжлэгч цэрэг татлагыг эдний байгууллага зохион байгуулдаг учраас энэ байгууллага хариуцах ёстой гэж тайлбарлаад байна.
Цэрэг татлагыг Зэвсэгт хүчний жанжин штаб зохион байгуулна, цэргийг тээвэрлэх авто машиныг Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргуулна, цэрэг тээвэрлэх авто машины жолоочийг Зэвсэгт хүчний жанжин штабаас гарга гэсэн ямар нэгэн захирамжилсан тушаал заалт байхгүй.
Илтгэх хуудасны асуудал яригддаг бөгөөд уг илтгэх хуудсанд 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан сэргийлэх ажилтны тоог эрс цөөрүүлж, тэднийг удирдах офицер байгаагүйгээс цэрэг татлагын байранд хэв журам алдагдаж байсан учир тэнд байсан сэргийлэгч нарт удаа дараа шаардлага тавьж, оройн 17 цагийн орчим Октябрийн районы сэргийлэхийн жижүүрт мэдэгдсэн, энэ асуудал мөн 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр давтагдсан гэж тайлбарласан байдаг.
1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 29 дүгээр баазын УБ 72-20 дугаартай ГАЗ-53 маркийн машины жолооч Н.Содномцог 34 хүн ачиж, хурд хэтрүүлж, машинаа онхолдуулан ноцтой хэрэг гарсан бөгөөд үүний уршгаар Б.Дорждагва гэдэг хүн нас барж, 17 хүн гэмтсэн, одоогоор 3 хүн эмнэлэгт хэвтсэн байгаа бөгөөд бусад нь эмнэлгээс гарсан талаар дурьдсан байдаг.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар заасан ба түүний 1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.
Хэрэв энэ зүйл заалтыг баримталж байгаа бол Дулааны цахилгаан станцаас гэм хорын хохирол, цалин хөлсний асуудлыг шаардах эрхтэй байх гэж хэлмээр байна.
С.Ргийн эрүүл мэндэд хохирол учруулсан асуудлаас үүдсэн нөхөн төлбөрийн асуудлыг тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан жолооч шууд хариуцах хуулийн зохицуулалттай.
Тухайн үед машин барьж явсан жолооч Н.Содномцог гэж хүн Эрүүгийн хуулиар 5 жилийн хорих ял эдэлсэн гэх ба тэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар С.Ргийн гэм хорыг арилгах нь зүйтэй гэж үзэж байна.
Зэвсэгт хүчний жанжин штаб нь цэрэгт татагдаж ирсэн байлдагч нарт 45 хоногийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж, дараа нь тангараг өргүүлээд байлдагч нарыг Зэвсэгт хүчний ангиудад хуваарилах ажиллагааг явуулдаг.
Энгийн иргэнээс шат шатлалын үзлэгээр ороод цэргийн албанд тэнцээд тээврийн хэрэгсэлд сууж яваад, сургалтад хамрагдаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барах гэх мэт тохиолдлуудад үүнийг шууд Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцдаг.
Цэрэг татлагын байрнаас хүргэх, дамжин байрлуулах, хоол хүнсний асуудлыг цэрэг татлагын комисс хариуцдаг байсан.
Зэвсэгт хүчний жанжин штаб цэрэг татлагыг гардан зохион байгуулаад, хэрэгжүүлээд явж байсан бол энэ хүнд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг барагдуулахад бэлэн байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын ямар нэгэн хууль бус үйл ажиллагааны улмаас С.Ргийн эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал байхгүй. Тус хэргийн жинхэнэ хариуцагч нь Зэвсэгт хүчний жанжин штаб биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Р нь хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдуулан 236.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/гэм хорын хохирол-цалин хөлс, тэтгэврийн зөрүү 222.384.000 төгрөг, нөхөн төлбөр 10.800.000 төгрөг/
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь цалин хөлс, тэтгэврийн зөрүү 181.197.085 төгрөг, нөхөн төлбөр 9.915.907 төгрөг, нийт 191.112.992 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг 45.687.008 төгрөгөөр багасгасан болохыг дурьдлаа.
/өндөр даралтын зуухны 5 дугаар зэрэгтэй машинистын сарын цлаин хөлс 1.101.767 төгрөг, одоо авч буй тэтгэвэр 365.194 төгрөг,
1.101.767 төгрөг-365.194 төгрөг=736.573 төгрөг,
736.573 төгрөг*246 сар=181.197.085 төгрөг,
Сарын цалин 1.101.767 төгрөг* 9 сар=9.915.907 төгрөг/
С.Р нь Октябрийн районоос цэрэгт татагдан цэрэг татлагын байрнаас цэргийн анхан шатны бэлтгэл зохион байгуулах газар хүргэгдэх явцад 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цэрэгт тэнцэгсэдийг зөөвөрлөж явсан тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас гэмтэн эрүүл мэндээрээ хохирсон үндэслэлээр гэм хорын хохирол болон нөхөн төлбөрийг нэхэмжилж байна.
Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 101 тоот захирамжаар 1984 оны ээлжит цэрэг татлагыг Улаанбаатар хотын хэмжээнд 6 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд явуулахаар шийдвэрлэн, үүнтэй холбоотой зохион байгууллалтын арга хэмжээ авахыг тус тусын районы цэргийн хэлтсийн даргаар даргалуулсан цэрэг татлагын комисст даалгасан байна.
Мөн 102 тоот Шинэ цэрэг тээвэрлэх тухай захирамжаар Сүхбаатарын районд 38 дугаар авто баазаас 6, Октябрийн районд 29 дүгээр авто баазаас 6, Ажилчны районд Техник туслалцааны барилга трестийн авто баазаас 6, Найрамдлын районд 22 дугаар авто баазаас 5 ачааны машин тус бүрийг 6 дугаар сарын 21-ний өдрөөс 10 хоногийн хугацаатай дайчлан гаргахаар шийдвэрлэсэн ба цэрэг тээвэрлэх машин болон жолоочыг сонгон авч ажиллуулахыг тухай бүрийн авто баазын дарга нарт даалгажээ.
/ХХ-ийн 64-68 дугаар тал/
Октябрийн районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 75 тоот Ээлжит цэрэг татлага явуулах тухай захирамжаар тус районы цэрэг татлагыг 54 дүгээр дунд сургууль дээр 6 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
/ХХ-ийн 62-63 дугаар тал/
С.Р нь 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс зэргээ ахиулан 3 дугаар цахилгаан станцын зуухан цехэд өндөр даралтын зуухны 5 дугаар зэргийн машинистаар ажиллаж эхэлсэн нь Төвийн эрчим хүчний системийн 3 дугаар цахилгаан станцын даргын 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 487 тоот тушаалаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 109, 220-221 дүгээр тал/
Төвийн эрчим хүчний системийн 3 дугаар цахилгаан станцын даргын 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 413 тоот тушаалаар цэргийн албанд явах болсон хавсралтад заасан нэр бүхий ажилчдыг тус тусын үүрэгт ажлаас нь бүрмөсөн чөлөөлсүгэй гэсэн байх ба жагсаалтын 35 дугаарт С.Р зуухны цехийн машинч гэжээ.
/ХХ-ийн 104-106, 220-221 дугаар тал/
С.Р нь Октябрийн районоос цэрэгт татагдсан ба 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цэрэгт тэнцэгсэдийг зөөвөрлөж явсан 29 дүгээр баазын УБ 72-20 улсын дугаартай, ГАЗ 53 маркийн авто машины жолооч хурд хэтрүүлснээс үүдэн осол гарч Октябрийн районы цэргийн штабын дарга 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уг осол үйлдвэрлэлийн осол хэмээн акт тогтоожээ.
Улаанбаатар хотын Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр С.Р 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болсон үйлдвэрлэлийн ослын улмаас 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 55 хувь алдсаныг,
-2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2003 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2003 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаныг,
-2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаныг,
-2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаныг,
-2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсаныг,
-2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг,
-2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсаныг,
-2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсаныг,
-2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсаныг тус тус тогтоосон нь Улаанбаатар хотын болон Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр тогтоогдож байна.
/ХХ-ийн 6-8, 185-221 дүгээр тал/
С.Р нь цэргийн жинхэнэ хугацаанд албанд татагдан цэргийн албанд тэнцэгсэдийг сургалт бэлтгэлийн газарт хүргэх явцад тэднийг тээвэрлэн явсан жолооч хурд хэтрүүлснээс осол гарч тэрээр хүнд гэмтэн эмчлүүлж 2000 оны 10 дугаар сараас өнөөг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа 55-70 хувиар алдсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байгаа ба хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнгийн талаар маргахгүй гэснийг дурьдлаа.
Төвийн эрчим хүчний системийн 3 дугаар цахилгаан станцын даргын 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 744 тоот тушаалаар зуухны 2 дугаар цехэд машининстаар ажиллаж байгаад цэрэгт татагдсан боловч авто машины ослоор хүнд гэмтэж эмчилгээ хийлгэн тахир дутуугийн группт орсон С.Рд 400 төгрөгийн 1 удаагийн буцалтгүй тусламж олгосон байна.
/ХХ-ийн 107 дугаар тал/
С.Р нь Сонгинохайрхан дүүргийн цэргийн штабын даргад нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасныг 2005 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлсэн гэжээ.
Уг албан бичгийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1 дүгээр хуралдаанаар хэлэлцээд ашиглах шаардлагагүй гэж үзэж устгасан ба өргөдөлд хариуцагч тал хариу өгсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа хариуцагч тал ирүүлээгүй болно.
/ХХ-ийн 56, 110 дугаар тал/
Батлан хамгаалахын сайдын 2000 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 257 тоот тушаалаар 1984 онд албан үүрэг гүйцэтгэж яваад осолд орж тахир дутуу болсон, цэргийн анги, байгууллагаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй С.Ргийн БНЧех улсад рашаан сувилалд эмчлүүлэх, ирэх, очих замын зардалд 646.900 төгрөг олгосон ба талууд энэ талаар маргахгүй байна.
/ХХ-ийн 16, 30-31 дугаар тал/
С.Ргийн 25.000.000 төгрөгийн нөхөн төлбөр олгож өгнө үү гэх хүсэлтийг Батлан хамгаалах яам 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1в/2406 тоот албан бичгээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг шийдвэрлэ хэмээн хүргүүлжээ.
Зэвсэгт хүчний жанжин штаб 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10/3964 тоот хариундаа ... 1999 онд Батлан хамгаалах яамнаас нөхөн олговор авсан тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дахин нөхөн олговор олгох боломжгүй гэжээ.
/ХХ-ийн 12, 15, 32 дугаар тал/
Нэхэмжлэгч С.Р нь цэрэгт татах асуудал нь Зэвсэгт хүчний жанжин штабт хамаарах асуудал. Иймд цалин хөлс тэтгэмжийн зөрүү 181.197.085 төгрөг, нөхөн төлбөр 9.915.907 төгрөг, нийт 191.112.992 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу нэхэмжилсэн.
Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штаб Зэвсэгт хүчний жанжин штаб нь цэрэгт татагдаж ирсэн байлдагч нарт сургалт бэлтгэл зохион байгуулж, тангараг өргүүлэн Зэвсэгт хүчний ангиудад хуваарилах ажиллагааг явуулдаг. Тус хэргийн жинхэнэ хариуцагч нь Зэвсэгт хүчний жанжин штаб биш, манай үйл ажиллагааны улмаас С.Ргийн эрүүл мэндэд хохирол учраагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тус тус тайлбарлаж байна.
Батлан хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т Төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний жанжин штаб хэрэгжүүлнэ,
9.2-т Цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилт болон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодынн цэрэг, онцгой байдлын байгууллага хоорондын нэгдсэн ажиллагааг төлөвлөх, бэлэн байдлыг хангах хамтарсан сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, цэргийн байгууллагын зэвсэглэл, техникийн харилцан уялдааг хангах, холбоо мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн удирдлагын цогц үйл ажиллагааг ойлгоно,
Зэвсэгт хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д цэргийн мэргэжлийн удирдлага гэж зэвсэгт хүчний стратегийн бодлого, төлөвлөлтийг боловсруулахад оролцож, цэргийн бодлогыг тодорхойлох, командлагч, захирагчид дэмжлэг үзүүлэх, төрөл мэргэжлийн цэргийн анги, байгууллага, салбарыг удирдлагаар хангах үйл ажиллагааг ойлгоно гэж,
мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэрэгжүүлнэ,
уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Зэвсэгт хүчний жанжин штаб төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага мөн,
14 дүгээр зүйлийн 14.2.16-д Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, бие бүрэлдэхүүнээр нөхөн хангах,
14.2.17-д Цэрэг татах, халах ажлыг зохион байгуулах гэж тус тус заажээ.
Дээрхээс үзэхэд Зэвсэгт хүчний жанжин штаб нь цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлэх хуульд заасан үүргийнхээ хүрээнд цэрэг татах, халах ажлыг зохион байгуулах тул цэрэг татах үйл ажиллагаатай холбоотой бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэхээр байна.
Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн өндөр даралтын зуухан цехийн өндөр даралтын зуухны 5 дугаар зэрэгтэй машинист 1985-2017 оны дуустал хугацаанд доор дурьдсан хэмжээний цалин авч байсан болох нь тус компанийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/2681 тоот лавлагаа, цалингийн тооцооны дэвтрүүд, мөн компанийн гүйцэтгэх захирлын тушаалууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:
-1985 оны 1-12 саруудад сард 563 төгрөг, нийт 6.756 төгрөг,
-1986 оны 1-12 саруудад сард 563 төгрөг, нийт 6.756 төгрөг,
-1987 оны 1-12 саруудад сард 563 төгрөг, нийт 6.756 төгрөг,
-1988 оны 1-12 саруудад сард 612 төгрөг, нийт 7.344 төгрөг,
-2001 оны 1-12 саруудад сард 79.403,52 төгрөг, нийт 952.842, 2 төгрөг,
-2002 оны 1-12 саруудад сард 79.403,52 төгрөг, нийт 952.842,2 төгрөг,
-2003 оны 1-12 саруудад сард 91.308 төгрөг, нийт 1.095.696 төгрөг,
-2004 оны 1-12 саруудад сард 105.000 төгрөг, нийт 1.260.000 төгрөг,
-2005 оны 1-12 саруудад сард 105.000 төгрөг, нийт 1.260.000 төгрөг,
-2006 оны 1-12 саруудад сард 117.600 төгрөг, 1.411.200 төгрөг,
-2007 оны 1-12 саруудад сард 159.583,2 төгрөг, нийт 1.914.998,4 төгрөг,
-2008 оны 1 сард 159.583,2 төгрөг,
-2008 оны 2-8 саруудад сард 238.576,8 төгрөг,
-2008 оны 9-12 саруудад сард 310.149,84 төгрөг, нийт 3.070.220,16 төгрөг,
-2009 оны 1-12 саруудад сард 310.149,84 төгрөг, нийт 3.721.798,1 төгрөг,
-2010 оны 1-12 саруудад сард 310.149,84 төгрөг, нийт 3.721.798,1 төгрөг,
-2011 оны 1-3 саруудад сард 356.672,4 төгрөг,
-2011 оны 4-10 саруудад сард 420.937,44 төгрөг,
-2011 оны 11-12 саруудад сард 505.125,6 төгрөг, нийт 5.026.830,5 төгрөг,
-2012 оны 1-12 саруудад сард 505.125,6 төгрөг, нийт 6.061.507 төгрөг,
-2013 оны 1 сард сард 505.125,6 төгрөг,
-2013 оны 2-12 саруудад сард 631.407,84 төгрөг, нийт 7.450.611,8 төгрөг,
-2014 оны 1-12 саруудад сард 726.117,84 төгрөг, нийт 8.713.414,1 төгрөг,
-2015 оны 1 сард 726.117,84 төгрөг,
-2015 оны 2-10 саруудад сард 798.729,12 төгрөг,
-2015 оны 11-12 саруудад сард 910.551,6 төгрөг, нийт 9.735.783,1 төгрөг,
-2016 оны 1-12 саруудад сард 910.551,6 төгрөг, нийт 10.926.619 төгрөг,
-2017 оны 1 сард 910.551,6 төгрөг,
-2017 оны 2-12 саруудад сард 1.001.607,6 төгрөг, нийт 11.928.235 төгрөг.
-2018 оны 1-12 саруудад сард 1.101.767,52төгрөг, нийт 11.017.675,2 төгрөг.
/ХХ-ийн 102-103, 114-156 дугаар тал/
Нэхэмжлэгч С.Р нь цалин хөлс тэтгэмжийн зөрүү 181.197.085 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрхи зөрүүг тооцохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг үндэслэн тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд түүний тэтгэврийн хувийн хэргийн хуулбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Р нь дор дурьдсан хэмжээний тэтгэврийг авсан болох нь тогтоогдлоо.
С.Р нь 1985-1988 оны 9 дүгээр сар хүртэл 6.758.400 төгрөг,
-2001 онд 293.040 төгрөг,
-2002 онд 577.033,15 төгрөг,
-2003 онд 588.456 төгрөг,
-2004 онд 356.640 төгрөг,
-2005 онд 488.596,8 төгрөг,
-2006 онд 1.428.819 төгрөг,
-2007 онд 1.541.605,36 төгрөг,
-2008 онд 1.199.739,12 төгрөг,
-2009 онд 1.224.535,8 төгрөг,
-2010 онд 1.738.382 төгрөг,
-2011 онд 1.362.744 төгрөг,
-2012 онд 1.719.384 төгрөг,
-2013 онд 3.445.020 төгрөг,
-2014 онд 2.998.016 төгрөг,
-2015 онд 3.276.932 төгрөг,
-2016 онд 3.447.228 төгрөг,
-2017 онд 3.643.429 төгрөг, нийт 29.329.600,23 төгрөг.
6.758.400 төгрөг-29.329.600,23 төгрөг=36.088.023 төгрөгийн тэтгэвэр авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 57-59, 100-101, 170-171, 185-221 дүгээр тал/
Нэхэмжлэгч С.Р нь 1985-1988 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд 16.104.960 төгрөг, 2001-2017 оныг дуустал хугацаанд 94.612.684,72 төгрөгийн, нийт 110.717.644,72 төгрөгийн цалин авах байснаас 1985-1988 оны 9 сар хүртэл хугацаанд авсан тэтгэвэр 6.758.400 төгрөг, 2001-2017 оныг дуустал хугацаанд авсан тэтгэвэр 29.329.600,23 төгрөг, нийт 36.088.023 төгрөгийг хасч тооцоход тэрээр 1985-1988 оны 9 сар, 2001-2017 оныг дуустал нийт 246 сарын хугацаанд 74.629.644,29 төгрөгийг гэм хорын хохиролд буюу цалин хөлс ,тэтгэврийн зөрүүд авахаар байна.
/1985-1988 оны 9 сар хүртэл нийт 16.104.960 төгрөг,
2001-2017 оны дуустал 94.512.684,72 төгрөг,
нийт 110.717.644,72 төгрөг, /авах байсан цалингийн зөрүү/
1985-1988 оны 9 сар хүртэл 6.758.400 төгрөг,
2001-2017 оныг дуустал 29.329.600,23 төгрөг,
нийт 36.088.023 төгрөг, /нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр/
110.717.644,72 төгрөг-36.088.023 төгрөг=74.629.644,29 төгрөг.
16.104.960 төгрөг-6.758.400 төгрөг=9.346.560 төгрөг
/1985-1988 оны 9 сар хүртэл хугацаанд авах зөрүү/
94.512.684,72 төгрөг-29.329.600.23 төгрөг=65.283.084 төгрөг
/2001-2017 он дуустал хугацаанд авах зөрүү/
Нийт 74.629.644,29 төгрөг /нийт авах зөрүү/
-Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу нэхэмжилж буй нөхөн төлбөр 9.915.907 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь алдсан ажилтанд 8 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан ба цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан цалин хөлснөөс тооцох учиртай.
Дээрхи нөхөн төлбөрийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн уг хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүсийг хамааруулах ба нэг ба түүнээс дээш олгоно гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлнэ.
Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгох бөгөөд нөхөн төлбөрийг нэгээс дээш удаа олгосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
С.Ргийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсаныг тогтоосон байна.
Иймд 9.915.907 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.Рд олгох үндэслэлтэй.
/1.101.767,52 төгрөг*9 сар=9.915.907 төгрөг/
/ХХ-йн 115-116, 198 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 74.629.644,29 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг баримтлан 9.915.907 төгрөг, нийт 84.545.552 төгрөгийг Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргуулан нэхэмжлэгч С.Рд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 106.567.440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
С.Р 1985 оны 1 дүгээр сараас хойш өнөөг хүртэл хугацаанд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3976 тоот тодорхойлолтоор тогтоогдсон болохыг дурьдлаа.
/ХХ-ийн 108 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг баримтлан Зэвсэгт хүчний жанжин штабаас 84.545.552 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Рд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 106.567.440 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Р нь улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабаас 580.677 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР