Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/02208

 

 

  2022         05          12                                       101/ШШ2022/02208

        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: ххххххх дүүрэг, хххххх хороо, хххххх гудамж, өөрийн байранд оршин байрлах Х.Б ХХК /0000000000/-ийн  нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Улаанбаатар хот, ххххххх дүүрэг хххххх  хороо, ххххххх байр, 000 тоотод оршин суух ххххххх овогт Б.Т /0000000000/

   Хариуцагч: ххххххххх дүүрэг, хххххххх хороо, ххххх гудамж, хх тоотод оршин суух хххх овогт Д.О /0000000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,122,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б , хариуцагч Б.Т, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч С.Б  шүүх хуралдаанд тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нар нь Х.б-тай 00000000000 тоот зээлийн гэрээ байгуулж, 12,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай авсан. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хариуцагч нар зээлийн үүргээ зөрчиж, 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6,952,564 төгрөг, хүү 2,845,816.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,246 төгрөг, нийт 10,122,628 төгрөг болсон байгаа. Хариуцагч нар зээлийн хугацааг 912 хоногоор хэтрүүлсэн. Зээлийн гэрээний 1.1-т зээлийн дүн, хүү, хугацааг тусгасан. Зээлдэгч нь гэрээний 3.2, 3.3-т заасан эрх, үүрэгтэй. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ. Гэрээний 4.1-т зааснаар хүүгийн төлбөрийг бодож гаргасан, мөн 4.4-т хугацаа дууссан ч гэсэн хүү бодогдох талаар заасан. Тиймээс хариуцагч нараас 10,122,628 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн үндсэн төлбөрийг төлнө. Хүүг төлөх боломжгүй байна. Уг дүнг хассанаар миний төлөх. Ковид-19 халдварын үед хүүг царцааж байсан. Энэ үед би хүсэлт гаргаж байсан боловч зөвшөөрөөгүй. Би бөөрний эдгэшгүй архаг өвчтэй, байнгын эмнэлгээр явдаг болоод 3 жил гаруй болж байна. Сүүлийн үед эмний үнэ өсөөд олдоц муутай тул хэлсэн үнээр нь л авдаг. Сүүлийн 2 жил 1,500,000 төгрөгөөр эм авдаг болоод эмнээс дээшээ гарч чадахаа больсон. Тиймээс хүүгээс хөнгөлөх боломжтой эсэхийг тодруулмаар байна. Д.О эгчийг энэ хэргийн хариуцагчаас хасуулмаар байна. Учир нь би зээлийг авч, байшингаа барьж, ээждээ зарцуулсан. Зээлийн үлдэгдэлд 7 сая төгрөг болсон байсан. Гэтэл алданги тооцоод 10 сая төгрөг болсон. Би цэргийн ангид дадлагын багш, хөгжимчин хийдэг. Сард гар дээр 890,000 төгрөгийн цалин авдаг. Одоо 7 дугаар сард бөөрний эдийн шинжилгээгээ өгөөд групп тогтоолгох юм гэв.

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэг төгрөг ч гэсэн төлмөөргүй байна. Учир нь би Б.Т ын ар гэрт тусалсан болохоос ингэж надад чирэгдэл учруулна гэж бодоогүй. Сайхан сэтгэл гаргасан нь ийм байдалд хүргэсэн. Би хөгжмийн дарга хийж байхад Б.Т  манай ажилтан байсан. Тэрээр ажилдаа сайн хүн тул би сайхан сэтгэлийн үүднээс түүнд тусалсан. Уг хэрэгт би хамааралгүй. Зээлээ найдвартай төлнө гэж надаас гуйсан тул би зээл авахад нь туслаад одоо өөртөө чирэгдэл учруулаад нэг өдрийн ажлаа алдаад Сэлэнгээс ирээд сууж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК, хариуцагч Б.Т , Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,122,628 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Б.Т  үндсэн зээл 6,952,564.85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү, алдангиас төлбөрийн боломжгүй шалтгаанаар, хариуцагч Д.О зээлийг захиран зарцуулаагүй үндэслэлээр бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч зохигчид 2017 оны 07 дугаар сарын 19-ний  өдөр 1100023992 тоот зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарт 12,500,000 төгрөгийг 49 сарын хугацаатай, жилийн 15.60 хувийн хүүтэй зээлийг олгожээ. Зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан, зээлийн 12,500,000 төгрөгийг Б.Т ын Хас банкан дахь ...... тоот дансанд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нар зээл төлөх төлбөрийн хуваарийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж, сар бүрийн тогтмол дүнгээр төлөх дүнгээс багаар буюу дутуу төлж эхэлжээ. Хариуцагч нар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлж түүнээс хойш зээл төлөөгүй талаар зохигч маргаагүй. Хариуцагч Б.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийг өөрөө хариуцан төлөх тухай, үндсэн зээл 6,952,564.85 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Хариуцагч Д.О, хариуцагч Б.Т ын хамт нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу олгогдсон зээлийг Б.Т  дангаар авсан, захиран зарцуулсан гэх болон Б.Т од туслахын тулд зээлд хамтран зээлдэгчээр оролцсон, түүнээс зээл авах хүсэл, сонирхол байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар хариуцагч нарын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй, мөн нэхэмжлэгч, зээлдэгч нарын хэнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах нь нэхэмжлэгчийн бүрэн эрх тул хариуцагч Д.О , хариуцагч Б.Т ын нэгэн адил зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй. Хариуцагч Д.О-ы хувьд хариуцагч Б.Т од туслах зорилгоор зээлийн хамтран зээлдэгч болсон, зээлийг авч захиран зарцуулаагүй гэх татгалзлыг хариуцагч Б.Т  үгүйсгээгүй ба хүлээн зөвшөөрсөн. Гэвч Д.О нь Б.Т ын нэгэн адил зээлийн гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч, хариуцагч нартай зээлийн гэрээг байгуулжээ. Иймд хариуцагч Д.О тус зээлийн гэрээний нэг тал болсноор зээл олгогдсон гэж үзэхээр байх тул хариуцагч Д.О нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг хүлээнэ.

Хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ, гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд үнэнч шударгаар, гэрээнд тухайлан заасан хугацаа, хуваарийн дагуу биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн зээл 6,952,564.85 төгрөг, үндсэн хүү 2,845,816.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,246 төгрөг, нийт 10,122,628 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагаас хариуцагч Б.Т  татгалзсан бөгөөд нэхэмжлэгч зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож дээрх дүн гарсан нь тодорхойгүй, энэ талаархи тооцооллын баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд хариуцагч нарын хамгийн сүүлд буюу 2020 оны 10 дугаар сард зээл төлснөөс хойшхи хугацаанаас гэрээний хугацаа дууссан 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 08 дугаар сард хариуцагч нар “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлбөл зохих байсан 10 сарын хүүгийн хэмжээгээр тооцон 233,293.57 төгрөгийн хүүг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч Б.Т , Д.О нараас зээлийн гэрээний үүрэгт 7,185,858.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,936,769.58 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч хххх овогт Б.Т /0000000000/, ххх овогт Д.О /0000000000/ нараас 7,185,858.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,936,769.58 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 176,912 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Т , Д.О нараас 129,923 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ