| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2022/0034/З |
| Дугаар | 128/ШШ2023/0034 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0034
2023 01 04 128/ШШ2023/0034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К*************ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Маргааны төрөл: Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг авто замын трассд орсон үндэслэлээр хэсэгчлэн цуцалсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалын К************ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын болон хариу тайлбарын үндэслэл.
1.1 Нэхэмжлэгч К************ХХК-иас нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Энхтайваны аманд аялал жуулчлалын зориулалтаар 4 га газрыг К************ ХХК-д ашиглах эрхийн гэрчилгээ олгосон. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2. 39 дүгээр зүйлийн 39.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгүүдийг үндэслэн К************ ХХК-ийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан нь манай компанийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/454 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт байх бөгөөд 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
К************ ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээний трасстай давхцаж байх тул 2018 оны А/454 дүгээр тушаалаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 03/522 тоот албан бичгийг үндэслэн манай компанийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан. Гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээ нь өнөөг хүртэл баригдаагүй байх бөгөөд уг асуудлаар ямарваа нэгэн захиргааны байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа нь манай компанийн ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй хэмээн үзэж байна.
Түүнчлэн уг тушаалын үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй болон 40.1.5 дахь хэсэг буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх заалтуудыг үндэслэсэн. К************ ХХК нь тус газрыг эзэмших болсноос хойш газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан бөгөөд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагуудыг тухай бүрт нь биелүүлж байсан тул үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан байна.” гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг заасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т утга агуулгын илэрхий алдаатай, 47 дугаар зүйлийн 47.1.6-т иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-т зааснаар бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн заалтуудыг маргаан бүхий актыг илт хууль бус гэсэн үндэслэл болгож байгаа. Яагаад гэвэл маргаан бүхий акт зорилгодоо нийцсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд тус актын 1-т зааснаар гудамж, зам сүлжээ, инженерийн шугам сүлжээ, трансыг барихдаа бусад иргэдийн орц, гарцтай уялдуулан, төлөвлөх зорилгоор гэх боловч бодит байдалд зорилгоо хэрэгжүүлээгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох, мөн хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заалтуудыг тус тус үндэслэл болгосон ч бодит нөхцөл байдалд “К************” ХХК-д холбогдуулж аль заалт хэрэгжиж байгаа талаар тайлбарлаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А454 тоот тушаалаар газрыг хэсэгчлэн цуцалсан. Гэтэл Газрын тухай хуульд газрыг хэсэгчлэн цуцлах зохицуулалт байхгүй. Иймд Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг цуцлахдаа хэсэгчлэн цуцалсан шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулаагүй байна гэж үзэж байна. Илэрхий алдаа гэж үзэж буй үндэслэл нь маргаан бүхий актад газрыг дуусгавар болгосон эсвэл хүчингүй болгосон эсэх нь ойлгомжгүй байгаа учраас хоёрдмол утгаар ойлгогдож байна гэж үзсэн. Хавсралтын 10 дугаар жагсаалтад зааснаар “К************” ХХК Энхтайвангийн аманд 4 га газар эзэмшдэггүй. Газар эзэмших гэрчилгээгээр Арцатын аманд байрладаг. Уг хоёр газрыг андуурч бичсэн мэт ойлгогдох боловч манай компанийн нэр дээр бичиж 0.33 га газрыг хэсэгчлэн цуцалсан шийдвэрийн улмаас К************” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж буй тул Захиргааны ерөнхий хуульд зааснаар утга агуулгын илэрхий алдаатай хэмээн үзэж байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасныг баримтлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийн 24.2-т заасныг үндэслэсэн. Уг заалтад тушаал гаргаж болно гэхдээ биелэлтийг хангах ёстой хэмээн заасан. Биелэлт хангах гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан маргаан бүхий актыг гаргахдаа тусгай зарчмыг буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар үр нөлөөтэй байх, 4.2.5-т зааснаар зорилгодоо нийцсэн байдаг. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т зааснаар бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэж заасныг зөрчсөн. Мөн маргаан бүхий актыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг баримталсан. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхтэй гэж үзэж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримталсан. Газар эзэмшигчийн эрх үүрэгт тухайн заалт хамаагүй. Мөн Газрын 41 дүгээр зүйлийн 41.1 баримтлахдаа аль заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэсэн заалт нь мөн нэхэмжлэгчид хамааралгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-т зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлснөөр газар эзэмших эрх дуусгавар болгон гэж заасан. Гэтэл бодит байдалд нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлөөгүй, ямар нэг ажиллагаа хийгдээгүй. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-т нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй. Маргаан бүхий газар нь байгалийн дархан цаазат газрын, аялал жуулчлалын бүсэд хамаарах тул тухайн зохицуулалт үйлчилнэ. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 371 тоот санал нь энэхүү албан бичигт үндэслэсэн. Гэтэл хэргийн материалд авагдсан баримтад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 371 тоот албан бичиг байхгүй, 341 тоот албан бичиг байна гэсэн. Манай компанид хандсан захирамжаар газар эзэмших эрх нь цуцлагдаж буй 37 аж ахуйн нэгжүүдийг уг албан бичгээр өргөн барих боломжгүй учраас 371 тоот албан бичгийг үндэслэсэн. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 03/522 тоот албан бичиг нь маргаан бүхий тушаалыг гаргахад хамааралгүй гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хуулиар эрх нь олгогдсон ч тухайн заалтуудыг хэрэгжүүлэхдээ эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Маргаан бүхий тушаалаар захиргааны актын биелэлтийг ханган гэх боловч бодит байдалд актын биелэлтийг хангаагүй. Мөн мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгдээгүй буюу маргаан бүхий актын 3 дахь хэсэгт газар эзэмших эрхээ хэсэгчлэн цуцлуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилж албан ёсоор мэдэгдэн, улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах талаар гэрээг шинэчлэн байгуулж, газар чөлөөлөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдсэн. Мэдэгдэх, сонсгох ажиллагааг захиргааны акт гарахаас өмнө хийдэг. Иймд уг ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй буюу захиргааны акт гаргасан өдрөө мэдэгдсэн тул захиргааны акт хууль бус байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагад зааснаар хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгддэг. Үүний дагуу мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэж байна. Маргаан бүхий актын зорилго нь орц, гарцыг уялдуулан төлөвлөх зорилгоор гэсэн учраас төлөвлөлттэй холбоотой Захиргааны хуулийн 73 дугаар зохицуулалтууд хэрэгжиж, тухайн үед эрх, ашиг нь зөрчигдсөн 27 аж ахуйн нэгж байгууллагуудад сонсгох ажиллагаа явуулах байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагааны журмыг зөрчсөн акт байна. Иймд илт хууль бус болохыг тогтоолгож өгнө үү.
К************ ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг А/436 дугаар тушаалаар сунгасан. Уг шийдвэр гарснаас 6 хоногийн дараа К************ ХХК-ийн газрыг хэсэгчлэн цуцалчихсан. Гэрээгээ шинэчлэнэ гэх шалтгаанаар гэрээ байгуулаагүй, мөн гэрчилгээ дахин олгоогүй байгаа. Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан, үүнийгээ шийдчихээд гэрээ байгуулна гэдэг. Гэрээ байгуулаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаагаас газрын төлбөрийг төлөөгүй.” гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч К************ ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд байршилтай 4 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 402 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43.6 дахь хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" 371 тоот албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/522 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, орц гарц гаргахаар хүчингүй болгосон.
Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт Улаанбаатар хотын баруун өмнөд бүс, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн дэнж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хотын шинэ төв байгуулахаар батлагдсан тул гудамж замын сүлжээ, инженерийн , шугам сүлжээний трасстай тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарцыг уялдуулан төлөвлөх зорилгоор хэсэгчлэн цуцалсан байдаг. Төрийн захиргааны төв байгуулага болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд төрийн бодлого, батлагдсан төлөвлөгөө тодотголыг биелүүлэхийн тулд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/522 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" 371 тоот албан бичгийг үндэслэн хуульд нийцүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн A/454 дүгээр тушаалыг гаргасан. Тухайн үед орц гарц гаргахтай холбоотой холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа мэдэгдлийг хүргүүлсэн байсан.
Нэхэмжлэгч компанийн хувьд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017.08.22-ны 745 тоот албан бичиг, 2018.03.27-ны 341 тоот албан бичиг, 2019.11.11-ний 1863 тоот албан бичгийг тус тус хүргүүлсэн байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А454 дүгээр тушаалаар 37 аж ахуйн нэгж байгууллагын газрыг хэсэгчлэн цуцалсан бөгөөд гол үндэслэл нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан тухайн газар ашиглагч иргэдийн газарт автозам барих төлөвлөгөө батлагдсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж өгнө үү гэсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн. Үүний дагуу уг тушаал гарсан.
Учир нь 2013 онд Улсын Их Хурлаас 23 дугаар тогтоол гаргаж, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг. Уг төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Яармагийн дэнж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хариуцдаг хязгаарлалтын бүсэд шинэ хот байгуулах төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас автозамын трасс хийх тухай баталсан албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн учраас нийтийн эрх, ашгийг хамгаалах, Улсын Их Хурлын шийдвэрийг биелүүлэх хүрээнд уг тушаал гарсан. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан тухайн газар ашиглагч иргэдийн газарт автозам барих төлөвлөгөө батлагдсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж өгнө үү гэсэн саналыг ирүүлснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүлээн авч шийдвэрлэсэн
Тухайн газарт зам, гүүр, гарц барих боломжтой эсэхийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шийдвэрлэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шийдвэрлэх боломжгүй. Тухайн үед автозамын транс төлөвлөгдөж байгаа гэсэн ч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн бичгүүдээс үзэхэд төслийнхөө хүрээнд эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа гэж харсан.
Энхтайваны ам, Арцатын ам нь зэрэгцээ байрладаг. Тушаал дээр андуурч Энхтайваны ам гэж бичсэн байна. К************ ХХК-ийн газар нь Арцатын аманд байрлалтай, газар ашиглах эрх анх олгосон шийдвэрт мөн Энхтайваны аманд гэж гаргасан байна. Мэдээллийн санд, газар ашиглах гэрчилгээнд Арцатын аманд гэж бичсэн байна. Хэсэгчлэн цуцалсан газар нь баруун, хойд хэсгээр байгаа. Цуцлагдсан газрын кадастрын зураг гараагүй, Тухайн газарт автозам барих зураг төлөвлөгдөж гарсны дараа газрын ашиглах эрхийг цуцалсан.
Тушаалын хавсралтаар 37 аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцалсан. Уг 37 аж ахуйн нэгж байгууллагын үндэслэлүүд хоорондоо өөр байгаа. К************ ХХК-ийн хувьд автозамын трасс давхацсан гэх үндэслэлээр хэсэгчлэн цуцалсан. Хэсэгчлэн цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тухайн маргаанд хамаарахгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-т “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөн олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасныг үндэслэж газрыг тусгай хэрэгцээнд авч автозам барихаар хэсэгчлэн цуцалсан. Ашиглах эрхтэй газарт тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг хэрэглэгдэхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар 37 иргэн, аж ахуйн нэгжийн газраас хэсэгчлэн цуцалсны дотор нэхэмжлэгч К************ ХХК-ийн ашиглах эрхтэй 4 га газраас 0,33 га газрыг хэсэгчлэн цуцалжээ.
Нэхэмжлэгч энэ шийдвэрийг илт хууль бус хэмээн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Захиргааны акт илт хууль бус байх нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэрлэн заасан бөгөөд нэхэмжлэгч нь ашиглах эрхтэй газраас нь хэсэгчлэн цуцалсан шийдвэрийг илт хууль бус гэх үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6 “газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7 “уг шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлүүдээр тайлбарлаж, “газрын байршлыг алдаатай бичсэн нь утга агуулгын илэрхий алдаа, Нийслэлийн замын хөгжлийн газраас тухайн байршилд зам, гүүр төлөвлөх боломжгүй гэсэн, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас одоог хүртэл зам, гүүрийн төлөвлөлтийг батлаагүй, зам, гүүр барьж эхлээгүй тул газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, уг шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж маргаж байгаа бол хариуцагч “УИХ-аас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээний трасстай тусгай хамгаалалттай газарт газар ашиглагчдын орц гарцыг уялдуулан төлөвлөх зорилгоор хэсэгчлэн цуцалсан, ашиглах эрхтэй газарт нөхөн олговор олгох зохицуулалт хамааралгүй” хэмээн тайлбарлажээ.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр К************ ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. К************ ХХК нь 2011 оны А/293 дугаар тушаалаар тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авч, 2015 оны А/321, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/436 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг тус тус сунгасан, газар дээр ямарваа хашаа, барилга барих зэргээр тодорхой үйл ажиллагаа явуулж эхлээгүй буюу ийнхүү газраас хэсэгчлэн цуцалснаар тус компанийн тухайн газар дээр явуулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит үр дагавар үүсээгүйг юуны өмнө дурьдах нь зүйтэй.
2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны3 дугаар сарын 27-ны өдрийн 341 тоот албан бичгээр К************ ХХК-д “Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт Улаанбаатар хотын баруун өмнөд бүс, Хан-Уул дүүргийн 11, 8, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дархан цаазат газрын ... Энхтайваны ам, Арцатын ам, ... амуудад нийслэлээс төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто замын сүлжээ, инженер дулааны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугамын сүлжээний трассыг дархан цаазат газарт газар ашиглагч нарын орц гарцтай уялдуулан төлөвлөж байгаатай холбогдуулан ашиглах эрхтэй талбайгаас нь хэсэгчлэн цуцлах болсныг мэдэгдэж,
3. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/522 тоот албан бичгээр “батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар олголтын мэдээлэл, барилга байгууламжийн зөвшөөрлийг уялдуулан хотын чанартай 1, 2 дугаар зэрэглэлийн гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээний трассыг хамгаалан үлдээх төлөвлөлтийн шийдлийг боловсруулан хүргүүлсэн байх бөгөөд,
4. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах А/454 дүгээр тушаал нь Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт Улаанбаатар хотын баруун өмнөд бүс, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн дэнж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хотын шинэ төв байгуулахаар батлагдсан тул гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээний трасстай тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн орц гарцыг уялдуулан төлөвлөх зорилгоор дээрх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 341 тоот санал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/522 тоот албан бичгийг үндэслэн гарчээ.
5. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас ирүүлсэн УИХ-ын 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн дагуу боловсруулсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор баталсан Шинэ Яармаг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний автозамын схем зургаас[1] үзвэл нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий байршилд 1, 2 дугаар зэргийн гол гудамж зам төлөвлөгдсөн, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/522 тоот албан бичиг /тушаалын үндэслэлд дурдсан/-йн хавсралт хотын чанартай 1, 2 дугаар зэрэглэлийн гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээний трассын тойм зураглал[2] болон гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээний трассын тойм зураглалтай нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын кадастрын зургийг давхцуулсан зураг[3], Нийслэлийн Замын хөгжлийн газраас ирүүлсэн “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний замын трасстай нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 4 га газрын кадастрыг давхцуулсан” ортофото зургаас[4] үзвэл нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй баруун хойноос зүүн урагш сунасан зүүн хойд талдаа догол бүхий 4 га газрын хойд талаар хөндлөн 1 дүгээр зэргийн замын трасс, баруун талаар тууш 2 дугаар зэргийн замын трасс тус тус дайрч төлөвлөгдсөн байна.
6. Байршлын хувьд Богдхан уулын Энхтайваны ам, Арцатын ам нь зэргэлдээ байрлах бөгөөд нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй эрхтэй газар Арцатын амны хил заагт багтаж байгаа талаар болон нэхэмжлэгчийн хувьд Энхтайваны аманд өөр газар ашиглах эрх үүсээгүй талаар талууд маргаагүй, ашиглах эрхтэй газраас хэсэгчлэн цуцалсан тушаалын хавсралтад газрын байршлыг Энхтайваны ам гэж заасан нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд техникийн шинжтэй энэ алдаа нь агуулгын хувьд уг шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй, энэ нь утга агуулгын илэрхий алдаанд тооцогдохгүй.
7. Мөн тушаалын үндэслэлд хамаарах Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 341 тоот албан бичгийн дугаарыг тушаалд “371” хэмээн бичсэн байх бөгөөд тус хамгаалалтын захиргаанаас энэ огноогоор 371 дугаартай албан бичиг гараагүйг шүүхэд тодорхойлсон байдаг. Иймд албан бичгийн дугаарын цифрийг алдаатай бичсэн нь мөн л шийдвэрийн агуулгад нөлөөлөхүйц утга агуулгын илэрхий алдаа биш байх тул тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
8. Хэдийгээр дээрх төлөвлөлтөөрх автозамын трассын зураг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас батлагдаагүй ч нэхэмжлэгчийн газраас хэсэгчлэн цуцалсан шийдвэр нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан авто замын трасстай тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч нарын орц гарцыг уялдуулан төлөвлөх зорилгоор гарсан байх тул уг шийдвэр зорилгодоо нийцсэн, дархан цаазат төрийн өмчийн газарт тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулж буй газраас батлагдсан төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр нийтлэг ашиг сонирхлын хүрээнд, хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу гарчээ. Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэ шийдвэр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасан “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” эрх хэмжээний хүрээнд, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь “газрыг тусгай хэрэгцээнд авч ... газар ашиглах эрх дуусгавар болно” гэсэн заалтад нийцсэн байх тул газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
9. Батлагдсан төлөвлөлтөөрх замын зургийг эрх бүхий байгууллагаас эцэслэн батлаагүй байгаа нь төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж дүгнэх үндэслэл мөн л болохгүй.
Харин Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар Замын хөгжлийн газраас ирүүлсэн саналаар эдийн засгийн хувьд үр ашгийг харгалзан замын трассыг төлөвлөснөөс өөр хувилбараар буюу маргаанд хамаарах газраас өөр байршилд батлан хэрэгжүүлсэн тохиолдолд орц гарц, туслах зам талбайг гарган ашиглах эрхтэй газрын байршил, хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлаар газар ашиглагч нь хүсэлт гаргах, төрийн захиргааны байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
10. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор буюу нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах зорилгоор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д заасан “газрыг тусгай хэрэгцээнд авсан” үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхтэй газраас хэсэгчлэн цуцлах байдлаар тэр хэмжээний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд энэ тохиолдолд буюу ашиглах эрхтэй газраас хугацаанаас өмнө эргүүлэн авахад нөхөх олговор олгогдохгүй болохыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заажээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасныг баримтлан К************ ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалын К************ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА