Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 30

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалан шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ганхуягт холбогдох 201701070019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                Ц.Баясай

           Улсын яллагч:                              Ж.Бүрэнжаргал

           Хохирогч                                       С.Ганзориг

           Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Цэнд-Аюуш

Шүүгдэгч:                                      Б.Ганхуяг нар оролцов.                                     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн ажилгүй байсан, одоо Налайхын баюу тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа, ам бүл 8 өвөө Очирпүрэв, эмээ Лхагвасүрэн, ах дүү нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хэрлэнгийн 11 дүгээр гудамжны 5 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн  Батжаргалын Ганхуяг  /РД:НД92012612/

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар

Б.Ганхуяг  нь 2017 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө Багануур дүүргийн 2 дугаар хороо Уурхайчдын 25 тоотод байрлах бусдын байшинд хууль бусаар нэвтрэн  орж эд зүйл хулгайлж 480 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт холбогдох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Ганхуягийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

            “Багануурт өвөө эмээтэйгээ байхад ээжийн дүү Нэргүй архи ууж намайг зайл гэж байнга хөөдөг. Хотод ээж дээрээ очихоор нөхөр нь хөөгөөд байдаг. Иймд би хотод байр хөлслөх гэж мах хулгайлсан. Найзын маань хадам аав нь Ганзориг гуайнхаас хонины гулууз мах худалдан авсан тухай сонсоод 2017 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө 24 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороонд байдаг Ганзориг гуайн хашааг хойд талаас нь давж ороод мах хадгалсан байшинд нь татахад онгойдог монгол цоож зүүснийг нь авч ороод хонины гулууз мах 6 ширхэгийг авсан юм.  Махнуудыг зөөж холдуулаад 2-р хорооны ойролцоо зогсоосон таксийг дуудаж авч явсан.  Маргааш нь “Эмээгийн дэлгүүр”-т зарсан. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Хохирлыг төлөх гэтэл мөнгө олдохгүй, гэрээ зарах гэтэл авах хүнгүй байсаар байна. Хорихоос өөр төрлийн ял авбал ажил хийгээд төлнө” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч С.Ганзоригийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“2016 оны 11 дүгээр сард би өөрийн өмчлөлийн 5 ямаа 34 хонийг нядалж гулууз махаар нь Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчны гудамжны 25 тоотод байрлах өвлийн байшиндаа хадгалсан ба үүнээс 14 ширхэг мах зараад бусад нь хадгалагдаж байтал 2017 оны 1 дүгээр сарын 9-нд  эр хонины мах 1, эм хонины  мах 5 нийт 6 гулууз мах алга болсон байсан. Хонины нэг гулууз махыг 80 000 төгрөгөөр үнэлж нийт 480 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо яаралтай авмаар байна гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч: Г.Оюунлхамын мөрдөн байцаалтад өгсөн

            “2017 оны 1 дүгээр сарын дундуур хонины мах худалдаж авах уу гээд 20 гаруй насны залуу дэлгүүрт орж ирсэн. Би 5 ширхэг гулууз махыг нэг киллограммыг нь 2500 төгрөгөөр бодож худалдаж авсан ба 242 000 төгрөг өгсөн. Үүний өмнө уг залуу манай дэлгүүрт 1 ширхэг гулууз махыг 60 000 төгрөгөөр зараад явсан” гэх мэдүүлэг /хх-40/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд:

Гэрч Оюунлхамд 5 хүний цээж зургийг харуулахад “4 дугаартай зураг буюу Б.Ганхуягийн зургийг зааж манай дэлгүүрт гулууз мах зарсан залуу мөн байна” гэж заав гэжээ /хх 29-30/

Эд зүйлийн үнэлгээний баримтад

“Хонины 6 ширхэг гулууз махны нэг бүрийн үнэ 80 000 төгрөг нийт 480 000 төгрөг” гэжээ. / хх-72/

Шүүгдэгч Б.Ганхуягийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх- 56-57/

Б.Ганхуяг нь ял шийтгэлгүй тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагаа /хх-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр шүүхээс дараах дүгнэлтүүдийг хийж байна.

           Шүүгдэгч Б.Ганхуяг нь 2017 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө Багануур дүүргийн 2 дугаар хороо Уурхайчдын гудамжны 25 тоот хашааг гаднаас нь давж   мах хадгалж байсан байшинд орж хонины гулууз мах 6 ширхэгийг хашаа давуулан зөөж авсан, улмаар 302 000 төгрөгөөр борлуулж иргэн С.Ганзоригт 480 000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд, хохирогч С.Ганзоригийн “2017 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө хашаан доторхи байшингаасаа хонины гулууз мах 6 ширхэгийг алдсан тухай” мэдүүлэг,  гэрч  Г.Оюунлхамын “2017 оны 1 дүгээр сарын дундуур хонины гулууз мах 6 ширхэгийг 302 000 төгрөгөөр худалдан авсан тухай мэдүүлэг, гэрч Г.Оюунлхамаар сэжигтнийг таньж олуулсан тухай тэмдэглэл, яллагдагч хулгай хийсэн газар, яаж үйлдсэнээ тус тус зааж үзүүлсэн тухай мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийг үнэлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Б.Ганхуягийн үйлдлийг нотолж тогтоосон баримтуудыг үнэлэхэд:  

Хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн байна. Хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл нь хуульд заасан шаардлагыг хангажээ. Шүүгдэгч  Б.Ганхуяг нь сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар давхар батлагдлаа.  Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд  юм. “Сэлэнгэ-эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компани “малын хохирлын үнэлгээний тайлан гаргахдаа хонины гулууз махыг ширхэгийг нь 2017 оны 1-р сард 39 000 төгрөгөөр 6 ширхэгийг нийтэд нь 234 000 төгрөгөөр үнэлснийг хохирогч зөвшөөрөөгүй тул Багануур дүүрэгт орон нутгийн үнэлгээг тогтоосон нь гулууз мах 1ш нь 80 000 төгрөг нийт 480 000 төгрөг гэж үнэлсэн байна. Шүүгдэгч нь хулгайн эд зүйлийг тэр даруйдаа 302 000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон тул орон нутагт хийгдсэн үнэлгээ үндэслэл бүхий болсон гэж шүүх дүгнэснийг тэмдэглэе.

Шүүгдэгчийн үйлдлийг хууль зүйн талаас нь дүнэхэд:

Б.Ганхуяг нь Эрүүгийн хуульд заасан насанд хүрсэн нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар, бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийнхээ учир холбогдол, үр дагаврыг бүрэн ухамсарлаж байсан нь гэрчийн мэдүүлэг, хэрэг үйлдсэн нөхцөл байдлаар бүрэн тогтоогджээ. Шүүгдэгч нь бусдын эд зүйлийг хулгайлах үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан нь шүүгдэгчийн “Би байр хөлслөх мөнгө олох зорилгоор хулгай хийсэн” гэсэн мэдүүлгээс нь харагдаж байна.

Хохирогчид  480 000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт  зааснаар бага бус хэмжээний хохиролд хамаарагдаж байна.

Шүүгдэгч хулгай хийхдээ хохирогчийн эд хөрөнгөө хадгалж байсан байшинд  гараар онгойдог цоожийг онгойлгон орсныг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж   үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

Б.Ганхуягийн үйлдэл нь иргэн С.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан  “өмчлөх эрх”-д ноцтой халдсан үйлдэл мөн.

Иймд Б.Ганхуягийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагаагаар урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй нь /хх-63/ тогтоогдож байна.

Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүйг тэмдэглэе.

Харин шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй, ямар нэгэн орлогын эх үүсвэргүй зэрэг хувийн байдал, гэмт хэргийн хохирлын хэмжээ харьцангуй багавтар зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих, торгох, баривчлах ялуудаас баривчлах ялыг сонгож оногдуулах нь зүйтэй. Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Б.Ганхуягийн энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийг баривчлах ялын 3 хоногтой тэнцүүлэн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 Хохирогч С.Ганзоригт учирсан 480 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Батжаргалын Ганхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Батжаргалын Ганхуягийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  гурван  /3/ сар нэг /1/ хоногийн  хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Ганхуягийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцсугай.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ганхуягт урьд авагдсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганхуягаас 480 000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Ганзоригт олгосугай. 
  6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт болон хураагдсан эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг  дурдсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  8.  Тогтоолыг давж заалдаж, эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Б.Ганхуягт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ