| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 2431003800098 |
| Дугаар | 2025/ШЦТ/155 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/155
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,
улсын яллагч Б.Урангоо,
Иргэний нэхэмжлэгч Д.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2431003800098 дугаартай, 316/2025/0128/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны 2-20 тоотод оршин суух хаягтай, урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ба уг ялыг биелүүлээгүй тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ХМШ3/03 дугаартай шүүгчийн захирамжаар А.*******д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 666 хоногийн буюу 1 жил, 9 сарын хорих ялаар сольсон, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны "Хүнгүйч" гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 5,928,498 төгрөгийн шууд хохирол, 17.470.107 төгрөгийн хор уршиг, нөхөн сэргээлтийн зардалд 569,331 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын шүүгдэгч А.******* нь 2024 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны "Хүнгүйч" гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 5,928,498 төгрөгийн шууд хохирол, 17.470.107 төгрөгийн хор уршиг, нөхөн сэргээлтийн зардалд 569,331 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Жадамбын мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Гэрч Д.*******ын "... Би өөрийн найз ын хамт 2024 оны 09 дүгээр сарын 22-ны орой Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгонд ирсэн. Бид хоёр ******* тосгоны төвд орж ирж хоноод маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Их алт" гэх газар очсон. Бид хоёр "Модон гүүр"-ээр гараад цаад талд нь нөхөн сэргээлт хийж байсан талбай дээр очих үед голын нөгөө талд экскаватор шороо угаагаад байгаа бололтой ажиллаж байгаа харагдсан голын цаад талд байсан тул би ойртож хүмүүсийг нь харж чадаагүй..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.ын "... Би Төв аймгийн Заамар сумаас ******* тосгонд 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ирж хоноод маргааш өглөө нь ******* тосгоны "Их алт" гэх газарт найз *******ын хамт очсон. Бид хоёрыг тухайн газар очих үед голын наад талд техниктэй хүмүүс нөхөн сэргээлт хийж байсан голын цаад талд нүдэнд ил харагдах газар экскаватор гитаран буу руу шороо хийж угаалга хийж байхыг бол харсан..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.ын "... Би ******* тосгонд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нутгийн танил дүү Залуухайтай /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хамт ******* тосгоны "Их алт" гэх газарт байрлах модон гүүр рүү өөрийнхөө хийлдэг завьтай загасанд явсан. Тэгээд Экологийн цагдаагийн албаны хаагч нартай таарч надаас "Завиараа нэг гол гаргаад өгөөч" гэж гуйсан ба улмаар миний бие зөвшөөрч завиараа ******* гол гаргаж өгсөн ба гол гараад 200-300 метр орчим алхаж явахад шар өнгөтэй 2 ширхэг Хьюндай загварын экскаватор мөн алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, ус татах насос буюу помп мөн хүмүүс байрлаж байсан бөгөөд хоолны сав суулга хувцас хунар газраар тарсан байдалтай мен майхан сав зэрэг байсан. Тухайн экскаваторуудаас 50 орчим метрийн зайд ******* голын эрэг хэсгийг сэтлэн нүх ухаж тухайн нүх нь усаар дүүрсэн байдалтай харагдаж байсан..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.ийн "... Би А.*******тай "Эрдэнэсийн арал" гэх газар 3 удаа тааралдсан. Гэхдээ хоорондоо олигтой юм ярилцаагүй. Миний хүнтэй дундаа худалдаж авсан экскаватор тухайн газар эвдэрсэн байсан тул засвар хийж байсан. А.******* бид нараас зайтай байрлаж байсан. Манайх ихэр бид хоёрыг экскаваторт засвар хийж байхад голын эрэг орчимд экскаватор ажиллаж байгаа чимээ сонсогдоод байдаг байсан. Намайг экскаватор дээр засвар хийж байхад А.Жадамбын экскаватор хажуугаар өнгөрөөд голын эрэг рүү явж байхыг бол нэг удаа харсан. Экскаваторыг нь яг хэн жолоодож явсныг хараагүй..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.ийн "... Би тухайн "Эрдэнэсийн арал" гэх газар 2024 оны 09 дүгээр сард өөрийн ихрийн хамт экскаваторын явах эд анги янзлах гээд очсон. Манай ихэр надад нэг экскаватор авсан тэрийгээ засна хамт яваад өг гээд дагуулаад явсан. Би А.*******тай бол голын гарам дээр тааралдсан юу хийж байсныг бол мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц. "... Би уг гүйлгээг санаж байна. Мөнгө шилжүүлсэн өдөр орой харанхуй болсон байхад А.******* гэх залуу ******* тосгонд байрлах манай гэрт орж ирсэн. Тэгээд надад алт өгөх гэсэн юмаа гээд алт гаргаж ирсэн түүнийг нь би дэнсээр шалгахад 45.5 грамм алт байсан. Би тухайн үед 1 грамм алтыг 224,000 төгрөгөөр бодож авч байсан. Тэгээд А.*******ад алтны мөнгө гэж дансаар 10,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл нэг зуун гаран мянган төгрөгийг бэлнээр өгсөн. А. *******ас хаанаас авсан алт бэ? Гэж асуухад "Их алт" гэх газрын алт гэж хэлсэн. Тэгээд гуйлгээ хийхдээ утган дээр нь машин гэж бичээд шилжүүлсэн. А.******* алтаа өгөөд гүйлгээ хийхдээ машин гээд бичээд явуулаарай гэхээр нь би хэлсэн ёсоор нь гүйлгээний утгыг нь бичээд явуулсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Ү.ийн "Би 2018 оноос хойш алт худалдан авч борлуулах ажил хийж байна. Дархан-Уул аймагт 2020 онд анх санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгож эхлэх үед нь тусгай зөвшеерел авсан. Би алт тушаасан хүмүүс рүү ихэвчлэн нэрийг нь бичээд явуулдаг. Заримдаа хүмүүс өөрсдөө утга хэлээд шилжүүлдэг уг гүйлгээг алт тушаасан хүн нь өөрөө хэлээд шилжүүлсэн байх. Би уг дансаар алт авсан гүйлгээ хийдэг..." гэх мэдүүлэг,
Гэрч Б.ий Би найз Жадамбын яриад байгаа шиг ******* тосгоны "Буурал", "Алтан гол" гэх газрыг мэдэхгүй. Би алтанд явж үзээгүй. Манай найзууд ч мэднэ. ******* надтай хамт явсан гэж худал мэдүүлэг өгсөн байна. Би цуг алтанд нэг ч удаа явж үзээгүй байтал алтанд цуг явж 10,000,000 сая төгрөг бид хоёрт өгсөн гэж ярьсан байна..." гэх мэдүүлэг,
Гэрч Е.ын "...Манай найз А.******* нь худлаа ярьсан байна. Надтай "Буурал", "Алтан гол" гэх газраар алтанд металл хайгчтай явж алт олоогүй. Яагаад ингэж худлаа ярьж мэдүүлэг өгснийг мэдэхгүй, ойлгохгүй байна...гэх мэдүүлэг,
Гэрч Л.ын "...А.******* 2024 оны 07 дугаар сарын эхээр экскаватор асаах гэж байгаа талаар ярьж байсан бөгөөд манай шатахуун түгээх станцаас 1 сая гаран төгрөгөөр 200 литр гидр авсан. Тэгээд бэлэн 2,000,000 төгрөг авсан. Үлдсэн мөнгөөр нь бензин, тос масло зэрэг аваад 4,711,000 төгрөг болсон бөгөөд тухайн үед надаас гуйгаад өөрийнхөө унаж байсан "Сонато-6" маркийн цагаан өнгөтэй машинаа барьцаанд тавиад явж байсан бөгөөд мөнгөө надад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн. 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1,376,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 393,000 төгрөгийг санахгүй байна Бензин түлш авсан байх... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.гийн "... Манай хүү яг эрхэлсэн тодорхой ажилгүй, хааяа хөрөө арам дээр ажилладаг юм. 2024 оны 09 дүгээр сард байшин дээрээ бүтэн байсан. Би өөрөө хоол, цайг нь хийж өгдөг байсан болохоор мэдэж байна. Манай хүү байшин дээрээ найз нөхөд болон гэх хүнтэй хамт ажиллаж байсан..." гэх мэдүүлэг,
Гэрч Д.ын өгсөн "... Намайг 2024 оны 09 дүгээр сарын эхээр санагдаж байна. А. манайд ирээд өрлөг хийгээд өгөөч гэж гуйгаад би хөлсөөр тухайн сар бүтэн ажилласан. А. надтай хамт байшин дээрээ шавар, ус зөөж өгөөд хамт байсан. Надтай хамт ажиллаж байхдаа нэг удаа нэг хоногоор байхгүй болчихсон байсан ба маргааш нь ирээд хөдөө яваад гэж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч А.ын "...Би 2024 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын, 3 дугаар баг, ******* тосгонд хороололд байрлах эзэнгүй хашаандаа өөрийнхөө байшинг барьж байсан. Би 2024 онд аав, ээжийн хамт амьдардаг байсан. ... Надтай хамт ах ажиллаж байсан. Би нэг удаа ******* тосгоны төвд архи ууж байгаад А. *******тай хамт очсон. Яах гээд очсоноо мэдэхгүй байна, замдаа архи уугаад л явж байсан. Би тухайн өдөр ******* тосгоны Тевд хоёр найзтайгаа нийлээд 5 орчим шил архи уучихсан их хэмжээний согтолттой байсан тэр үедээ хамт явсан байсан. Өөрөө тэр газар очоогүй..." гэх мэдүүлэг,
Байгаль орчны зөвлөх "Нуман-Алтай" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №1/70 дугаартай ... Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг, Хүнгүйч гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв. Тус газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Голын гольдрол өөрчлөөгүй байна. Тухайн эвдэгдсэн талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил заагтай давхцалгүй байна. Дээрх үйл ажиллагааны улмаас нийт 420.66м² буюу 0.042 га талбай эвдрэлд өртсөн байна. Эвдэгдсэн талбай нь голын усан дотор байгаа учраас урьд өмнө хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн талбайн байгаль орчинд 5,928,498 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 569,331 төгрөг болж байна. Тухайн талбай нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан бөгөөд ухагдсан нүх нь урьд өмнө эвдэгдсэн байсан газарт нэмж ухсан байдалтай байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй..." гэх шинжээчийн дүгнэлт
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-08-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107-р хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 108-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 111-р хуудас/,
Шүүгдэгчийн бусдад төлбөртэй байгаа талаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх-ийн 112-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 113-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны "Хүнгүйч" гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 17.470.107 төгрөгийн хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардалд 569,331 төгрөгийн хор уршиг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч А.Жадамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч А.Жадамбын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын дүн “Нуман алтай” ХХК-ийн шинжээч дараах байдлаар дүгнэлт гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Нийт үнэ, төгрөг |
| 1 | Эдэлбэр газар | 0 төгрөг |
| 2 | Газрын хэвлий | 315,390 төгрөг |
| 3 | Хөрсөн бүрхэвч | 0 төгрөг |
| 4 | Ургамалын нөмрөг | 0 төгрөг |
| 5 | Усан орчин | 5,613,109 төгрөг |
| 6 | ойн санд учруулсан хохирол | 0 төгрөг |
| 7 | НИЙТ ДҮН | 5,928,498 төгрөг |
| Нөхөн сэргээх ажлын зардал 569,331 төгрөг болно. | ||
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/29-01/068/12 дугаартай “...Дээрх иргэдэд холбогдох ******* сумын Буурагчин 3 дугаар багийн нутаг "Хүнгүйч" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2024.09.27-ны өдрийн 1/70 дугаартай "Нуман алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийн учруулсан хохирлын үнэлгээ 315390*2-630780 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 5613109*3=16839327 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 17470107 төгрөг болж байна...” гэх Улсын байцаагчийн акт авагджээ.
Шүүгдэгч А.******* нь дээрх шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн актаар тогтоосон хохирол, нөхөн төлбөр болох 17.470.107 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал болох 569,331 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч А.******* нь нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч А.Жадамбыг 2024 оны 09 дүгээр сард ******* сумын 3-р баг, ******* тосгоны “Хүнгүйч” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 5,928,498 төгрөгийн хохирол, 569,331 төгрөгийн хор уршиг учруулсан үйлдлийг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болор 44,000,000 төгрөгийг А.*******ас гаргуулж, улсын орлогод оруулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан буюу шинжээчийн дүгнэлт гаргасан байгууллагын төлбөр 900,000 төгрөгийг А.*******ас гаргуулан байгаль орчны “Нуман Алтай” ХХК-ийн дансанд шилжүүлэх саналтай байна. 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр битүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийг улсын орлого болгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугийн асуудлаар А.Жадамбын хувьд маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад маргаан байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хууль бусаар олсон 44,000,000 төгрөгийг алт хайгч төхөөрөмжөөр олсон гэх мэдүүлэг байна. Үүнтэй холбоотой хаанаас алт хайсан гэдгийг шалгагдаагүй байна. Алт хайгч өөрт нь байсан. Ломбардад тавихаар орж ирсэн гэх мэдүүлэг хэрэгт байна. 2024 оны 09 дүгээр 17-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 44,000,000 төгрөг 3 удаагийн гүйлгээгээр 2 хүний дансанд орсон. Хэргийг илрүүлсэн нөхцөл байдал нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр газар дээр нь очсон байна. Урьд өдөр нь очсон гэсэн асуудал байна. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сүүлийн шилжүүлээд байгаа алт хайдаг төхөөрөмжөөр олоод , тэр өдрийн 17 цагт тушаасан байдаг. Өөрөө хүлээн зөвшөөрөөд явж байгаа асуудал байна. Үндсэн хохирол 5,928,498 төгрөг, хор уршиг 569,331 төгрөг байна. Энэ мөнгөө төлөх гээд очиход тог тасарсан учраас хийгдэх боломжгүй байдал үүссэн байна. Хуульд зааснаар 5 хоногийн завсарлага аваад төлөөд ороод ирье гэсэн саналтай байна...” гэх дүгнэлтийг тус тус илэрхийлсэн.
Шүүгдэгч А.Жадамбын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ХМШЗ/03 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 666 хоног буюу 1 жил 9 сар 26 хоногийн хорих ял эдэлж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, торгуулын ялыг эдэлж эхлэх хугацааг шүүгдэгчийг хорих ангиас суллагдсан үеэс эхлэн тооцож, биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч А.******* тус гэмт хэргийн улмаас 44.000.000 сая төгрөгийн орлого олсон болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч нарын мэдүүлгээр тогтоогджээ. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ Хьюндай Робекс 2900LC" маркийн 73-90 улсын дугаартай шар өнгийн экскаватор, алт угаах төхөөрөмж гитаран буу зэрэг техник тоног төхөөрөмж ашиглажээ.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 18,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хьюндай Робекс 2900LC" маркийн 73-90 улсын дугаартай шар өнгийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч И.*******ийнх гэх боловч тээврийн хэрэгслийн лавлагаагаар Д.ийх болох нь тогтоогдсон. Д.э нь мэдүүлэхдээ тухайн экскэваторыг зарсан одоо миний өмч биш гэж мэдүүлсэн байна. Иймд эзэн холбогдогчгүй Хьюндай Робекс 2900LC" маркийн 73-90 улсын дугаартай шар өнгийн экскаватор, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 44.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж гитаран бууг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Тус хэрэгт шинжээчээр оролцож дүгнэлт гаргасан “Нуман алтай” ХХК, “Ашид билгүүн” ХХК-нь шинжээчийн ажлын зардал болох 3.000.000 төгрөг, 900.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал…” -нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал зардалд хамаарна гэжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ас 3.900.000 төгрөг гаргуулан “Нуман алтай” ХХК 3.000.000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК 900.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Жадамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Жадамбыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, торгуулын ялыг эдэлж эхлэх хугацааг шүүгдэгчийг хорих ангиас суллагдсан үеэс эхлэн тооцож ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Жадамбын гэмт хэрэг үйлдлээ ашигласан Хьюндай Робекс 2900LC" маркийн 73-90 улсын дугаартай шар өнгийн экскаватор, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 44.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж гитаран бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ас нийт 3.900.000 төгрөг гаргуулан “Нуман алтай” ХХК-д 3.000.000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-д 900.000 төгрөг тус тус олгосугай.
9. Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ