| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 2531000000123 |
| Дугаар | 2025/ШЦТ/156 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/156
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.******* даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2531000000123 дугаартай, 316/2025/0129/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 охины хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг, *******, 1 дүгээр хэсэг гудамж 199 тоотод оршин суух хаягтай, урьд
-Сэлэнгэ аймгийн шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус зааснаар 02 жил 06 сарын хорих ял,
-Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 283 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
-Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 239.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4- дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овогт *******гийн *******, Регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим ******* сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 1209 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан О.******* гэх залуутай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт шилэн аягаар цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Шүүгдэгч С.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим ******* сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 1209 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.******* гэх залуутай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт шилэн аягаар цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: ”...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хохирогч О.*******ын "... Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр еерийн танил ах ******* ахын гэрт орсон. Гэтэл гэрт нь ******* ах байхгүй Батаа ах, ******* ах нар гэрт нь байж байсан ба 0,75 литрийн "хараа" нэртэй архи уугаад сууж байсан. Би ******* ахыг хаачсан талаар асуухад Батаа ах "******* ажилдаа явсан. Би гэрийг нь хараад байж байна" гэж байсан. Тэгээд ууж байсан архинаасаа надад хийж өгөхөөр нь би уусан. Тухайн архинаас 3-4 орчим хундага уусан. Гэтэл ******* ах надад хандаж "Би хүүхэд шиг хүнтэйгээ архи уухгүй" гэж хэлээд над руу агсраад байсан. Тэгэхээр нь би "Явлаа" гэж хэлээд гарах гэтэл ширээн дээр байсан шилэн стакан аваад миний хамар хэсэгт цохичихсон. Тэгээд л миний хамраас цус гараад бид нар эмнэлэг дуудсан. Би тухайн ******* ахыг мэднэ. Бага байхаасаа л мэднэ. ******* ах миний амьдардаг ******* суманд оршин суудаг бөгөөд тэр утгаараа мэднэ. Мөн манай аав тай найз байсан хүн байгаа юм аа. Түүнээс өөрөөр төрөл садны холбоо бол байхгүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Д.Наранбатын "...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн танил ******* хочтой ахын гэрт орсон. Тухайн үед ******* ах гадагш ажилдаа явсан байсан. Тэгээд би гэрт нь байж байтал миний хойноос ******* ах орж ирсэн. ******* ах орж ирээд бид хоёр нэг шил архи уухаар болоод би ******* сумын 1 дүгээр багт байх "Идэр" дэлгүүр ороод 0.75 литрийн "Хараа" нэртэй архи авч буцаад ахын гэрт ирж бид хоёр уусан. Бид уугаад байж байтал гаднаас О.******* орж ирсэн. ******* орж ирээд мэнд мэдээд суусан бөгөөд О.******* бидний ууж байсан архинаас 3-4 хундага уусан. Гэтэл ******* ах О.*******т хандаж "Энэ миний хажууд архи уулаа" гэж хэлээд уурлаад байсан. Улмаар маргаж байгаад ширээн дээр байсан шилэн стакан аваад О.*******ын хамар хэсэгт цохисон. Тэгээд л О.******* гарч явсан бөгөөд эмнэлэг явсан байсан. Би тухайн *******, О.******* нарыг мэднэ. Бид нэг газар амьдардаг гэдэг утгаараа нэгнээ сайн мэднэ. Түүнээс төрөл садны холбоо бол байхгүй.... Уг нь О. ******* хараахан маргаагүй зүгээр үгийг нь сонсоод л байж байсан юмаа..." гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р хуудас/,
Хохирогч О.*******ын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бусдад зодуулсан хэрэгт гомдол санал байхгүй. Сэтгэл санааны хохирол байхгүй..." гэх хүсэлт, /хх-ийн 46-р хуудас/ 3.6. Сэлэнгэ аймгийн Шүүх, шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д. Дарьсүрэнгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 207 дугаартай О.*******ын биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир эрмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1.-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийг дүгнэлт, /хх-ийн 27-28-р хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40-р хуудас/,
Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41-р хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 42-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* нь хохирогч О.*******ын эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хуний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд С.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр баримтаар хохирол нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн ба Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,028 төгрөгийн зардал гарсан бөгөөд шүүгдэгч төлж барагдуулаагүй байна.
Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.*******гээс 161,028 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч С.*******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ХМШЗ/19 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 08 сар 18 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ...” гэж зааснаар шүүгдэгч С.*******гийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 18 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял буюу 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 9 сар 18 хоногийг хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа нэртэй архины шил, хагархай шилэн аяга зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.*******гээс 161,028 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 18 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял буюу 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 9 сар 18 хоногийг хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 1 жил 9 сар 18 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч С.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлулүүлсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.*******гээс 161,028 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа нэртэй архины шил, хагархай шилэн аяга зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ