Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р. Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2531000000165 дугаартай, 316/2025/0136/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Салхит 1-р хэсэг 118 тоотод оршин суух, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123,2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 179.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жил 7 сар хорих ял,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөг торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овогт *******ын ******* (РД:)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/441 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,00 хувийн согтолттой үедээ приүс 30 загварын 39-57 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/441 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,00 хувийн согтолттой үедээ приүс 30 загварын 39-57 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Гэрч Б.М*******гийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний едрийн хооронд шөнийн цагаар ******* сумын 4 дүгээр багт байрлах 123 постод үүрэг гүйцэтгэж хоносон. Шенийн 05 цагийн орчим би ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Коллектив баарны гадна хяналт шалгалтаар ажиллаж байх үед 39-57 УАС улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгсэлд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хүн жолоочийн суудал дээр суугаад баарны гаднаас хөдлөөд явах шиг болсон. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийн араас явж ******* сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн ертөнцийн зүгээр урд талын авто зам дээр зогсоон шалгахад Э.******* гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байсан. Тухайн жолоочид би шаардлага тавьж тээврийн хэрэгслийн жолоочийн суудлаас буулган цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч согтуурал хэмжигч багаж Алкотест 7510 багажаар шалгахад 2.00 хувийн согтолттой байсан тул тэмдэглэл үйлдэн цагдаагийн газрын хоногийн мэдээнд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-р хуудас/,

Гэрч Б.М*******ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.М*******гийн хамт ******* суманд байрлах замын цагдаагийн байнгын 123-ын пост дээр үүрэг гүйцэтгэж хоносон. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04 цагийн орчим Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын жижүүрээс а/а Б.М*******гийн утас руу холбогдож согтуу хүн баарны гаднаас машин барьж хөдлөх гээд байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 албаны 03-91 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр баарны гадна очтол 3-4 эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн эмэгтэйчүүд "такси дуудсан чинь согтуу хүн машин бариад хүрээд ирлээ гэж хэлсэн" тэгтэл хажуунаас нэг эрэгтэй хүн ирээд "би машин бариагүй, архи согтууруулах ундаа хэрэглээгүй" гэж хэлсэн бөгөөд тухайн эрэгтэй удалгүй 39-57 УАС улсын дугаартай приус 30 загварын хар өнгийн тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр суугаад тээврийн хэрэгслээ бариад баарны гаднаас яваад өгсөн. Тэгээд бид 2 араас нь явж ******* сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн урд талын авто зам дээр зогсоож шалгасан. Тэгээд тухайн жолоочийг цагдаагийн газар дээр авчирч согтуурал хэмжигч багажаар шалгахад 2.00 хувийн согтолттой байсан. Жолоочийн арын суудал дээр 1 эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй би такси барьсан согтуу байсныг мэдсэнгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэй цагдаагийн газар дээр ирээд буугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн хэрээр шийтгэл авч байсан талаарх шийтгэврийн хуулбар /хх-ийн 09-10-р хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 51-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 24-46-р хуудас/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

            Шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/441 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,00 хувийн согтолттой үедээ приүс 30 загварын 39-57 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******ыг “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Э.******* нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Иймд Э.*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 25 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах эрх хасах ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нийт 3 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 25 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах эрх хасах ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нийт 3 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 3 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэснийг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.  

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ