Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/160

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн,

улсын яллагч Б.Содномиший,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогт *******ийн *******т  холбогдох эрүүгийн 2531001870166 дугаартай, 316/2025/0139/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Увс аймаг ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ******* гол уурхайд баяжуулахын үйлдвэрийн машинч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг 814 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овогт *******ийн *******, Регистрийн дугаар: *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед Ерөө сумын 2 дугаар баг ******* гол ХХК-н ажилчдын байранд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Г.*******гийн биед ажлын хамгаалалтын малгайгаар нүүрэн тус газар нь мөргөж хамрын баруун хажуу хана зөрөө багатай хугарал, хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед Ерөө сумын 2 дугаар баг ******* гол ХХК-н ажилчдын байранд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Г.*******гийн биед ажлын хамгаалалтын малгайгаар нүүрэн тус газар нь мөргөж хамрын баруун хажуу хана зөрөө багатай хугарал, хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн мэдүүлэгтээ: ”...Гэм буруугаа хүлээж байна...” гэжээ.

Хохирогч Г.*******гийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2025 оны 05 дугаар сарын 03-ний өдөр Ерөө сумын 2 дугаар баг "*******"ХХК-ний ын уурхайд ажил дээрээ байхдаа ажилчдын амрах байранд хамт нэг өрөөнд цуг байдаг ******* гээд залуу оройны 22 цагийн үед байхаа хөдөлмөр хамгааллын албан ажилтай үедээ өмсдөг хамгаалах малгай буюу каск өмссөн үедээ миний хамар хэсэг рүү мөргөж хамар гэмтээсэн. 2025 оны 05 дугаар сарын 03-ний орой ажилчдын амрах өрөөнд би *******т хандаж шкафын түлхүүрийн мөнгийг нь өгчихсөн маргааш ундаа авч ууя чамд мөнгө байна. уу? гэхэд ******* хамгаалах малгай каскаа өмссөн сууж байснаа надад мөнгө байхгүй гэж хэлээд гэнэт босож ирээд миний нүүр хэсэг рүү нэг удаа мөргөж тухайн үед хамраас цус гарсан." гэх мэдүүлэг. /хх-ийн 18-20-р хуудас/

 

Гэрч Ц.ийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2025 оны 05 дугаар сарын 03-ний орой 21 цаг өнгөрч байсан байхаа надтай хамт ажилладаг *******, ******* бид гурав ажилчдын байрны амрах өрөөнд байх үед ******* *******т хандаж чи ундаа аваарай гэхэд ******* надад мөнгө байхгүй зээлтэй, зээлээ төлж чадахгүй байна. Бүгд л зээлтэй байгаа ш дээ гээд хэлэхэд ******* сүртэй пизда бэ? ундааны мөнгө олдохгүй байна гэж юу? байдаг юм бэ? гэхэд чи муу юу гээд байгаа юм бэ гээд үнэн учир байдлаа хэлж байхад гээд тэр хоёр заамдалцаад зодолдох гээд салахгүй зууралдаад байхаар нь би салгах үед больчхоод эргээд маргалдаад ******* хамгаалах малгай каск өмссөн байх үе дээ нүүр хэсэгт нь нэг удаа мөргөөд *******гийн хамраас нь цус гарч тэр хоёр маргахаа больж би *******гийн гар луу нь ус хийж өгч хамрынхаа цусыг угааж байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 29-33-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2025 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан 239 дугаартай "...Г.*******-н биед хамрын баруун хажуу хана зөрөө багатай хугарал, хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн боломжтой байна. үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1.-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 40-41-р хуудас/

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 04-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 10-14-р хуудас/,

Эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн хамгаалах малгай каск хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р хуудас/,

Хохирогч Г.*******гээс эмчилгээний зардал 1,187,720 төгрөг нэхэмжилсэн тухай баримт /хх-ийн 56-62-р хуудас/,

Хохирогч Г.*******гийн эрүүл мэндийн даатгалын сангаас 237,360 төгрөгийн тусламж үйчилгээ авсан хохирол төлсөн баримт /хх-ийн 66-67-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.

Хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр 2,000,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 77-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэрэгт 1,187,720 төгрөгийн баримт өгсөн. Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 2,000,000 төгрөг /хх-ийн 77-р тал/, Эрүүл мэндийн даатгалын сангаас 237,360 төгрөгийг /хх-ийн 66-67-р тал/ тус тус төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй хөнгөн гэмт хэрэг байна. Шүүгдэгч Д.*******ийн хувьд хамгаалалтын малгай өмсөж хохирогч Г.*******гийн хамар хэсэг рүү мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учир шүүгдэгч С.Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч баримтаар 1,187,720 төгрөг нэхэмжилсэн ба уг төлбөрийг төлж барагдуулсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн зүгээс 237,360 төгрөгийн хөнгөлөлт, үйлчилгээ авсан байх ба үүнийг шүүгдэгч төлж барагдуулсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хэргүүд байхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон таслан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт гэмшиж буйгаа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 500 нэгж буюу 500,000 төгрөгийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна....” гэх дүгнэлтийг илэрхийлсэн.

Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн  хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хамгаалалтын малгай каск 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Д.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хураагдан ирсэн цэнхэр өнгийн хамгаалалтын малгай каск 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.БАЯРХҮҮ