| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00242/И |
| Дугаар | 154/ШШ2021/00259 |
| Огноо | 2021-12-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 154/ШШ2021/00259
| 2021 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 154/ШШ2021/00259 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багт оршин суух, РД:ПМ72030809, Гарам овогт Лхагвын Ариунтунгалагийн хүсэлттэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүү Ц.Цагаанбаатарын эцгээр Д.Цагаачийг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ариунтунгалаг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.Ариунтунгалаг би 1972 онд төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 2007 онд нутгийн залуу Д.Цагаачтай гэр бүл болж бидний дундаас 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү Ц.Цагаанбаатар төрсөн. Ц.Цагаанбаатар одоо 10 настай, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Миний хань Д.Цагаач хүнд өвчнөөр 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүү Ц.Цагаанбаатарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож чадаагүй байна.
Шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн Барга овогт Дэмбэрэлийн Цагаач, Гарам овогт Лхагвын Ариунтунгалаг биднийг хамтын амьдралтай байсан, Барга овогт Дэмбэрэлийн Цагаачийг 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Барга овогт Цагаачийн Цагаанбаатарын төрүүлсэн эцэг мөн болохыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Цэцэг сумын 4 дүгээр багийн иргэн Л.Ариунтунгалаг нь 2007 онд Д.Цагаачтай гэр бүл болж хамтран амьдарч байсан. 2007 оны зун 07 сарын 16-ны өдөр хурим найр хийж байсан. Тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү Ц.Цагаанбаатар төрсөн. Л.Ариунтунгалагийн нөхөр Д.Цагаач элэгний өвчнөөр 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Л.Ариунтунгалаг Д.Цагаач нар нь хурим найр хийж гэр бүл болсон боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүү Цагаанбаатарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн Барга овогт Дэмбэрэлийн Цагаач, Гарам овогт Лхагвын Ариунтунгалаг нарыг хамтын амьдралтай байсан, Барга овогт Дэмбэрэлийн Цагаачийг 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Барга овогт Цагаачийн Цагаанбаатарын төрүүлсэн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү. Би Д.Цагаачийн нагац эгч болдог. Тиймээс энэ 2 хүний хамтын амьдралтай байсан болохыг сайн мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Ариунтунгалаг нь Барга овогт Дэмбэрэлийн Цагаачтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүү Ц.Цагаанбаатарын эцгээр Д.Цагаачийг тогтоолгохыг хүсэж шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Л.Ариунтунгалаг нь Барга овогт Дэмбэрэлийн Цагаачтай 2007 онд гэр бүл болсноос хойш 2021 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдарч байх хугацаанд нь 2011 оны 07 сарын 22-ны өдөр хүү Ц.Цагаанбаатарыг төрүүлсэн ба Д.Цагаач нь 2021 оны 09 сарын 23-ны өдөр өвчнөөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн №0000246226 дугаартай гэрчилгээ, Барга овогт Цагаачийн Цагаанбаатарын төрсний гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн Засаг даргын тодорхойлолт, гэрэл зураг,
гэрч Ж.Цэрмаагийн шүүхэд гарчээр өгсөн: ...Л.Ариунтунгалаг, Д.Цагаач бид нар нэг нутгийн хүмүүс бие биенээ сайн танина. Л.Ариунтунгалаг нь манай суманд бага ангийн багшаар ажилладаг. Д.Цагаач нь миний төрөл садан. Л.Ариунтунгалаг, Д.Цагаач хоёр 2007 оноос хойш нэг гэрт хамт амьдарч байсан. Энэ хоёрын дундаас 2011 онд хүү Цагаанбаатар төрсөн. Д.Цагаач нь 2021 оны 09 сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан. Л.Ариунтунгалаг, Д.Цагаач нар нь 2007 оноос хойш 2021 оны 09 сар хүртэл хамт амьдарч байсан нь үнэн гэх мэдүүлэг,
гэрч Д.Бямбадоржийн шүүхэд гэрчээр өгсөн: Л.Ариунтунгалагийг багаас нь мэднэ. Л.Ариунтунгалаг нь манай төрлийн Дэмбэрэлийн Цагаачтай 2007 оноос хойш хамт амьдарч байсан. Л.Ариунтунгалаг, Д.Цагаач хоёрын дундаас 2011 онд хүү Цагаанбаатар төрсөн. Одоо 5 дугаар ангид сурдаг. Л.Ариунтунгалаг, Д.Цагаач нар нь 2007 оноос 2021 оны 09 сар хүртэл хамт амьдарч байсан нь үнэн. Л.Ариунтунгалаг нь одоо Цэцэг сумандаа бага ангийн багшаар ажиллаж амьдарч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Л.Ариунтунгалагын хүсэлтээр Ж.Цэрмаа, Д.Бямбадорж нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд нэхэмжлэгч Гарам овогт Лхагвын Ариунтунгалагыг Барга овогт Дэмбэрэлийн Цагаачтай 2007 оны 07 сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан, хүү Ц.Цагаанбаатарын эцэг нь Д.Цагаач мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Гарам овогт Лхагвын Ариунтунгалагыг Барга овогт Дэмбэрэлийн Цагаачтай 2007 оны 07 сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-т зааснаар 2011 оны 07 сарын 22-ны өдөр төрсөн хүү Ц.Цагаанбаатарын эцэг нь Барга овогт Дэмбэрэлийн Цагаач мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Ариунтунгалагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ