Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/499

 

      2021             5             20                                        2021/ДШМ/0499                               

 

 

     Ц.Од холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Ц.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Оийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908002950675 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц.О

            Улаанбаатар хотын Октябрын районы ардын шүүхийн 265 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

            Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 397 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 6 сар 4 хоногийн хорих ялаас 3 сарын хорих ялыг нэмж, бүгд 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр урьд эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 2 хоногийн хорих ялаас 1 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосон,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 92 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 1999 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 952 тоот тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим хэсэг болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 5 жилийн хорих ялаар тогтоож, 2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

            Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 944 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 265 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн.

 

               Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74-16 тоотод оршин суух иргэн Б.Оийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, үхрийн мах, 15 литр сүү, 15 кг зөөхий, товууд, ямааны арьсан тах, 50 литрийн сав, 20 кг ааруул, халаалтын тень, Харбин загварын буу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 4,595,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

               Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүдэгч Ц.Оийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 102 см урттай, 498 замгийн дугаартай, ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой Мосин загварын галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.От буцааж олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс 3,635,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, ам бүл 7, 2 наснаас 22 насны 5 хүүхэдтэй бөгөөд миний эхнэр ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм. Би өөрөө портер тээврийн хэрэгсэл барьж гэр бүлээ тэжээдэг байсан. 2015 онд ажлаа хийж байгаад автомашин дээрээс унаж нуруугаа хугалан нугасандаа гэмтэл авч нугасны усаа гурван ч удаа авахуулж байсан. Түүнчлэн, 2019 онд гэртээ харих замдаа хэвлийн тус газраа хутгалуулан нарийн гэдэс гурван удаа тасдаж залгаа хийлгэн маш хүнд мэс заслын дараа амьд үлдсэн. Одоо миний бие өөрт оногдсон 4 жилийн хаалттай хорих ялыг эдэлж ард нь гарах үгүйгээ мэдэхгүй байна. Иймд миний гэр бүл, эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж биеэр эдлэх ялыг багасгаж өгнө үү” гэв.  

 

Прокурор С.Энхням шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзсэн. Гол нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэргээр 8 удаа ял шийтгэгдсэн болох нь тогтоогдсон. Мөн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр прокуророос ирсэн хэрэг дээр 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эрэн сурвалжлан олж хэргийг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдлуудыг харгалзаад шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2019 оны 1 дүгээр сарын 9-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74-16 тоотод оршин суух иргэн Б.Оийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, үхрийн мах, 15 литр сүү, 15 кг зөөхий, товууд, ямааны арьсан тах, 50 литрийн сав, 20 кг ааруул, халаалтын тень, Харбин загварын буу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 4,595,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Оийн “... Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжны 16 тоотод байх хашаа байшин руугаа 16 цагийн орчимд очиход манай байшингийн гал зуухны талын гадна цонхыг хагалсан байхаар нь би гайхаад хаалгаа онгойлгоод хартал манай гэрт байсан хүнсний зүйл манай аавын хэрэглэж байсан Харбин буу, ямааны арьсан тах зэрэг эд зүйл алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ... хоёр бүтэн үхрийн мах 2,500,000 төгрөг, сүү 15 литр нь 45,000 төгрөг, 15 кг зөөхий 150,000 төгрөг, машины савтай товууд 90,000 төгрөг, ямааны арьсан тах 300,000 төгрөг, айраг хийдэг 50,000 литрийн сав 100,000 төгрөг, ааруул хэвд цутгасан 20 кг 320,000 төгрөг, халаалтын тень 80,000 төгрөг, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн хуучны Харбин буу 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. Манай талийгаач аав Сүрэнгийн Батаа гэдэг хүний эзэмшлийн буу байсан. ... би замаг болон гол төмрийн дугаар бичиг баримтыг нь мэдэхгүй байна. ...” /хх 23/,

 

гэрч Д.Бгийн “... Ц.О манай хашаанд хураалттай байсан модон дунд нуусан гэж сүүлд цагдаа нарт баригдсаныхаа дараа хэлж байсан. Ц.О ямар учраас манай хашаанд буу нуусныг мэдэхгүй. Ц.О манай хашаанд буунаас өөр хулгайн эд зүйл нуугаагүй байсан. Цагдаад баригдсаныхаа дараа сүүлд надад хэлсэн. ...” /хх 32-33/,

 

Ц.Оийн яллагдагчаар өгсөн “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 73-22А тоотод эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. ... 2018 оны 12 дугаар сарын эхээр манай гэрийн хойд талд байдаг, өмнө нь зүс харж байсан залуугийн улаан тоосгон байшин руу хулгай хийхээр орсон. ... Уг айлын гараашны хаалгаар дамжиж ороод жижиг өрөөнд тавцан дээр үхрийн бололтой 3 том бондгор хөлдөөсөн мах байхаар нь нэг нэгээр нь зөөгөөд гэр рүүгээ оруулаад хойд өрөө рүү нь ороход нэг тавиур дээр хуучны бололтой урт буу байхаар нь бууг нь авсан. Мөн хашаанд нь 50 литрийн усны сав, ааруул, сүү, зөөхий зэрэг эд зүйлсийг аваад гэрийнхээ ард талд хашаандаа нуусан. ... Бууг нь Толгойт руу алхаж орж ирээд хашаанд нь хураалттай модон доогуур нуусан. ...Дээрх зүйлсийг авахдаа би бараг 3-4 удаа тэр айлд орсон. Би ганцаараа дээрх гэмт хэргийг үйлдсэн. Надад ашигласан тээврийн хэрэгсэл, багаж зэвсэг гэх зүйл байхгүй. ...” /хх 63-65/ гэсэн мэдүүлгүүд, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Ц.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 68-73/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 666 дугаартай, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 441 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх 42, 47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 482 дугаартай, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 745 дугаартай дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Оийн хохирогч Б.Оийн өмчлөлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 4,595,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ...” хулгайлах гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байх тул шүүгдэгч Ц.Оийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Харин анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 102 см урттай, 498 замгийн дугаартай, ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой Мосин загварын галт зэвсгийг бүртгэл, өмчлөгч нь тодорхойгүй байхад хохирогч Б.Оийг хууль ёсны эзэмшигчээр тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлгээр дээр дурдсан галт зэвсгийг хохирогч нь хууль ёсны дагуу өмчилж байсан нь нотлогдохгүй байх тул Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ” гэсний 23.1.1-д энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангаагүй, эсхүл энэ хуулийн 11.6-д заасан жагсаалтад заасан өвчин, гэмтэл согогтой хүн галт зэвсэг өмчилж байсан нь тогтоогдсон бол;” гэж заасны дагуу хурааж Цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, тус галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбоотойгоор шүүгдэгчээс бууны үнэ /хх 42/ болох 1,000,000 төгрөгийг хохирогч Б.От нэмж гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолын 6, 7 дугаар заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 102 см урттай, 498 замгийн дугаартай, ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой Мосин загварын галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.От буцааж олгосугай.” гэснийг “Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 102 см урттай, 498 замгийн дугаартай, ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой Мосин загварын галт зэвсгийг хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.” гэж, 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс 3,635,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс 4,635,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ