Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Б.Содномиший,

Хохирогч Б.*******,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ******* овгийн *******ын *******т холбогдох 2531000000172 дугаартай, 316/2025/0141/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Төмөр зам эчвод монеторчин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 3-10 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

-урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. ******* овгийн *******ын *******, (регистрийн дугаар ΜΦ00221212),

Хэргийн товч утга:

Шүүгдэгч С.******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Россия" нэртэй дэлгүүрийн гадна "тамхи, гал асуулаа" гэх шалтгаанаар хохирогч Б. *******ыг өшиглөж баруун талын өсгийн ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтыг шинжлэн судалж шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгчийн өмгөөлөгч цагаатгах байр суурийг тус тус илэрхийлсэн.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч С.******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Россия" нэртэй дэлгүүрийн гадна "тамхи, гал асуулаа" гэх шалтгаанаар хохирогч Б. *******ыг өшиглөж баруун талын өсгийн ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо. 

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* нь  мэдүүлэхдээ:...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. ХОхирол төлбөр барагдуулсан хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* нь шүүх хуралдааны дэг зөрчсөн тул танхимаас гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Хохирогч Б.*******ын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* сумын 3-р багт байрлах физик эмчилгээний байрандаа эхнэр болон өөрийн найз *******той хамт унтаж байгаад нэлээн оройхон 20:00 цаг өнгөрч байх үед өөрийн танил ах болох ******* ахын утас руу залгаж "ганц юм аваад өгөөч ээ" гэж хэлтэл ******* ах надад хандаж "ахад нь одоо бэлэн мөнгө бол алга, гэрээс очоод картаас аваад өгье" гэж хэлсэн тул ******* бид 2 манай гэрээс гарч Далай ээж дэлгүүрийн орчимд ******* ахтай уулзаж шарын 3 дугаар байрны гадна очих үед ******* ах гэр рүү гээ виза картаа авах гээд орох үед нь ******* бид 2 ******* ахыг хүлээнгээ тухайн байрны 01 дүгээр орцны хажууд суух үед бид 2-ын хажууд үл таних залуу сууж байсан, тухайн залуугаас манай найз ******* тамхи байна уу гэж асуух үед нөгөө залуу юм дугаралгүй суугаад байсан, хэсэг байж байгаад бид 2 газраас дутуу татсан тамхи авчхаад негее залуугаас дахин гал асуух үед нөгөө залуу бас л хариу өгөлгүй байж байснаа гэнэтхэн л "би ер нь та 2-ын гал, тамхи зэргийг чинь бэлдэх ёстой юм уу" гэж хэлээд манай найз ******* барилцаж аваад муудалцах үед нь би тэр 2-ыг салгасан, энэ үед ******* болон бид 2, хоёулаа тэр газраас зугтаасан гэтэл нөгөө залуу миний араас хөөж гүйгээд Россия дэлгүүрийн урд талбайн хавьцаа намайг гүйцэж ирээд миний нуруу руу түлхэж унагаад миний баруун хөлийн өсгий дээр хөлөөрөө дэвссэн энэ үед нь би тухайн залууд хандаж "за одоо болно оо, ахынх нь хөл эвгүй болчихлоо шүү гэж хэлтэл, энэ үед тухайн залуугийн эхнэр бололтой эмэгтэй нөгөө залууд хандаж "болио чи, хүн аллаа ш дээ" гэж хэлээд нөхрийгее надаас салгаад аваад явсан, үүний дараагаар миний хажуугаар 2 залуу явж таарсан, тухайн залуусын гар утсыг гуйж аваад би цагдаагийн газар руу залгаж удалгүй 2 цагдаагийн алба хаагч нар ирээд намайг эмнэлгийн байгуулга руу аваад явсан. Уг нь бидний дунд маргаан үүсэх шалтгаан байхгүй ээ, харин зүгээр тэр байрны урд сууж байх үедээ тухайн залуугаас гал, тамхи асуухад би та нарын гал тамхи зэргийг бэлдэх ёстой юм уу гэж хэлээд л бидэн рүү дайрсан, миний санаж байгаагаар тухайн залуу намайг гүйгээд зугтаж байх үед миний хойноос түлхэж унагаад унасны дараа баруун хелийн өсгий хэсэгт хелеерее дэвссэн, үүний улмаас миний дэвсүүлсэн хелийн өсгий хугарсан гэж бодож байна." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч М.*******ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "…. Тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны орой 19:00 цагийн орчимд би ******* сумын 6-р баг 2-р хэсэг 3-р байрны 10 тоот гэртээ байх үед манай хамтран амьдрагч ******* нь над руу залгаж "чи намайг ирээд аваач ээ би Шаамар суманд байдаг ажлын газрын хүний гэрт ирээд бага зэрэг архи уучихсан байна аа" гэж хэлхээр нь би гэрээс гараад машиндаа суугаад *******ын байгаа газар нь очиж авчхаад буцаад гэрийн гадна ирэх үед ******* надад хандаж "чи гэртээ орж бай, би тамхи татчихаад оръё" гэж хэлхээр нь би "за" гэж хэлчхээд гэртээ ороод хоол хийх гээд байж байтал гэрийн гадна хүмүүс муудалцаад байгаа чимээ сонсогдоод байсан тул гайхаад том өрөөний цонхоор хартал ******* нь үл таних 2 хүнтэй муудалцаад байгаа харагдсан тул би юу болсон талаар шалгах гээд гэрээс гараад иртэл ******* нь намхавтар нуруутай, туранхай биетэй, бор царайтай хүнтэй зууралдаад, маргалдаад байхаар нь би *******т хандаж "юу болоод байгаа юм бэ больцгоо" гэх утга бүхий зүйл хэлтэл тэр 2 миний үгийг тоохгүй хоорондоо маргалдаж байгаад нөгөө үл таних эрэгтэй хүн цаашаа яваад өгсөн, удалгүй ******* нь тухайн цааш явсан хүний араас гуйгээд явахаар нь би бас санаа зовоод тэр 2-ын араас дагаад очтол ******* нь негөө маргалдаад байсан залуутайгаа зууралдаад дээр нь гараад давхралдаад уначихсан байдалтай байхаар нь би тэр 2-ыг салгах хэд хэдэн удаа татаж чангаагаад дийлдэхгүй байсан тул нэлээн удаан зууралдсаны эцэст *******ыг салгаж аваад гэр рүүгээ аваад явсан... Би яг юунаас болж маргаан үүсгэсэн талаар сайн мэдэхгүй байна, харин ******* надад хэлэхдээ "тухайн хүмүүс өөрсдөө эхлээд надаас гал, тамхи нэхэж, улмаар хэл амаар доромжилсон" гэж ярьж байсан... миний санаж байгаагаар ******* нь тухайн залууг газар унаад хэвтэж байж үед нь 3-аас 4 удаа хөлөөрөө өшиглөөд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Гэрч Х.гийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "…. Тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны орой 20:00 цаг өнгөрч байх үед манай нөхөр өөрийн найз болох ******* гэх залуугийн хамтаар гэрээс гараад явсан, үүний дараа нээх удалгүй 21:00 цагийн орчимд байхаа нехрийн найз болох ******* нь манай гэрт гаднаас орж ирээд ******* гэртээ ирээгүй юу гээд асуухаар нь би гайхаад юу гэсэн үг вэ та 2 чинь цугтаа гэрээс гарсан биз дээ, манай нөхөр яасан юм бэ гэж асуутал ******* надад хандаж "харин бид 2 сая шарын 3 дугаар байрны гадна ******* ахтай уулзах гээд хүлээгээд сууж байх үедээ хүнтэй маргалдаад 2 тал руу зугтаад гүйсэн юм" гэж хэлсэн, удалгүй над руу танихгүй дугаараас залгаад "цагдаагаас ярьж байна, танай нөхөр болох ******* нь бусдад зодууллаа гэсэн дуудлагын дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг дээр ирсэн байна" гэж хэлээд намайг дуудахад нь би эмнэлэг дээр яваад очтол манай нөхөр ******* нь "хөгшин чинь сая хүнд зодуулаад, баруун хөлийн өсгий гэмтчихлээ” гэж хэлсэн ийм л зүйл болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Гэрч Д.ын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... Би 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз *******тай ганц шил архи хувааж уучхаад эргээд *******ын гэрт очоод нэлээн орой бараг 20:00 цагийн орчимд сэрсэн, бид 2 сэрээд дотор жаахан муу байсан тул өөрсдийн танил ах болох Төрее гэх ах руугаа залгаж "ахаа ганц юмны боломж байвал, ганц шил архи аваад өгөөч ээ" гэж хэлтэл "за та 2 хаана байгаа юм би салхитын амны энд байна, та 2 хүрээд ир би гэрээс очоод мөнгө аваад өгье" гэж хэлээд бид 3 нэг дэлгүүрийн Хажууханд уулзаад шарын 3-р байр руу алхацгаасан. ******* ах бид 2-ыг “та 2 гадаа хүлэж бай гэж хэлээд шарын 3-р байр руу гэр рүүгээ орсон, ******* бид 2 ******* ахыг хүлээх санаатай байрны подвалын хажууд сууж байтал нэг эрэгтэй хүн сууж байхаар нь би тэр залуугаас "тамхи байна уу?" гэж асуутал нөгөө залуу дугарахгүй байхаар нь би газраас тамхи олж аваад нөгөө залуугаас "гал байна уу? ахын дүү" гэж асуутал нөгөө залуу чинь гэнэт л уурлаж босож ирээд "би та 2-ын тамхийг бэлдэх ёстой юу?" гэж хэлээд босож ирээд бид 2-той муудалцаад, хэрүүл маргаан болж эхэлсэн, улмаар нөгөө залуу маань бид 2-руу дайраад байхаар нь би тэр газраас зугтаад явчихсан, тэр үед ******* бас өөр газар руу зугтаад гүйсэн, харин нөгөө залуу нь миний араас биш *******ын араас гүйгээд явсан, үүнээс хойш юу болсон талаар би мэдээгүй... Намайг бол цохиж зодсон асуудал байхгүй, харин манай найз *******ын араас хөөгөөд гүйх үедээ Россия дэлгүүрийн урд барьж аваад хэвтэрт ортол нь зодсон байна лээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 241 дугаартай *...Б.*******ын биед баруун талын өсгийн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-06-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан сиди 1 ширхэг /хх-ийн 07-08-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 140,616 төгрөгийн хохирол учруулсайн тухай албан тоот /хх-ийн 15-р хуудас/

Хохирогч Б.*******ын Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж авсан тухай хуудас /хх-ийн 31-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн болон хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-52-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /хх-ийн 57-р хуудас/,

Шүүгдэгчийг нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62 хуудс/,

Хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай хохиролыг шүүгдэгчээс төлсөн тухай баримт /хх-ийн 67-р хуудас/,

Хохирогчид хохирол төлбөр 1,000,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 68-р хуудас/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоов.

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 241 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.*******ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж хохирогч Б.*******тай харилцан маргалдаж түүнийг өшиглөж баруун талын өсгийн ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн, үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хүндэвтэр гэмтэл санаачтай учруулсан” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын биед хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд яллагдагч С.******* 1,000,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.******* нь 140,616 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан болох 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаа (хх-ийн 15-р хуудас) баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.Отгонбаатрын хувьд хохирогч Б.*******ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн зүгээс хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.******* нь 140,616 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээг эдэлсэн. Энэ мөнгийг шүүгдэгч төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байгаа боловч цаашид хохирогч эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжилвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогч тогтоолгохоос татгалзсан, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди-г хэргийн хамт шүүхэд ирүүлсэн байгаа юм. Эрүүгийн хариуцлагын тухайд  шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ үнэлэлт дүгнэлт өгч байгаа мөн түүний ажил хэрэг эрхэлдэг байршил зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, Сэлэнгэ аймгийн ******* сумаас 3 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...”гэх байр суурийг тус тус илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******т мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг нэхэмжлэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалсугай.

8. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                       

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.БАЯРХҮҮ