| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0156/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/175 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн 2525000000138 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,*******,*******,, Ч овогтой Ж-ын О /РД:********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ****** баг ****-**** **-** тоотод төрсөн эгч Ж.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ж.О-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид эхлээд 100,000 төгрөг дараа нь 500,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000138 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Ж.Ц-гийн мэдүүлсэн... 2025 оны 02 дугаар сарын 22-ны өглөө*******ийнд ороод төрсөн дүү Ж.О-г машинаа түр өгчих, дараалал эхлэхээс өмнө гандан орж охиндоо ном уншуулах гэсэн юм гэхэд над руу уурласан. Наад машин чинь миний мэдлийн юм гэж хэлэхээр нь тэгвэл чи наад машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж ав торгууль нь над дээр бичигдчихсэн гэсэн.Тэгтэл Ж.О-ын 2, 3 дугаар ангийн охин нь*******ийгээ өмөөрөөд та дуугай байгаач гэж хэлсэн. Би тэр охиныг нь “чи дуугай ба чамд ямар хамаатай юм” гэхэд Ж.О уурлаж босож ирээд “миний охиныг загналаа” гээд над руу гар утас шидсэн. Би оногдохгүй холдсон тэгтэл ширээн дээр ирээд үсдэж газар чирээд зуухны ойролцоо байсан галын хайчаар дух, толгой тус газар цохисон. Намайг манай хүү өмөөрөөд Ж.О эгчээ болиоч гэж гуйсан. Хүүг минь хүртэл толгой нуруу хэсэг руу цохисон. Галын хайч нь тахийчихсан байсан.Тэрийг хараад яаж цохихоороо ингэж цохидог байна гэж бодсон. Надаас уучлалт гуйхгүй олон хавар нэгэн дээ гэдэг шиг аашийг чинь дарж байна гэж Ж.О хэлсэн. Миний толгой хагарчихсан 7 оёдол тавиулсан. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
-гэрч Д.Н-ын мэдүүлсэн:..Тухайн үед гэрт зурагт үзээд сууж байтал Ц, Ж.О нар нь хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би эгч дүү хоёр болохоор тоогоогүй сууж байтал Ц нь Ж.О-ыг аваарай гэхээр нь би Ж.О-ын гартаа барьж байсан галын хайч төмрийг аваад газар шидсэн. Тэгээд Ж.О-ыг хойш нь түлхсэн. Дараа нь юу болов гэж асуутал галын хайчийн төмрөөр намайг цохчихлоо шүү дээ гэж Ц хэлсэн. Тэгээд Ц өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Ц-гийн хүүхэд тухайн үед Ж.О-ын араас тэврээд аниа болиоч дээ гээд уйлаад байсан. Тэрнээс Ж.О нь Ц-гийн хүү Т-г цохиж зодсон асуудлыг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
-насанд хүрээгүй гэрч Ц.Т-ийн мэдүүлсэн:..2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ****-***** багийн 15-14 тоотод манай******* дүү Ж.О-той хэрүүл маргаан хийгээд байсан. Ж.О эгчийн охин нь манай*******ийг та дуугай байгаач гэж орилсон. Тэгтэл манай******* Ж.О эгчийн охиныг хуц гичий минь гэж хэлсэн чинь Ж.О эгч гартаа барьж байсан утсаа манай******* рүү шидээд дайрсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод Ж.О эгч манай*******ийн үснээс зулгаагаад 40 литрийн усны сав руу чирээд тэгээд би Ж.О-г эгчийн бэлхүүснээс нь тэврээд салгах гэтэл миний толгой руу хэд хэдэн удаа цохиж, бас галын хайчны төмрөөр нуруу руу 2-3 удаа цохисон. Тэгээд бас*******ийг чирээд толгой руу нь галын хайчаар цохиод*******ийн толгойноос цус гарсан. Тэгээд хажууд байсан Н Ж.О эгчийн галын хайчийг авч салгасан. Тэгээд******* цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Машины асуудлаас болж хоорондоо маргалдсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаартай ...Ж.Ц-гийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3- т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/,
Шүүгдэгч Ж.О-ын яллагдагчаар мэдүүлсэн:… Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гадуур хоноод маргааш нь гэртээ 11 цагийн үед орж ирсэн. Тэгээд орондоо ороод унтаж байтал гаднаас манай эгч Ц орж ирээд надаас машины түлхүүрээ өгч бай гандан ороод охиндоо ном уншуулаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчид “үгүй” гэж хэлтэл эгч намайг “чи ямар сүртэй юм бэ? машиныхаа нэрийг өөр дээрээ шилжүүлээд мөнгийг нь гүйцэт өгөөрэй, над дээр наад машины чинь торгууль гараад байна” гэсэн. Тэгэхээр нь би “тэр мөнгийг чинь төлнө, надад бэлэн гаргаад өгөх 3 сая төгрөг байхгүй” , “наад мөнгийг чинь танд өгөхгүй Нацагад өгнө” гэж хэлсэн... Тэгтэл Ц эгч манай хүүхэд рүү дайраад орилоод байхаар нь би Ц эгчийг яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм бэ гээд гар утсаа Ц эгч рүүгээ авч шидсэн. Тэгээд намайг золбин архичин, янхан, гэхээр нь би эгч рүү очоод үснээс нь зулгаагаад халтирч унасан. Тэгтэл Ц эгчийн 12 настай банди нь намайг болиоч аниа******* муухай ааштай,*******ийн буруу гээд намайг бариад авахаар нь би хажууд байсан галын хайчаар дух руу нь цохиод, гуя руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...”гэх мэдүүлэг, /хх-н 37-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.О нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ****** баг, ****-*****, **-** тоотод гэртээ төрсөн эгч Ж.Ц-тэй хувийн шинжтэй асуудлаар маргаж улмаар галын хайчаар нүүр хэсэгт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ж.О-ын үйлдлийн улмаас Ж.Ц-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Ж.О хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгч Ж.О өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч хохирол төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч өөр санал гаргаагүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ж.Ц шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч эмчилгээний зардал төлсөн талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 45 см урттай төмөр галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримтын комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч ургийн овогтой Ж-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А