Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2525000000120 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,*******,,, Х овогт Н-ын Б /РД:*********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны гадна хохирогч Б.Ө-тэй “гудамжинд чанга дугарлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь "баруун хөмсөгний дунд шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

      Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Н.Б-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 280,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,         

      - эрүүгийн 2525000000120 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

           -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14-р тал/

-Орхон аймгийн Шуурхай удирдлагын нэгдсэн төвийн ********* багийн *-** дүгээр байрны Төрийн банк руу харсан камерын бичлэг бүхий хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р тал/

-хохирогч Б.Ө-ийн мэдүүлсэн... Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой ********* багт байрлах ********* бааранд найз Т, Д нарын хамт ороод 4 лааз пиво уугаад сууж байхад Т, Д хоёр түрүүлээд тухайн баарнаас гараад явсан. Тэгээд удаагүй Т орж ирээд Төрийн банкны хажуугийн зогсоол дээр 2 залуутай маргалдчихлаа хамт гаръя гэж хэлэхээр нь Т-ын хамт тэр маргаад байсан хүмүүс дээр очсон чинь Т танихгүй залуутай зууралдаад байхаар нь би салгах гээд тэр хоёрын дундуур орсон чинь Т-тай зууралдаж байсан залуу миний баруун хөмсөг рүү цохисон. Тэгээд миний хөмсөг сэтэрч цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан. Удаагүй цагдаа ирээд намайг цохисон залуутай хамт цагдаа руу авч явсан. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

-гэрч М.Д-ын мэдүүлсэн:.. Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн орчим хоёр найзын хамт ********* багийн нутаг дэвсгэрт байрлах ********* нэртэй бааранд орсон…Төрийн банкны хажуу талын зогсоол дээр такси барих гээд зогсож байхад Т, Ө хоёр нэг залуу хоёр эмэгтэй хүнтэй хэрүүл маргаан хийж зодоон болсон байдалтай зогсож байсан... Ө-ийн баруун талын хөмсөг сэтэрч цус гарсан байсан....Би тухайн үед хол зайтай байсан болохоор сайн хараагүй, ирсэн чинь Ө, Б гэх залууг зааж энэ залуу намайг цохиж, хөмсөг сэтэлсэн гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

-гэрч М.Т-ын мэдүүлсэн:.. Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цагийн орчим найз болох Д, Ө, нарын хамт ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** нэртэй бааранд хоёр найзын хамт орсон…02 цаг өнгөрч байхад баарнаас гараад би худалдааны гудамжны ойр орчимд такси байна уу гэж чанга дуу авиа гаргасан чинь үл таних хоёр залуу чи гудамж талбайд яах гэж орилж, хашхираад байгаа юм гэхээр нь би такси барих гэж байна шүү дээ гэж хэлсэн чинь намайг бид хоёр такси шүү дээ гэж хэлээд зүгээр ийшээ суучих гэхээр нь би суухгүй гээд хойшоо болсон чинь нэг залуу намайг суулгах гээд татаж чангаагаад байж байсан чинь манай найз Ө араас ирээд намайг салгаж авах гэтэл нэг залуу миний нүүр хэсэгт 1 удаа цохисон…манай найз Ө хүнд цохиулсан хөмсөг хэсгээс нь цус гарчихсан тэр үл таних өндөр залуу руу чи намайг цохичихлоо гэж....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

-гэрч О.М-ын мэдүүлсэн:.. Тэгээд манай машин ********* багийн Төрийн банкны урд талын зогсоол дээр байсан болохоор А бид 2 Б, М 2-ыг тийшээ явсан гээд араас нь очсон чинь баахан хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байж байсан. Манай нөхөр тэр олон хүмүүсийн голд орсон бужигнаад байсан... Тэр үед нэг үл таних залуугийн зүүн талын хөмсөг нь сэтрээд цус гарсан байсан….чинь цагдаа дуудсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

-гэрч Д.М-ийн мэдүүлсэн:.. Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ны орой 22 цагийн орчим ********* багт үйл ажиллагаа явуулдаг *********  бааранд найз болох Н.Б-ын хамт орсон. Бааранд ороод нэг, нэг шил пиво авч уугаад бүжиглэж байгаад 01 цагийн орчим баарнаас гараад Төрийн банкны урд талын зогсоол дээр машинд суух гэж очоод үл таних хоёр залуу бид хоёрын хажуугаар чанга чанга орилж хашхираад байсан. Тэгсэн чинь нэг залуу нь гүйж ирээд машин хаалга дээгүүр Н.Б-г цохиж аваад зууралцаад чирээд явсан чинь Н.Б-ын******* гарч ирээд салгаад машин дотор суулгасан. Тухайн үед нэг залуу миний хөмсөг рүү цохисон гэж хэлээд зогсоод байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/

        -Орхон аймгийн шүүх шинжилгэсний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №287 дугаартай:..Б.Ө-ийн биед баруун хөмсөгний дунд шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Баруун хөмсөгний дунд шарх нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-н 42-43-р тал/

 Шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн: Н.Б Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулсан...”гэх мэдүүлэг /хх-н 55-56-р тал/

-Шүүгдэгч Н.Б-ын хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 60-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

           Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт Төрийн банкны гадна зогсоол дээр үл таних Б.Ө-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дунд шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Н.Б-ын үйлдлийн улмаас Б.Ө-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.         

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.        

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

       Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.  

          Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

       Шүүгдэгч Н.Б-ын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.          

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

-шүүгдэгч Н.Б өөрийгөө өмгөөлж: Гэм буруугаа хүлээж байна. Согтуу хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

 Шүүгдэгч: торгуулийн хэмжээг багасгана уу,*******, орлого тодорхойгүй, 2 хүүхэд цэцэрлэгт явдаг гэжээ.

 

3. Хохирол төлбөрийн тухайд: 

Хохирогч Б.Ө нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч 280,000 төгрөг төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.А