Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2525000000098 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,*******,, Х овогт Д-ын Б /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагийн орчимд **-** ОРХ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт хуримын ордны хойд талын авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар зорчиж явсан явган зорчигч, хохирогч Л.О-г мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн гарын шуу ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Д.Б-ын мэдүүлсэн: тэр эгчийг мөргөчхөөд сандраад эмнэлэг рүү аваад явж байсан чинь охин нь залгаад хэргийн газраас хөдлөх ёсгүй гэж загнаад буцаад ирсэн. Тэгээд цагдаа ирсэн. Эхлээд БОЭТ-д үзүүлж зураг авхуулсан. Зүүн гарын шуу гэмтсэн байна, хуучин хугарал гарсан. Охин нь Медипаст таньдаг хүн байгаа гээд очсон. Дахин зураг авхуулсан, шинэ гэмтэл байна гээд гипсдсэн. 02-р сарын 04-нд тэр эгч “гипсээ авхуулчихлаа” гээд өөрөө ярьсан, өөр эмнэлэгт үзүүлмээр байна гэсэн. Баян-Өндөр Мед дээр дахин зураг авхуулсан. Эмчээс нь зөвлөгөө авсан. Хуучин хугалж байсан байна, муруйг нь харж байж гипсдэх ёстой гэсэн. Хохирогч эгч хот явж тэгшлүүлнэ гээд 02-р сарын 05-нд хот явсан, би 500,000 төгрөг өгсөн. 02 сарын 07-нд 200,000 төгрөг явуул гээд би явуулсан. 02-р сарын 09-нд хотоос ирлээ гээд, 5 сая төгрөг өгчихвөл би гомдолгүй гэсэн. 02-р сарын 11-нд би яриад “тэгье” гэсэн, 5 сая төгрөг өгсөн. Мөргөсөн нь үнэн, хуучин гэмтлийг нь сэдрээсэн байх. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

             -эрүүгийн 2525000000098 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

           - Хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р тал/,     

            - Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт байрлах мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11-12-р тал/,

          -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р тал/,

-хохирогч Л.О-ын мэдүүлсэн... 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 08 цагийн орчимд “****” эмнэлэгт үзүүлэхээр гараад буцаж гэртээ харихаар явж байтал Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт явган хүний гарцаар гарч яваад Приус 41 маркийн цагаан өнгийн **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж зүүн талын гар маань хугарсан. Тухайн үед би гарцаар гарахдаа ойр хавьдаа машин харж байгаад гарсан боловч яг гарц дээр машинд мөргүүлчихсэн. Намайг мөргөсөн машинаас өөр машин яваагүй. Надаас өөр хүн бас гарцаар гараагүй байсан…Намайг мөргөсөн жолооч сандраад бид хоёр гялс эмнэлэг рүү явсан. Замдаа охин руугаа яриад цагдаа дуудсан. Тэгсэн эргэж очоод байж байгаарай цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Гэрлэн дохио ажилладаггүй байсан болохоор машин сайн харж байж гарсан. Миний зүүн талын гар хугарсан. Өөр ямар нэгэн зовиур алга... Хохирол мөнгө төгрөг барагдуулсан. Гомдол саналгүй. Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Сэтгэл санааны хор уршиг тогтоолгох шаардлагагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 21-р талууд/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 255 дугаартай ...Л.О-ын биед зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/,

-Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 11 жил ажиллаж байгаа Л.О-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ...Приус 41 маркийн **-** орх улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д-ын Б /РД:********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Л.О /РД:********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэх мөрдөгчийн “магадлагаа /хх-ийн 30-31-р тал/

-Шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн..Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагийн орчимд **-** ОРХ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт Хуримын ордны хойд талын авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Л.О-г мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн гарын шуу ясны далд хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, Шүүгдэгч Д.Б-ын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Л.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 255 дугаартай ...Л.О-ын биед зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой, Л.О-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ...Приус 41 маркийн **-** орх улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д-ын Б /РД:********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.Явган зорчигч Л.О /РД: *********/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.” гэх мөрдөгчийн “магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б нь мөрдөгчийн магадалгаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийн талаар тодорхойлж заасан.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан нийгэмд аюултай  үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тогтоосон ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжийг заасан.

Аливаа болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн үйлдлийн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандсаны улмаас Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

 Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1-д заасан  “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.             

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагийн орчимд **-** ОРХ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт хуримын ордны хойд талын авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч  Л.О-г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч хохирол төлсөн тул гаргуулах төлбөргүй гэжээ.

-Шүүгдэгч Д.Б нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардал  төлбөрийг төлсөн байдал зэрэг хуульд заасан,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

 -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан саналдаа:Би энэ машинаараа ажил амьдралаа залгуулдаг юм. Эрх хасахгүй байна уу гэж тус тус санал гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн бол “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж...ял шийтгэнэ” гэж эрх хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульд заасан тул үндсэн ял дээр нэмж оногдуулдаг. Иймд шүүгдэгчийн санал хуульд нийцээгүй үндэслэлгүй байна.

3.Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохиролд нийт 5,921,600 нөхөн төлсөн ба хохирогч нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х ургийн овогт Д-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасаж, торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 4. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.А