Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00277

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00277

******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт Нямаагийн Отгонсүрэнгийн хүсэлттэй

Садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гэрч *******, ******* /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1968 оны 03 дугаар сарын 28-нд Балдангийн 8 дахь буюу отгон охин болон төрсөн. Төрсний дараа миний ээж Дүгэр нас барсан тул Нямаа, Коля нарт үрчлэгдсэн. Намайг Балдангийн Орхонсүрэн гэдэг байсан. Нямаагийнд үрчлэгдснээр миний нэрийг Отгонсүрэн гэж нэрлэсэн ба эгч Цагаач, ах Эрдээ, Ганбаатар, дүү Баянцагаан нарын хамт ах дүү тавуулаа болж өссөн. Эгч Цагаач нь ээж Колягийн аав Пүрвээд үрчлэгдсэн ба Пүрвээгээр овоглодог. Одоо Цагаач нь 73 настай, даралт харвасан үг хэлэх ярих чадваргүй хэвтэрт байдаг. Миний нөхөр Дашдаваагийн Батсүх нь 2 бөөр уураг алдагдсан бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Ах дүү нараас шинжилгээ өгөхөд эгч П.Цагаачийн том хүү Дүгэрсүрэн донор болсон. Эмнэлгийн байгууллагаас гэр бүл, төрөл садангийн холбоотой хүмүүс байх ёстой гэсэн. Гэтэл П.Цагаач нь миний эгч боловч өвөөдөө үрчлэгдэж өссөн. Улмаар бид 2 хоёр архивын лавлагаагаар өөр өөр овогтой болоод байна. Иймд миний шүүхэд ирүүлсэн архивын лавлагаа болон бусад нотлох баримтыг үндэслэн намайг Цагаачийн зээ дүү мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь П.Цагаачийн зээ дүү буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

******* овогт Нямаагийн Отгонсүрэн нь Торгууд овогт Пүрэвийн Цагаачийн зээ дүү мөн болох нь:

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 218401000967 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд: Балдангийн Орхонсүрэн /*******/ эцэг Аюурын Балдан, эх Найдангийн Дүгэр гэх лавлагаа,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 218401000965 дугаартай Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаанд: Нямаагийн Отгонсүрэн /*******/, өөрчлөхийн өмнөх мэдээлэл Балдангийн Орхонсүрэн/*******/ гэх лавлагаа,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218401001117 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаанд: Пүрэвийн Коля 2005.05.12-нд нас барсан гэх лавлагаа,

- Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03-07/4911 дугаартай лавлагаанд: 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд ******* ******* сум, 5 дугаар баг, Өрхийн тэргүүн Пүрвээ, 54 настай, эхнэр Цэрэн 50 настай, хүү Баатар 12 настай, охин Цагаач 7 настай гэх лавлагаа,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21840701000120 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаанд: Дашдаваагийн Батсүх/ПБ67051279/, Нямаагийн Отгонсүрэн/*******/ нар гэр бүл болсныг 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн гэх лавлагаа,

- Гэрч *******ын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: Пүрэвийн Цагаач нь миний ээж Колягаас төрсөн. Пүрэв нь Колягийн аав бөгөөд Цагаач нь нагац өвөө эмээдээ үрчлэгдэж өссөн. Коля нь 1973 онд Нямаатай гэр бүл болсон. Намайг 10 настай байхад гэр бүл болсон. Нямаа, Коля нарын дундаас нэг хүүхэд төрөөд нас барсан гэдэг. Отгонсүрэн нь А.Балдан, Н.Дүгэр нарын гэр бүлд төрсөн ба ээж Н.Дүгэр нь нас барахад бага 3 хүүхдээ 3 айлд өргүүлсэн. Тухайн үед Коля нь Нямаатай гэр бүл болохоосоо өмнө эмэгтэй хүүхэдгүй байсан учраас Отгонсүрэнг үрчилж авсан гэдэг. Өөрөөр хэлбэл Отгонсүрэн нь миний үрчлэгдсэн дүү бөгөөд Цагаачийн зээ дүү нь юм. Бид ах дүү тавуулаа, эгч Цагаач, ах Эрдээ, дүү Отгонсүрэн, Баянцагаан нарын хамт өссөн. Эгч Цагаач нь Пүрэвээр, Ах Эрдээ нь миний төрсөн аав Пунцагаар овоглодог юм гэв.

- Гэрч *******гийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: Би Аюурын Балдангийн 6 дахь охин Туяа байна. Миний отгон дүү Балдангийн Отгонсүрэнг Нямаад үрчлүүлсэн байдаг. Харин намайг Гарьдаа гэдэг хүнд үрчлүүлсэн байсан. Отгонсүрэн бид 2 төрсөн эгч дүүс юм. Манай авга эгч хүүхэдгүй хүн байсан учраас намайг эгчдээ үрчлүүлсэн байдаг. Харин Отгонсүрэнг манай ээжийн талд үрчлүүлсэн байдаг. Отгонсүрэн үрчлэгдсэн талдаа ах дүү тавуулаа өссөн. Пүрэвийн Колягийн том охин нь Цагаач боловч өвөө эмээдээ үрчлэгдсэн ба одоо өвөө Пүрэвээрээ овоглодог. Отгонсүрэн нь Нямаа Коля нарт үрчлэгдсэн юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч *******гийн хүсэлтээр *******, ******* нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч *******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, ******* овогт Нямаагийн Отгонсүрэн нь Торгууд овогт Пүрэвийн Цагаачийн зээ дүү буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Д.Батсүхэд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгүүлэх шаардлагын улмаас садан төрлийн холбоо тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар ******* овогт Нямаагийн Отгонсүрэн /*******/ нь Торгууд овогт Пүрэвийн Цагаач //-ийн зээ дүү буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ