| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0142/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/164 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ...... аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б- овогт Ч-ийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000101 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...........-нд ...... аймагт төрсөн, эрэгтэй, .......настай, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ...... аймгийн ............ сумын ............. оршин суух хаягтай, урьд нь ...... аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 6 сарын баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, ...... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, ...... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 8 сар хорих ял тус тус шийтгүүлж, одоо хорих ял эдэлж буй, Б- овогт Ч-ийн Б- (регистрийн дугаар: ............);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...... аймгийн ............ сумын 12 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай “.......” нэртэй цайны газрын цоожийг төмрөөр хөшиж эвдэлж, хууль бусаар нэвтэрч хөлдөөгчид байсан 20кг хонины цул мах хулгайлж, хохирогчид 243,500 төгрөгийн хохирол учруулсан,
-Мөн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ...... аймгийн ............ сумын ............ байрлах хохирогч С.М-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд буюу байшингийн цонхоор нэвтрэн орж, 1,311,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...... аймгийн ............ сумын 12 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай “.......” нэртэй цайны газраас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, цоожийг төмрөөр хөшиж эвдэлж, хууль бусаар нэвтэрч хөлдөөгчид байсан 20кг хонины цул мах хулгайлж, хохирогчид 243,500 төгрөгийн хохирол учруулсан,
-Мөн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ...... аймгийн ............ сумын ........... байрлах хохирогч С.М-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд буюу байшингийн цонхоор нэвтрэн орж, 1,311,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1, 64 дэх тал);
2. Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
3. Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хохирогч Б.С-ийн гар утсанд үзлэг хийсэн “Хохирогч Б.С-ийн гар утасны галерей хэсэгт хадгалагдсан 1 минут 43 секунтын бичлэгийг тоглуулж үзэхэд хохирогч Б.С-ийн зааснаар В- буюу Б- нь бараан өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй, баруун гартаа төмөр мэт зүйл барьсан байдалтай явж байгаа дүрс бичигдсэн байна. Цааш яваад ногоон өнгийн цайны газрын хаалга хэсэгт очиж баруун гарт байгаа төмөр зүйлээрээ хаалгыг хөшиж байгаад өөрөө газарт унаж дахин босож ирээд төмөр зүйлийг ашиглаж хаалга эвдэж дотогшоо орж 30 секунтын дараа зүүн гартаа цэнхэр өнгийн хальсан ууттай эд зүйл бариад цайны газрын хаалгаар буцаж гараад ертөнцийн зүгээр баруун зүгт явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-20 дахь тал);
4. Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, (хавтаст хэргийн 22 дахь тал);
5. Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хувиараа ............ сумын 12 дугаар багт “....... хоол” нэртэй цайны газар ажиллуулдаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тухайн цайны газраа хааж Улаанбаатар хот руу явсан. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ............ захын менежер Шинэхүү гэх хүн над руу утсаар залгаж, танай цайны газраа очоод үзчих гэж хэлсэн. Б.Э- нь цайны газарт очсоны дараа над руу залгаж баруун талын хаалганы цоожийг эвдэж ороод 20 кг хонины цул мах алга болчихсон байна гэж хэлэхээр нь цайны газрын цоожийг сольж засварлаад яваарай гэж хэлээд утсаа салгасан. Би Улаанбаатар хотоос өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ............ суманд ирж, цайны газартаа ирэхэд хаанаас авч ирсэн болохын мэдэхгүй урт төмөр байсан. Манай хаалга руу харсан “...... ХХК”-ийн хяналтын камерыг шүүж үзэхэд ............ сумын зах дээр яваад байдаг. Зарим үедээ манай цайны газар орж ирж хоол иддэг В- /Ч.Б-/ гэх хүн гартаа төмөр барьж ирээд, цайны газрын хаалгыг хөшиж онгойлгоод хоол хийхээр бэлдэж тавьсан 20 кг хонины цул махыг авч явж байгаа дүрс бичигдсэн байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн төмрийг В- авч ирж, цайны газрын хаалганы цоожийг хөшиж онгойлгож ороод мах аваад гарахдаа үлдээчихсэн. Уг төмрийг "Хүнсний зах”-ын уурын зууханд ажилдаг хүн хараад манай гал түлэхдээ ашигладаг төмөр байна гэж таньж байсан. В- нь ............ сумын зах дээр ихэвчлэн явж байдаг. Манай газарт хоол иддэг ба зарим үедээ зээлээр иддэг учир сайн танина. Тухайн хаалганы цоожийг 2024 оны 12 дугаар сард Итгэлт барааны зах дээрээс 7000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-29 дэх тал);
6. Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....... хоол нэртэй цайны газар нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажиллаагүй. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Б.С- над руу гар утсаар залгаж, цайны газарт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би очиж үзсэн. Цайны газрын баруун талын хаалганы цоожийг эвдсэн, хаалга нь онгорхой байхаар нь дотогш орж үзэхэд урьд өмнө нь үзэж харж байгаагүй төмөр байсан. Хоол хийхээр бэлтгэж тавьсан 20 кг хонины цул мах алга болчихсон байсан. Энэ талаар Б.С-ид хэлж хаалганы цоожийг сольж, янзалчхаад явсан. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ............ суманд Б.С- ирж бид хоёр хамтдаа цайны газартаа очиж хаалга руу харсан “...... ХХК” -ийн хяналтын камерыг шүүж үзэхэд ............ сумын зах дээр яваад байдаг, зарим үедээ манай цайны газар орж ирж хоол иддэг В- /Ч.Б-/ гэх хүн гартаа төмөр барьж ирээд цайны газрын хаалгыг хөшиж онгойлгоод, хоол хийхээр бэлдэж тавьсан 20 кг хонины цул махыг авч явж байгаа дүрс бичигдсэн байсан. В- нь манай газарт хоол иддэг ба зарим үедээ зээлээр иддэг тул сайн танина” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал);
7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай “2025 оны 03 дугаар сарын байдлаар ...... аймагт 20 кг хонины цул махны зах зээлийн үнэлгээг 240,000 (хоёр зуун дөчин мянган) төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38 дахь тал);
8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаартай “2025 оны 03 дугаар сарын байдлаар ...... аймагт хуучин цоожны зах зээлийн үнэлгээг 3,500 (гурван мянга таван зуун) төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45 дахь тал);
9. Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн “............ сумын ............ болсон байв. ..ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан цонхны баруун дээд хэсэгт байх 38 см өргөн, 45 см өргөн салхивч онгорхой, түгжээ нь мултарч онгойсон мэт байв. ...Цонхны дотор талын доод рамаас 2 ширхэг, салхивчны хажуу талын шилнээс 2 ширхэг, хөлдөөгчийн дээд талын баруун урд булангаас 1 ширхэг гарын мөр тус тус илрүүлэн бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-72 дахь тал);
10. Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 75-78 дахь тал);
11. Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ............ сумын .......... хашаа байшинд амьдардаг. 2024 оны 10 дугаар сараас мал маллахаар ............ сумын 1-р багт түр амьдарч байгаа 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ............ сумын 12 дугаар багийн 602 тоот хашаа байшинг эргэж очиход ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан цонх, баруун зүгт харсан цонх онгорхой байсан. Гадна үүдний хэсэгт тухайн цонхны шавжаас хамгаалдаг тор уначихсан байсан. Би түлхүүрээрээ хаалга онгойлгож, үүдний өрөө рүү орж хөлдөөгч онгойлгож үзэхэд 60 кг үхрийн мах, 5 жил өмссөн эхнэр Ө.А- бид хоёрын цаа бугын гутлын нэг талын өрөөсөн гутал, том өрөөнд байсан Grunding брэндийн 39 инчийн зурагт гэх мэт зүйлүүд хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ............ сумын 12 дугаар багийн 602 тоотод очих үхрийн мах хөргөгчид хийчхээд явсан. Түүнээс хойш очихгүй байж байгаад өнөөдөр очсон. Харин Ө.А- нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хашаанаас очиж эд зүйл авсан. Тухайн үед эхнэр гэр лүүгээ ороогүй бөгөөд гаднаас нь харахад зүгээр байсан гэж хэлсэн. Намайг очиход байшингийн цонх онгорхой байсан. Байшингаас эд зүйл хулгайлсан, хүн цонхоор орж, гарсан байж магадгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал);
12. Хохирогч Ө.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ............ сумын 12-р багийн 602 тоот хашаа байшиндаа очиж үүдний өрөөнд байдаг хөлдөөгч рүү 60 кг үхрийн махыг нөхрийн хамт хийчхээд явсан. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ............ сумын ............ тоотод байрлах хашаа байшингаа эргэж очиход ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан цонх, ертөнцийн зүгээр баруун зүгт харсан цонх онгорхой байсан. Гадна үүдний хэсэгт цонхны шавжаас хамгаалсан тор унасан байсан. Би түлхүүрээрээ хаалга онгойлгож, үүдний өрөөнд орж хөлдөөгч онгойлгож үзэхэд 60 кг үхрийн мах, 5 жил өмссөн нөхөр бид хоёрын цааны арьсан гутлын нэг талын өрөөсөн гутал, том өрөөнд байсан Grunding брэндийн 39 инчийн зурагт, усны тэрэг мэт зүйлүүд хулгайд алдагдсан байсан тул нөхөр М- цагдаагийн байгууллагад хандсан. ...2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хашаанаас очиж эд зүйл авсан. Тухайн үед байшин руу ороогүй бөгөөд гаднаас харахад зүгээр байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-94 дэх тал);
13. Гэрч Ө.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр ............ сумын ............ тоот хашаагаа эргэхээр очиход байшингийн цонхоор нь хулгай ороод эд зүйл хулгайлсан байсан. ...цагдаад ирээд мэдүүлэг өгөхдөө байшингийн үүдний таамбарт байсан цэнхэр өнгийн усны тэрэг алдагдсан талаараа мэдүүлэг өгөөгүй байсан. Усны тэргийг 2024 оны 9 дүгээр сард таньдаг хүнээсээ 150,000 төгрөгөөр худалдаалж байсныг 100,000 төгрөгөөр бэлнээр авч ашиглаж байсан. Тухайн усны тэрэг нь цэнхэр өнгийн 2 ширхэг дугуйтай, хүний гар барьдаг хэсэг нь цагаан өнгийн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал);
14. Гэрч Б.Нямтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “нас гүйцсэн эр үхрийн мах 25 килограммаас дээш татдаг ...үхрийн мах нэг килограмм нь 13,000 төгрөгийн үнэ ханштай байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал);
15. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай “2025 оны 3 дугаар сарын байдлаар ...... аймагт алдагдсан эд зүйлийн үнэлгээг нийт 1,220,000 (нэг сая хоёр зуун хорин мянга) төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 100-101 дэх тал);
16. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай “2025 оны 3 дугаар сарын байдлаар ...... аймагт хуучин усны тэрэгний зах зээлийн үнэлгээг 91,000 (ерөн нэг мянга) төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 107 дахь тал);
17. ...... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаартай “...2025-005-...... (1-2,4) дугаараар кодлон оруулсан 3 ширхэг гарын мөртэй тохирох мөр дасдас байхгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 114-115 дахь тал);
18. Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Ч.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...... аймгийн ............ сумын 12 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай “.......” нэртэй цайны газраас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, цоожийг төмрөөр хөшиж эвдэлж, хууль бусаар нэвтэрч хөлдөөгчид байсан 20 кг хонины цул мах хулгайлж авсан,
-Мөн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ...... аймгийн ............ сумын ........ тоотод байрлах хохирогч С.М-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд буюу байшингийн цонхоор нэвтрэн орж, 1,311,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж авсан үйл баримтууд дээрх дурдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
2. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
“Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.
“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт тодорхойлсон тул хохирогч С.М-ын хувийн байшинг “хүн байнга амьдрах зориулалттай орон байр”, хохирогч Б.С-ийн эзэмшлийн “.......” цайны газар нь “байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр” гэдэгт хамаарна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонхыг нь хагалах, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.
Шүүгдэгч Ч.Б- нь идэвхтэй үйлдлээр хохирогч хохирогч Б.С-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “.......” цайны газрын цоожийг төмрөөр эвдэлж, дотогш нэвтрэн орж, 243,500 төгрөгийн үнэ бүхий 20 кг хонины цул мах хулгайлж,
-Мөн хохирогч С.М-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий хувийн байшингийн цонхоор нэвтэрч, 1,311,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ч.Б- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв
2. Шүүгдэгч Ч.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
3. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ч.Б- нь амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
2. Шүүгдэгч Ч.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-ид 243,500 төгрөгийн хохирол, хохирогч С.М-, Ө.А- нарт 1,311,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь шинжээчийн 61,62,70 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Ч.Б- нь хохирогч С.М-, Ө.А- нарт 140,000 төгрөгийн үнэлгээ бүхий Grunding брэндийн хар өнгийн зурагт 1 ширхэг, 91,000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн усны тэрэг 1 ширхэг зэргийг тус тус биет байдлаар буцааж өгсөн нь мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 75-78 дахь тал)-ээ тогтоож байна.
4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Б-ээс 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөг гаргуулж хохирогч С.М-, Ө.А- нарт, 243,500 (хоёр зуун дөчин гурван мянга таван зуу) төгрөг гаргуулж хохирогч Б.С-ид тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ч.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар2 жил 4 сар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ...... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 2 жил 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоолгох саналтай байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн гэсэн ах дүү хамаатан садан найз нөхөд, гэр бүлээс эргэлт байхгүй, эрүүл мэндийн байдал бас хүнд байгаа. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар ойлгож ухамсарлаж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч Ч.Б- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний толгой, нуруу өвддөг цагдан хорих байранд 2-3 удаа таталт өгч эмчилгээ хийлгүүлсэн. Иймд эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргав.
5. Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Б- нь урьд ...... аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 6 сарын баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, ...... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Одоо ...... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 8 сар хорих ял шийтгүүлж, уг ялаас 01 жил 04 сар 19 хоногийн хорих ялыг эдлээгүй байгаа нь Ч.Б-ийн ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заажээ.
Шүүгдэгч Ч.Б- нь урьд нь өмчлөх эрхийн эсрэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял шийтгүүлж, ялаа эдэлж байгаа гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б-ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50-51, 153 дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
7. Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлж барагдуулаагүй нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т 2 (хоёр) жил 2 (хоёр) сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Ч.Б-т ...... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сар 19 (арван ес) хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, CD-г хэрэгт үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Ч-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т 2 (хоёр) жил 2 (хоёр) сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ...... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сар 19 (арван ес) хоног хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчээс 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөг гаргуулж хохирогч С.М-, Ө.А- нарт, 243,500 (хоёр зуун дөчин гурван мянга таван зуу) төгрөг гаргуулж хохирогч Б.С-ид тус тус олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, CD-г хэрэгт үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ...... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ