| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0167/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/185 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Т.Т
Хохирогч Н.Ү
Хохирогчийн өмгөөлөгч Ц.М
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан хийж,
Орхон аймгийн Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2525000000095 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******, хаягтай,, А ургийн овогт Б-ын Б /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн, ***** болон **** багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч Н.Ү-тэй “...ажлын мастер руу утсаар ярьсан...” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар тус маргаанаас үүдэлтэйгээр өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн нүүр болон толгой хэсгүүдэд нь удаа дараа гараараа цохиж, бие хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, дух, хамрын нуруу, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн мөр, баруун гуянд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн /яллах дүгнэлтэд бичснээр/ гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Тухайн өдөр намайг Н.Ү машинаар ирж авсан. Дархан явна гэснээ больсон. Гурван замын уулзвар дээрээс эхлээд л маргалдаад, Ар булаг руу явж байгаад замын хажууд зогсоод, буцаад Номингийн тэнд ирээд ийм явдал болсон. Тэр өглөөнөөс эхлээд “намайг ажил руу ярьж асуулаа” гээд би уурлаж маргалдаж эхэлсэн. Эмчилгээнд нь 4.5 -5.0 сая төгрөг өгсөн. Цаашид шаардлагатай эмчилгээг хийлгэнэ гэх мэдүүлэг,
-хохирогч Н.Ү-гийн мэдүүлсэн: Манай мастер руу ярьж намайг хүмүүсийн дунд эвгүй байдалд орууллаа гээд л өдөржин маргасан. Тэгээд зодсон. Надаас уучлал гуйсан, хамт байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, эмчилгээний зардлаа гаргуулна гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2525000000095 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Н.Ү-гийн мэдүүлсэн... 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө би ажилтай байхад хамтран амьдрагч Б.Б миний гар утас руу залгаж “ мастерт элдэв бусын юм ярьсан байна ална чамайг” гэж заналхийлсэн. Тэгээд орой 21 цагийн орчимд би ажлаасаа буугаад Эрдэнэт үйлдвэрийн 1-р постоос машинаа аваад Б.Б-ыг авах гээд 2-р пост орсон. Б.Б машиныхаа жолооны ард суугаад машиныхаа хаалга цонхыг түгжээд “чамайг би одоо ална” гээд цохиж зодож эхэлсэн. Тэгээд машинаа хөдөлгөөд чамайг хээр аваачиж ална гээд Арбулагийн зүг рүү явсан. Говил багийн амралтын зам руу салдаг шороон замд явж байхад би найз Н руу залгаад Б.Б намайг хээр аваачиж ална гээд заналхийлээд явж байна “чи хурдан хүрээд ирээч” гэсэн чинь Б.Б машинаа зогсоогоод миний толгой тархи руу гараараа цохиж хөлөөрөө өшиглөж зодсон. Би машины цонхыг онгойлгоод яваад байхад Б.Б цонхыг нь хаагаад түгжээд хэрүүл маргаан хийгээд хэл үгээр доромжлоод байсан. ***** багийн нутаг дэвсгэрээс буцаад “*****” худалдааны төв болон “*****” худалдааны төвийн дунд ирээд дахиж намайг зодож хоолойг минь боосон, тархи толгой руу цохиж өшиглөж миний ухаан санаа балартсан байсан. Тэгээд сэртэл Б.Б машины хажууд гар утсаараа хүнтэй ярьж байхаар нь би цагдаагийн газрын 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Би машины хаалга онгойлгож хүмүүсээс тусламж гуйсан. Хамарт учруулсан гэмтэлд урьдчилсан байдлаар 6,600,000 төгрөг, нүдний хувьд торлог бүрхүүл гэмтэлтэй 6 сарын дараа дахиж үзэж байж хагалгаа хийх шаардлагатай эсэхийг шийднэ, зардал нь 5-6 сая төгрөг болох юм шиг байна лээ. 1, 2 сарын ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авмаар байна. Дундуур нь гарсан эмчилгээний зардлуудыг ч гэсэн гаргуулж авмаар байна.Баримтуудаа шалгаад авчирч өгөх болно. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Дээр дурдсан бүх хохирол төлбөрүүдийг барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р тал/
-гэрч Р.М-ын мэдүүлсэн:... Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн ахлах ахлагч Р.П-ийн хамт 24 цагаар городын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд оройн 21-22 цагийн орчим 7035102 дугаарын утаснаас хүн зодуулсан гэж байна “********” хотхоны зогсоол дээр очоорой гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу 5 орчим минутын дараа Оюут баг “********” хотхоны зүүн талын автомашины зогсоол дээр очиход нэг эмэгтэй гадаа зогсож байсан. Бас нэг машин дотор тэр эмэгтэйг зодсон гэх******* ганцаараа сууж байсан. Тэр хоёроос юу болсон талаар асуухад хамтран амьдрагч нар байгаа юм, маргалдсан эмэгтэй нь*******дээ зодуулсан гэсэн утгатай зүйл хэлэхээр нь цагдаа руу хүргэж өгсөн. Дараа нь юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28- ны өдрийн 263 дугаартай ...Н.Ү-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, дух, хамрын нуруу, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн мөр, баруун гуянд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан дангаараа бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”...гэх дүгнэлт /хх-н 26-27-р тал/
-Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн:.. Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Өөрийн гэм бурууг хүлээ зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ харамсаж байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө манай мастер Үйлсдэлгэрэх намайг нийт ажилчдын дунд “над руу эмэгтэй хүн залгаж чамайг асуусан, чи энд тэнд хоносон юм бол надад өмнө нь эртхэн дуулгаж болоогүй юм уу” гэж шоолж инээсэн. Ер нь бол миний бие өвдөөд гадуур хоносон, бас мастерт бие өвдөөд байна гээд хэлчихсэн байсан юм. Тэгтэл намайг утсаа авахгүй байсан болохоор хамтран амьдрагч Н.Ү манай ажлын утас руу залгаж, намайг байна уу гэж асуусан байсан. Энэ үйлдлээс болоод Н.Ү би хоёр тэр өдөржин утсаар маргалдсан. Ингээд 01 дүгээр сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байх үед Н.Ү ажлаасаа буугаад намайг машинтай ирж авсан. Би машин дотор явж байхдаа Н.Ү-тэй маргалдаж улмаар биеэ барьж чадалгүй баруун гараараа баруун хацар руу нь нэг удаа алгадсан, зүүн гараараа нүүрэн тус газар руу нь нэг удаа цохисон, хамгийн сүүлд машинаа Оюут баг Оргил худалдааны төвийн гадаа зогсоосон байхад баруун хацар руу нь нэг удаа алгадсан. Нуулгүй хэлэхэд тухайн үед маш их уурлаж бухимдсан байсан учраас өөр яаж цохиж зодсон гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед бид хоёр хоёулхнаа байсан. Би Н.Ү-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Яаралтай мөнгө олж эмчилгээг нь хийлгэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/
-хохирогч Н.Ү-гийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 80-85-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн **** багийн нутаг дэвсгэрт машин дотор хамтран амьдрагч Н.Ү-тэй “...ажлын мастер руу утсаар ярьж намайг асууж хүмүүсийн дунд эвгүй байдалд орууллаа” гэж маргалдаж, улмаар түүний нүүр болон толгой хэсэгт нь удаа дараа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, дух, хамрын нуруу, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн мөр, баруун гуянд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Б-ын үйлдлийн улмаас Н.Ү-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг,
2 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус зааж тодорхойлсон.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Б.Б гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...ойлгоно” гэж, хуулийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна: 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;...”гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон. Уг гэмт хэргийг санаатай үйлдэж хамтран амьдрагч Н.Ү-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогчид эмчилгээний зардал төлсөн, гаргуулах төлбөргүй. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж,
-хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хэлэхгүй. Хохирогчид олон тооны гэмтэл учирсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 1,619,150 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. 2 удаа лист авсан ба цалингийн зөрүү гарсан. Шүүгдэгч 5 сая төгрөг төлсөн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Цаашид хагалгаанд орох шаардлагатай гарсан зардлыг нэхэмжилнэ, нээлттэй үлдээнэ үү гэж,
-хохирогч :Би уучилсан, цаашид амлалт өгсөн, хамт байгаа. Хохирол хор уршиг барагдаагүй. Маш их гэмтэлтэй байна гэсэн. Хаван хавдар ихтэй, нүдний хараа өөрчлөгдсөн. Цаашид эмчилгээний зардал их гарна гэж,
-шүүгдэгч:Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч Б.Б-ыг 2 сарын хугацаагаар Орхон аймгийнын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: Болчимгүй юм хийсэн, гэмшиж байна. Хохирлыг сард нь төлөөд явъяа,торгууль оногдуулна уу гэж,
-хохирогчийн өмгөөлөгч: учирсан хор уршгийн шинж чанарыг харгалзан үзнэ үү гэж тус тус санал гаргасан.
Шүүгдэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д ажилладаг байдлыг харгалзан, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй, хохирогчийн эмчилгээний зардал төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлнэ гэсэн ба шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ургийн овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000/ хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А