Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Д.Х,    

Нарийн бичгийн дарга О.Баттүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                          

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-ийн Х-т холбогдох 2528002130172 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Биеийн байцаалт:     

Шүүгдэгч Д.Х нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Б багт оршин суух иргэн Л.Б-ын гэрийн авдарт байсан шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Х-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ямаа самналгаар явж байхдаа Б гэж хүний хөөргийг нууцаар авч хүнд өгч тэр хүнд хохирол учруулсан. Дараа нь тэр ахтай уулзаж уучлалт гуйж бүх хохирлыг зуун хувь төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.   

Хохирогч Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манайх ямаагаа самнуулахаар зар тавьсан бөгөөд манай ах ямаа самнах 3 хүн олчихлоо гээд тэдгээр хүмүүсийг аваад ирсэн. Ямаа самнахаар ирсэн хүмүүс нь надад өөрсдийгөө Н, Б, Х гэж танилцуулсан. Тэдгээр хүмүүс нь манай хөдөө гэрт 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн бөгөөд 10 хоногийн хугацаатай буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ямаа самнаад явцгаасан. Би өөрийн хөөргөө ямаа самнах хүмүүс ирэхээс өмнө манай эхнэр авдартаа хийсэн байсан. Тэдгээр хүмүүс нь миний хөөргийг аваад явсан гэж бодож байна... Миний хөөрөг дунд гарын халтар манан, шүрэн толгойтой, хөөрөг байсан. Тухайн хөөргийг 40 сая төгрөгөөр үнэлж байсан. Одоо би өөрийн хөөрөг болон хөөрөг худалдан авсан газарт гаргасан 1 сая төгрөгийг Хаас эргүүлэн авсан учир надад ямар нэг гомдол байхгүй. Холбогдогч Хын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад ямар нэг гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал)     

Иргэний нэхэмжлэгч И.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Хархорин захын Гүүрэн байгууламжид алт мөнгөний дархан хийдэг хүн. 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний ажиллуулдаг дархны газар эхнэр нөхөр 2 орж ирсэн. Тухайн үед ааваас үлдсэн хөөрөг байгаа юм хөөргөө зарах гэсэн юм хэдээр авах вэ гэж асуусан гэтэл цаанаас нь эхнэр болох нэг хүн орж ирээд чи аавын хөөргийг зарах гэлээ гээд загнаад аваад гараад явсан. Гарснаас хойш 5 минутын дараа эргэж орж ирээд эхнэр зөвшөөрлөө гээд надад тухайн хөөргийг зарсан. Би тухайн хүмүүсийг танихгүй өмнө нь харж байгаагүй. Тухайн хөөрөг нь шүрэн толгойтой бага гарын гуулан нуухтай хүрэн манан хөөрөг байсан. Одоо тухайн хөөрөг надад байгаа. Тухайн хүмүүс ямар хувцастай байсан талаар одоо санахгүй байна. Би 1,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 21 дэх тал)

Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн үед Хаас энд юу хийж байгаа юм гэж асуухад манай ааваас надад үлдээсэн хөөрөг юм. Мөнгөний хэрэг байгаа учраас зарах гэж байна гэж надад хэлсэн. Би тухайн үед чи юу яриад байгаа юм ааваасаа үлдсэн юм аа зарна гэж байхгүй шүү гээд загнаад аваад гарсан... Х дотогшоо ороод гарч ирсэн...” (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)        

Эд зүйл хүлээлгэсэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал)

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

“Damno” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ӨмЦ-102 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “Шүрэн толгойтой, дунд гарын халтар мана, ааваасаа өвлөж авсан хөөрөг, 1 ширхэг, үнэ 5,000,000 төгрөг.” (хавтаст хэргийн 44-46 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал)

Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал)

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал)

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал)

Д.Х-ын гэмт хэргийн улмаас учруулсан 1,000,000 төгрөгийг төлсөн талаарх хүсэлт, баримт (хавтаст хэргийн 87, 88 дахь тал)

Хохирогч Л.Б-ын 1,000,000 төгрөгийг авсан талаарх хүсэлт, баримт (хавтаст хэргийн 89, 90 дэх тал)

Иргэний нэхэмжлэгч И.О-ын “Л.Б-ын гэх хүнээс хөөрөг зарсан 1,000,000 төгрөгийг авсан, одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулсан” гэх хүсэлт (хавтаст хэргийн 92 дахь тал)

Хохирогч Л.Б-ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 98 дахь тал),

Д.Х-ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 99 дэх тал),

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 54 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 104 дэх тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 54 дугаартай санал (хавтаст хэргийн 105-106 дахь тал).                                                                                                                                                 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Х-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.      

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Х нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Б багт оршин суух иргэн Л.Б-ын гэрийн авдарт байсан шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.       

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Л.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал), иргэний нэхэмжлэгч И.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрч Х.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), “Damno” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ӨмЦ-102 дугаартай хөрөнгийн үнэлгээ (хавтаст хэргийн 44-46 дахь тал), эд зүйл хүлээлгэсэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Д.Х-ын гэмт хэргийн улмаас учруулсан 1,000,000 төгрөгийг төлсөн талаарх хүсэлт, баримт (хавтаст хэргийн 87, 88 дахь тал), хохирогч Л.Б-ын 1,000,000 төгрөгийг авсан талаарх хүсэлт, баримт (хавтаст хэргийн 89, 90 дэх тал), иргэний нэхэмжлэгч И.О-ын “Л.Б-ын гэх хүнээс хөөрөг зарсан 1,000,000 төгрөгийг авсан, одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулсан” гэх хүсэлт (хавтаст хэргийн 92 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.   

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Д.Х-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.  

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Х нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Б багт оршин суух иргэн Л.Б-ын гэрийн авдарт байсан шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Х нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Д.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.        

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Одоо би өөрийн хөөрөг болон хөөрөг худалдан авсан газарт гаргасан 1,000,000 төгрөгийг Хаас эргүүлэн авсан учир надад ямар нэг гомдол байхгүй. Холбогдогч Х-ыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад ямар нэг гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал) гэж мэдүүлж байх ба шүүгдэгч нь хохирогчид хөөргийг биет байдлаар буцаан өгч, мөн хөөрөг зарсан үнэ болох 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч Д.Х-ын гэмт хэргийн улмаас учруулсан 1,000,000 төгрөгийг төлсөн талаарх хүсэлт, баримт (хавтаст хэргийн 87, 88 дахь тал), хохирогч Л.Б-ын “Миний бие Улаанбаатар хотын Хархорин захын алт, мөнгөний дарханд зарсан хөөрөгнийхөө 1,000,000 төгрөгийг гаргуулан авсан. Хаас гаргуулан авсан, надад одоо ямар нэгэн хохирол гомдол байхгүй” гэх хүсэлт, баримт (хавтаст хэргийн 89, 90 дэх тал) гэх хүсэлт, иргэний нэхэмжлэгч И.О-ын “Л.Б-ын гэх хүнээс хөөрөг зарсан 1,000,000 төгрөгийг авсан, одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулсан” гэх хүсэлт (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Б нь шүүгдэгчийн хөөрөг зарсан гэх иргэний нэхэмжлэгч И.О-т учирсан 1,000,000 төгрөгийг өөрөө төлж, хөөргөө авсан бөгөөд шүүгдэгч Д.Х нь хохирогч Л.Б-т учирсан 1,000,000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул тухайн саналыг батлуулах хүсэлтэй байна гэх дүгнэлтийг,   

Шүүгдэгч нь миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, улсын яллагчаас санал болгосон ялыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.                                                                         

Шүүгдэгч Д.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.                  

Шүүх шүүгдэгч Д.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.                                         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.     

Бусад асуудлаар.       

Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Б-т 5,000,000 (таван сая) төгрөгийн үнэ бүхий хөөргийг биет байдлаар буцаан өгч, 1,000,000 (нэг сая) төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.    

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4. Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Б-т 5,000,000 (таван сая) төгрөгийн үнэ бүхий хөөргийг биет байдлаар буцаан өгч, 1,000,000 (нэг сая) төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.                  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                                  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ