Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/139

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,     

Шүүгдэгч Х.Ц,    

Нарийн бичгийн дарга О.Баттүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Х-ын Ц-т холбогдох 2528000000161 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт:                                         

Холбогдсон гэмт хэргийн талаар:      

Шүүгдэгч Х.Ц нь 2025 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “..” баарны орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тодорхой бус шалтгааны улмаас Н.С-ыг нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, 41-р шүдний булгарал, 42-р шүд хөдөлгөөн орсон, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Ц-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Х.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.      

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагийн үед .. баарнаас гараад ирсэн чинь танихгүй хоёр залуу таараад юу болсныг мэдэхгүй шууд шүд рүү гараараа цохисон. Би нэлээн согтуу байсан болохоор сүртэй цохиж чадаагүй. Урьд нь бааранд байхад тэр хоёр залуу гараад ир гээд дуудаад байхаар нь танихгүй юм чинь гээд гарч очоогүй юм. Тэгсэн баар хаахад намайг гадаа хүлээгээд байж байсан юм уу хаашаа юм гараад ирэхэд тэр хоёр залуу байж байсан. Би шүдээ янзлуулж авмаар байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй... Би Ц-аас сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 18-19, 22-23 дахь тал)   

Шүүгдэгч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би Мөнхбаяртай хамт 23 цагийн үед халамцуухан .. гээд бааранд орсон. Ороод манай найз Мөнхбаяр хүнтэй маргалдаад би салгах гээд голоор нь ороод түлхэлцээд салсан. Өөр зүйл санаж байгаа юм алга байна. Би ямар ч байсан Н.С-ыг хохиролгүй болгож өгнө. Би Н.С-т хохирол болох 3 сая төгрөг өгч тохиролцохоор болсон.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)    

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ӨМГ0725/236 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.С-ын биед 41-р шүдний булгарал, 42-р шүд хөдөлгөөн орсон, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Н.С-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.41.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал)

Н.С-ын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12 дахь тал)

Н.С-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 34 дэх тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал)

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал)

Хохирогч Н.С-ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 74 дэх тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 55 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 75-76 дахь тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 55 дугаартай санал (хавтаст хэргийн 77-78 дахь тал).  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Ц-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.Ц нь 2025 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “..” баарны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой бус шалтгааны улмаас Н.С-ыг нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, 41-р шүдний булгарал, 42-р шүд хөдөлгөөн орсон, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.         

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 22-23 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ӨМГ0725/236 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал), Н.С-ын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12 дахь тал), Н.С-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                                   

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.                

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Х.Ц, хохирогч Н.С-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.                

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С-ын биед 41-р шүдний булгарал, 42-р шүд хөдөлгөөн орсон, буйланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ӨМГ0725/236 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал)-ээр тогтоогдож байна.         

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би Ц-аас сэтгэл санааны хохирол, төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 22-23 дахь тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.          

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.          

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох тухай дүгнэлтийг,    

Шүүгдэгч нь хийсэн зүйлдээ маш их харамсаж байна, улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.      

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.        

Шүүх шүүгдэгч Х.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-т 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Х.Ц-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.     

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Я овгийн Х-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-т 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.             

3. Шүүгдэгч Х.Ц-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

5. Шүүгдэгч Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.              

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.            

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                                                                     

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ