Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/500

 

      2021           5              20                                        2021/ДШМ/0500                              

 

 

     Б.Гд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:з

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

хохирогч О.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/864 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Гд холбогдох эрүүгийн 1710007560482 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

          Б.Г

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон.

 

          Шүүгдэгч Б.Г нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогч М.Хг “Шенгений орны виза 2500 ам.доллараар гаргаж өгнө” гэж 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1350 ам.доллар буюу 3,335,000 төгрөг залилж авсан, мөн О.Дг “Франц улсын виза гаргаж өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хаан банкны 5023056575 дугаарын дансаар 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модерн номадс” ресторанд 7,954,200 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Гийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс 11,584,650 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Хд 3,330,450 төгрөгийг, хохирогч О.Дд 8,254,200 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч О.Дгээс 8,254,200 төгрөг залилсан гэж энэ төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хохирогч О.Дгээс 300,000 төгрөгийг дансаар хүлээн авсан байдаг. Нотлох баримт хангалтгүй байтал энэ төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шүүгдэгчийн эрх ашигт хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Б.Г 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлэх үед өнөөдрийн ял шийтгүүлсэн хохирогч М.Хыг, хохирогч О.Дг залилсан гэж эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж байсан бөгөөд түүний үйлдсэн гэх эрүүгийн хэргүүдийг ял шийтгэгдсэнийх нь дараа шүүхэд шилжүүлж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаагаас эрх зүйн байдал нь дордож олон жилийн ял шийтгэл эдлэх болж хохирол нөхөн төлсөн байдал нь ч ял хөнгөрөх нөхцөл болж чадахгүй эрх зүйн хувьд ял нь хүндэрч байна. Б.Гийн өндөр настай эцэг, эх, нялх үр хүүхдийг нь Б.Гэс өөр асарч дэмжих хүнгүй гэр бүлд нь хүндрэлтэй байна. Одоогоор 4 дэх удаагаа ял шийтгүүлж нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас 6 сарыг хасч өгнө үү.” гэв.

 

Хохирогч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тооны алдаа гарах юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар “шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж, улсын яллагч санал гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачлагаар залруулга хийж болно” гэсэн заалт байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлд давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийг заасан байгаа. Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Улсын Дээд шүүх “магадлалаар засаж шийдвэрлэх боломжтой” гэх дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн заалтаа оруулаад өгсөн байсан. Техникийн шинжтэй алдаа гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Г нь “Франц, Шенгений гэрээт орнуудад зорчих виза гаргаж өгнө” гэж хуурч хохирогч М.Хгаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1350 ам.доллар буюу 3,335,000 төгрөг, хохирогч О.Дгээс 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7,954,200 төгрөг тус тус авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Хгийн “... 2017 оны 9 дүгээр сарын 14-ний ... орой виза гаргадаг Г гэх хүнтэй Лхагва гэдэг хүн бид гурав уулзсан. Г гэх хүн “хурдан найдвартай Европ руу гаргах виза гаргаж өгнө, чи маргааш явахад бэлэн үү, мөнгө чинь бэлэн байгаа юу” гэхээр нь “мөнгө бэлэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гадаад пасспорт, цээж зургийг өгсөн. ... 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их дэлгүүрийн урд талд байрлах Хаан бууз гэх газарт Гтэй уулзахад “урьдчилгаа 1350 ам.доллараа өг, гэрээ хийнэ” гэж хэлсэн. Би “гэрээ хийхгүйгээр дундын дансад мөнгө байршуулъя” гэж хэлэхэд Г “үгүй, мөнгө бэлэн өгөх хэрэгтэй, уг мөнгийг урьдчилгаа болгож хил рүү явуулдаг, бид группээр ажилладаг мөнгө хувааж авдаг, Серби улсад хүн тосож авдаг хүнд бас мөнгө өгнө” гэж хэлсэн. ... 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бродвэй ресторанд Гтэй би өөрийн ээж Тгийн хамт очиж уулзаж Серби улсаар дамжин Унгарын хилийн хууль бусаар нууцаар давахад нь зуучилж өгөх урьдчилгаа 1350 ам.долларын зээлийн гэрээг Гтэй байгуулж 1350 ам.доллар өгсөн. Тэрнээс хойш Г нь “дараа болъё, хойшилсон” гэж хэлээд хойшлуулаад байсан. Дараа нь утсаа авахаа больсон. ...” /1хх 27-32/,

 

хохирогч О.Дгийн “... Г гэх хүнээр Франц улсын виза гаргуулахаар утсаар холбогдоод Соёл Урлагийн Их сургуулийн урд байрлах Модерн номадс гэх ресторанд уулзсан. Би 2017 оны 8 дугаар сард эхлээд 300,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Нефтийн автобусны буудлын АТМ-ээс 5023056575 гэсэн данс руу нь шилжүүлсэн. ... Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Модерн номадс хоолны газарт дахин уулзахаар болоод “гадаад пасспорт чинь виза дарагдсан” гээд гар утсаараа виза дарагдсан зураг үзүүлсэн. Тэгэхээр нь би Гд 7,954,200 төгрөгийг бэлнээр Модерн номадс хоолны газарт өгсөн ба Г надаас мөнгө авчихаад пасспорт аваад ирье гэж хэлж яваад алга болсон. ...” /1хх 133/,

 

гэрч М.Тгийн “... 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би охиныхоо хамтаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бродвэй ресторанд Гтэй анх уулзаж байсан. Тэр үед Г манай охинд “чиний виза бүтэж байгаа, 7 хоногийн дотор гаргаад өгнө, урьдчилгаа 1350 ам.долларыг өгчих, виза гаргаж байгаа хүмүүст тарааж өгөн ёстой, виза чинь гарсны дараа үлдэгдэл мөнгө авна” гэж байсан. Тэр үед манай охин залилуулчих байх гэж болгоомжлоод “дундын санд хадгалуулмаар байна” гэхэд Г тухайн үед зөвшөөрөөгүй. Тэгээд манай охин мөнгө өгсөн, авсан баримт хэрэгтэй байх гэж бодоод Хан-Уул дүүрэгт байдаг нотариат орж зээлийн гэрээ гэж хийгээд мөнгийг нь өгч байсан. ...” /1хх 31-32/,

 

Б.Гийн яллагдагчаар өгсөн “... би Х гэх хүнийг “Шенгений визэнд зуучилж өгнө” гэж харилцан тохирч ярилцаж 2500 ам.доллар авах байсан. Хс 1350 ам.доллар аваад, 350 ам.долларыг бичиг баримт бүрдүүлэх зардал гэж авсан. Үлдсэн мөнгийг нь виза гарсны дараа авах байсан. ... Франц улсаас манай найз болох Г Монгол ирээд над руу залгаад “миний дүү Франц улсаас ирсэн, эхнэрийгээ Франц руу авч явмаар байна” гэж хэлсэн байсан. Тэгээд Г миний утсыг Дд өгсөн байсан. 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр над руу залгаад “тантай уулзмаар байна, эхнэрээ дагуулж явмаар байна” гэхээр нь “та гадаад пасспортоо 2 хувь цээж зурагтайгаа аваад ир” гэж хэлээд уулзаж гадаад пасспортыг нь зурагнуудтай аваад “бичиг баримт бүрдүүлэх мөнгө болох 300,000 төгрөг шилжүүлээрэй” гэж хэлээд дансаа үлдээгээд явсан. Тэгээд миний Хаан банкны данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэнээс хойш ахиад хэд хэдэн удаа уулзсан. ...” /1хх 64-67, 141-142/ гэсэн мэдүүлгүүд, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр М.Х, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1хх 25/, О.Д, Б.Г нарын мөнгө шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга /1хх 155, 158-165/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

          Шүүгдэгч Б.Гийн гадаад улс орнуудын виза олголттой холбоотой ажил, хөдөлмөр эрхэлдэггүй атлаа “виза гаргаж өгнө” хэмээн 2 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн бусдаас мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг  бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Түүнчлэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 14 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж шүүгдэгч Б.Гийн нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь хуульд нийцсэн шийдвэр болжээ.

 

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан “... хэрэгт хохирлын талаар хангалттай баримт авагдаагүй байхад хохирогч О.Дд 8,254,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэх үед уг хэрэгт шалгагдаж байсан бөгөөд түүний үйлдсэн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэлгүй эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэн ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Гийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1710007560482 дугаартай прокурорын тогтоолоор М.Хгаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1350 ам.доллар буюу 3,335,000 төгрөг авч залилсан, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1909030250824 дугаартай прокурорын тогтоолоор О.Дгээс 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7,954,200 төгрөг авч залилсан үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолууд гарсны дараа дээрх үйлдлүүд илэрсэн учир анхан шатны шүүхийн өмнөх үйлдсэн гэмт хэргүүдтэй нь нэгтгэн шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөөгүй байна.  

 

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... шүүгдэгч Б.Гэс хохирогч О.Дд 8,254,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” талаар гаргасан давж заалдах гомдлын хувьд, хохирогч О.Д нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.Гд 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 300,000 төгрөгийг дансаар, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7,954,200 төгрөгийг баримтгүй, бэлнээр тус тус өгсөн талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Б.Г нь мөн хохирогчийн дээрх мэдүүлгийг үгүйсгэдэггүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/864 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгчид ямар ял оногдуулсан талаар заалгүй орхигдуулсан ба прокурор, өмгөөлөгчид гардуулсан хувийг хэрэгт авагдсан болон тус шүүхийн архивт хадгалагдаж буй шийтгэх тогтоолын өнгөн хувиудтай харьцуулан шинжлэн судлахад прокурор, өмгөөлөгчид гардуулагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгчид ял оногдуулсан байхад хавтаст хэрэгт болон тус шүүхийн архивын газрын өнгөн хувьд хадгалагдаж буй тогтоолын 7 дугаар нүүрний дээд хоёр мөр илүү бичигдсэний улмаас доод хоёр мөр бүрэн хэвлэгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нөгөө талаар дээрх алдааг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 195 дугаартай тогтоолд анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан болохыг дурдаад “... анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.Гийг ... авч залилсан гэмт хэргийг үйлдсэн талаарх гэм буруугийн дүгнэлтийг хийж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан уг зүйл, хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэсэн шалтгаан үндэслэлээ тодорхой тусгасан. Үүнээс гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн ...” гэж зааснаас гадна шүүх хуралдааны тэмдэглэл, прокурорт гардуулсан шийтгэх тогтоолын эх хувь зэргийг судлахад хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын сүүлийн мөр бүрэн хэвлэгдээгүй буюу техникийн шинжтэй алдаа гарсан ...” талаар дүгнэж давж заалдах шатны шүүхийг өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөх боломжтой гэж үзжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж, мөн хуулийн 39.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна” гэж тус тус зааснаас үзвэл техникийн шинжтэй алдаа гаргасан шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийн оролцогчдын хүсэлтээр залруулга хийхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн техникийн шинжтэй гаргасан алдаа нь оролцогчдод гардуулсан хувиас өөр байгаагаас шалтгаалан давж заалдах шатны шүүх залруулах боломж байхгүй тул анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу залруулга хийх нь зүйтэй байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30ы өдрийн 2020/ШЦТ/864 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ