Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0893

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А***,

Хариуцагч: А***Төрийн өмчит үйлдвэрийн газрын хоорондын “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээ”-ээс үүссэн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А***нь А***ТӨҮГ-т холбогдуулан А***ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/398 дугаар албан бичгийг хүчингүй болгож, А***ТӨҮГ-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай” ХХНТ-106/2019 дүгээр гэрээний дагуу А*** ХХК-ийг тээвэрлэлтийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.  

2. А***нь хариуцагч захиргааны байгууллагатай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай” ХХНТ-106/2019 дүгээр гэрээний дагуу Улаанбаатар-Дорнод аймгийн Хэрлэн сум-Улаанбаатар чиглэлд хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байсан ба тус компанийн жолооч Г.Б*** нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, уг хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор энэхүү осол нь жолоочийн буруутай үйлдэл болохыг тогтоожээ.

3. Улмаар А***ТӨҮГ-аас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/398 дугаар албан бичгээр дээрх нөхцөл байдал бүхий үндэслэлээр нэхэмжлэгч компанитай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 106/2019 дүгээр гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн тус гэрээг дуусгавар болгож байгааг мэдэгдэж, маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдийн А***ТӨҮГ-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай” ХХНТ-106/2019 дүгээр гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс тус гэрээг шинэчлэн байгуулах тухай хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан ба харин хариуцагч А***ТӨҮГ-аас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаартай албан бичгээр гэрээг шинэчлэн байгуулахаас татгалзсан хариуг өгчээ.

5. Иймд нэхэмжлэгч А*** ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар “...А***ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/398, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, тодруулжээ.

            6. А***нь маргаан бүхий эхний захиргааны актыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гардан авч мэдсэнээр, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргасныг тэмдэглэж байна.

7. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... А***нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХХНТ106/2019 дүгээр “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай” гэрээг хариуцагчтай байгуулсан. Улаанбаатар Дорнод аймгийн Хэрлэн сум чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байсан. Гэтэл тухайн компанийн жолооч Г.Б*** нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Улаанбаатараас Хэнтий чиглэлийн зам дээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8083 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн осол гардаг өдөр цасан шуургатай байсан тул цаг агаарын байдал нөлөөлсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдлыг хариуцагч талаас үгүйсгэдэггүй. Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор жолооч Г.Б***д хүний биед хүнд, хөнгөвтөр гэмтэл учруулсан нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг.

Харин тээвэрлэгч А***нь гэм буруутай болох нь тогтоогдоогүй.

А***ТӨҮГ-аас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах” 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХХНТ106/2019 дугаартай гэрээг дуусгаж, цуцалсан талаар мэдэгдлийг явуулсан. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т дараах тохиолдолд үйлдвэрийн газраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсооно гэж заасан. Үүнд шүүх хяналтын байгууллагаас тээвэрлэгч болон жолоочийн буруутай үйл ажиллагаанаас зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тухайн чиглэлийн үйлчилгээг зогсооно гэж заасан байна. Энэ үндэслэлээр хариуцагч талаас мэдэгдэл хүргүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх, хяналтын байгууллагаас жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн гэж тогтоосон. А*** ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон үйл баримт тогтоогдоогүй байна. Гэтэл 8.1.1-т шүүх, хяналтын байгууллагаас жолооч болон тээвэрлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, дуусгавар болгохоор зохицуулсан. Тиймээс тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, зөвхөн жолоочийн буруутай үйл ажиллагаа байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХХНТ106/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дууссан тул нэхэмжлэгч компаниас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтээ албан бичгээр илгээсэн байгаа. Албан бичгээр хариу өгөхдөө А***нь гэрээг шинэчлэн байгуулахгүй гэсэн татгалзсан хариуг өгсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХХНТ106/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-гээр энэ үйлчилгээг үзүүлэх эрх нэхэмжлэгч компанид хадгалагдаж байсан. Гэтэл энэ гэрээг шинэчлэн байгуулахгүй гэсэн хариу ирүүлсэн нь тухайн компанийн эрхийг хязгаарлаж байна. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: А***ТӨҮГ болон “Аж мянган” ХХК-ийн хооронд тээвэрлэлтийн үйл ажиллагааны гэрээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. А*** ХХК-ийн зүгээс 2019 оны 10 дугаар сард зам тээврийн осол гаргаж 2 хүн хүндэвтэр, 3 хүн хөнгөн гэмтсэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ асуудлыг Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон байна. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн. Нийтдээ тухайн гэмтсэн 5 хүнээс гадна 12 хүн хөнгөн гэмтэл учраад тухайн хүмүүстэй тохиролцох байдлаар хохирлыг барагдуулж шийдвэрлүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон талаар А***ТӨҮГ-т 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхээс хүчин төгөлдөр болсон мэдэгдлийг өгсөн. Жолооч Г.Б*** нь А*** ХХК-тай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан.

А***нь “Автотээврийн үндэсний төв”-тэй “бид Монгол Улсын хэмжээнд тухайн авсан чиглэлдээ Монгол Улсын иргэнийг аюул осолгүй тээвэрлэнэ” гэсэн гэрээг байгуулсан. Компани манайхтай гэрээ байгуулаад, цаашаа жолооч Г.Б***тэй гэрээ байгуулсан байгаа. Иргэний хуулийн 398 дугаар зүйлд тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч, ашиглагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг тухайн байгууллага хариуцна гэж байгаа. Иргэний хуулиар тухайн иргэн компани хоёрын хооронд үүссэн харилцаанд тээвэрлэлтийг гүйцэтгүүлэгч компани буюу А***хариуцлага хүлээхийг зохицуулсан байна. Жолооч Г.Б*** А*** ХХК-г төлөөлж байгаа.

Тухайн үед тээвэрлэлт хийхийн өмнө зорчигчийн замын хуудас бичигддэг. Энэ 0479579 дугаартай зорчигчийн замын хуудас дээр тээвэрлэгчийн нэр, тэмдэг гэсэн хэсэг дээр А***гэж байгаа. Энэ бол тээвэрлэлт хийж байгаа компани юм. Компанийн төлөөлөгч нь Г.Б*** юм.

Нэхэмжлэгч компанийн буруутай үйлдэл байхгүй, жолоочийн буруутай үйлдэл гэж тайлбарлаад байдаг. Гэрээний 8.1.1-т зам тээврийн осол гаргасан, шүүх хяналтын байгууллагаас тээвэрлэгч болон жолоочийн буруутай үйл ажиллагаанаас зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн чиглэлийн үйл ажиллагааг цуцлах талаар тусгасан. Энд жолоочийн буруутай үйлдэл гарсан байгаа юм. Учир нь шүүхээс жолоочийн буруутай үйл ажиллагаанаас хүний биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учирсан талаар тогтоосон. Байгууллага гэдгийг яагаад хаяад байгаа нь сонин байна. Гэхдээ байгууллага болон жолоочийн гэж байгаа. Энэ хоёр ойлголт нэг цул ойлголт гэдгийг гэрээн дээрээ заагаад өгсөн байгаа. Замын хөдөлгөөний тухай хууль болон Эрүүгийн хуульд байгууллага гэмт хэрэг үйлддэггүй. Тухайн нөхцөл байдалд жолооч байгууллагыг төлөөлж байгаа учир байгууллага гэм буруутай байна.

Байгууллага өөрөө жолоочийн нөхцөл байдалд хяналт тавих ёстой байдаг. Жолоочийг гарахаас нь өмнө хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай мэдэгдэх ёстой. Замын нөхцөл байдлыг тайлбарлах ёстой. Хөдөлмөрийн анхан шатны зааварчилгааг өгсөн байх ёстой. Тухайн үеийн анхан шатны дүгнэлтээр цаг агаарын нөхцөл байдал хүнд байсан. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хурдаа тааруулна гэж заасан байгаа. Автотээврийн тухай хуульд хот хоорондын замд 70 км цагийн хурдтай явах ёстой. Тухайн үед жолооч цаг агаарын байдал хүнд байгааг мэдсээр байж 75 км цагийн хурдтай явж байсан байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Манайд байгаа хурд хэмжигч төхөөрөмжөөр мөн адил 75 км цагийн хурдтай явж байсан байгаа. Хурдаа тааруулах талаар утсаар мэдэгдсэн боловч хурдаа хасаагүй зам тээврийн осол гарч хүний биед хүнд буюу хөнгөвтөр гэмтэл учруулсан. Гэрээнд заасан нөхцөл байдал үүссэн учраас 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2/328 дугаар албан бичгээр гэрээг цуцалсан. Энэ нь гэрээний дагуу хууль ёсны дагуу хийгдсэн. Үүнээс өмнө гэрээнд заасны дагуу түдгэлзүүлсэн байсан. Нэг ёсондоо нэхэмжлэгч буруугаа хүлээн зөвшөөрч байсан байна. Албан ёсоор гэм буруутай нь шүүхээс тогтоогдсоны дараа гэрээг цуцалсан байгаа.

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2/1340 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулъя гэж байна. 3 дугаар сарын 28-ны өдөр гэрээний харилцаа дууссан байхад яасан гэж дахин гэрээг байгуулах ёстой вэ? Дууссан асуудлыг хойно 10 сард тавиад байна. Талуудын хооронд харилцаа байхгүй учир гэрээг дахин байгуулах үндэслэл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөтэй зорчино гэж байгаа. Гэтэл ийм аюултай нөхцөл байдлыг бий болгож байгаа компани байж дахиж яаж хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангана гэж гэрээ байгуулах эрх хүсээд байгаа вэ? Автотээврийн үндэсний төв эрх хязгаарлаад байна гэж байна. Автотээврийн үндэсний төв эрхийг нь хязгаарлаагүй. Ганц тухайн компани гэрээ байгуулах эрхтэй биш юм. Тухайн нөхцөлд тээвэрлэлт хийх боломжтой, Зам тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын А/24 дугаар тушаалын шаардлагаар тухайн чиглэлийн давтамж, суудал ашиглалт 90 хувиас дээшээ байгаа тохиолдолд гэрээ байгуулна гэсэн байгаа. Шаардлага хангасан ямар ч компани гэрээ байгуулах боломжтой. Бид өмнө нь явж байсан гэдэг шаардлага байхгүй. Манай байгууллага эрхийг нь хязгаарлаагүй. Өмнө нь дууссан харилцааг сэргээхээр гаргасан хүсэлтэд бид татгалзсан хариу өгсөн нь хууль ёсны дагуу юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.  

1. Нэхэмжлэгч А*** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргасан А***ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/398, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

3. Нэг талаас хариуцагч А***ТӨҮГ, нөгөө талаас нэхэмжлэгч А*** ХХК-ийн хооронд Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3, Иргэний хуулийн 380 дугаар зүйл, 383 дугаар зүйл, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоол зэрэг хууль болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн ХХНТ-106/2019 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсанаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан.

4.  Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр 80-83 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Г.Б*** жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэр бүхий иргэдийн биед хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан хэрэг учрал гарсныг эрх бүхий албан тушаалтан тогтоосон.

5. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б***г хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, түүнийг гэм буруутайд тооцож,

6. Шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтаар А*** ХХК-ийн №01846590 дугаартай 80-83 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаахаар шийдвэрлэж,

7. Шүүгдэгч Г.Б***д холбогдох 1934011210021 дугаартай эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 538 дугаар албан бичгээр  А***ТӨҮГ-т хүргүүлснээр,

8. Хариуцагч А***ТӨҮГ-аас маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/398 дугаар албан бичгээр “...танай байгууллагатай байгууллагаар гүйцэтгүүлдэг Улаанбаатар хот- Дорнод аймгийн Хэрлэн-Улаанбаатар хот чиглэлийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цуцалж, гэрээг дуусгавар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээн шийдвэрлэснээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь RD162290583MN шуудангийн хүргэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гардан авсан байна.

9. Маргаан бүхий үйл баримтад хамаарах хэрэг учралын талаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргахгүй боловч, “хариуцагч нь гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн, манай компанийг шүүхээс гэм буруутайд тооцоогүй байхад манайд хамаатуулж байгаа нь буруу, тээвэрлэгчийн гэм буруутай үйлдлээс бус, жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсныг тээвэрлэгч хуулийн этгээдэд нялзааж гэрээг цуцалж байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргаан бүхий 2022 оны 2/398 дугаар, 1/1340 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулахаар маргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авсангүй.

10. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан А***Төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. “улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, нийтийн тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах”, 4.1.5. “энэхүү дүрмийн 4.1.4-д заасан үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх” зэрэг үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн эрхийг хариуцагчид буюу Үйлдвэрийн газарт олгосон, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

11. Энэ утгаараа, хариуцагч нь Үндэслэх хэсгийн 3-д дурдсан гэрээг шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах эрхтэй.

12. Дээр дурдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1. “дараах тохиолдолд үйлдвэрийн газрын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсооно”, 8.1.1. “шүүх хяналтын байгууллагаас тээвэрлэгч болон жолоочийн буруутай үйлдлээс зам, тээврийн осол гарсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн чиглэлийн үйл ажиллагааг” гэж заасан.

13. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”, уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тайлбарласан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг харьцуулан судалж, маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийгээд, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин ...хэрэгслийг”, 3.1.2.“зорчигч гэж автотээврийн хэрэгслээр зорчихдоо энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг”, 3.1.11. “нийтийн тээвэр гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт...” гэж заасны дагуу зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг нийтийн эрх зүйн харилцааны хүрээнд гэрээгээр гүйцэтгэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээд нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1.“...зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх”, 10.2.2. “ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх” гэж зааснаар тээвэрлэгчийн үүргээ зөрчсөнийг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. “Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ажиллана” гэж заасны дагуу хариуцагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

14. Үйлдвэрийн газрын захирлын А/91 дүгээр тушаалаар батлагдсан “Улс, хот хоорондын ачаа зорчигч болон жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, осол зөрчил хариуцлага тооцох үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар тус тус нэхэмжлэгч хуулийн этгээдийн тээвэрлэлтийн гэрээг сэргээх агуулгатай албан бичгүүдийг хэлэлцэж байсан, Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3. “зам тээврийн осол гаргасан, ... шүүх хяналтын байгууллагаар тогтоогдох хүртэл тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсооно” гэж заасны дагуу ажлын хэсгийн гишүүдийн 100% саналаар хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэж, А***ТӨҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/850 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн,

15. Тодруулбал, маргаан бүхий асуудлаар гарсан шийдвэрийг тухай бүр нь нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, хавтаст хэргийн 140 хуудаст авагдсан А***ТӨҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Аж мянган” ХХК-д хаягласан 1/3708 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн асуудлыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа зогсоосон, уг албан бичигтэй маргаагүй, харин гэрээгээ шинэчлэн байгуулах талаар, гэрээний хугацаа сунгуулах талаар удаа дараа хандаж тухай бүр хариуг авч байсныг тэмдэглээд хамгийн сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А***ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А*** ХХК-д хаягласан 1/1340 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар маргасныг мөн хангах үндэслэлгүй, 2019 оны 05 дугаар 30-ны өдрийн “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай” ХХНТ-106/2019 дүгээр гэрээг цуцалж дуусгавар болгосон тул гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй талаар нэхэмжлэгчид хариу өгсөн нь хариуцагч захиргааны байгууллагын Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9. “автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах...”, 6.1.10. “улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд ... ажлыг зохион байгуулах” бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

16. Шүүх хуралдаанд “нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь жолоочийн буруутай үйлдэл” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай үйлдвэрийн газар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, уг компани нь өөрийн нэрийн өмнөөс тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр жолоочтой гэрээ байгуулсан, ...нэг цул ойлголт” гэх тайлбар үндэслэлтэй, маргаан бүхий энэ тохиолдолд Гэрээний 8.1.1.“...тээвэрлэгч болон жолоочийн буруутай үйлдлээс...” гэсний “болон” гэх холбоос үг нь жолоочоос гадна тээвэрлэгчид хамаатай болохыг илтгэсэн ойлголт гэж үзнэ.

17. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа дахин 70200 төгрөг төлсөн байх тул дээрх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгийг буцаан олгохоор зааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.10, 20 дугаар зүйлийн 20.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч А*** ХХК-ийн  “...А***ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын өдрийн 2/398, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийн төлбөрөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч А*** ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН