| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/192 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан хийж,
Орхон аймгийн Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 2425001390068 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,*******,*******,,,
-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,,
- Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор (2002 оны) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,,, Х овогт М-ын Н /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Махны бөөний төв” дэлгүүрийн гаднаас хохирогч Г.Б-ын гээгдүүлсэн, түүний эзэмшлийн Самсунг Галакси А-53 загварын гар утас, мөн Хаан банкны ********** тоот дансны хэрэглээний виза карт зэргийг олж, улмаар эд зүйлсийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж Хаан банкны ********* тоот дансны хэрэглээний виза картаас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 21 минутаас 15 цаг 02 минутын хооронд “******”, “******” нэртэй хүнсний дэлгүүрүүдээс 4 удаагийн гүйлгээгээр 401,500 төгрөгийн худалдан авалт хийж, мөн хохирогчийн эзэмшлийн Самсунг Галакси А-53 загварын гар утсыг бусдад худалдаж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 891,043 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч М.Н-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 1,200,000 төлсөн гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2425001390068 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогч Г.Б-ын эзэмшлийн ********** дугаар Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 15-р тал/
-Хохирогч Г.Б-с гаргаж өгсөн Булган аймгийн ***** сумын дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн:.. VID20240130150910 гэх нэртэй бичлэгийг уншуулахад 04 минут 54 секундын бичлэг байх ба бичлэгт хар өнгийн дээл, улбар шар бүстэй, хар өнгийн дугуй малгайг нүүрээ дарж өмссөн, гартаа цагаан бээлийтэй, бараан өнгийн өмд, цагаан өнгийн пүүзтэй******* хүн нь тус дэлгүүрт орж ирээд архи, бэлэн мөнгө аваад гарлаа. Тухайн хүн нь баруун гартаа шивээстэй байх ба өврөөсөө улбар шар өнгийн кэйстэй гар утас гаргаж ирээд буцаад хийж байлаа...гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21-р тал/
-Фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-26-р тал/
-хохирогч Г.Б-с гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27-р тал/
-хохирогч Г.Б-ын мэдүүлсэн... Тэгээд би машинаас буухдаа куртикээ авч өмсөөд машин руу алхаж явтал миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би тэр хүүхнээс гар утас хаана байна гэтэл мэдэхгүй гээд байсан, мөн таксины жолооч буюу миний урдын танил Ч-ээс асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгээд би Ч-гийн утаснаас өөрийнхөө дугаар луу залгахад дуудаад авахгүй байсан. Ч тэгээд намайг нэгж гэхээр нь би түүний биеийг болон машиныг нь нэгжихэд утас гарч ирээгүй. Харин нөгөө хүүхнийг нэгжээгүй бөгөөд тэгээд тэр хүүхэн нь такситай буцаад явсан юм. Би таксины мөнгийг нь өгсөн... Ингээд тус өдрийн маргааш буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би Хаан банк ороод данснаасаа мөнгө авах гэхэд миний дансанд байсан мөнгө байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би дансаа шүүхэд миний ********** дугаарын данснаас 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5,500, 3,500, 109,000, 283,500 төгрөгийн зардал гарч карт уншуулсан байсан. Харин 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр уншуулсан 50,000 төгрөг бол миний өөрөө гар утас авахдаа уншуулсан гүйлгээ байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,
-гэрч Б.Ч-ийн мэдүүлсэн:..Би яг огноог нь санахгүй байна. Би хувийн машинтайгаа хувиараа таксинд явдаг бөгөөд тогтсон зогсоол гэж байхгүй, хаанаас бол хаанаас л явдаг юм.Тус өдрийн барагцаагаар 11 цаг өнгөрч байхад би Пирамидын гадаа зогсож байтал зүс таних Б нь нэг хүүхэнтэй миний машинд суусан. Тухайн үед тэр 2 согтуу байсан бөгөөд буудлаас гарч ирлээ гэж ярьж байсан... Хорооллын эцэст би нэг буудлын гадаа очиход Б нь буухаа болилоо доошоо уруудчих гэхээр нь хорооллын эцсээс чанх доошоо уруудаж Д дэлгүүрийн арын махны бөөний төвийн гадаа очиж зогссон. Тэгээд Б хүнтэй уулзана гээд машинаас буусан бөгөөд хүүхэн бид 2 машинд үлдсэн. Б буухдаа надад зардал гэж 10,000 төгрөг өгөөд наанаасаа наад хүүхэндээ нэг ундаа аваад өгчхөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ундаа авах юм уу гэтэл тэр хүүхэн 2-уулаа дэлгүүрийн гадаа очоод байж байя гэхээр нь би машинтайгаа Дэлгэрмөрөн дэлгүүрийн гадаа очиж зогссон. Би бууж дэлгүүр орж ундаа авч тэр хүүхэнд өгсөн. Тэгээд байж байтал Б нь нэг махлаг залуутай ирээд миний гар утас алга болчихсон байна, машинд чинь орхичиж гэж хэлсэн. Тэр махлаг залуу утсаараа Б-ын утас руу залгахад дуудаж байсан бөгөөд машин дотор утас дуугарахгүй байсан, машиныг маань сайн нэгжсэн бөгөөд байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/
-Ж.Б-ийн сэжигтнээр өгсөн:...Б ах машинаас буухдаа өөрийнхөө гар утсаар яриад буусан бөгөөд таксины жолооч бид хоёрыг дэлгүүрийн гадаа байж бай гэж хэлсэн. Б ах буухдаа бэлэн 10,000 төгрөгийг жолоочид өгөөд наад охиндоо ундаа авч өгөөрэй гэж хэлсэн. Дэлгүүрийн гадаа очоод жолооч дэлгүүр орж надад нэг кола авч өгсөн. Барагцаагаар 20 минутын дараа Б ах ирээд "би гар утсаа хаячихлаа, миний гар утас хаана байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь жолооч ах бид 2 чи гар утсаараа яриад буугаа биз дээ гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,
-******-******” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №11000648 дугаартай шинжээчийн:..Самсунг галакси А-53 маркийн гар утас, гар утасны кейс, жолооны үнэмлэх захиалах үнэ, Хаан банкны виза карт захиалах үнэ нийт 499,543 төгрөг ...гэх дүгнэлт /хх-ийн 51-57 дугаар тал/,
-Мөнхзаяа овогтой Нямсайханы эзэмшлийн ********** дугаар Хаан банкны дансны хуулга /хх-ийн 105-116-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2027 оны 05-р сарын 23-ны өдрийн №153 шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 126-130-р тал/
-шүүгдэгч М.Н-ын яллагдагчаар мэдүүлсэн...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэбат гэж ахтайгаа архи уучхаад гэрээс нь гараад Орхон аймгийн Баян-Өндөр сумын хорооллын махны дэлгүүрийн гаднаас гар утас олсон юм. Гар утасны кэйсын ард Хаан банкны виза карт байсан. Би тухайн гар утсыг Сонор хайрхан төвийн гадаа очоод уг гар утсыг үл таних хүнд 100,000 төгрөгөөр зараад Булган аймаг руу А гэх ахтайгаа модонд явсан. Тэгээд Булган аймгийн ***** суманд очоод гар утасны кэйсийн ард байсан Хаан банкны виза картны кодыг нь таагаад дэлгүүрээс би архи пиво ундаа авч тухайн картыг ашигласан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Махны бөөний төв” нэртэй дэлгүүрийн гаднаас, Г.Б-ын гээгдүүлсэн Самсунг Галакси А-53 загварын гар утас, Хаан банкны ********** тоот дансны хэрэглээний виза карт зэргийг олж, улмаар Хаан банкны ********** тоот дансны хэрэглээний виза картаас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 21 минутаас 15 цаг 02 минутын хооронд “Дэлгэр”, “Ихэр бугат” хүнсний дэлгүүрүүдээс 4 удаагийн гүйлгээгээр 401,500 төгрөгийн худалдан авалт хийж, Самсунг Галакси А-53 загварын гар утсыг бусдад худалдсан ба Г.Бт 891,043 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч М.Н-ын үйлдлийн улмаас Г.Б-ын өмчлөх эрхэд 891,043 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт,үндсэн шинжийг зааж тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө...завших” гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч М.Н нь хохирогч Г.Б-ын гээгдүүлсэн Самсунг галакси А-53 маркийн гар утас, Хаан банкны виза картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө захиран зарцуулж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заахдаа 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол“ гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж,
2.5 дугаар зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно гэж,
5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан тул шүүгдэгч М.Н-ын бусдын эд хөрөнгөд учруулсан 891,043 төгрөгийн хохирол нь бага бус хэмжээнээс дээш буюу хохирлын хэмжээгээрээ гэмт хэргийн шинжтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй.
Шүүгдэгч М.Н Эрүүгийн хуульд заасан хориглосон үйлдэл хийж бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг “Махны бөөний төв” нэртэй дэлгүүрийн гаднаас хохирогч Г.Б-ын гээгдүүлсэн түүний эзэмшлийн Самсунг Галакси А-53 загварын гар утас, Хаан банкны ********** тоот дансны хэрэглээний виза карт зэргийг олж, улмаар эд зүйлсийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж Хаан банкны ********** тоот дансны хэрэглээний виза картаас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 21 минутаас 15 цаг 02 минутын хооронд “******”, “*******” нэртэй хүнсний дэлгүүрүүдээс 4 удаагийн гүйлгээгээр 401,500 төгрөгийн худалдан авалт хийж, мөн хохирогчийн эзэмшлийн Самсунг Галакси А-53 загварын гар утсыг бусдад худалдаж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 891,043 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй, хохирол төлөгдсөн, гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хориглосон үйлдэл хийж бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай, хохирол төлөгдсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөлийг харгалзсан. Хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж гаргасан саналдаа: тэр үед жаахан согтуу явж байсан. Хамт явж байсан ах нарын үгэнд ороод буруу зүйл хийсэн, өөртөө харамсаж байна, өөр хэлэх зүйлгүй гэжээ.
3.Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч хохирогч Г.Б-д 1,200,000 төгрөг төлсөн, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, өөрт учирсан хохирлоо авсан гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 700 /долоон зуу/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А