| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/1155/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1337 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1337
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч *********, өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503000000392 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 03-ны орой 19 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Таван толгойн постны замд “Fit Shuttl”e маркын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “03 сарын 03-ны өдөр үсний найранд очоод 3 хундага архи, 4 аяга айраг уугаад машинаа жолоодоод булан тойроод цагдаад баригдсан. Гэмшиж байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2503000000392 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Эрх бүхий албан тушаалтны: “...********* *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун факрик, “ӨЕГ” өндгөөс 1 автобусны буудал газар 2,50% буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчил үйлдсэнийг 2025.03.03-ны өдрийн 19 цаг 56 минутад илрүүлж...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-4 дэх тал),
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан: “*********улсын дугаар тээврийн хэрэгслийн жолооч *********ын спиртийн агууламж 2,50%...” гэх баримт, гэрэл зураг (хавтаст хэргийн 6 дахь тал),
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.04-ний өдрийн 2024/ЗШ/729 дүгээр шийтгэврийн “...2024 оны 3 дугаар сарын 18-ны 21 цагийн үед 3,22 хувийн согтолтын зэрэгтэйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар *********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 15 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэх хуулбар (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл: “Жолооны үнэмлэхийн төлөв хэсэгт эрх хасагдсан, 2024.04.04-ний өдрөөс 2025.04.04 хүртэл 1 жил” гэжээ (хавтаст хэргийн 32 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-30), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-29) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 03-ны орой 19 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Таван толгойн постны замд “Fit Shuttle” маркын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь эрх бүхий албан тушаалтны “********* *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун факрик, “ӨЕГ” өндгөөс 1 автобусны буудал газар 2,50% буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчил...” гэх тэмдэглэл (хх-3-4), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.04-ний өдрийн 2024/ЗШ/729 дүгээр шийтгэврийн хуулбар (хх-17-19), Цагдаагийн ерөнхий газрын “эрх хасагдсан” гэх жолоодох эрхийн лавлагаа (хх-32) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчжээ.
Шүүгдэгч ********* урьд 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар (3,22%) тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.04-ний өдрийн 2024/ЗШ/729 дүгээр шийтгэвэр (хх-17-19), жолоодох эрхийн лавлагаа (хх-32)-аар тус тус нотлогдлоо.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.
Иймд шүүгдэгч *********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуу (амьсгал дахь спиртийн агууламж 2,50%)-аар тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч *********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 03-ны орой 19 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Таван толгойн постны замд “Fit Shuttle” маркын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад хор хохирол учруулаагүй тул 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн), дээрх гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учраагүй, шүүгдэгчийн хувийн байдал (өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан хугацаа дуусах гэж байсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Улсын яллагчийн “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн хувьд ажил эрхэлдэг талаар шүүхийн хэлэлцүүлэгт “Багро” ХХК-д ажилладаг, тодорхой орлого олдог гэж мэдүүлсэн, зорчих эрхийг хязгаарлах ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирно гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“***” ХХК-д туслах ажилтай, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч *********ыг 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ********** овогт *********гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ыг 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР