Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/00406

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр Дугаар 101/ШШ2017/00406 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, дугаар байр  тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй,  овогт Д.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Монел ..дугаар гудамж, тоотод оршин суух, 45 настай, эрэгтэй, Алаг адуу овогт Баасансамбуугийн Чинбаатар

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, 47 настай, эмэгтэй,  овогт Ж.П нарт холбогдох,

 

37 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О Б.Ч, Ж.П шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.О би Б.Ч Ж.П  нартай оны...  ..дүгээр сарын ...-нд зээлийн гэрээ байгуулан байрны эрхийн бичгээ 1 жилийн хугацаатай ... оны .. дүгээр сарын ...-ний өдрийг хүртэл .. төгрөгөнд тавиулсан /нэг өрөө/ зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаанд Б.Ч Ж.П нар төлбөрөө төлөөгүй өнөөг хүрсэн гэрээнд заасны дагуу сард ... төгрөг төлөх ёстой байсан. Иймд зээлийн хүү болох .... төгрөг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа:

Б овогтой Ч миний бие Д.О Д.Ц Г.Б нартай тохиролцон тус хүмүүсийн эзэмшлийн 1 өрөө байрны ордерийг эхнэр Ж.П нэр дээр итгэмжлэх хийлгэж 2 жилийн хугацаатай 30 000 000 төгрөгний зээлийг Төрийн банкнаас авсан. Би Д.О Д.Ц Г.Б нарт тухайн үед 3 800 000 төгрөгийг байрны ордер ашигласан төлбөрт нь өгсөн. Би одоогийн байдлаар төлбөрөө төлж бүрэн чадаагүй алдагдалд орсон байгаа. Эдгээр хүмүүс байрны мөнгөө төлөхгүй байна гээд 2015 оны 08 дугаар сараас эхлэн намайг загнаж хаана байгаа газарт очиж хэрүүл хийн миний бизнест гаднаас нөлөөлж байна. 2015 онд Д.Ц, Д.О нар түрээсийн ажлын байранд ирж хэрүүл хийж, орилж хашгирч байгаад байрнаас хөөгдөхөд хүргэсэн. Нарантуул захад болон Шилэн захад бизнес эрхэлж байх үед хажуугийн хүн болгонд байр луйвардаад авсан хулгайч гуйлгачингууд гэж хүн болгонд яриад бизнес эрхлэх нөхцөлгүй болгож байсан. Алтжин бөмбөгөрийн түрээсийн дэлгүүрээр хүмүүс янз бүрийн юм ярьж нэр хүнд унагааж байна. Энэ хүмүүсийн байрыг алдахгүй байхын тулд би бүхий л чадлаараа ажиллаж байгаа боловч санхүүгийн хямралтай байгаа өнөөгийн үед борлуулалт сайжрахгүй хэцүү байна. Дээр нь эдгээр хүмүүс дарамт шахалт үзүүлж бизнес хийх боломжгүй болгож байна. Энэ хүмүүсийг надад дарамт үзүүлэлгүй хуулийн дагуу шаардлага хүргүүлж байхыг хүсч байна. Би энэ хүмүүсийн байрыг ямар ч тохиолдолд банкинд хураалгахгүй ээ гэжээ.

 

Хариуцагч Ж.П шүүхэд гаргасан хариу тайлбарт, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Ж.П миний бие Д.Ц Д.О Г.Б гуравтай 1 өрөө байрны ордерийг Төрийн банкинд 30 000 000 төгрөгөөр барьцаалан ашиглаж байгаа нь үнэн болно. Уг байрны ордерийг хуульд заасан хугацаанд эргүүлэн авч Д.О хүлээлгэн өгөх болно гэжээ.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Ч Ж.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигч талууд хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдан байрны эрхийн бичгээ барьцаанд тавьж 30 000 000 төгрөг зээлсэн тул тус гэрээний үүргийн дагуу 37 200 000 төгрөг гаргуулна гэжээ.

Зохигчид тус маргаантай холбоотой тайлбарыг бичгээр гарган, шүүх хуралдааны явцад тайлбарлаж байх бөгөөд зохигчдын тайлбараас өөр нотолгооны хэрэгсэл, баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Талуудын тайлбараас дүгнэж үзвэл, иргэн Ж.П болон Д.Ц нар нь Төрийн банкнаас 30 000 000 төгрөгийн зээл авч зээлдэгчээр Ж.П, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.Ц нар гарын үсэг зурсан, тус зээлийн барьцаанд тавьсан 1 өрөө орон сууцны өмчлөгч болох Д.Ц Д.О Г.Б нар барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийн дүн буюу 37 200 000 төгрөг нь тус зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, хүүний төлбөрийн дүн зэрэг үйл баримтууд дурдагдах ба эдгээр үйл баримтуудтай зохигч талууд маргахгүй байна.

Түүнчлэн Зээлийн гэрээний барьцаанд 1 өрөө орон сууцаа тавьсан үйл баримтын тухайд нэг тал зээлийн барьцаанд тавих, нөгөө тал байрны гэрчилгээгээ ашиглуулсны төлөө төлбөрт 3 800 000 төгрөг төлсөн талаарх хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч тал маргаагүй байна.

Тус маргааныг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч Д.О эрх зүйн байдлыг түүний оролцсон иргэний эрх зүйн харилцаа тус бүрээр ялгаж тодорхойлон үүргийг тусгаарлан, субъект болон эрх зүйн харилцааны бие даасан байдлыг хангах үүднээс тодорхой дүгнэлтүүдийг хийсэн болно.

Нэг. Д.О нь зээлийн гэрээ байгуулаагүй тул тус гэрээний дагуу зээлдэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй. Харин барьцааны гэрээний хувьд барьцаалуулагч байх бөгөөд барьцаалуулагчийн үүрэг, эрхийг дангаар бус хамтран /Д.Ц болон Г.Б нарын хамт/ хүлээж байна. Тус харилцааны хувьд барьцаалагч Төрийн банк тул барьцааны гэрээний шаардлагыг тухайн гэрээний талууд хооронд хууль болон гэрээний дагуу шийдвэрлэх юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зохицуулсан гэрээний агуулга, тухайн гэрээний дагуу талуудад үүсэх үүрэг, шаардах эрх болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэг, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл, гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болон талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн байдал зэрэгт дүгнэлт хийж үзэхэд 30 000 000 төгрөг зээлэх зээлийн гэрээг Д.О болон Б.Ч  Ж.П нарын хооронд байгуулаагүй байна.

Иймд зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр болон хүү шаардах эрх Д.О үүсээгүй, Д.О зээлийн төлбөр болон хүү төлөх үүрэг Б.Ч болон Ж.П нарт үүсээгүй байх тул зээлийн төлбөр, хүүнд шаардсан 37 200 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хоёр. Д.О нь Б.Ч болон Ж.Б нартай байрны гэрчилгээг барьцаанд тавьж ашиглуулах, түүний төлөө төлбөр авах тохиролцоо хийсэн гэж тайбарлаж, энэ талаар зохигч талууд маргахгүй байгаа тул тухайн тохиролцоо хийгдсэн, тохиролцооны дагуу төлбөр төлсөн /3 800 000 төгрөг/ гэж үзэх үндэслэлтэй. Харин тус тохиролцооны дагуу үүсэх үүргийн хувьд байрны гэрчилгээг гаргуулахаар даалгах болон ашиглуулсны төлбөр төлөх зэргээр тохиролцсон үүргээ гүйцэтгэх шаардлагыг нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан гаргаагүй байх тул шүүх Д.О /Д.Ц, Г.Б нар/ болон Б.Ч Ж.Б нарын хооронд байгуулагдсан байрны гэрчилгээ ашиглуулахтай холбоотой хэлцэлд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт, Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлагаа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үндсэн дээр буюу зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн үүргийг шаардаж байх тул 186 дугаар зүйлийн 186.1-д заасан бусад гэрээний үүргийн болон гэрээний бус үүргийн үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр 37 200 000 төгрөгийг гаргуулна гэсэн байх тул нэхэмжлэгчийн тодорхойлоогүй бусад гэрээний үүрэг, гэрээний бус үүргийн болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэх үүрэг, гэм хор учруулснаас үүсэх үүргийн зэрэг шаардах эрх үүсгэх бусад үүрэг, иргэний эрх зүйн харилцаанд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. 37 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН