Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/01055

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/01055

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Сүхбаатар дүүрэгт байрлах, ******* ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Дүүрэнбуудай ХЗХ ХЗҮАЭХ -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 71.803.853 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь Дүүрэнбуудай ХЗХ ХЗҮАЭХ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71.803.853 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн санг үүсгэн байгуулж, тус сангийн журам болон Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг тус тус баталсан. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан хариуцагч "Дүүрэнбуудай" ХЗХ-той 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30.000.000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу "Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ" буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг байгуулж, гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкан дахь хариуцагчийн дансаар олгосон. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ижил нөхцөлтэй гэрээ дахин байгуулж, гэрээний дагуу 70.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкан дахь хариуцагчийн дансаар олгосон ба энэхүү 2 гэрээний үнийн дүн нийт 100.000.000 төгрөг болсон.

Хариуцагч "Дүүрэнбуудай" ХЗХ гэрээний 4.5 дахь хэсэгт заасан хүү төлөх болон гэрээний 4.6 дахь хэсэгт Сангийн хөрөнгөөр олгогдсон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн тайланг сар бүр дараа сарын 10-ны дотор, гэрээний хэрэгжилтийн мэдээг улирал бүр дараа улирлын эхний сарын 10-ны дотор тогтсон маягтын дагуу гаргаж хүргүүлнэ" гэж заасан үүргээ хангалттай биелүүлээгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 67 дугаартай "Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ байгуулж, гэрээний зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулж, зээлийн төлбөрийг буцаан төлөх хуваарийг шинэчлэн тогтоосон. Гэвч хариуцагч нэмэлт гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлах тухай мэдэгдэж, зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг шаардсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй, зээлийг бүрэн төлөөгүй. Хариуцагч зээл болох 100.000.000 төгрөгөөс зээлийн үндсэн төлбөрт 24.825.541 төгрөг төлж, 75.174.459 төгрөгийг буцаан төлөөгүй. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолын дагуу тус сангийн зөвлөлөөс *******тай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар тогтоосон. Уг тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой сангийн шаардах эрхийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээг *******тай байгуулсан ба энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад дурдсан шилжүүлсэн авлагын жагсаалтын 20 дугаарт Дүүрэн буудай ХЗХ багтсан тул нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын шаардах эрх үүссэн.

Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг хариуцагч төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 71.803.853 төгрөг болгож байна. Харуцагч сүүлийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч уг гэрээ, түүний хавсралтад хариуцагч талын эрх бүхий этгээдүүд баталгаажуулж гарын үсэг зурж тамга дарсан. Энэ гэрээнд нэхэмжлэгч олон байгууллагатай гэрээг зэрэг хийсэн тул гэрээний дугаарыг буруу бичиж техникийн алдаа гарсан байна. Иймд 71.803.853төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд:Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 107 тоот Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр тус сангаас 30.000.000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаанд буцаан төлөхөөр тохиролцсон. Уг зээлийн мөнгөн хөрөнгийг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 158 тоот "Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 70.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон байдаг. Бичил бизнесийг дэмжих сан болон Дүүрэнбуудай ХЗХ нар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний төлбөрийн үлдэгдэлийг баталгаажуулахад 99.935.398 төгрөг байсан. Энэхүү баталгаажуулсан дүн нь зөрүүтэй дүн бөгөөд нийт гэрээ тус бүрийн зээл хүү тооцооллийг нарийвчлан гаргаагүй болно.

Гэтэл талууд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 67 тоот нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд үндсэн гэрээнүүдийн үлдэгдэл 100.000.000 төгрөг болж, хүүгийн төлбөр 1.338.887 төгрөг, нийт 101.338.886.51 болгосон байдаг. Мөн уг нэмэлт гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ үндсэн гэрээний салшгүй хэсэг биш байна. Уг нэмэлт гэрээгээр ямар үндэслэлээр хүү тооцож эргэн төлөлтийн хуваарь тогтоож байгаа нь тодорхойгүй байх тул уг нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн энэхүү нэмэлт гэрээгээр тогтоосон эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүү тооцооллыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бөгөөд уг гэрээнд шал өөр манайхтай хамааралгүй гэрээний дугаар бичигдсэн байдаг тул энэ гэрээний дагуу хүү хугацаа тогтоосныг зөвшөөрөхгүй. Санамсаргүй гарын үсэг зурсныг далимдуулж болохгүй.

Манайх нийтдээ 33.709.564 төгрөг эргэн төлсөн байна. Дээрх зээлүүдийн нийт төлөх ёстой мөнгөн дүн 102.000.000 (30.600.000+71.400.000=102.000.000) төгрөг ба үүнээс нийт төлсөн эргэн төлөлт 33.709.564 төгрөгийг хасахад 68.290.436 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 31.344.981 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 68.590.417 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрнө. Үлдэх 8.213.166 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаал, шүүхэд төлөөлөх эрх олгох итгэмжлэл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 тоот тогтоол, түүний хавсралтууд буюу Бичил бизнесийг дэмжих ядуурлыг буууруулах нийслэлийн хөтөлбөр, тус сангийн журам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан 83 дугаар тогтоол, түүний хавсралт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор журамд оруулсан нэмэлт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоол, түүний хавсралт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоол, хавсралт буюу сангийн журамд оруулсан нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр тогтоол, түүний хавсралт, Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах тухай 02 тоот тогтоол, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх 135 дугаар тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээ, гэрээний хавсралт, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 107 тоот Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 158 тоот зээл олгох гэрээ, мөнгө шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 67 тоот нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлжээ. /хх 3-54/

Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дүүрэнбуудай ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын итгэмжлэл олгох тухай тогтоол, Дүүрэнбуудай ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол, тэмдэглэл, Төрийн банк, Хаан банкны дансны хуулгууд, мөнгөн шилжүүлгийн баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг ирүүлжээ. /хх 59-61, 83-84, 94, 102-130/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь Дүүрэнбуудай ХЗХ ХЗҮАЭХ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76.803.853 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 71.803.853 төгрөг болгож багасгасан тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Бичил бизнесийг дэмжих сантай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт гаргуулна, шаардах эрхийг шилжүүлж авсан гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлээс 68.590.417 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн. Татгалзлын үндэслэлээ шаардаж буй хүү тооцоолол ойлгомжгүй, зээлээс 33.709.564 төгрөг төлсөн гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэг талаас Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан нөгөө талаас Дүүрэн буудай ХЗХ нар 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 30.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч жилийн 1 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр 107 тоот гэрээг, мөн дахин 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлэгч 70.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч жилийн 1 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр 158 тоот гэрээг тус тус байгуулсан байна. /хх 38-43/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, түүнчлэн хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

4.2.Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан болон Дүүрэн буудай ХЗХ нар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 67 тоот нэмэлт гэрээг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгажээ. /хх 50-54/

4.3.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор тус сангийн зээлийн авлагатай холбоотой шаардах эрхийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан болон ******* шаардах эрх шилжүүлэх 01 тоот гэрээг байгуулсан, гэрээний хавсралтад Дүүрэн буудай ХЗХ тусгагджээ. /хх 30-33/

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6-д зааснаар Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг өөртөө шилжүүлж авсан үйл баримтад хариуцагч маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй.

4.4.Хэрэгт баримтаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр талуудын хоорондох тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн баримт авагдсан байх бөгөөд энэ өдрийн байдлаар хариуцагчийн төлбөл зохих зээлийн үлдэгдлийг 99.935.398 төгрөг гэж тусган хоёр байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулжээ. /хх 130/ Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад уг баримтад маргаагүй болно.

5.Харин зээлдэгч хэдэн төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл хэд болох гэдэгт зохигчид маргаж байна. Түүнчлэн 2018 онд гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргасан.

Хэрэгт баримтаар авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 67 тоот нэмэлт гэрээнд хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ. Харин уг гэрээнд дурдсан гэрээний дугаарууд хариуцагчтай байгуулсан гэрээний огноо дугаартай тохироогүй өөр болох нь тогтоогдож байх боловч энэ нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, техникийн шинжтэй алдаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчдын хоорондох 2015 оны хоёр гэрээгээр нэг жилийн хүү 1 хувь байхаар тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д нийцсэн. Энэ гэрээний хугацаа хоёр жил тул зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлэхэд дууссан байсан, уг тооцоонд хоёр зээлийг нэгтгэн үлдэгдлийг 99.935.398 төгрөгөөр тооцсон, улмаар талууд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохиролцож дахин нэг жил 6 сарын хугацаагаар гэрээг сунгасан, ийнхүү сунгахдаа гэрээний 5-д өмнөх гэрээний бусад заалт хэвээр хадгалагдах-аар заасан тул шүүх гэрээг сунгасан нэг жил 6 сарын хугацаанд хүүг тооцох нь зүйтэй.

Ийнхүү тооцвол хариуцагчийн төлбөл зохих зээл үндсэн зээлийн үлдэгдэл 99.935.398 төгрөг, хүү 1.499.031 төгрөг /999.354 төгрөг +499.677/, нийт 101.434.429 төгрөг байна.

Үүнээс тооцоо нийлснээс хойшхи хугацаанд хариуцагч 2019 оны 10 дугаар сарын 31-нд 10.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-нд 4.537.992 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 09-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 10-нд 3.268.996 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 06-нд 3.268.996 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-нд 3.268.996 төгрөг, хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын13-нд 5.000.000 төгрөг, нийт 31.344.980 төгрөг төлсөн баримтыг ирүүлжээ. /хх102, 103, 125-129/

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 70.089.449 /төлөх 101.434.429 - төлсөн 31.344.980/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1.714.404 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Дүүрэнбуудай ХЗХ ХЗҮАЭХ-оос 70.089.449 /далан сая наян есөн мянга дөрвөн зуун дөчин есөн/ төгрөг гаргуулж, ******* ТБАГУТҮГолгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.714.404 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 508.397 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2022/05507 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ