2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1457

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Аминаа,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Азбилэг,

шүүгдэгч *********, өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

шүүгдэгч *********, өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********, ********* нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410040330245 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *********

Шүүгдэгч: *************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжинд хохирогч *********согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*********тэй тааралдаад пиво аваад гарсан. Нэг эгч явж байсан. Түлхэж унагаад өмдийг нь тайлаад би нөгөө юм руу нь эрхтэнээ хийсэн. Тэр эгч зугтаад нэг хашаа руу ороход нэг ах гарч ирсэн. “Болиоч” гэсэн. Удалгүй цагдаа ирээд биднийг аваад явсан. ********* бид 2 хамтдаа мухар гудамж руу чирсэн. Эгч орилоод зугтаад хашаа давсан. Хохирол төлөөгүй байгаа. Их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2-3 хоногоос хохирлыг төлнө” гэв.

Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. *********тэй 2-4 пиво л уусан байх. Гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2,7 сая төгрөг өгсөн, уучлалт гуйсан. Барилгын ажил хийж байгаа. Үнэхээр их гэмшиж байна. Намайг уучлаарай. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2410040330245 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *********: “2024 оны 9 дүгээр сарын 27-ны орой нөхөр *********ын хамт “*********” нэртэй караокед 22 цагийн үед орж 2 шил архи уусан. Тэндээ ууж идэж, дуулж наргиж байгаад нөхрөө хаяад шөнийн 02 цагийн үед гараад Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын **** тоотын орчимд явж байтал 2 хүүхэд тааралдаад намайг хоргоогоод 2 талд гарч хаашаа ч хөдөлгөхгүйгээр хашиж зогсож байгаад түлхэж унагаад харанхуй хэсэг рүү баруун хөлөөс чирсэн. Харанхуй гудамж руу оруулаад шууд л 1 залуу нь миний хувцсыг тайлаад өөрийн өмдийг шувтлаад миний дээр гарсан. Нөгөө залуу нь “наад хүнийхээ хүслийг гүйцээхгүй бол чи шууд үхнэ шүү, бид нарт хутга байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад “эгч нь жаахан уусан байна, бөөлжчихөөд чиний хүслийг гүйцээе, намайг амьд үлдээгээрэй, би 4 хүүхэдтэй шүү” гэж хэлсэн. Орчноо сайтар ажиглатал миний хуучин амьдарч байсан гудамж байсан. Эхний өмдөө шувталсан залуу миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ шургуулаад дээр хөдөлж эхэлсэн. Би зөвхөн амьд үлдэхийг хичээгээд чимээгүй байсан. Тэгсэн нөгөө залуу нь “одоо миний ээлж” гэж хэлтэл нөгөө залуу нь хийж байсан үйлдлээ болих үед би доороос нь босож зугтаагаад тоотыг нь мэдэхгүй айлын хашаа руу орсон. “Туслаарай” гэж хашгирсан чинь айлын хүмүүс гараад ирсэн. Тэгээд нөгөө хоёр залууг бариад авсан. Нэг мэдсэн чинь би тасраад газарт унаад өгсөн. Сэрсэн чин цагдаагийн байгууллага дээр ирсэн байна. Намайг газарт унагаад чирсэн, толгой руу цохисон, үснээс чирсэн. Намайг хүчиндсэн 2 этгээдэд маш их гомдолтой байна. Энэ үйл явдал болсны дараа 3 хоног ажилдаа явж чадаагүй, эм тариа хэрэглэсэн. Надад 2 сая төгрөгийн хохирхол учирсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 27,  дахь тал),  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.10.15-ны өдрийн 12969 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ********* биед баруун хацар, зүүн тохой, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, өвдөгт зулгаралт, баруун бугалга, баруун сарвуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, тавхай, баруун шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. ********* бэлэг эрхтэн болон шулуун гэдэсний амсарт гэмтэл тогтоогдсонгүй. 7. Үртээний арчдас наалдцаас эр бэлгийн эс илрээгүй байна. 8. Тэмбүүгийн халдвар илрээгүй эмчлэгдсэн. ДОХ, Заг хүйтэн, Трихомониазын халдвар илрээгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

Шинжээчийн 2024.10.03-ны өдрийн 3031 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд гэмтэлгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

Шинжээчийн 2024.10.14-ний өдрийн 5554 дүгээр дүгнэлтэд: “1. Хохирогч **** хураан авсан гэх хар өнгийн куртик, хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн хантааз нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Хар өнгийн куртик, хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн хантааз дээр цус, шүлс, үрийн шингэн, биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй” гэжээ (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

Шинжээчийн 2025.01.16-ны өдрийн 5587 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн дотоож дээрээс цус, үрийн шингэн илэрсэн. ИБ-8635 дугаартай *********гэх хаягжилттай үтрээний арчдас дээрээс үрийн шингэн илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Цагаан өнгийн дотоож дээрээс илэрсэн цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. 3. ИБ-8635 дугаартай *********гэх хаягжилттай үтрээний арчдас дээрээс үрийн шингэн нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 4. Цагаан өнгийн дотоож дээрээс илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсээс холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн” гэжээ (хавтаст хэргийн 63-64 дахь тал),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025.01.23-ны өдрийн 176 дугаар дүгнэлтэд: “1. ********* сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. ********* сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрнэ. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх эсхүл байнгынх эсэх нь гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэг, хувь хүний сэтгэл зүйн онцлогоос хамаарна. 4. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй” гэжээ (хавтаст хэргийн 78-80 дахь тал),

Гэрч *********: “2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед гэртээ унтаж байтал шөнө дунд *********, ********* гээд эмэгтэй хүн орилоод сэрээсэн. Цонх онгорхой унтаж байсан тул тухайн эмэгтэйн орилох чимээ тод сонсогдсон. Цонхоо хаахаар босоод цонхон дээрээ очтол 2 эрэгтэй 1 эмэгтэйг чирсэн байдалтай Хан-Уул дүүргийн 7-р хороо байрладаг гудмаар алхаж явсан. Би согтуу хүмүүс нэгнийгээ чирээд яваад байна даа гэж бодоод үргэлжлүүлэн ажиглаж байтал согтуу эмэгтэй нь нилээн дурамжхан байдалтай газар суугаад чирэгдээд байсан. Нөгөө эмэгтэй нь “намайг явуулчихаач” гээд нөгөө 2 залуугаас гуйгаад байхаар би нэг л буруу зүйл болоод байна гэж ойлгоод утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Намайг бичлэг хийж эхэлмэгц нөгөө эмэгтэй босоод зугтаасан. Араас нь 2 залуу хөөж гүйцээд гудамны голд түлхэж унагаад нэг нь шууд өмдөө шувтлаад нөгөө эмэгтэйн өмдийг тайлаад дээр нь гарахаар би цонхоороо “хөөе болиоч, цагдаа дуудлаа шүү” гэж орилсон. Тэд миний орилохыг сонсоод нөгөө хүүхнийг цаашаа харанхуй хэсэг рүү чирсэн. Би бичлэгээ зогсоогоод цагдаагийн 102 дугаар утас руу “2 залуу согтуу эмэгтэйг хүчиндэж байна” гэх утгатай дуудлага өгсөн. Би хувцсаа өмсөөд гарах гэж байтал над руу хөдөлгөөнт эргүүлийн цагдаа залгаад байршил асуухаар нь хэлж өгч байх хооронд тэд давхиад ирж тухайн этгээдүүдийг үйлдэл дээр нь барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Гэрч *********: “********* нь манай өрхийн эмнэлэгт сэтгэцийн өвчнөөр бүртгэлтэй залуу байгаа юм. Тухайн залуу оюуны хөнгөн хомсдолтой, F70 гэсэн оноштой, IQ түвшин 69%-тай, хяналтад байдаг. Манай бүртгэлийн 5732 дугаартай картад тэмдэглэснээр уур уцаар ихтэй, өөрийгөө илэрхийлэхдээ муу, юмны утга учир ойлгохгүй, хүнтэй таарамжгүй, гадуур дэмий тэнэдэг гэсэн бүртгэлтэй хүн. Эмнэлгээр орж гарахдаа хэвийн байдаг, гаднаас нь хараад сэтгэцийн өвчтэй гэж хэлэх боломжгүй. Хөдөлмөр чадвар алдалтын 60% группд байдаг, энэнээс өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Шүүгдэгч *********ий сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Шөнийн 01 цагийн үед багийн найз *********тэй тааралдсан. ********* согтуу байсан. Бид хоёр “CU” орж нэг нэг пиво, нэг годгор хиам аваад гудманд уугаад сууж байтал нэг согтуу эгч гараад ирсэн. ...Бид хоёр эгчийг дагаад Хан-Уул дүүргийн 7-р хороо байдаг гудмаар орсон. Тэр эгч муухайн орилоод яваад байхаар нь бид хоёр араас нь очиж түлхэж унагаад би өмдийг нь тайлсан. Нөгөө эгч муухай орилоод байхаар *********ийг андаа амыг нь дарж байна гэсэн чинь ********* надад туслаад дарсан. Би өмдөө шувтлаад дарж хэвэж байгаад баахан хөдөлтөл эрхтэн босох үед эгчийн бэлэг эрхтэн рүү хийсэн. Эгч нь 4 хүхэдтэй хүн шүү дээ гээд байсан. Би дээр нь оцгонож байтал хажуу хашаанаас нэг эрэгтэй гарч ирээд “хөөе, чи болиоч” гэж хэлсэн. Би босож ирээд өмдөө татаж байтал эгч зугтаагаад айлын хашаа руу орсон. Ийм л зүйл болсон. Би хийсэн хэрэгтээ маргахгүй. Маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 191 дэх тал),     

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025.02.07-ны 156 дугаар дүгнэлтэд: “1. ********* нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. 2. *********ий дээрх эмгэгийн эмнэлзүй нь тогтвортой илэрдэг эмнэлзүйтэй эмгэг болно. 3. ********* нь харъяа дүүргийн эмнэлэгт хяналт ба группэд байдаг ба цаашид сэтгэцийн эмчийн үзлэг, хяналтад хамрагдах боломжтой. 4. ********* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. 5. ********* нь өөртөө эсхүл бусдад аюул учруулахаар байгаа эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно. 6. *********д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин ар гэр, асран хамгаалагч, харъяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтад байх шаардлагатай байна. 7.********* нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байгаа тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. ********* нь өөрийн сэтгэцийн түвшинд юмыг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэх чадвартай байна” гэжээ (хавтаст хэргийн 105-108 дахь тал),

Шүүгдэгч *********ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр нөгөө эгчийг дагаж алхсан. Харанхуй гудам руу ороод явж байтал ********* “Андаа мань энэ хүүхэнг бавчих уу” гэж асуухаар нь би “Тэг л дээ, чи чадах уу” гэсэн чинь ********* хөөж гүйгээд нөгөө эгчийг дарж унагаад хөлөөс нь татаж чирээд хашаанд шахаж байгаад доогуур хувцсыг нь шувталсан. ********* өөрийн өмдийг шувтлангуутаа нөгөө эгчийн дээр гараад оцгонож эхэлсэн. Би хажууд нь пивоо уугаад хүн амьтан хараад зогсож байсан. Нөгөө эгч орилоод, дуу чимээ их гаргаад байхаар нь би нөгөө эгчийн аман дээр гараараа дарсан. ********* бэлгийн ажлаа үргэлжлүүлээд болих шинжтэй байхаар нь би *********ийн нүцгэн хонгон дээр алгадаад “одоо болио андаа, яах гээд байгаа юм бэ” гээд татаад босгосон. ********* босож ирээд өмдөө татснаа хараал хэлэхээр нь чи байж бай, би эгчийг тайвшруулья гээд эгчид тайлбарлаж өгсөн. Эгчээ манай найз *** дугаар сургуульд сурдаг, сэтгэцийн өвчтэй, та хий гэснийг нь хийхгүй бол таныг алж мэднэ шүү гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эгч “За ойлголоо, эхлээд бөөлжөөдөхье, дараа нь хүслийг чинь гүйцээе” гэж хэлээд хажуу тийш бөөлжих гэж байгаа юм шиг хэд хэдэн удаа огиж байснаа зугтаагаад айлын хашаа орсон.  

Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан тул нэмж ярих зүйлгүй. Миний зүгээс хохирогч эмэгтэйг яг хүчиндэж бэлэг эрхтэнээ хийгээгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 178 дахь тал),

гар утасны бичлэгт үзлэг хийсэн: “...Сүүдэртэй хашааны цаана сэжигтэн цагаан цамцтай *********, хар цамцтай ********* нар хохирогч **** хандан ямар нэг зүйл ярьж байгаагаар эхлэж байгааг харуулав. ********* нь хохирогч *********сугадан тэвэрч гудамны гол руу чирэх бөгөөд хажууд нь сэжигтэн ********* гартаа хохирогчийн хар өнгийн куртикыг барин алхаж, хохирогчид хандан ямар нэгэн зүйл ярьж байгааг харуулав. ********* нь хохирогчийн хоёр гараас татах бөгөөд хохирогч гараараа газарт тулж хойшоо ухарч байна. *********, ********* нар хохирогчийн баруун, зүүн гараас татаж гудамны гол руу чирэх бөгөөд хохирогч эсэргүүцэж гараа татан авч хойш унаж байна. ...хохирогч гудамны голд суугаад босохгүй байх үед ********* түүний цээжин дээр гараараа дарж, ********* өмдөө тайлж доош суугаад хохирогчийн өмдийг тайлж байна. ********* нь хохирогчийн дээр гарч нааш цааш хөдлөн бэлгийн ажил хийж, ********* хохирогчийн дээрээс гараараа дарсан байна. ********* хохирогчийн дээр байрлалтай бэлгийн ажил хийж байх үед ********* “харин мэдээд байна шүү дээ, байж бай” гэж хэлээд *********ий нүцгэн өгзгөн дээр алгадаж байгааг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-35 дахь тал),

шүүгдэгч *********ий СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хх-95-101), үйлчлүүлсэн мэдээлэл (хх-102), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тодорхойлолт (хх-186), Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн “********* нь тус сургуульд 2009-2018 оны хооронд F70 оюун ухаан болон ADHD хавсарсан бэрхшээлтэйгээр суралцаж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хх-199),

шүүгдэгч *********ийн хохирогчид “хохирол төлбөрт 2,700,000 төгрөг төлсөн” гэх шилжүүлгийн баримт (хх-206), Хан-Уул дүүргийн ***дугаар хорооны Засаг даргын “********* нь тус хорооны Нүхт ****** тоотод оршин суудаг бөгөөд ээж *********** хамт амьдардаг...” гэх тодорхойлолт (хх-200) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжинд хохирогч *********согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогч ********* биед халдаж эрүүл мэндэд “баруун хацар, зүүн тохой, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, өвдөгт зулгаралт, баруун бугалга, баруун сарвуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, тавхай, баруун шагайнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хохирогч баримт гаргаж өгөөгүй ч 2 сая төгрөг нэхэмжилсэн учир гаргуулах саналтай. Сэтгэцэд учирсан хохирол нэгдүгээр зэрэглэл тогтоогдсон 3,293,400 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай. Шүүгдэгч ********* хохиролд 2,700,000 төгрөг төлсөн...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн “Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаангүй. Хохирлын баримт байхгүй, хохирогчийн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Сэтгэцийн хохирлыг төлнө...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр “Шүүгдэгч ********* гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, хохирогчтой бэлгийн харилцаанд ороогүй...” гэж,

иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжинд хохирогч *********согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ********* “...2 хүүхэд тааралдаад намайг хоргоогоод миний 2 талд гарч хаашаа ч хөдөлгөхгүйгээр хашиж зогсож байгаад түлхэж унагаад, харанхуй хэсэг рүү баруун хөлөөс татаж чирсэн. Харанхуй гудамж руу оруулж байгаад шууд л 1 залуу нь миний хувцсыг тайлаад өөрийн өмдийг шувтлаад дээр гарсан. Нөгөө залуу нь “наад хүнийхээ хүслийг гүйцээхгүй бол чи шууд үхнэ шүү, бид нарт хутга байгаа” гэж хэлсэн. ...Эхний өмдөө шувталсан залуу миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ шургуулаад дээр хөдөлж эхэлсэн. Тэгсэн нөгөө залуу нь “одоо миний ээлж” гэж хэлтэл нөгөө залуу нь хийж байсан үйлдлээ болих үед би доороос нь босож зугтаагаад айлын хашаа руу орсон...” гэх мэдүүлэг (хх-17), шүүх эмнэлгийн 12969 дүгээр “1. ********* биед баруун хацар, зүүн тохой, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, өвдөгт зулгаралт, баруун бугалга, баруун сарвуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, тавхай, баруун шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...6.********* бэлэг эрхтэн болон шулуун гэдэсний амсарт гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжилгээ (хх-40-41), гэрч ********* “...2 эрэгтэй 1 эмэгтэйг чирсэн байдалтай Хан-Уул дүүргийн 7-р хороо, байрладаг гудмаар алхаж явсан. ...Нөгөө эмэгтэй нь “намайг явуулчихаач” гээд 2 залуугаас гуйгаад байсан. Намайг бичлэг хийж эхэлмэгц нөгөө эмэгтэй босоод зугтаасан. Араас нь 2 залуу хөөж гүйцээд гудамны голд түлхэж унагаад нэг нь шууд өмдөө шувтлаад нөгөө эмэгтэйн өмдийг тайлаад дээр нь гарахаар нь би цонхоороо “хөөе болиоч ээ, цагдаа дуудлаа шүү” гэж орилсон. Тэд миний орилохыг сонсоод нөгөө хүүхнийг цаашаа харанхуй хэсэг рүү чирсэн...” гэх мэдүүлэг (хх-19), гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-32-35) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *********, ********* нарын согтуурсан үедээ бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гудамжинд явж байсан хохирогч *********хоргоож, түлхэж унаган мухар гудамж руу чирч, гудамжны голд шүүгдэгч ********* дарж хэвтүүлэн, шүүгдэгч ********* хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,

мөн шүүгдэгч нарын хохирогчийг түлхэж унаган, 2 гараас болон хөлөөс нь гудамжаар чирч гулдчиж ноцолдон, газар унагаж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч *********, ********* нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч нарыг буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг Эрүүгийн хуулиар хамгаалсан байдаг бөгөөд хүчиндэх гэмт хэргийн шинж нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг юм.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.01.23-ны өдрийн 176 дугаар дүгнэлт (хх-78-80)-ээр хохирогч ********* сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирчээ. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99% дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.

Тус аргачлалын 3.8-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хүчиндсэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан, хохирогчид гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий сөрөг үр дагавар үүссэн, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, төлбөрийн чадвартай зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 660,000х4,99=3,293,400 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1,646,700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ********* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн 2 сая төгрөгөөс өөрт ногдох гэх 1,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлын дээрх дүнд мөн хувьд ногдох 1,646,700 төгрөгийг 1,700,000 төгрөг болгож, нийт 2,700,000 төгрөгийг төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *********ээс 1,646,700 төгрөг гаргуулж, хохирогч *********(*******)-т олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч *********гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *********ийг 10 жилийн хорих ял, шүүгдэгч *********ийг 8 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********* тус бүрийг 2250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,250,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *********ий нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 10 жил 5 сараар, *********ийн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 8 жил 5 сараар тус тус тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6-д заасныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн “Шүүгдэгч ********* нь сэтгэцийн F70 оноштой, IQ нь 69%-тай, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү. Хүчиндэх гэмт хэрэгт идэвхитэй оролцсон ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгчийн ээжийнх нь хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа тул 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялуудыг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгч *********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, шүүгдэгч *********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан тул улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”, 1.5-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж...” гэх эрүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй. Түүнчлэн шүүгдэгч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх ...тусалсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар согтуурсан үедээ гудамжаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай явж байсан хохирогчийг хоргоож, хоёр талаас чирч, гулдчиж, мухар гудамж руу аваачихыг оролдон чирсэн, хохирогч явахгүй гэж эсэргүүцэн газар суухад нь шүүгдэгч ********* цээж, аман дээр нь дарж газар хэвтүүлэн, мөн үгээр айлган сүрдүүлсэн, шүүгдэгч ********* хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан, мөн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн бэлгийн халдашгүй байдал, эрх, эрх чөлөөнд халдсан, хохирогчоос хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд шүүгдэгч ********* 2,700,000 төгрөг төлсөн, хохирогч “Маш их гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх), шүүгдэгч *********ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн санаачилгаар хохирол төлсөн, оролцсон оролцоо, ар гэрийн байдал), шүүгдэгч *********ий хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, оролцсон оролцоо, F70 оноштой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнээд шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 (долоо) жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 4 сарын хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоног буюу 2 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 2 сар 6 хоногоор тогтоож,

шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэг нь өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг зохицуулсан бөгөөд шүүгдэгч *********ий хувьд өсвөр насны хүнд хамаарахгүй. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна...” гэх онош тогтоогдсон бөгөөд “...хэрэг хариуцах, ...өөрийн үйлдлээ удирдан жолоодох, ...өөрийн сэтгэцийн түвшинд юмыг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэх чадвартай...” гэх нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч *********ий өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү, тухайн зүйл ангийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэж шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн шүүгдэгч нарын дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулж, харин шүүгдэгч *********д тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээгээр оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.  

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********, ********* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ********** овогт *********н *********, ********** овогт *********ийн ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *********ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *********ийг 7 (долоо) жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоног буюу 2 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 (долоо) жил 2 (хоёр) сар 6 (зургаа) хоногоор тогтоож,

шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********* тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ээс 1,646,700 төгрөг гаргуулж, хохирогч *********(*************)-т олгож, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********, ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********, ********* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                        Л.БААТАР

 

                         ШҮҮГЧИД                                       Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                        Х.ОДБАЯР