Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 33

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Нямдоржид холбогдох эрүүгийн 201701070042 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                    Ц.Баясай

 Улсын яллагч                                                     Ж.Бүрэнжаргал

Хохирогч                                                       Ч.Сумъяа           

 Шүүгдэгч                                                       Д.Нямдорж нар оролцов.

Монгол улсын иргэн, 1955 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, 62 настай, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр Ч.Сумъяа, ээжийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо 42 дугаар байрны 22 тоот орон сууцанд оршин суух, ТВ55060213 дугаарын регистертэй, Буянт боржигин овгийн Дугаржамцын Нямдорж

           Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

           Яллагдагч Д.Нямдорж нь 2017 оны 2 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны урд буланд эхнэр Ч.Сумъяаг түлхэж унаган бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Д.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 сарын 17-ны өдрийн шинийн 01-ний орой гэрээсээ гараад ганц нэг айлаар ороод 17 дугаар байрны баруун буланд явж байхдаа эхнэрийг араас дагаад байхаар нь “гэртээ харь” гээд түлхэж унагаасан. ...Тэгээд би 7 дугаар байр руу айл руу орох гээд эхнэрийгээ гэр рүүгээ харь гэсэн чинь эхнэр дагаад явахгүй болохоор нь баруун талаас нь зүүн тал руу нь баруун гараараа түлхэж унагасан. Тухайн үед би эхнэрийгээ түлхчихээд орхиод яваад өгсөн. Тэгээд би 7 дугаар байранд айлд орчихоод гэртээ ирсэн. ...Нүүр нь хөхөрсөн, зүүн талынх нь шанаа зурагдсан гэсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           Хохирогч Ч.Сумъяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр цагаан сарын шинийн нэгэн байсан, нөхрийн ах дүү нар манайд орж ирээд бид хоёр баярлаад бага зэрэг ууж, идэцгээсэн, тэднийг явсны дараа нь нөхөртэйгөө цуг гадагшаа гарсан. Тэгээд нөхөр айлд оръё гэхээр нь би “өвчтэй зовлонтой байхад нь ороогүй байж хоосон орж болохгүй гээд орохгүй” гэсэн. Тэгсэн нөхөр “тэгвэл чи харь” гээд намайг түлхсэн, тэгтэл би хайс мөргөөд унасан. Би бас тэр үед жоохон уучихсан байсан юм. ...Нөхөр намайг түлхэж унагаахад гэмтэл учирсан байх, гэхдээ би бас халамцуу байсан болохоор миний буруутай зүйл байгаа байх, бид хоёр 40-өөд жил ханиллаа, одоо надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           Гэрч Ч.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мартын 08-ны өдөр Нямдорж ахтай утсаар яриад эгчтэй ярих гэхэд бид хоёр Мартын 08-ны бэлтгэл хийж байна, ажилтай байна гээд эгчтэй утсаар яриулахгүй байсан. 3-4 хоногийн өмнө Сумъяа эгч Төв аймгийн Сүмбэр суманд амьдардаг Баасан гэдэг дүүтэй ярихдаа би хүнд зодуулаад хэд хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарч ирлээ гэсэн. Нямдорж ахтай утсаар яриад эгч юу болсон бэ? та хоёр нийлж архи ууж идэхдээ болиоч дээ гэж хэлэхэд Нямдорж ах “ах нь уг нь хүн зодох хүн биш л дээ” гэсэн. Тэгэхээр нь тэтгэвэрт суусан хөгшин хүнийг өөр хэн зодох бэ дээ гэж хэлэхэд Нямдорж ах “за за би шоронд орох юм байна л даа” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22 дугаар хуудас/

           Гэрч Ш.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 27-ны орой би худын дүү Нямдоржийн гэрээр орох гээд явж байхад Нямдоржийн эхнэр  согтуу орцондоо гэр рүүгээ орох гээд нүүр нь халцарсан явж байсан. Би тухайн үед нөхөр Пүрэвдашийн хамтаар Нямдоржийн эхнэр Сумъяагаас юу болсон юм бэ? хүнд зодуулсан юм уу гэж асуухад үгүй би хүнд зодуулаагүй машинаас уначихлаа гэж хэлж байсан. Ингээд Нямдоржийн гэрээр ороход Нямдорж гэрийн хаалгаа тайлсан ээж нь орондоо ороод хэвтсэн байсан. Ингээд би нөхрийнхөө хамтаар Нямдоржийн гэрийн том өрөөнд орсон бөгөөд Нямдоржийн эхнэр Сумъяа Нямдоржийг хараад уйлаад тэр хоёр гал тогооны өрөөнд хамт ороод яриад суугаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/

           Гэрч Н.Пүрэвдашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нямдоржийнд орох гээд орц руу ороод явж байтал орцонд Нямдоржийн эхнэр Сумъяатай таарсан бөгөөд Сумъяагийн нүүр нь цус болсон хөл дээрээ гуйвсан их согтуу гэрлүүгээ орох гэж байсан. Тэгэхээр нь би Сумъяагаас хүнд зодуулчихсан юм уу  гэж асуухад Сумъяа үгүй ээ би машинаас уначихлаа гэж хэлсэн. Ингээд бид 3 Нямдоржийг хаалгыг нүдэхэд Нямдорж гэрийн хаалгаа онгойлгож өгсөн. Сумъяа гэрлүүгээ ороод Нямдоржийг харангуутаа уйлаад гал тогооны өрөөнд орсон. Нямдорж наадхаа битгий тоо гэж хэлээд эхнэр бид хоёрыг зочины өрөө рүүгээ оруулаад өөрөө гал тогооны өрөө рүү орсон. Тэгэхээр нь би гал тогооны өрөө рүү араас нь ороод Сумъяагаас яасан хөгшөөн гэж асуухад Сумъяа нүүрээ дарчихаад машинаас уначихсан гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 шэ/072 тоот актын:

  1. Ч.Сумъяагийн биед тархины доргилт, баруун, болон зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун болон зүүн хацар, баруун гарын шуу, хүзүүний өмнөд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл.
  3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Хохирогчийн зааж буй хугацаатай тохирч байна.
  5. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  6.  Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  7. Эдгээр гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюулгүй.
  8. Гэмтэл цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-н 26 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Нямдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан  болно.

Дээрх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж үзэж, эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны, үнэн зөв гэж дүгнэж нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

      Шүүгдэгч Д.Нямдорж нь согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны урд буланд эхнэр Ч.Сумъяаг түлхэж унаган бие махбодид нь гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...айлд цуг очино гэхээр нь чи харь гээд маргасан. Эхнэрийнхээ баруун гар талаас нь баруун гараараа түлхэж унагаасан. Нүүр нь хөхөрсөн гэмтэл гарсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Сумъяагийн “...намайг манай нөхөр түлхэж, би хайсан дээгүүр даваад унасан...” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн “...Ч.Сумъяагийн биед тархины доргилт, баруун, болон зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун болон зүүн хацар, баруун гарын шуу, хүзүүний өмнөд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 09 шэ/072 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нямдорж нь эхнэр Ч.Сумъяаг “их согтсон байна гэрлүүгээ харь” гэж хэлснээс болж тэдний хооронд ахуйн чанартай хувийн таарамжгүй харилцаа үүссэн байх тул шүүгдэгч нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулах үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай ханджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Д.Нямдорж нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Сумъяа нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ. Иймд шүүгдэгч Д.Нямдоржийг хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гомдол саналгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

    Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болж байна.    

          Иймд шүүгдэгч Д.Нямдорж нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаархи хүсэл зоригийг илэрхийлсэн хүсэлтийг бичгээр хэрэгт ирүүлж, энэ талаараа шүүх хуралдаанд мэдүүлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,  283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Буянт боржигин овгийн Дугаржамцын Нямдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Буянт боржигин овгийн Дугаржамцын Нямдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Хохирогч Ч.Сумъяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Д.Нямдоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Нямдоржид урьд авсан гадагш явж болохгүй байх тухай баталгаа авсан тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Д.Нямдорж болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.БЯМБАЖАВ