Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/539

 

      2021             5             27                                      2021/ДШМ/0539                               

 

     Ш.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2010022921060 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Ш.Б

          Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

 

          Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нутгийн буян 35а байрны 309 тоотод хохирогч Б.Бэтэй маргалдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан цээжин тус газарт нь нэг удаа хутгалан баруун нүдний зовхинд шарх, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ш.Баас 524,245 төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 35а байрны 309 тоотод оршин суух Боржигон овгийн Буяндэлгэрийн Бэ /РД:ЧГ76010810/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,545,055 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бэ нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хуванцар иштэй урт нь 13,5 см, ажлын хэсэг нь хөр өнгийн дэвсгэртэй, урт нь 20,8 см цагаан өнгийн цэгчилсэн хээтэй, өргөн нь 3,5 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримтаар устгах комисс”-т шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж хохирогч Б.Бээс чин сэтгэлээсээ уучлал гуйж гэмшиж байна. Би анхан шатны шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулах болно. Уг байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хуулийн дагуу хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

 

Прокурор Т.Мижиддорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Ш.Бд оногдуулсан ял шийтгэл нь хуульд нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нутгийн буян 35а байрны 309 тоотод хохирогч Б.Бэтэй маргалдаж улмаар хутга зэвсгийн чанартай зүйл ашиглан цээжин тус газарт нь нэг удаа хутгалан түүний биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Бийн “... тэгээд гэрийн хаалганы хажууд гадаа бид хоёр бие биенээ заамдаад маргалдахад хутга гаргаж ирээд миний зүүн талын цээж хэсэгт хутгалаад, хутгаа сугалж аваагүй. Би өөрөөр хутгыг сугалж авахад намайг гэр лүү татаж оруулаад үүдэнд хэвтүүлэхэд би юм дуугарч чадахгүй, амьсгалж чадахгүй байхад хутганыхаа ишээр баруун нүд рүү цохиод байсан. Тэгэхэд баруун нүдний хөмсгийг зүссэн. Тэгээд хутгыг хаалганы хажууд босгож тавиад гэрэл унтраагаад хаалга хаагаад яваад өгсөн. ...” /хх 21-23/,

 

гэрч Н.Бгийн “... 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн шарын 5 байранд байдаг Сараагийн гэрт Б, Бэ, Ганаа бид нар нэг том “Хараа” нэртэй архи аваад хувааж уусан. ...Миний санахаар бид нар архи ууж байхад Б надад халаасандаа байсан хутгаа үзүүлсэн. Тэгэхээр нь “та одоо хөгширч үхэх гэж байж наад хутга шөвгөө боль” гэхэд “за за ах нь мэдэж байна” гэсэн. ... хар иштэй хутга байсан, урт богиныг нь хараагүй. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, нэг харахад Б, Бэ нар маргалдаж байсан, гэхдээ сүртэй юм болоогүй ... тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Б надтай “7 наран” нэртэй дэлгүүрийн урд таараад “Гэмтлийн эмнэлэг рүү Бэ дээр очъё” гэхээр нь “яасан юм бэ” гэхэд нь “ах нь Бийг хутгалчихсан” гэж хэлсэн ...” /хх 35-36/,

 

гэрч Л.Гын “... Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байхаа утас руу нь залгахад авахгүй байсан ба ажилтай байсан учир очиж чадахгүй явж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ажлаасаа буугаад замаараа ахтай уулзах гээд 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 35а байрны 309 тоот гэрт нь очсон. Надад түлхүүр нь байдаг болохоор дотогш ороход үүдний хэсэг, мөн хана цус болчихсон байсан. Бэ ах гудсан дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь очоод юу болсон бэ гэхэд “Бтай архи ууж байгаад гэрээсээ гаргах гээд хутга авсныг мэдэхгүй байж байхад нүдэн дээр хутгалсан” гээд их дуу султай, олигтой сайн ярьж чадахгүй байсан учир түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Бийн зүүн талын цээжин хэсэгт шархтай, баруун нүдний хажууд шархтай, нүд нь хөхөрч хавдсан байсан ...” /хх 31-33/,

 

Ш.Бын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ... Бийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 9 байрны суурин дээр баригдсан байрны 309 тоот гэрт нь Бэ, Б бид гурав архи ууж байгаад би Бэтэй маргалдсан, юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан маргалдаж байхдаа гал тогооны тавилга дээр ил хутга байхаар нь аваад үүдний хаалганы хажууд Бийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. ... Бийн биед учирсан гэмтлийг би хутгалж учруулсан. Маргалдаж байхдаа нүд рүү нь цохиж барьсан байх. ...” /хх 61-65/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12747 дугаартай “Б.Бийн биед цээжний хөндийгөөр өрцийг гэмтээж хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, хэвлийн гялтанг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 600 мл, хөндлөн гэдэс, бага сэмжний няцрал, нарийн гэдэсний саажилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний алимны өөхөн эслэгийн цус хуралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” гэх дүгнэлт /хх 44-46/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-15/, Б.Бийн өвчний түүх, эмчилгээний зардлын баримт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу  анхан шатны шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Ш.Быг хүний эрүүл мэндэд хутга зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Бын хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж, Б.Бийн цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь цэжний хөндийгөөр өрцийг гэмтээж хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж, хэвлийн гялтанг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт, хөндлөн гэдэс, бага сэмжний няцрал, нарийн гэдэсний саажилт, мөн баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний алимны өөхөн эслэгийн цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ш.Б “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “... Хүний эрүүл мэндэд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан бол ... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Бын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялын хэмжээний дотор 6 жилийн хорих ял оногдуулсан нь учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Түүнчлэн, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогчийн биед учирсан хохирол, гэмтлийн байдлыг дутуу бичсэнийг шүүхээс зөвтгөн дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ