| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/03539/И |
| Дугаар | 101/ШШ2022/03411 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/03411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж ******* тоотод оршин суух Халзан овогт Мижидийн А*******ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1984 оны 6 дугаар сард 10 жилийн сургуулиа дүүргээд өөрийн эцэг, эхийнд амьдарч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Тоом бригадад саальчнаар ажиллаж байгаад боловсрол эзэмшихээр Улаанбаатар хотод ирж сурч ажиллаж амьдрах болсон. Одоо миний бие 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах болоход хөдөө ажиллаж байсан үеийн бичиг баримт алга болсон учраас 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Тоом бригадад саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч нь 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Тоом бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3/207 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Тоом 3 дугаар бригадад ажиллаж байсан *******ийн цалин хөлсний лавлагаа (1984 оны 7 дугаар сараас 1987 он дуустал хугацаагаар), цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, гэрч Ц.П*******, С.Д******* нарын тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд хүсэлтийг хангаж *******ийг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Тоом бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Халзан овогт Мижидийн А*******ийн 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Тоом бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ