| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/194 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Ц.Л
Хохирогч Г.Н
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 2425005240701 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,*******, ,, С А ургийн овогт Ц-ийн О, /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” сауны дотор хохирогч Г.Н-ийг гар утсаараа бичлэг хийх гэхэд “чи муу яадаг гэнээ чамайг ийм бүдүүн, ногоон нүдтэй болохоор чинь******* чинь надтай явж байгаа юм” гэж хэлэн маргалдаж, улмаар “*****” сауны гадаа хохирогчийг гараа цээж хэсэгт цохиж, хөлөөрөө зүүн гуя, гар хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь “цээж, нуруу, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ц.О-ын мэдүүлсэн: Н-ийг би шууд үсдэж аваагүй, эхлээд намайг үсэдсэн. Гадаа гараад машинтайгаа явах гэхэд миний машиныг хааж зогсоод “хүүхдийн чинь цэцэрлэг дээр очно” гээд элдвээр хэлээд байхаар нь би гуя хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, хувцаснаас нь татсан. А салгасан. Гэм буруугаа хүлээж байна. Би үнэхээр залхаж байна. 3 сард А шөнө манайд орж ирээд намайг болон нөхрийг маань зодож гэмтэл учруулсан. А шүүхээр битгий яваач гэж чат бичсэн. Н-ээс уучлалт гуйж байна. Надад гэрч алга, би бүх буруугаа хүлээгээд энэ хэргийг дуусгамаар байна. Бүгд миний буруу, дахин Н-ийг зовоохгүй, уучлалт гуйж байна гэх мэдүүлэг,
-хохирогч Г.Н-ийн мэдүүлсэн: 2025 оны 4 дүгээр сарын 11-нд О нь А-тай чатласан, энэ 2 холбоотой байгаа. 2024 оны 10 дугаар сарын 25-нд би саун руу орсон, энэ гарч ирсэн, үсдэлцсэн. Тэгээд гарсан. Гараад би О-г явуулахгүй гээд машиныг нь хааж зогссон. О миний цээж рүү цохиж хөл рүү өшиглөсөн. Уучлаарай гээд байгаа нь худлаа байдаг. Гадаа өшиглөхдөө зүүн гар руу өшиглөж таарсан. Нуруу руу халдаж цохиогүй, гомдолтой гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2425005240701 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Г.Н-ийн мэдүүлсэн... Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед миний бие өвдөж халуураад******* А руу мессеж бичтэл******* манай ажил тараагүй байна,би чамд таксины мөнгө өгье, чи өөрөө эмнэлэг ороод үзүүлчих гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь би хамт ажилладаг дүү рүү нь залгаж нөхрөө асуутал манай ажил аль түрүүнд тарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь миний хар хөдөлж урд өмнө нь явалдаад байдаг хүүхэн О-той уулзаж байгаа юм байна гэж бодоод, тэр хоёрын хоорондоо бичилцэж байсан мессежийг бодоод шууд гарч хайхаар болж 6-р микрт байрлах “*****” сауны газар очтол **-** ОРБ улсын дугаартай хар Соната 8 маркийн машин гадаа нь зогсож байсан уг машин нь манай*******тэй явалдаад байсан О-гийн машин мөн байсан. Би тэр хоёрыг энэ саунд байгаа юм байна гэж бодоод тэр сауны газар руу орсон чинь тухайн сауны сандал доогуур манай нөхрийн гутал байж байсан. Тэгээд энэ хоёр хамт байгаа юм байна гэж мэдээд сауны үүдэнд хүлээж байтал, 20 цаг 45 минут гэж байхад сауны хаалга онгойж эхлээд О гарч ирсэн араас нь манай******* А гарч ирсэн. Би баримтжуулж авах зорилгоор гар утсаараа бичлэг хийсэн тэр хоёр надаас зугтаж эргэж саундаа орохоор нь би араас нь саун руу орсон чинь О куртикнийхээ малгайг өмсчхөөд над руу харж чадахгүй доошоо хараад байсан. Тэгэхээр нь би куртикнийх нь малгай дээшлүүлж бичлэг хийх гэтэл над руу чи муу яадаг гэнээ чамайг ийм бүдүүн, ногоон нүдтэй болохоор чинь******* чинь надтай явж байгаа юм гэж хэлээд хоёр гараараа миний толгойн үснээс зулгааж чирч гулдраад тавихгүй байсан А дундуур орж ирж салгасан. Тэгээд “*****” төвөөс дуудаад байж байсан чинь О гарч ирээд машинаа унаад явах гэхээр нь би очиж “цагдаа дуудсан байна, чи намайг сая зодсон, цагдаа хүрч ирэхээр учраа олоод салъя” гэж хэлэхэд О “чи муу машинаас холд би харимаар байна” гээд над руу орилж хашхичин миний цээжин тус газар нэлээн хэдэн удаа цохиж, зүүн гар, зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөсөн. Намайг ална гээд дайрсан манай******* дундуур орж салгасан. О машинаа орхиод явган зугтах шахуу явсан. ...Миний биеийн цээж хэсэгт 3-4 удаа гараараа цохисон. Мөн хөлөөрөө хөл рүү 2 удаа өшиглөсөн. ...”, “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Урд өмнө өгсөн мэдүүлэгтээ би сэтгэл санааны хохиролтой байна гэж мэдүүлсэн. Одоогоор надад сэтгэл санааны хохирол гээд байх зүйл алга. Харин би уг хэрэг явдал болсноос хойш 4 өдөр ажилдаа яваагүй миний нэг өдрийн цалин 100.000 мянган төгрөг байдаг. Тиймээс О-с 4 өдрийн цалин болох 400.000 мянган төгрөг нэхэмжилж байна. Би эм тариа болон эмчилгээний мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.Миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй гэж бодож байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байна. Хуулийн дагуу миний гомдлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20-р тал/,
-гэрч С.И-ын мэдүүлсэн:.. Би тухайн өдөр “*****” буудлын саун, буудлын үйлчлэгчийн ажилтай ажил дээрээ гарч байсан. 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой 19 цагт нэр усаа хэлээгүй нэг******* хүн захиалга өгсөн. 19 цаг 30 минутад гаднаас хүүхэн залуу хоёр орж ирээд, захиалга өгсөн гээд манай саунд орж үйлчлүүлж байсан. 20 цаг 30 минутын үед нэг танихгүй******* гаднаас орж ирээд танай саунд хүүхэн залуу хоёр орсон уу? залуу нь өндөр байсан уу? гэж асуугаад, би энэ хоёр хүнтэй хамт орох байсан юм гэхээр нь би тийм хүмүүс ороогүй гэхэд гутлын тавиур дээр байсан гутлыг хараад “энэ залуугийнх нь гутал байна, танайд орсон байна” гээд, сауны хүлээлгийн сандал дээр суугаад утсаараа бичлэг хийгээд байгаа бололтой суугаад байсан. 21 цагийн үед сауны хаалга онгойх үед тэр хүүхэн саун руу орилж хашхираад орсон. Удалгүй үсдүүлж зодууллаа гээд гарч ирсэн. Толгойн үс нь сэгсийсэн зодолдсон байдалтай байсан. Н, О гэх хоёр******* сауны хүлээлгийн өрөөнд бие биеэ янхан банзлаар дуудаад хэрэлдээд байсан. Саунд хамт орсон залуу Н гэх*******г авч гадаа гарсан. О араас нь гарч тэд нар хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24-р тал/,
Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 938 дугаартай ...Г.Н-ийн биед цээж, нуруу, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/
-Шүүгдэгч Ц.О-ын яллагдагчаар мэдүүлсэн:… Би тухайн тогтоолтой уншиж танилцлаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 10 сарын 26-ны өдөр ажилдаа орох байсан. Тэгээд ажилдаа орохоосоо өмнө саунд суугаад оръё гэж бодоод найзтай хамт саунд орохоор ****** багт байрлах “*****” төвийн саунд 19 цагт захиалга өгсөн. Тэгээд миний утас руу А залгаж уулзаж ярих юм байна хальт уулзъя гэсэн би *-р микрт байрлах төвийн саун орох гэж байна гэж хэлээд тус сауны гадаа очиход А ирсэн байсан. А-тай уулзаад байж байтал сауны үйлчлэгч 19 цаг 30 минутын үед миний гар утас руу залгаж сауны цаг яваад байна гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр сауны хүлээлгийн өрөөнд хамт орж юм ярьж суусан. 20 цаг 30 минутын үед гарч ирэхэд урд Н гар утсаа барьчихсан миний өөдөөс түлхэж дайраад сауны хүлээлгийн өрөөнд оруулсан. Би дуугүй хана налаад зогсож байсан чинь миний толгойн үснээс зулгааж доош нь дараад байхаар нь би гараа дээшээ сарвайсан чинь Н-ийн үс баригдсан бид хоёр харилцан үснээсээ зулгаалцаж байхад А бид хоёрыг салгаж, А Н-ийг саунаас авч гарах гээд ноцолдоод Н нь гарахгүй сауны хаалганаас гараараа зуурчихаад орилж хашхираад байсан. А уурлаж Н-ийн нуруун тус газар нь гараараа 3 удаа цохисон. Н А-ын гар утсыг нь аваад гараад явсан араас нь А гараад явсан. Би араас нь саунаас гарахад А, Н хоёр миний машины хажуу талд зогсож байсан. Би машиндаа суух гэтэл Н суулгахгүй намайг хэл үгээр доромжлоод байсан тэр үед нь би Н-ийн биед халдаагүй. Харин “янхан ээжтэй янхны хүүхдүүдийг нь цэцэрлэг, сургууль дээр нь очиж нүдний булай болгоно” гэж хэлэхэд нь миний үр хүүхдүүдийг оролцууллаа гээд, уур минь хүрч Н-ийн гуя гар руу нь өшиглөсөн. А бид хоёрыг салгасан би машинаа үлдээгээд шууд гэр лүүгээ алхаад явсан. А миний араас гүйгээд хүрээд ирэхээр нь би зайл, далд ор гээд орилсон. 2023 оны 08 сарын эхээр би*******тэйгөө таарч, тохирохгүй улмаас хоёр талд амьдрах болсон. 2023 оны 11 сарын 16-нд манай найзын төрсөн өдөр болж тэр төрсөн өдөр дээр А ирж танилцсан. А надтай танилцах үедээ би эхнэр үгүй манай эхнэр хоёр хүүхэдтэйгээ Америкт амьдардаг ер нь бол салсан гэж ярьж байсан.Түүний дараа гэв гэнэт эхнэр нь гээд Н над руу А-ын хаягаар орж ирээд ирээд ярьж А-ын эхнэр нь байна гэсэн бид хоёр маргалдаж, би Аюурзаныг эхнэртэй гэж мэдээд дахиж А-тай харьцаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52-р тал/,
-шүүгдэгч Ц.О-ын хохирогч Г.Н-д 400,000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-н 87-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06-р сарын 21-ний өдрийн №988 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 89-92-р тал/
-хохирогч Г.Н-ийн дахин мэдүүлсэн:..2024 оны 10-р сарын 25-ны өдрийн 20 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум ****** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” сауны газарт зүс таних Ц.О нь машины хаалга хааж зогслоо гэх шалтгаанаар миний цээж хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Миний нуруу хэсэгт Ц.О нь цохиогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 112-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 372 дугаартай “..Ц.О-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 118-120-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай “...Г.Н-ийн биед цээж, нуруу, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 123-124-р тал/
-Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04-р сарын 01-ний өдрийн 10 дугаартай:.. Г.Н-ийн биед биед цээж, нуруу, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нийтдээ биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү байх тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дүгнэлтийн 5 дахь хэсэгт бичигдсэн байна. 2024 оны 10 дугаар сарын 28-ны гэмтлийн эмчийн үзлэгт: “Зулай дагз орчмоор хавдар эмзэглэлтэй, толгойн дунд зэргийн няцралт өвдөлт гэжээ. Зулай дагз орчмоор хавдар эмзэглэлтэй гэдэг нь зулай, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэж дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байна. Энэ гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Толгойн дунд зэргийн няцрал гэдэг онош байхгүй тул дүгнэлт тусгагдахгүй. Мөн амбулаторын картанд бичигдсэн гавал ясны 2 байрлалын рентгенд гэмтэл байхгүй тул дүгнэлтэнд тусгаагүй болно… гэх дүгнэлт /хх-ийн 133-135-р тал/
-хохирогч Г.Н-ийн амбулаторийн картын хуулбар /хх-ийн 138-140-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.О нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багт ““*****”” саунд А-тай хамт байхад ирсэн түүний эхнэр Г.Н-тэй маргалдан харилцан үсдэлцэж, улмаар гадаа гарч, “явуулахгүй” гэж машиныг нь хааж зогссон Г.Н-ийн цээж рүү гараараа цохиж, хөлөөрөө зүүн гуя хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь “цээж, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ц.О-ын үйлдлийн улмаас Г.Н-ийн биед “цээж, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт” бүхий нийтдээ биеийн нийт гадаргуун 1 хувиас илүү, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт,шинжийн талаар тодорхойлж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг заасан ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж зааж тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Ц.О нь хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ц.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Н-ийн биед хөнгөн гэмтэл учирсан, шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Гадаа машины дэргэд цохисон байдаг. Нурууны гэмтлээс бусад гэмтэл нь нийтдээ хөнгөн зэрэгт хамаарсан. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэжээ.
Шүүгдэгч Ц.О өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж дүгнэлт гаргахдаа: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм зүйлд холбогдохгүй, уучлаарай гэжээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарсан нөхцөл байдал,үйлдлийн шинж зэргийг харгалзан шүүгдэгч Ц.О-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,хохирол төлсөн,гэм буруугаа хүлээсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгчид 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан саналдаа: Торгуулийн хэмжээг бууруулж өгнө үү. Надад хүнд байна. Миний буруу болохоор би үргэлж буулт хийж ирсэн. Эрдэнэт зар дээр хэдэн ч удаа тавигдав, зураг тавьж элдэв үгээр доромжилдог. Сүүлд ажлын хамт олонтой авхуулсан зургийг тавьсан. Ажил дээрээ очиход хүнд байгаа. Энд амьдрах нөхцөлгүй болгосон. Амиа хорлох үйлдэл хийсэн, гэр бүлийн харилцаа хүүхдүүдээ бодоод ёс төдий л байгаа. Н-ээс гуйхад, миний үр хүүхдүүд, ээжийг минь битгий оролцуулаач гэж гуйя. Байнга, өдөр шөнөгүй элдвээр дарамталдаг, үхээд далд ороод өг, хямдхан янхан гэж доромжилдог. Хоромхон зуурдын жаргалд ташуурч нэг айлын амьдралд орсондоо маш их харамсаж байна гэжээ.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч хохирогч Г.Н-ийн нэхэмжилсэн 400,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С а ургийн овогт Ц-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А