2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1456

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,  

улсын яллагч Б.Сүрмандах,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********, өмгөөлөгч Ж.Энэрэлт,

шүүгдэгч *********, өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410003950258 дугаартай 2 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *************

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ********* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “*********” ХХК-д худалдааны менежерээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж тус компанийн бараа бүтээгдэхүүн, борлуулалтын орлого нийт 78,427,142 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа. Аав хүнд гэмтсэнээс хойш байгууллагынхаа мөнгийг үрсэн, харамсаж байна. Миний буруу. Ар гэрээ би ганцаараа тэжээдэг. Хохирлоо хурдан хугацаанд төлнө. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирлын үнийн дүн дээр маргахгүй. 2023 оны 1 сараас л эхэлсэн. Нийт 25,792,000 төгрөг төлөөд байгаа. Багахан мөнгөөр нь мөрийтэй тоглоом тоглосон. Хохирогчдоо уучлаарай гэж хэлье. Хохироос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 17-нд ажилд авсан. Итгэл хүлээлгэж борлуулалт сайтай аж ахуйн нэгжүүдийг хариуцуулсан. Зээлийн гэрээгээр борлуулалтаа хийдэг байсан. Хугацаа хэтэрвэл орлогын нягтлан хянадаг байсан. Харилцагчаас мэдээлэл авсны дараа *********тай уулзсан. Аавын эмчилгээний зардлыг төлөх шаардлага гарсан гэснийг нь хүлээн авсан. Өөрөө хүсэлт гаргасан тул боломж олгон 3 сарын хугацаа өгсөн. Хувийн дансанд нь борлуулалтын орлого орох ёсгүй. Нотлох баримтгүй 15 сая төгрөг байгааг орхисон. Манайх 3 гэрээ байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, урамшууллын гэрээ байгуулдаг. 25,792,000 төгрөг төлөгдсөн. Үлдэх 56,264,146 төгрөг нэхэмжилж байна” гэв.  

Эрүүгийн 2410003950258 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч “*********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *********ын: “2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ********* нь манай компанид борлуулалтын менежерээр ажиллах захирлын тушаал гарсан. Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцах гэрээ, урамшууллын гэрээ байгуулан ажилд авсан. Тухайн эд хөрөнгийн гэрээний заалт дээр борлуулагч нь өөрийн борлуулахаар авч явсан бүх барааг бүтэн хариуцна гэсэн байдаг. Уг ажилтан борлуулахаар авч явсан сэлбэгээ завшиж байсныг 2023 оны 11 дүгээр сард тооллого хийж мэдсэн. Нилээн удаан хугацаанд бараа материал, түүний борлуулсан орлогын мөнгийг завшиж байсан нь тогтоогдсон. 1. “*****” компанид 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр эйр кондейшны цэнэглэгч машин 1 ширхгийг 9.900.000 төгрөгөөр борлуулсан. Тухайн харилцагч мөнгөө 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны хооронд *********ы ...тоот данс руу шилжүүлэн өгч дуусгасан хуулгаа манайд өгсөн. Мөн тус компанид 2023 оны 09 сарын 27-ны өдөр зэв арилгагч, өнгөлгөөний шингэн, шил арчигч, тос тосолгооны материал зэрэг 90 гаруй тоо ширхгийн барааг хүлээлгэн өгч 3.454.440 төгрөгийг дээрх хугацаанд дансаараа шилжүүлэн авсан ч компанид өгөөгүй. 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 761.912 төгрөгийн шил арчигч зэрэг барааг хүлээлгэн өгч дансаараа мөнгийг авч компанид өгөөгүй. 2. “*****” ХХК-д 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4.235.000 төгрөгийн бараа, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 533.280 төгрөгийн будагны буу, цэвэрлэгээний багаж хүлээлгэн нийт 4.768.280 төгрөгийг өөрийн дансанд авч компанид өгөөгүй. 3. “******” ХХК-д 2 удаагийн үйлдлээр 2023 оны 9 сарын 11-ний өдөр эрэг чангалах ком түлхүүр 20ш, хийн буу 10ш, нийт 10.450.000 төгрөгийн барааг хүлээлгэн өгч, мөнгийг өөрийн дансаар авч компанид өгөөгүй. 4. “*******” ХХК-д 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд 2 удаа нийтдээ 6.394.025 төгрөгийн барааг хүлээлгэн өгч дансаараа авсан байсан. Тус компанитай тооцоо нийлэхэд дансны хуулгаар 2022 оны 11 сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 сарын 20-ны хооронд хугацаанд 14.290.550 төгрөгийг ********* өөрийн дансаараа авсан байсан. Өмнөх барааны үлдэгдэл мөнгийг нэмж авсан байсан. 5. “*********” ХХК-д тос тосолгооны материал, цэвэрлэгээний материал зэрэг нийт 10.623.770 төгрөгийн өмнө нь хүлээлгэн өгсөн барааны мөнгийг өөрийн дансаараа авсан боловч компанид тушаагаагүй. 6. “*********” ХХК-д 2023 оны 08 сарын 03-ны өдөр 24.750.000 төгрөгийн бараа материалыг хүлээлгэн өгсөн. 2023 оны 11 сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан боловч компанид өгөөгүй. 7. “Тарант” ХХК-д өмнө нь өгсөн 5.632.237 төгрөгийн барааны мөнгөөс өөрийн дансаар 2.512.490 төгрөгийг авсан. “******” ХХК-ийн ...тоот дансаар 3.119.747 төгрөгийг авсан. Эдгээр мөнгийг компанид тушаагаагүй. 8. “*******” ХХК-д өмнө нь өгсөн барааны мөнгө 11.890.000 төгрөгийг 2023 оны 01 сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 сарын 15-ны хооронд өөрийн дансаар авсан боловч мөн компанид хүлээлгэн өгөөгүй. Борлуулалтын орлого дутагдуулсан дүн дээрх дүн. Хохирогч *********гийн мэдүүлснээр 5 нэр төрлийн 23 ширхэг 15.200.000 төгрөгийн барааг дутагдуулсан нь зөрүүтэй байна. Дутагдуулсан 31 ширхэг цэвэрлэгээний материал, гарын цаас, 93-тай багажны сет зэрэг 4.723.400 төгрөгийн барааг үзүүлэнгээр авчихаад буцаан хүлээлгэн өгөөгүй. Манай компанид 78.604.589 төгрөгийн хохирол учраад байна. Шинжээчийн дүгнэлтэд 78.427.142 төгрөгийг хариуцна гэснийг зөвшөөрч байна. Зөрүү 177.447 төгрөгийг нэхэмжлэхгүй. “*******” ХХК-ийн дансны хуулгаар 11.890.000 төгрөгийг шилжүүлсэн, манай гаргаж өгсөн нэхэмжлэлийн баримтаар 10.865.750 төгрөг байгаа тул зөрүү нь 1.024.220 төгрөг юм. Энэ мөнгө бол өмнө өгсөн барааны төлбөр эсхүл өөрөө бараа материал аваачиж зараад дансаараа мөнгийг нь авсан байх магадлалтай энэ талаарх гаргаж өгөх санхүүгийн баримт байхгүй учир нэхэмжлэхгүй. ...Иймээс 15.892.800 төгрөгийг энэ хэргийн хохиролд оруулахгүй, хасаж тооцоход татгалзах зүйлгүй, энэ мөнгийг нотлох санхүүгийн баримт байхгүй байна.

Ингээд миний тооцоолсон дүнгээр 90.494.589 төгрөг гарч байгаа. Харин шинжээчийн дүгнэлтээр 78.427.142 тогтоогдсон. Зөрүү нь “******” ХХК-ийн 10.450.000 төгрөгийг шинжээч үндэслэлгүй гэж дүгнэлтэд тооцоогүй. Иймд 90.494.589 төгрөгнөөс 10.450.000 төгрөгийг хасаад 80.044.589 төгрөг гарч байгаа ба энэ дүн шинжээчийн тогтоосон 78.427.142 төгрөгнөөс 1.617.447 төгрөгөөр зөрж байгаа юм. Энэ зөрүү дүнг хохиролд тооцон нэхэмжлэхгүй ба шинжээчийн дүнгээр тогтоогдсон дүнг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34-37 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*********гийн: “Борлуулагч ********* нь 2022 оны 11 дүгээр сард ажилд орсон. Ажиллах хугацаандаа борлуулалт хийж, борлуулалт хийх байсан бараа материалыг өөрт авсан зүйл 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тооллогоор 14 сая гаран төгрөгийн орлого дутсан байсан. Хамтрагч байгууллагуудаас асуухад борлуулагчийн дансанд хийсэн гэж хэлсэн. Ямар учраас борлуулагчийн дансанд хийсэн юм бэ гэхэд борлуулагч өөрөө тэгэж хэлсэн гэсэн. Бусад *********ы хариуцдаг байгууллагууд руу холбогдож тооцоо тулж тооллого хийхэд зөрүү үүсэж эхэлсэн. Бүгд *********ы дансанд шилжүүлэн өгсөн байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024.02.29-ний өдрийн 29 дүгээр дүгнэлтэд: “1. “Авера Аудит” ХХК-ийн 2024.01.19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ Ш/05-ны дагуу гаргасан Аудитын дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь Аудитын дүгнэлтийн 1, 5-р хариултууд үндэслэлтэй, 2, 3, 4, 6-р хариултууд үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Уг аудитын дүгнэлтийн үндэслэлийг дэлгэрэнгүйгээр тогтоож хүснэгт 2-оор, Хавсралт-1-4-өөр харуулав. “Авера Аудит” ХХК нь 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ Ш/05-ийн нэмэлт гэрээний дагуу хийсэн аудитын дүгнэлт гаргасан байна. Аудитын дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг тогтоосон байдлыг Хүснэгт-3-аар харуулав. 2. Хувьдаа завшсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоохгүй. Харин шинжилгээнд ирүүлсэн баримтаар ********* нь 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох хугацааны “*********” ХХК-ийн барааны борлуулалттай холбоотойгоор нийт 78,427,142.00 төгрөгийг хариуцахаар байна. Үүнд: A. Нэр бүхий 5 харилцагч *********ы Хаан банкны ...тоот дансанд нийт 58,069,712.00 төгрөг шилжүүлснийг ********* нь “*********” ХХК-д шилжүүлээгүй байна. /Хавсралт-4-ийн 6-10-р баганууд/ Б. ********* нь харилцагч “*****” ХХК-д борлуулахаар захиалсан 4,768,280.00 төгрөгийн барааг өөрөө хүлээн авсан боловч “*******" ХХК-д хүлээлгэн өгөөгүй байна. /“*****” ХХК-тай тооцоо нийлсэн акт/ B. ********* нь өөрийн агуулах буюу bootstock дээр 4,723,400.00 төгрөгийн барааг хүлээн авсан боловч борлуулаагүй, мөнгийг нь “*********” ХХК-д шилжүүлээгүй байна. Г. “*****” гэх харилцагчаас *********ы Хаан банкны ...тоот харилцах дансанд ****** ******** гэх гүйлгээний утгатайгаар нийт 11,890,000.00 төгрөгийг шилжүүлснээс 10,865,750.00 төгрөгийг “*********” ХХК-д шилжүүлэх ёстойг шилжүүлээгүй байна, харин зөрүү 1,024,220.00 төгрөгийг ********* “*********” ХХК эсвэл ****** гэх харилцагчийн алинд нь төлөхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. *********ы хариуцах 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох хугацааны нийт 78,427,142.00 төгрөгийн хураангуй тооцоог Хүснэгт-4-өөр харуулав. 3. Шинжилгээгээр *********ы 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох хугацааны “********* ХХК-ийн барааны борлуулалттай холбоотой тооцооллыг хийсэн ба шинжилгээнд хамрагдсан баримтанд ********* дутагдал гаргасан төлбөр гэж мөнгө тушаагаагүй байна. 5. *********ы Хаан банкны ...тоот харилцах дансанд зарим харилцагч байгууллагуудаас 15,895,154.00 төгрөг шилжүүлсэн байх тул “*********” ХХК-аас борлуулахаар авсан барааны төлбөр эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. /Хавсралт-4-ийн 13-р багана/” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 61-70 дахь тал),

“Авера Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтэд: “1. Борлуулалтын төлөөлөгч ********* нь 2023 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар дуусах хүртэлх хугацаанд нийтдээ 474,253,474.55 төгрөгийн /НӨАТ багтсан/ үнэлгээ бүхий 380 нэр төрлийн 9323 ширхэг бүтээгдэхүүнийг борлуулсныг Хавсралт №1-д дэлгэрэнгүй тусгав. Нийт 474,253,474.55 төгрөгийн үнэ бүхий 292 барааны нэхэмжлэх нь анхан шатны баримттай байна. Дэлгэрэнгүйг Хавсралт №1а-с харна уу. 2. ********* нь 2023 онд нийт 58 харилцагчтай 474,253,474.55 төгрөгийн /НӨАТ багтсан/ үнэ бүхий 9323 ширхэг бараа бүтээгдэхүүний борлуулалт хийсэн. Үүнээс “*********” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ...тоот данс руу 253,929,647.50 төгрөг, бэлэн буюу касс /Пос/-аар 13,712,085.00 төгрөг тус тус орсон байна. Хавсралт №2-с дэлгэрэнгүй харна уу. ******, *********** гэсэн газруудын авлагын үлдэгдэл нийт 3,670,951.10 төгрөгийн илүү төлөлтөөр зөрсөн бол бусад газруудын төлбөр төлөлт болон авлагын үлдэгдлүүд таарсан. *********ы борлуулсан бүтээгдэхүүний барааны нэхэмжлэх болон түүний төлөлттэй холбоотой авлагын дэлгэрэнгүйг Хавсралт №2а-д тусгав. 3. “*********” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ...тоот дансанд нийт 16 удаагийн гүйлгээгээр *********ы Хаан банкны ...тоот данснаас 6.395.770.00 төгрөг орж ирсэн байна. Үүнээс 6,331,310.00 төгрөг нь бараа бүтээгдэхүүний төлбөр байгааг задалбал 756104558 /******* ADM51/-ийн 1,751,989.00 төгрөг, 756104841 **** (Тsogt Ку)/-ийн 41,800.00 төгрөг, 756100053 /****** 2/-ийн 33,000.00 төгрөг, 756104776 ****/-ийн 3,036,021.00 төгрөг, 756101847 /ТАРАНТ/-ийн 302.500.00    төгрөгийн төлбөрийг тус тус өөрийн данснаас шилжүүлсэн байна. 2023 оны 1 дүгээр сарын 20-нд “756810045” гэсэн гүйлгээний утгатай орсон 13,860.00 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 31-нд “URD HILGAA ZORVV” гэсэн гүйлгээний утгатай Орсон 36,500.00 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “ZORVV BUTSAALT” гэсэн гүйлгээний утгатайгаар орсон 14,100.00 төгрөг тус бүр нь бараа бүтээгдэхүүний төлбөрт хамаарахгүй байна. 4. ********* нь өөрийн Хаан банкны ...тоот данс руу нийт 5 харилцагчаас бараа бүтээгдэхүүний төлбөрт нийтдээ 43 удаагийн гүйлгээгээр 58,662,909.00 төгрөгийг хувьдаа авсан байна. Хавсралт №4-д дэлгэрэнгүй харууллаа. ********* нь өөрийн Хаан банкны ...тоот данс руу нийт 5 харилцагчаас бараа бүтээгдэхүүний төлбөрт авсан нийт 43 удаагийн гүйлгээний шилжүүлгийг доорх харилцагчдын баримтад тулгуурлан гаргав***** ХХК-аас 3 удаагийн гүйлгээгээр ********* ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ...тоот данс руу 3,119,747.00 төгрөгийг, 1 удаагийн гүйлгээгээр *********ы Хаан банкны ...тоот данс руу 2,512,490.00 төгрөгийг тус тус дараах байдлаар авсан байна. 5. ********* нь харилцагч ****** рүү 4319059971, 4319059679 нэхэмжлэхийн дугаартай борлуулагдсан 4,768,280.00 төгрөгийн 3 нэр төрлийн барааг, ******** рүү 4319062018 нэхэмжлэхийн дугаараар борлуулагдсан борлуулалтаас 10,450,000.00 төгрөгийн 2 төрлийн барааг, нийт 15,218,280.00 төгрөгийн /НӨАТ багтсан/ бараа бүтээгдэхүүнийг хувьдаа авсан байна. Хавсралт №5-с дэлгэрэнгүйг харна уу. 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр *****ын *********тай хийсэн №ЭХБХГ2023/23-05 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний 1.3-д заасны дагуу ********* нь өөрийн агуулах буюу bootstock дээр авсан бүртгэлтэй байгаа 4,723,400.00 төгрөгийн борлуулах боломжгой барааг “*******” ХХК-д буцаан хүлээлгэн өгөөгүй байна. Хариулт 6: Борлуулалтын төлөөлөгч ********* нь “**” ХХК, “*** ****” ХХК, “****” ХХК, ****, ***** гэсэн 5 харилцагчаас нийт 58,662,909.00 төгрөг өөрийн хувийн данс руу орлогоор авсан боловч “*****” ХХК-ийн данс руу буцаан шилжүүлээгүй байна. Мөн *** болон ******* гэсэн 2 харилцагчаас нийт 15,218,280.00 төгрөгийн /НӨАТ багтсан/ барааг хувьдаа авсан, *********ы өөрийн агуулах буюу bootstock дээрх үлдэгдэл болох 4,723,400.00 /НӨАТ багтсан/ төгрөгийн үнэ бүхий борлуулах боломжтой бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөөгүй. Нийт бараа материалын дүн 19,941,680.00 төгрөг байна. Харилцагчаас авч “*********” ХХК-д тушаагаагүй 58,662,909.00 төгрөг, хүлээлгэн өгөөгүй бараа материал 19,941,680.00 төгрөг, нийт 78,604,589.00 төгрөг байна. Борлуулалтын төлөөлөгч *********ы хувийн дансанд шинжилгээ хийж, мөрдөн байцаалтаар хохирлыг нарийвчлан тодорхойлохоор байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 79-92 дахь тал),

Гэрч *********: “Манай компани “*********” ХХК-тай 2013 оноос хойш хамтран ажиллах болсон. 2022 оны эхээр ********* гэх залуу “*********” ХХК-ийн борлуулагчаар ажиллах болсон, танайхыг хариуцаж ажиллана гэж хэлж байсан. *********аар дамжуулан бараа материал авдаг байсан, хааяа хувийн дансаараа мөнгийг авдаг байсан. Зарим үед компани дээр нь очоод нэхэмжлэхээр авдаг, аль эсвэл мөнгийг шууд тушаадаг байсан. Таны авч байгаа бараан дээр НӨТ шингээгүй учраас хувийн дансаар мөнгийг шилжүүлнэ гэж хэлдэг байсан. Зарим бараа нь лизингээр болон барааны үлдэгдэл байдаг байсан учраас өндөр үнийн дүнтэй бараан дээр хувийн дансаараа мөнгө авдаг байсан. Манай компанид хохирол учраагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Гэрч *********: “...“*********” ХХК-ийн ажилтан ********* гэх залуу надад “лифтийг байршуулсан, та үлдэгдэл мөнгөө одооноос энэ данс руу хийгээрэй” гээд Хаан банкны ...тоот өөрийн дансыг өгсөн. Түүнээс хойш *********ы Хаан банкны ...тоот дансанд 4,000,000 төгрөгөөр 3 удаа, 2,000,000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээ хийсэн. Дараагаар нь компаниас холбогдоод та манай ажилтны данс руу мөнгөө шилжүүлж байсан байна. Тухайн ажилтан компаний мөнгийг завшсан байна гэж хэлсэн. Манай компанид хохирол учраагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Шүүгдэгч *********ы яллагдагчаар өгсөн: “Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Аавын эмчилгээнд зориулж мөнгө авдаг байсан. Тэрийгээ буцаан олохын тулд уг мөнгөнөөс 1xbet  дээр мөрий тавьж алддаг байсан. Тэгж явсаар тухайн мөнгийг дутаасан. Захиалагчаасаа аваагүй байгаа гэж хэлдэг байсан. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож гэмшиж байгаа. Хохирлоо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал),

“*********” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1 дэх хавтас, хх-20-23), “*********” ХХК-ийн захирлын “*********ыг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал (1 дэх хавтас, хх-105, 106), ажил гүйцэтгэх гэрээ (хх-109), “*********” ХХК-ийн захирлын “*********д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал (1 дэх хавтас, хх-127), “*********” ХХК-ийн *********ы цалингаас хассан өрийн жагсаалт (1 дэх хавтас, хх-128), хөдөлмөрийн гэрээ (1 дэх хавтас, хх-129-148), “*********” ХХК-ийн ёс зүйн сургалт (1 дэх хавтас, хх-149), шүүгдэгч *********ы дансны хуулга (1 дэх хавтас, хх-151-214), “*********” ХХК-ийн харилцагчийн тооцооны задаргаа (1 дэх хавтас, хх-216-250, 2 дахь хавтас, хх-1-74),

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-110, 112), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (1 дэх хавтас, хх-114), жолоодох эрхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-115), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (1 дэх хавтас, хх-116), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (1 дэх хавтас, хх-117), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (1 дэх хавтас, хх-118), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (1 дэх хавтас, хх-119), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дэх хавтас, хх-120), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (2 дахь хавтас, хх-78) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн хүсэлт, аудитын дүгнэлт гаргуулсан төлбөрийн нэхэмжлэх зэрэг 3 хуудас баримтыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн зээлийн гэрээ, **** дансны хуулга, Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ******* өвчний түүх, орон сууц хөлслөх гэрээ, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нийт 21 хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “*********” ХХК-д худалдааны менежерээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж тус компанийн бараа бүтээгдэхүүн болон борлуулалтын орлого нийт 78,427,142 төгрөгийг завшиж компанид их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, нийт 52,264,147 төгрөгийг гаргуулах саналтай. Мөн дүгнэлт гаргасан 3,600,000 төгрөгийг гаргуулах саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа тул хэлэх зүйлгүй. Шинжээчийн дүгнэлт дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ дурдагдсан, шинжээч уг гэрээг үндэслэсэн болох нь тогтоогдож байна. Борлуулалтын менежер бол албан тушаалтан мөн. Иймд үлдэх хохирол 52,264,146 төгрөгийг гаргуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Борлуулалтын орлогоос 78,427,142 төгрөг завшсанаа хүлээн зөвшөөрч байгаа. 25 сая төгрөг төлөгдсөн, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байхгүй, эд хөрөнгө хариуцагч болох нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. 2021 оны 290 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд заасан байгаа. Яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийг хангахгүй байна. Гэмт хэрэг гарсан хугацааг тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг яаж хэрэглэх нь ойлгомжгүй. Хохирогчийн хараа хяналт сул байдал ажиглагдаж байна. Хэдэн төгрөгийн бараа өгөөд хэдийг нь завшсан талаар бичигдээгүй. Аав нь гэмтсэн, нас барсан хугацаа хамаарч байгаа. Эд хариуцагч болох нь тогтоогдоогүй. Үүнтэй холбоотойгоор албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх гэмт хэргийн шинж яригдах ёстой...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “*********” ХХК-д худалдааны менежерээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж тус компанийн бараа бүтээгдэхүүн болон борлуулалтын орлого нийт 78,427,142 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********ын “...манай компанид 78.604.589 төгрөгийн хохирол учраад байна. Шинжээчийн дүгнэлтэд 78.427.142 төгрөгийг хариуцна гэснийг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-34-37), шинжээчийн 29 дүгээр дүгнэлт (1 дэх хавтас, хх-61-70), “Авера Аудит” ХХК-ийн дүгнэлт (1 дэх хавтас, хх-79-92), гэрч ********* “...*********аар дамжуулан бараа материал авдаг байсан хааяа хувийн дансаараа мөнгийг авдаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-48-49), гэрч ********* “...********* гэх залуу надад “...та үлдэгдэл мөнгөө одооноос энэ данс руу хийгээрэй” гээд Хаан банкны ...тоот өөрийн дансыг өгсөн. Түүнээс хойш *********ы Хаан банкны ... тоот дансанд гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-52-53) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг ба албан тушаалын байдлаа ашиглаж гэдгийг хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байдаг.

Шүүгдэгч *********ы хувьд “*********” ХХК-д борлуулалтын менежер албан тушаалд тус компанийн захирлын 2022.10.17-ны өдрийн 20221017/027 дугаар тушаалаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Борлуулалтын менежер нь өөрсдөд нь хуваарилагдсан “*********” ХХК-ийн харилцагч байгууллагуудад бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж, түүний төлбөрийг компанийн нэрийн өмнөөс хариуцан авч, эргээд өөрийн компанидаа тооцоо нийлэн хүлээлгэн өгдөг байсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн төлөөлөгч *********, гэрч ********* нарын мэдүүлэг, шинжээчийн 29 дүгээр дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, тооцооны хуудас, дансны хуулга зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч *********ы хохирогч “*********” ХХК-ийн борлуулалтын (худалдааны) менежерээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус компанийн бараа бүтээгдэхүүний болон борлуулалтын орлого болох 78,427,142 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлэлгүй, хувийн дансаараа авч завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч “*********” ХХК-д 78,427,142 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч хуулийн этгээд шүүгдэгчийн цалингаас 2,762,996.72 төгрөгийг суутгаж авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч 23,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 52,664,146 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Шүүхээс үлдэгдэл хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван 52,664,147 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********ын “Хохирлоо барагдуулж авсан” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай...гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Тусгайлан гаргах саналгүй” гэж,

хохирогч “Шүүх шийдэх байх” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэмшиж байгаа, эрүүл мэндийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь хохирогч хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа бараа бүтээгдэхүүн болон борлуулалтын орлогыг харилцагч байгууллагуудаас хувийн дансаар авч хохирогчийн дансанд шилжүүлэлгүй, өвчтэй байсан аавынхаа эмчилгээнд зарцуулж мөн мөрийтэй тоглож хувьдаа завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 78,427,142 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Хохирлоо барагдуулж авсан” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн болон эрүүл мэндийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *********г 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *********ы 2025.05.23-ны өдрөөс 2025.05.30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 105,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 12,895,000 төгрөгөөр тогтоолоо.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*****” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, цалинтай)-ийг харгалзан шүүгдэгч *********ыг 12,895,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********аас аудитын үнэлгээний төлбөр болох 3,600,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “*********” ХХК (*************)-д олгох зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********ы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт **********ын *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *********ыг 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ы цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 105,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 12,895,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********г 12,895,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********ы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********аас 3,600,000 төгрөг гаргуулж, хохирогч “*********” ХХК (***********)-д олгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР