2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1592

 

 

 

 

 

 

 

 

 

    2025           6          18                                         2025/ШЦТ/1592

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Н.Халиунаа,

шүүгдэгч О.Х********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б********* овогт О*********ийн Х*********д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408034500142 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19* оны 12 дугаар сарын 15-ны өдөр ** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар *** дүүргийн *** дүгээр хороо, ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 42 дугаар байрны 7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б********* овогт О*********ийн Х*********. /РД:********/

 

Шүүгдэгч О.Х********* нь фейсбүүк цахим орчинд "2 өрөө байр түрээслүүлнэ" гэх зар байршуулж, тус зарын дагуу өөртэй нь фейсбүүк зурвасаар холбогдсон иргэн Ц.У*********т итгэл төрүүлэн, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ц.У*********ээс 600,000 төгрөгийг Хаан банкны ********* дансаар шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулан залилсан,

мөн О.Х********* нь фейсбүүк цахим орчинд "2 өрөө байр түрээслүүлнэ" гэх зар байршуулж, тус зарын дагуу өөртэй нь фейсбүүк зурвасаар холбогдсон иргэн Ж.Д*****************д итгэл төрүүлэн, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ж.Д*****************гээс 500,000 төгрөгийг Хаан банкны ********* дансаар шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х********* мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Ц.У*********ийн мөрдөн байцаалтад өгсөн “2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа фейсбүүк зарын дагуу Khaliuka Ка гэх хаягтай хүнтэй холбогдож байр түрээслэхээр болоод видео дуудлага хийж царайг нь харсан.

Тэгээд надад ********гэх дугаар өгсөн ба тухайн дугаартай холбогдож ярьсан. Би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 417020884 дугаарын данснаас Хаан банкны ********* дугаарын О********* Х********* гэх хүний данс руу 15 цаг 50 минутад 600,000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдөр холбогдож байх үзэх гэхэд "Төв аймгийн Батсүмбэр суманд байна, хотод очоод байраа үзүүлнэ" гэж хэлээд одоо хүртэл холбогдож чадахгүй байгаа” гэсэн мэдүүлэг, /хэргийн 60-61 дэх тал/

“Би байр түрээслэхээр мөнгө шилжүүлэхдээ 2024 оны 08 дугаар сарын 22- ны өдөр О.Х********* гэх хүний Хаан банкны ********* тоот данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 417020884 тоот данснаас 15:50 цагт 500,000 төгрөг шилжүүлээд дараа нь оройн 19:07 цагт өөрийн Худалдаа хөгжлийн банкны ************************тоот данснаас 100,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 600,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 62-63 дахь тал/

“Би уг 600,000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн бөгөөд сүүийн 100,000 төгрөгөө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошууны хөтлийн засмал дээр машинтай явж байгаад интернэт банкаар шилжүүлж өгсөн.

... Надад учирсан 600,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгож нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65 дахь тал/

 

О.Х*********ы эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга. /хэргийн 53-54 дэх тал/

 

Хохирогч Ж.Д*****************гийн "2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн байр хайгаад фейсбүүкээр зарлал хайж байгаад Khaliuka Ка гэх хаягтай хүн Хангай хотхонд 2 өрөө байр 1,200,000 төгрөгөөр түрээслүүлнэ, урьдчилгаа 500,000 төгрөг шилжүүлбэл зараа устгачихна гэхээр нь би итгээд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутагт явж байхдаа өөрийн Хаан банкны интернэт банкаараа **************гэсэн данснаасаа Хаан банкны О.Х********* гэх хүний ********* тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн.

Тухайн үед нөгөө эмэгтэй эгч Сэлэнгэд явж байна, маргааш Улаанбаатар хот орно, тэгээд гэрээ хийе гэсэн. Маргааш нь чат бичтэл эгч нь шөнө орж ирлээ маргааш уулзъя гэж байгаад чат бичихээ больсон.  Тэгээд өгсөн гар утсаа авахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна.

Би тэр хүнтэй Khaliuka Ka гэх фейсбүүк хаягаар чат бичсэн, видео калл хийж залгахад дуудлага авахгүй байсан ба надад өгсөн ********гэсэн дугаар луу залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан" гэсэн мэдүүлэг, /хэргийн 21 дэх тал/

“Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Цолмон төвийн гаднаас 500,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн.

Надад учирсан хохирол болох 500,000 төгрөгийг миний Хаан банкны **************дугаартай данс руу хохирол нөхөн төлүүлэлт Х********* гэх утгаар шилжүүлж өгсөн. Надад учирсан хохирол бүрэн барагдсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгож нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дахь тал/

 

Хохирогч Ж.Д*****************гийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /хэргийн 12 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.Х********* нь “2 өрөө байр түрээслүүлэнэ” гэсэн зарыг цахим орчинд байршуулж, бусдад итгэл төрүүлэн хохирогч Ц.У*********ээс 600,000 төгрөг, Ж.Д*****************гээс 500,000 төгрөгийг залилан авч хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Х********* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Х*********ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.У*********т 600,000 төгрөг, Ж.Д*****************д 500,000 төгрөгийг хохирол учирсан байх ба шүүгдэгчийн зүгээс хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас “шүүгдэгч О.Х*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял” дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч О.Х********* “торгуулын ял оногдуулж өгнө үү” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Х*********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Х********* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б********* овогт О*********ийн Х*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан “цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар О.Х*********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Х*********ы торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Х*********ы торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Х********* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Х*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ