2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1599

 

 

 

 

 

 

 

 

    2025           6           18                                        2025/ШЦТ/1599

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч А.А***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц************ овогт Ар************гийн А*****************од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000521 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 20** оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, яс үндэс: Халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эмээ, ах, дүүгийн хамтаар Хан- Уул дүүрэг дүүрэг ** дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Ц************ овогт Ар************гийн А*****************. /********/

 

Шүүгдэгч А.А***************** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Л************ийг зодож улмаар баруун болон зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А***************** мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Э.Л************ийн мөрдөн байцаалтад өгсөн "2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 19 дүгээр гудамжинд өмнө нь хамтран амьдарч байсан Б********** гэх эмэгтэйтэй таараад Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгинын 19-74г тоот руу хамт орсон.

Тэгээд цай уугаад сууж байтал Б**********ийн хашааны хаалгыг Улаанаа гэж дууддаг зүс таних залуу тогшсон. Уг залуу өөрийн төрсөн дүүтэйгээ хамт Б**********ийн гэрт орж ирээд үг хэлэх завдалгүй намайг сандлаас түлхэж унагаагаад толгой хэсэг рүү Улаанаа гэж дууддаг зүс таних залуу олон удаа дэвссэн мөн хамт явж байсан дүү гэх залуу миний хавирга болон нуруу хэсэг рүү хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна зөндөө өшиглөсөн.

Би "намайг алах юм байна" гэж бодоод би "явлаа" гээд орилоход "Наадах чинь одоо цагдаа дуудна хамт байж бай битгий явуулаарай" гээд намайг явуулаагүй. Би тухайн өдөр цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч намайг хаашаа ч явуулаагүй. Маргааш нь миний утас Улаанаад байсан болохоор утас руугаа залгахад 20.000 төгрөг олж ирээд утсаа аваарай гэхээр нь мөнгийг нь өгөөд утсаа авсан. Тэгээд "эм тариа болон толгойгоо бариулах мөнгө өгчих тэгвэл би цагдаагийн байгууллагад хандахгүй" гэхэд "за байж бай" гэсэн.

Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанаагийн 88815523 гэх дугаар луу залгаад "цагдаа, сэргийлэх гээд яах вэ надад эмийн хэдэн төгрөг өгчих" гэхэд та "Хашааныхаа урд гараад ир багадаад байвал нэмж зодоод өгье" гэхэд нь "за хэл амаар энэ хүнтэй ойлголцохгүй юм байна" гээд цагдаагийн байгууллагад хандаж байна" гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-8 дахь тал/

 

Гэрч Т.Б**********ийн "2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ Л************ийн хамт байж байсан чинь А***************** манайд орж ирсэн тэр үед хэл амаар "пиздаа, гичий" гэх үгээр хэлээд өмнөөс нь үг хэлэхээр юм дуугарахгүй "чи дугуй бай" гэж хэлээд "Жижигээтэй чинь хамт ална шүү" гэж хэлээд манайхаас гараад явсан.

Орой нь хоолоо хийх гээд сууж байсан чинь гаднаас А*****************, Жавхаа гэх дүүтэйгээ манайд ороод ирсэн тэр үед шал согтуу байсан гэрт Л************ гэрийн дээд талын орон дээр сууж байсан чинь Л************ руу А***************** дайраад цамцнаас нь зулгаагаад нүүрэн тус газар хоёр удаа цохиод хоолой хэсгийг нь боосон чинь Л************ хойноо оруулж байгаад А*****************ыг хана хэсэг рүү шахаж байхад нь би гэрээс гараад цагдаа дуудсан. Дүү нь 10 жилийн жоохон хүүхэд болохоор гар хүрсэн зүйл байхгүй. Нүүрний шанаа хацар хавиар цохиод байх шиг байсан" гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын гаргасан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/4266 дугаартай

“1. Э.Л************ийн биед баруун болон зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 14-15 дахь тал/

 

А.А*****************ын сэжигтнээр өгсөн "Би Б**********д би гэртээ харьчхаад ирье гэж хэлээд харих замдаа хараа муутай Батмөнх гэх ахынд очоод хэсэг юм ярьж сууж байгаад гэртээ харьсан.

Манай гэрт эмээ Эрдэнэчимэг, дүү Жавхлантөгс нар байсан би гэртээ удалгүй байж байгаад дүү Жавхлантөгсөд "ах нь Дэнж орчхоод ирье" гэж хэлсэн чинь манай дүү "би цуг явъя" гэж хэлэхээр нь дүүгээ дагуулаад Б**********ийнд очсон очиход хашааны гадна талын хаалга цоожтой гэрэл нь унтраастай байхаар нь дүүтэйгээ буцаж Дэнжид байдаг Бааска гэх ахынд очоод "Б********** ирсэн үү" гэсэн чинь өнөөдөр огт орж ирээгүй гэсэн уг нь гэртээ байхгүй бол тэр айлд байгаад байдаг.

Тэгээд тэр айлаас гараад өдөр хараа муутай ахынд очсон байж магадгүй гэж бодоод дүүтэйгээ тэр айлд очсон чинь байхгүй байсан буцаад Б**********ийнд очсон чинь хашааны хаалгаа цоожтой хэвээр байсан.

Тэгсэн чинь гэрийнх нь гэрэл ассан байхаар нь хашаа даваад орсон гэр лүү нь орох гэсэн чинь гэрийн хаалга бас дотроосоо цоожилсон байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшсон чинь гэр дотор пижигнэлдээд удалгүй хаалгаа онгойлгосон чинь Л************, Б********** нар хоёр гадуур хувцсаа саяхан өмссөн бололтой, орон дээр хөнжил даавуу гаргасан байдалтай байсныг Б********** хаалга тайлчихаад буцаж орон дээрээ очоод эмхэлж цэгцлээд байсан.

Л************ нь орны хажуу талын сандал дээр сууж байхаар нь би Л************ дээр очоод баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 удаа, зүүн гараараа баруун хашаа хэсэгт 1 удаа цохиод "битгий ир" гэж хэлээ биз дээ гэсэн чинь "ах нь дөнгөж сая орж ирж байна" гэж хэлэхээр нь "битгий худлаа яриад бай гэрлээ унтраагаад цаг гаран хаалгаа цоожтой байлаа дэнжид ордог айлаар чинь орлоо" гэж хэлээд Л************, Б********** нарт хандаж хэлээд Л************ийн баруун хөл хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөөд гай болсон лалар минь "өдөр би битгий ир" гэж хэлээ биз дээ гэж хэлсэн чинь Л************ гараад явсан" гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дэх тал/

 

А.А*****************ын яллагдагчаар өгсөн “Миний өмнө нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахиж нэмж ярих зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч А.А***************** нь тухайн үед үүссэн нөхцөл байдлаас хохирогч Э.Л************той таагүй харилцаа үүсгэн, маргалдаж, түүний эрүүл мэндэд халдаж, толгойн тус газар нь цохих, хоолойг нь хагархай пивоны шилээр зүсэх зэргээр халдаж, түүний биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.А***************** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.А*****************ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.А*****************ын үйлдлийн улмаас хохирогч Э.Л************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байна. Иймд шүүгдэгч А.А*****************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас “600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргав.

Шүүгдэгч А.А***************** эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.А***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Аринболд нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц************ овогт Ар************гийн А*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар А.А*****************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А*****************ын торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А*****************ын торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.А*****************оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.А*****************од авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ