| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00269/И |
| Дугаар | 154/ШШ2021/00281 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 154/ШШ2021/00281
| 2021 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 154/ШШ2021/00281 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, РД:ПК74051623, Хүнхэрээхэн овогт Намсрайн Оюунхандын хүсэлттэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Оюунханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Оюунханд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Намсрай овогт Оюунханд нь 1974 онд төрсөн. Миний бие 2009 оноос нөхөр Д.Батсүхтэй гэр болсон бөгөөд албан ёсны гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ авахгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид 2 мал маллан амьдардаг ба малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд зааснаар 7 жилийн хугацааг нөхөн тооцуулахад намайг Д.Батсүхтэй 2009 оноос өмнө гэр бүл болсон гэж хэлсэн боловч тухайн үеийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна. Иймээс таны тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцох боломжгүй, та Д.Батсүхтэй 2009 оноос хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгоод ирвэл нөхөн тооцох боломжтой гэсэн. Иймд Т.Батсүхтэй 2009 оны 09 сараас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Оюунханд нь нөхөр Д.Батсүхтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Н.Оюунханд нь Д.Батсүхтэй 2009 оны 09 сараас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:
- Шарынхан овогт Даниагийн Батсүх, Хүнхэрээхэн овогт Намсрайн Оюунханд нар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан талаарх 8407000066 дугаарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- Ховд аймгийн Булган сумын Далт багийн Засаг дарга А.Дэлгэрцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 619 тоот тодорхойлолт,
- М.Цэрэндоржийн шүүхэд гэрчээр өгсөн: Н.Оюунханд нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн малчин. 2009 оноос хойш одоо хүртэл Д.Батсүхын хамт гэр бүл болон амьдарч байна. Би 2005 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Далт багийн Засаг даргаар ажиллаж байсан тул сайн мэднэ. Д.Батсүх, Н.Оюунханд нар нь манай багийн малчин өрх юм гэх мэдүүлэг,
- М.Нарангэрэлийн шүүхэд гэрчээр өгсөн: Н.Оюунханд 2009 онд Д.Батсүх гэдэг хүнтэй гэр бүл болж цайллага хийж байсан. Н.Оюунханд, Д.Батсүх нар 2009 оноос хойш одоо хүртэл Ховд аймгийн Булган сумын Далт багт охин Номин-Эрдэний хамт гурвуулаа амьдарч байгаа. Би хүүхэд байх цагаасаа энэ айлыг сайн мэднэ. Н.Оюунханд нь 2009 онд Ховд аймгийн Үенч сумаас Булган суманд шилжин ирж Д.Батсүхтэй хамт манай хашаанд амьдарч эхэлсэн. Н.Оюунханд, Д.Батсүх нар нь одоо хөдөө Шуудай гэх газарт мал маллан амьдарч байна. Охин Номин-Эрдэнэ нь 7 дугаар ангид сурдаг. Манай гэрт байдаг. Бид нар ах дүү шиг хүмүүс бие биенээ сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Н.Оюунхандын хүсэлтээр М.Нарангэрэл, М.Цэрэндорж нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч Н.Оюунхандын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүнхэрээхэн овогт Намсрайн Оюунхандыг Шарынхан овогт Даниагийн Батсүхтэй 2009 оны 09 сараас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Оюунхандын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ