| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/01992/И |
| Дугаар | 102/ШШ2022/02431 |
| Огноо | 2022-06-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/02431
| 2022 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2022/02431 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Б
Хариуцагч: УДС ТӨХК
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29,424,686 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч УДС Төрийн Өмчит хувьцаат компанид холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29,424,686 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч О.Б нь УДС ТӨХК-нд 11 жил тасралтгүй ажилласан ба 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын ... тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас чөлөөлсөн. Ажлаас халсан үндэслэл нь хууль бус гэж марган тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ... шийдвэр гарч УДС ТӨХК-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай О.Б хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа эргэж орох хүсэлтийг бичгээр байгууллагадаа гаргасан боловч хариу өгөөгүй тул зохих албан тушаалтангуудтай уулзахад ажилд авахгүй байхаа гэсэн хариуг амаар өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид авч байсан цалингийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн. Өмнөх шүүхийн шийдвэрээр цалин нэхэмжлээгүй, ажилдаа эргэж орох эсэхээ шийдүүлсэн тул одоо нөхөж нэхэмжилж байна. Иймд ажилгүй байсан хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 29,424,686 төгрөгийг хариуцагч УДС ТӨХК-наас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч УДС ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажилтанг эрх үүсгэн ажилд ав гэсэн шүүхийн шийдвэр гараагүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр УДС ТӨХК-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар О.Б хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгосон болохоос О.Б ажилд нь эргүүлэн тогтоогоогүй. Хөдөлмөр Нийгэм хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тогтоолгох журмаар буруу халагдсан үеийн цалин хөлсийг бодох зохицуулалтыг зохицуулсан. Энэ журмаар бодож 29,424,686 төгрөгийг гаргасан гэж үзэж байгаа бол Б.Б слесарь сард 2,200,000 төгрөг авдаг байхаар харагдаад байна. Энэ хүн 3 дугаар шатлалаар цалинждаг бөгөөд ажлаа хэдэн хувийн гүйцэтгэлтэйгээр хийсэн гэдгээс хамаарч цалингийн шатлал яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг зохицуулсан байгаа. 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл санхүүгийн баримтаар гаргахад 1 жилийн хугацааны цалин 24,971,000 төгрөг болсон. Энэ хугацаанд ажил хийгээгүй гэж үзвэл хоол, унаа, сарын шагналын хувь, удаан жил зэрэг нэмэгдэл хасагдаад үндсэн цалин бодогдоно. 29,424,686 төгрөгийг ямар баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа талаар баримтгүй. Шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан албан тушаалд эргүүлэн авах шийдвэр гараагүй тул мөн хуулийн 69 дүгээр зүйлд заасан цалин яригдахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс УДС ТӨХК-ийн захиргаанд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хүсэлт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ... шийдвэр,
4. Хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 24 УДС төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн уулзалтын тэмдэглэл №01, гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... тушаал, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 12 УДС төрийн өмчит хувьцаат компанийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, О.Б 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэлх цалингийн тооцоолол гэсэн баримтыг тус тус гаргаж өгсөн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч О.Б даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлээс 10,466,454 төгрөгний шаардлагыг хангаж, үлдэх 18,958,232 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй
2. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоосон боловч ажилд аваагүй. Иймд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулна хэмээн шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгосон болохоос О.Б ажилд нь эргүүлэн тогтоогоогүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай УДС ТӨХК-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар ... тушаалыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шийдвэрээр О.Б үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэж 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... тушаалыг хүчингүй болгосон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг сэргээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажилтанг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үүргийг ажил олгогч хүлээсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар 36.1 Аажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг хариуцагч биелүүлээгүй буруутай тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 29,424,686 төгрөг шаардсан боловч 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлээгүй, нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр УДС ТӨХК-ний захиргаанд гаргасан хүсэлтдээ ажилдаа буцаж орох хүсэлтээ илэрхийлж байсан зэргээс дүгнэхэд тэрээр шүүхийн шийдвэрээр эрхээ сэргээлгэсэн боловч энэ хугацааны ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлэхээс татгалзсан гэж үзхээр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас түүний эрхийг сэргээсэн үеэс буюу тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээс хойших хугацаа буюу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод заагдсан цалингийн хэмжээгээр тооцож нэг сарын дундаж цалин 1,928,034 төгрөг, нэг өдрийн цалин 91,811 төгрөг /1,928,034:21=91,811/
2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажлын 114 хоног /114 х 91,811/ нийт 10,466,454 төгрөгийг хариуцагч УДС ТӨХК-наас гаргуулж нэхэмжлэгч О.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,958,232 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч УДС ТӨХК-наас 10,466,454 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б олгож, үлдэх 18,958,232 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч УДС ТӨХК-наас 182,413 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бямбадоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА