| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/0258/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1637 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1637
2025 6 23 2025/ШЦТ/1637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Б.Энхбаяр,
хохирогч Б.С***************,
шүүгдэгч Т.О****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б********* овогт Т*************ийн О******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2508000000654 дугаартай хэргийг 2025 оны дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, ** хороолол, ** байр ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б********* овогт Т*************ийн О******. /********/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О******: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С*************** мэдүүлэхдээ ““4 дүгээр сарын 13-ны өдөр манай ажлын ах миний тээврийн хэрэгслийг авч явсан байсан бөгөөд намайг ирж авах боломжтой юу гэхээр нь би очиж тээврийн хэрэгслээ авсан.
Тэгэхэд О****** байсан бөгөөд тээврийн хэрэгслээс буугаарай гэхэд намайг элдэв бусаар хэлж үсдэж аваад намайг засмал зам мөргүүлсэн. Эмчилгээ 5,200,00 төгрөг, цалин 990,000 төгрөг болохыг тус тус нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Б.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “2025 оны 4 сарын 13-ны өдөр 22 цагийн орчим танил ах Нанжид болон ахын найз О******, тэр хоёрын найз гээд бас нэг залуутай хамт өөрийн эзэмшлийн приус 30 маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, таван шар баруун өнгөрөөд Шинэ алтай зочид буудлын урд талын машины зогсоол дээр зогсоод би Нанжидын хамт машинаас буух гэсэн чинь О****** намайг зүгээр байлгахгүй, татаж чангаагаад гичий янхнаар дуудаад мөнгө төгрөгийг нь өгчихье гээд байхаар нь "юу яриад байгаа юм, машинаас буу гэсэн чинь тэр ах тэр хооронд CU орчихсон байсан, тэгээд намайг машинаас буусан чинь О****** машинаас бууж ирээд миний үснээс үсдээд, доош нь дараад засмал зам руу нүүрээр мөргүүлсэн, зүүн хөлний өвдөг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ...
Манай ах тухайн үед CU орчихсон байсан, тэгээд гараад ирэхээр нь би "ах дээр гүйж очоод ингээд намайг зодчихлоо гэсэн ах О******т "чи яагаад хүүхэд зоддог юм" гэсэн чинь би зодсон юм уу тэгээд яадаг юм гээд ах руу дайраад ах Нанжидыг шатаар бууж байхад нь нуруу руу нь хөлөөр жийж унагасан. Тэгснээ би ар талтай шүү гэж заналхийлээд над руу маргааш та нарыг ажилгүй болгоно, харин ч чамайг багадуулчихлаа гээд үснээс дээш татаад толгой гэдийлгээд байсан.
... Миний дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн, зүүн нүд, шанаа хэсэгт хөхөрч, хавдаж зулгарсан, зүүн өвдөг шалбарч цус гарсан, толгой хүчтэй өвдөнө, баруун гарын ядам хуруу зулгарсан, хөндүүртэй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-8 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 5614 дугаартай
“1. Б.Соёл-Эрдэнийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, салстад няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. /хэргийн 21-22 дахь тал/
Т.О******ын яллагдагчаар өгсөн “ ... С*************** намайг буугаарай гээд татаад чангаагаад байхаар нь маргалдаад үснээс нь зулгааж байгаад тохойн доош нь дарж байгаад засмал зам руу нүүр хэсгээр нь мөргүүлсэн, тэгсэн үл таних эмэгтэй Соёл- Эрдэнэ миний нүүр хэсгийг маажаад авахаар нь нүүр хэсэг рүү нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-35 дахахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.О****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Б.Соёл-Эрдэнийн биед нь халдаж, хэл амаар доромжлон улмаар түүний үснээс нь зулгааж нүүр хэсгээр газарт мөргүүлэх, зүүн хөл хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, салстад няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.О****** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Б.Соёл-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.О******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Б.С*************** мөрдөн шалгах ажилагааны явцад баримтаар 5,350,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгчийн зүгээс 370,000 төгрөг өгсөн байна.
Иймд шүүгдэгчээс 4,980,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С***************д олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 990,000 төгрөг нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь Б.Соёл-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, эрүүл мэндийн шалтгаанаар ажилгүй байсан талаар буюу хөдөлмөрийн чадвар түр алдсан тухай эмнэлгийн магадлагаа зэрэг баримтууд хэрэгт байхгүй тул ажилгүй байсан хугацааны цалинг тооцох боломжгүй байна.
Иймд Б.С*************** нь өөрт учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Т.О******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.О******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.О****** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б********* овогт Т*************ийн О******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.О******ын торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.О****** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баимтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.О****** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.О******оос 4,980,000 төгрөгийг гаргуулж, Б.С***************д олгож, хохирогч Б.С*************** нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ