Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/540

 

      2021             5             27                                      2021/ДШМ/0540                               

 

     Ц.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Ц.Бий өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бямбадагвын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр Ц.Бд холбогдох эрүүгийн 2102000000030 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Ц.Б

 

          Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 1 кг 422 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж уг бодисноос хуванцар саванд хийж, бөглөөг нь цоолж, дээрээс нь ахуйн хэрэглээний газ шахаж зиплок түгжээтэй уутны хамт 1,1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис гарган авч бэлтгэн, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 дүгээр гудамжны Хүслэнт хотхоны 211 байрны 11 тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Нийслэлийн прокурорын газраас: Ц.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 1,1 грамм жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан урд хэсэг нь харлаж бохирлогдсон тэмдэглэлийн дэвтэр, №3 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 427,1 грамм өвс мэт зүйл, №5 гэж дугаарласан хар өнгийн хуванцар савтай, савны хамт 185,5 грамм өвс мэт зүйл, №6 гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 184,7 грамм өвс мэт зүйл, №7 гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 172,8 грамм өвс мэт зүйл, №8 гэж дугаарласан Voyage гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 184,6 грамм өвс мэт зүйл, №22 гэж дугаарласан хар өнгийн савтай, савны хамт 164,2 грамм өвс мэт зүйл, №33 гэж дугаарласан “370” гэсэн бичигтэй хуванцар савтай, савны хамт 186,3 грамм өвс мэт зүйл, хуйлж гуурс мэт болгосон улаан өнгийн цаас, гадуур нь ороосон тугалган цаас, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй тугалган цаасыг /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, Ц.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хязгаарлалтыг зөрчсөн бол ял оногдуулахыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

 

Прокурор Б.Бямбадагва бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар заасан байхад шийтгэх тогтоолд “шүүгдэгчид гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй тус түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж” шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болжээ. Учир нь, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэх 4 үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд /аль нэг шинж байсан ч гэмт хэрэгт тооцогдоно/ эдгээр үйлдлүүдээс 3 үйлдлийг буюу хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэх 3 шинжийг агуулсан байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Хууль ёсны”, “Шударга ёсны”, “Гэм буруугийн” зарчмыг тус тус буруу хэрэглэсэн, шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдал болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бий өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг өнгөрүүлэх, мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг зөвхөн шүүхэд олгосон. Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Ц.Б нь үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мансууруулах төрлийн бодисын хамааралтай гэх дүгнэлт байхгүй. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа болон эхнэр, хоёр хүүхэдтэй, тодорхой ажил эрхэлдэг” зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авсан байгаа. Ингэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хуульд харшилсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Шүүгдэгч Ц.Бий хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авсан нь илүү үр өгөөжтэй, мөн хүмүүжлийн шинж чанартай арга хэмжээ авахаар дүгнэсэн нь бодит байдалд нийцсэн зөв шийдвэр гарсан. Шүүгч хэний ч нөлөөнд автахгүйгээр дотоод итгэл үнэмшлээрээ энэ шийдвэрийг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

          Нийслэлийн прокурорын газраас Ц.Бийг 2020 оны 8 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 1 кг 422 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, уг бодисноос хуванцар саванд хийж, бөглөөг нь цоолж, дээрээс нь ахуйн хэрэглээний газ шахаж зиплок түгжээтэй уутны хамт 1,1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис гарган авч бэлтгэсэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 8 дугаар сарын сүүл үеэс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 дүгээр гудамжны Хүслэнт хотхоны 211 байрны 11 тоотод хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохироогүй байна гэж үзэв.

 

          Учир нь,  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээ шүүхэд хуулиар олгогдсон.

 

          Шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсийг хэрэглээндээ татан оролцуулж, тухайн бодисыг хууль бусаар худалдаалж буй этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул ихтэйд тооцогдоно.  

 

          Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх эрүүгийн хэргийн талаар бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ