Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0967

 
 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б*********                                            

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О********

Гуравдагч этгээд: Ц.Д****

Маргааны төрөл: Ц.Д****-д холбогдох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С******, нэхэмжлэгч Х.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О********, гуравдагч этгээд Ц.Д**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Х.Б********* нь тус шүүхэд хандан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 46 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны дугаар сарын –ны өдрийн дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 46 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” гэж тодруулжээ.

2. Нэхэмжлэгч Х.Б********* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 46 дугаар байрны ***** тоот хаягт оршин суудаг.

Нэхэмжлэгчийн амьдардаг орон сууцны дээд давхарт буюу 71 тоотод гуравдагч этгээд Ц.Д**** оршин суудаг.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн амьдарч буй 46 дугаар байрыг “Э***** ХХК-ийн боловсруулсан “Иргэн М.Х*******-ын үйлчилгээтэй орон сууцны барилга” гэх нэршилтэй, “ЭЛ-77/2014” шифртэй зураг төслөөр барьж ашиглалтад оруулсан байх бөгөөд тус зураг төслийн “Техникийн давхрын байгуулалт”-ын зурагт 71 тоот нь техникийн өрөөний зориулалттай төлөвлөгдсөн.[1]

Уг 46 дугаар байрыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 37/2016 дугаартай актаар байнгын ашиглалтад хүлээн авсан.[2]

Маргаж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 46 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх иргэн М.Х********-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204079560 дугаарт бүртгэхдээ иргэн М.Х*******-ын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан мэдүүлэг[3], орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай өргөдөл[4], Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07/511 дугаартай албан бичиг[5], Гэрэлт цамхаг СӨХ-ны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай албан бичиг[6], орон сууцны схем болон фото зураг зураг[7] зэргийг хуульд заасан баримтуудыг үндэслэн үйлчилгээний зориулалттайгаар, 26.30 м.кв гэж бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ[8] олгосон.

Дээрх 26.30 м.кв гэсэн талбай нь “Техникийн давхрын технологийн байгуулалт М1:100” план зургийн өрөөний тодорхойлолтын “4. Оффисын өрөө 26.30 м.кв” гэсэнтэй тохирдог.

Үүний дараа 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн М.Х*******-аас өгсөн захиалгын дагуу “А******* ХХК-ийн хийсэн “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”[9] болон дүгнэлтээр[10] 71 тоот сууцны талбайг нийт 56.07 м.кв болгож, сууцны зориулалттай талбай 1. Зочны өрөө, гал тогоо, хөлийн хэсэг 50.92 м.кв, сууцны бус зориулалттай талбай 2. Ариун цэврийн өрөө 4.29 м.кв, 3. Тагт 0.86 м.кв гэжээ.

Улмаар иргэн М.Х********-ын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт[11], 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг[12] үндэслэн мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд[13] 56.07 м.кв талбайтай болгон бүртгэжээ.

Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр[14] иргэн Б.Э************-ы өмчлөлд, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр[15] гуравдагч этгээд Ц.Д****-гийн өмчлөлд шилжсэнийг 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр[16] бүртгэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “... манай дээд давхрын 71 тоот нь анх баригдахдаа техникийн зориулалттай өрөөгөөр төлөвлөгдсөн. Гэтэл барилгын үндсэн хийцийг дур мэдэн өөрчилж, халаалтын босоо шугамыг өрөөний голоор дээш гаргаснаар дээрээс халуун ус алдаж, эрүүл мэнд хохирол аюул үүссэн. Тухайн дээш гарсан шугамыг дагаж борооны дусаал гоожиж, өмчид хохирол учирсан /обой хууларч, паркетан шал эвдэрсэн, тааз шаарласан/, дээвэр дээр барилгын зөвшөөрөлгүй өргөтгөл нэмж барьсан, орон сууцны техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэснийг зөрчсөн ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

Хариуцагчийн зүгээс “... Үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд анх бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасан бөгөөд уг бүртгэлийг хийх үед татгалзах үндэслэлгүй байсан тул хуульд заасны дагуу иргэний гаргасан мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гуравдагч этгээдийн зүгээс “... 2016 оны намар авсан. Тухайн үед элэг өвдөөд 2018 онд Солонгос улсад элэг солиулсан байгаа. Өөрийнхөө байрыг зараад зөрүүнд нь авсан байгаа. Байрыг авснаас хойш манай эхнэр гар урлал даалин, дээл, малгай, бүс хийдэг хүн байгаа. 2018 оноос хойш ар гэр маань мөнгө төгрөгийн асуудал их болоод 2018-2021 он хүртэл амьдарсан. 2021 оноос хойш амьдраагүй. Ус алдсан үед Х.Б********* орж үзсэн. Жил болгон дээврээс борооны ус гоождог нь үнэн. Х.Б*********-гийн өмнөх айлууд мөн орж ирдэг байсан. Тухайн үед намайг эрүүл агаарт байгаарай гэсэн болохоор би хотод байхгүй байсан. Би Х.Б********-г нэг, хоёр дахь удаа залгахад байраа үзүүлсэн гурав, дөрөв дахь удаа залгаж эхлэхэд би цааргалж эхэлсэн. Яагаад гэвэл надад хот руу орж ирж байр үзүүлэх боломж байгаагүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

3. Нэхэмжлэгч Х.Б********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манайх 46 байрны 63 тоотод 12 давхарт амьдардаг. Гэрт унтлагын өрөөнөөс дээшээ тааз цоолоод халаалтын босоо шугамыг өөрчлөөд гаргасан байсан. Худалдаж авахад засвар хийсэн байсан. Ороод 2 жил болоход борооны дусал гоожоод оршин суугч Ц.Д**** ярих гэтэл ярих хүсэлгүй байсан. Дараа нь СӨХ-д хүсэлтээ тавихад дээд айлтай уулзсан танд хамаагүй гэж байна гэсэн тайлбар хэлсэн. Тэгээд Ц.Д****-тай холбогдож учир зүгээ олох гэтэл ямар ч боломжгүй байсан. Шат шатны байгууллагад хандаарай гээд хандсан. Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дүгнэлт гаргуулсан. Дээврийн өргөтгөл дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан байна гэх тайлбар Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн. СӨХ-д 06 дугаар сарын 20-ны дагуу шийдээрэй гэсэн үүрэг даалгавар өгсөн байсан. СӨХ-өөс надад биелэгдэх боломжгүй байна гэж хэлсэн. Тэр хүмүүс тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байна гэдэг тайлбарыг мөн бичгээр авсан. Техникийн өрөөнд гэрчилгээ гаргуулсан байна гэсэн тайлбар ирсний дагуу үл хөдлөхийн дагуу хандсан. Дулааны босоо шугам дээд айл руу орсон учраас гэрт аюултай үүсэж байна. Дээд айл халаалт авч байгаа учраас тасдуулах боломжгүй байсан. Дээд айл техникийн өрөөнд үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан гэсэн дүгнэлт ирсэн. Үл хөдлөх гэрчилгээ гарах ёсгүй газар гарсан байна гээд үл хөдлөхийн газар хандахад үүнийг шийдвэрлэх боломжгүй шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой гэдэг хариу ирсэн.

12 давхар орон сууцны үйлчилгээтэй, 13 давхар болгож бариад барихдаа барилгын үндсэн хэсгийг өөрчлөөд шугамыг татаж авчраад таазыг цоолоод гаргасан байгаа юм. Тэрийг дагаад дусаалаар халуун ус гоожих магадлал өндөр. Халаалтын халуун ус гоожоод шалзарч байсан. Манайх ороо нөгөө талын хананд  тавьсан.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Х.Б*********-гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13335/, 46 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай гаргасан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасан бөгөөд уг бүртгэлийг хийх үед татгалзах үндэслэлгүй байсан тул хуульд заасны дагуу иргэний гаргасан мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд анх иргэн М.Х*******-ыг  өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэгчийн үйлдэл хууль зөрчөөгүй бөгөөд бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Дандарбаатарын гудамж 46 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Х*******-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204079560 дугаарт бүртгэхдээ иргэн М.Х*******-тын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан мэдүүлэг, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай өргөдөл, тэмдэгтийн хураамж тушаасан баримт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07/511 дугаартай бичиг, Гэрэлт цамхаг СӨХ-ийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай албан бичиг, орон сууцны схем болон фото зураг гэх зэрэг хуульд заасан албан өмчлөгчөөр бүртгэх хангалттай нотлох баримтуудыг үндэслэн үйлчилгээний зориулалттайгаар бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний өргөдөл, хуульд заасан холбогдох нотлох баримтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөнийг бүртгэж, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Э***********ы өмчлөлд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Д****-гийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай болно. Иймд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Дандарбаатарын гудамж 46 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхны бүртгэл дээр 26.30 м.кв-аар олгосон. Энэ нь техникийн өрөө биш. Техникийн өрөө нь тусдаа 22.12 байгаа. Техникийн өрөөн дээр анх олгохдоо бол олгоогүй. Техникийн өрөө болон 1 давхартаа үйлчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг хүлээж авсан гээд 2 журмаа дурдаад албан бичгээ хүргүүлсэн байгаа. Дахиад буцаад хэмжилт хийгээд дараагийн бүртгэл явж байгаа. 26.30 м.кв үйлчилгээний зориулалттай 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эхний бүртгэл олгосон. Техникийн өрөөнийхөө хажууд байдаг оффисын зориулалттай 26.30 м.кв-аар анх гэрчилгээ олгоод өмчлөгчөөр нь М.Х******-ыг бүртгэсэн. Техник өрөөнд хамааралгүй. Яагаад гэвэл палан зураг дээр тусдаа байгаа. Дараагийн бүртгэл дээр хэмжилт хийлгээд м.кв-ийг нь нэмээд тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргаад дүгнэлтээ бичээд палан зураг хийсэн. Тэр бүртгэл дээр нэмэгдэн байгаа. Нэмж барьж орсон эсэх нь тодорхойгүй харагдахгүй байгаа юм. Анхны бүртгэл нь хууль зүйн үндэслэлтэй байгаа юм. Бид нотлох баримтад үндэслэж хуульд заасны дагуу бүртгэх үүргийг хүлээдэг төрийн албан хаагч юм. Анхны бүртгэлийн зургийг харахад шинээр нэмсэн зүйл харагддаггүй.” гэжээ.

5. Гуравдагч этгээд Ц.Д**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны намар авсан. Тухайн үед элэг өвдөөд 2018 онд Солонгос улсад элэг солиулсан байгаа. Өөрийнхөө байрыг зараад зөрүүнд нь авсан байгаа. Байрыг авснаас хойш манай эхнэр гар урлал даалин, дээл, малгай, бүс хийдэг хүн байгаа. 2018 оноос хойш ар гэр маань мөнгө төгрөгийн асуудал их болоод 2018-2021 он хүртэл амьдарсан. 2021 оноос хойш амьдраагүй. Ус алдсан үед Х.Б********* орж үзсэн. Жил болгон дээврээс борооны ус гоождог нь үнэн. Х.Б*********-гийн өмнөх айлууд мөн орж ирдэг байсан. Тухайн үед намайг эрүүл агаарт байгаарай гэсэн болохоор би хотод байхгүй байсан. Би Х.Б*********-г нэг, хоёр дахь удаа залгахад байраа үзүүлсэн гурав, дөрөв дахь удаа залгаж эхлэхэд би цааргалж эхэлсэн. Яагаад гэвэл надад хот руу орж ирж байр үзүүлэх боломж байгаагүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 46 дугаар байрны 71 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх иргэн М.Х*******ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204079560 дугаарт бүртгэсэн хугацаа нь 2016 оны 03 дугаар сарын 04, хожим нь мөн тоотын талбайн хэмжээг өөрчлөн бүртгэсэн хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байх тул шүүх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэнэ.

2. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд мөн зүйлийн 13.5.1-13.5.8 дахь заалтад “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг; газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт; тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ; газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар; барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг; улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт; өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл.” гэжээ.

3. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:” гээд мөн зүйлийн 14.1.1-14.1.9 дэх заалтад “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол; энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол; энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол; мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол; бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол; энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол; энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол; энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол; мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол.” гэжээ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.” гэж зохицуулжээ.

Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа этгээд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүссэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан баримт материалыг бүрдүүлж өгөх бөгөөд улсын бүртгэгч мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нягталж, улмаар тийм үндэслэл тогтоогдохгүй бол өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийхээр зохицуулжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд, иргэн М.Х*******-ын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан мэдүүлэг, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай өргөдөл, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07/511 дугаартай албан бичиг, Гэрэлт цамхаг СӨХ-ны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай албан бичиг, орон сууцны схем болон фото зураг зураг зэргийг хуульд заасан баримтуудыг үндэслэн үйлчилгээний зориулалттайгаар, 26.30 м.кв гэж бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, улмаар иргэн М.Х*******-ын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг үндэслэн мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд 56.07 м.кв талбайтай болгон бүртгэжээ.

Иргэн М.Х*******-аас бүрдүүлсэн дээр дурдсан зохих баримтуудыг улсын бүртгэгч хүлээн аваад 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн М.Х*******-ын хүсэлтүүдийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс маргахдаа 71 тоот нь анх техникийн зориулалттай төлөвлөгдсөн бөгөөд техникийн зориулалттай өрөөнд зориулалтыг нь өөрчлөн гэрчилгээ олгосон нь буруу гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анх иргэн М.Х*******-ын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхдээ 26.30 м.кв гэж бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь “Техникийн давхрын технологийн байгуулалт М1:100” план зургийн өрөөний тодорхойлолтын “4. Оффисын өрөө 26.30 м.кв” гэсэнтэй тохирдог.

Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримтаас үзвэл анх М.Х*******-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгохдоо техникийн зориулалтын өрөөнд бус, харин оффисын өрөөнд үйлчилгээний зориулалттай гэж гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна.

Хожим нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн М.Х*******-аас өгсөн захиалгын дагуу “Арккад” ХХК-ийн хийсэн “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл” болон дүгнэлтээр 71 тоот сууцны талбайг нийт 56.07 м.кв болгож, сууцны зориулалттай талбайд “Зочны өрөө, гал тогоо, хөлийн хэсэг 50.92 м.кв”, сууцны бус зориулалттай талбайд “Ариун цэврийн өрөө 4.29 м.кв, Тагт 0.86 м.кв” гэж тогтоож, улмаар иргэн М.Х*******-ын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг үндэслэн мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд 56.07 м.кв талбайтай болгон бүртгэснээс үзвэл тус талбайд “Техникийн давхрын технологийн байгуулалт М1:100” план зургийн өрөөний тодорхойлолтын “2. Техникийн өрөө 22.12 м.кв” гэсэн талбай хамаарч байгаа гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, техникийн өрөөний зориулалт, бүтээцийг дур мэдэн өөрчилсөн нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна” гэх агуулгатай тайлбар нь уг захиргааны хэргийн маргааны зүйлд хамааралгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан шаардлага зөрчигдсөн гэж үзэж байгаа бол энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад хандан дүгнэлт гаргуулж, улмаар Иргэний хууль болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хүрээнд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээлгэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б********-гээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 46 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 12 дахь тал

[2] Хх 19 дэх тал

[3] Хх38-39 дэх тал

[4] Хх 42 дахь тал

[5] Хх 41 дэх тал

[6] Хх 44 дэх тал

[7] Хх 45-47 дахь тал

[8] Хх 49 дэх тал

[9] Хх 57 дахь тал

[10] Хх 58 дахь тал

[11] Хх 53 дахь тал

[12] Хх 50 дахь тал

[13] Хх 66 дахь тал

[14] Хх 70 дахь тал

[15] Хх 99 дэх тал

[16] Хх 107 дахь тал