Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01174

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01174

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, Ц.Батчимэг -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Д.Энхцэцэг -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Батчимэг нь Д.Энхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.300.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.Батчимэг би машин эвдэрсэн янзлуулчихаад буцаагаад төлнө, ажлаа хийгээд өгнө гэж хэлэхээр нь итгээд Б.Энхцэцэгт 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 300.000 төгрөг өгсөн. Дараа нь дахин 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг түүний хаан банкны 5005753667 данс руу шилжүүлсэн. Мөнгийг 10 хоногийн буцаан өгнө гэж хэлсэн ч 2022 оны 01 дүгээр сарын 28-нд утсаар ярьж хэлэхэд нөхрийн эгч өнгөрсөн баярын дараа өгье гэсэн боловч одоог хүртэл хэл амаар доромжлоод мессеж бичээд өгөөгүй. Гэрт нь очиход хүүхдийн минь хажууд үг хэлээр доромжилж орилж хашхиран гэрээсээ хөөж гаргасан.

Энэ хүн анх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай тавьсан зарын дагуу ирж уулзан манайд ажилласан. Би хувиараа нөхөртэйгээ яармагт баригдаж байгаа барилгын дотор заслын ажил хийхээр гэрээ байгуулсан байсан. Тэгээд өөрийн ажилдаа туслуулахаар зар өгч хариуцагчтай холбогдсон. Цалинг ажилласан өдрөөр, туршилтын журмаар эхний гурван хоногт өдрийн 50.000 төгрөгөөр цалинжуулахаар ярилцсан. Дараагийн долоо хоногоос Д.Энхцэцэгийн хувьд нэг өдрийн 60.000 төгрөгөөр, тэрний дараагийнхаас өдрийн 70.000 төгрөгөөр тооцсон. Нөхөр н.Эрдэнэсайханы хувьд хоногийн 60.000 төгрөгөөр тооцсон. Охин н.Энхзаяаг өдрийн 50.000 төгрөгөөр тооцно гэдгийг хэлсэн. Манайд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Эхний ээлжинд цалинд 1.425.000 төгрөгийг би өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 29-нд ажиллахаа болихоор үлдэх мөнгийг өгсөн. Одоо надад сүүлийн 8 хоногийн цалингаас барьцаа болгон авч үлдсэн 120.000 төгрөг байгаа. Мөнгийг өгчихвөл түүнд энэ мөнгийг өгнө.

Хариуцагч Н.Энхцэцэг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 23 хоног ажилласан. Дунд нь ганц нэг хоног ажиллаагүй. Түүний нөхөр н.Эрдэнэсайхан мөн энэ хугацаанд 23 хоног ажилласан. Охин Э.Мөнхзаяа 21 хоног тус тус ажилласан. Энэ гурван хүний цалинд нийтдээ 3.790.000 төгрөгийг би өгсөн. Би дандаа гүйлгээний утгад цалин гэж мөнгийг явуулж байсан. Харин Ч.Батчимэгээс гэж шилжүүлсэн мөнгө зээл байсан юм. Бусад шилжүүлсэн мөнгөнүүд дандаа цалин гэж орсон. Иймд хариуцагч Д.Энхцэцэгээс 1.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Д.Энхцэцэг миний бие Ц.Батчимэгээс 1.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Харин 300.000 төгрөгийг би нөхөр охины хамт 2021 оны 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд ажиллахдаа авсан цалингийн үлдэгдэл байсан учраас авсан. Тийм учир 300.000 төгрөгийг цалиндаа тооцон авсан. Зээлсэн 1.000.000 төгрөгийг 2 хувааж буцааж төлнө.

Анх 2021 оны 11 дүгээр сарын 30-нд Яармаг дах Нүхтийн 3 давхар 5 айлын хаусд дотор заслын ажил хийхээр очиж уулзсан. Анх өдрийн 50.000 төгрөг гэж хэлснийг биднүүс зөвшөөрөөгүй. Бид мэргэжлийн хүмүүс, бригадаар 4-5 ажилладаг хүмүүс юм. Дотор заслын ажил хийдэг. Эхний 7 хоногт 50.000 төгрөг гэдгийг зөвшөөрсөн. 2 дахь арав хоногт 70.000 төгрөг, 3 дахь долоо хоногт 80.000 төгрөг гэж тохирсон. Гэтэл нэмэхгүй байхаар нь хэлсэн. Охины хувьд хоногт 50.000 төгрөг гэдгийг зөвшөөрсөн. Нөхрийн хувьд зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хүмүүс тул хоногт 60.000 төгрөгөөр тооцсныг зөвшөөрөхгүй. Мөн бид ажил хаяж яваагүй, цаанаас нь эдний барилгад ажил байхгүй байсан болохоор өөр ажил олсон.

Би уг ажилд 23 хоног ажилласан: Эхний 12 дугаар сарын 01-11 өдөр хүртэл 9 хоногт 510.000, 12 дугаар сарын 12-21-ний өдөр хүртэлх 6 хоногт 70.000 төгрөгөөр тооцож 420.000 төгрөг, 12 дугаар сарын 22-29-ний өдрийн хооронд 8 хоногт өдрийн 70.000 төгрөгөөр 560.000 төгрөг нийт 1.490.000 төгрөг болно.

Нөхөр н.Эрдэнэсайханы хувьд надтай яг адилхан хугацааанд хамт ажилласан. Эхний 3 хоногт 50 үлдсэн бүх хоногт 70.000 төгрөгөөр тооцох ёстой байтал 60.000 төгрөгөөр тооцсныг зөвшөөрөхгүй. Охин Э.Мөнхзаяагийн хувьд 21 хоног ажилласан гэдэгт маргахгүй. Бүх өдөрт 50.000 төгрөгөөр тооцно. Нийтдээ бидний цалинд 3.790.000 төгрөг өгсөнд маргахгүй. Бидний ажлын хөлсийг анх тохирсноосоо багаар тооцож дутуу өгсөн учраас 300.000 төгрөгийг өөрсдийн цалинд авсан. Анх тохиролцохдоо эхний гурван хоногт 50.000 төгрөг гэснийг зөвшөөрсөн. Харин нөхөр бид хоёр мэргэжлийн хүмүүс тул түүнээс хойш хоногт 80.000 төгрөг гэж тохирсон ч нэмэхгүй байсан. Минийхийг өдөрт 70.000 болгосон ч нөхрийнхийг багаар бодсон гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагчтай харилцсан гар утасны зурвасууд хуулбараар, Ц.Батчимэг болон Н.Балжинням нарын Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Ц.Батчимэг нь Д.Энхцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийн хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгийг олгосон, зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул гаргуулна гэж тайлбарласан. Түүнчлэн хариуцагч болон түүний гэр бүлийн хүмүүсийн ажилласан хугацааны хөлсийг бүрэн төлсөн, барьцаа болгож 120.000 төгрөг авч үлдсэн гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч болон гэр бүлийн хүмүүсийн ажилласан хугацааны хөлсийг нэхэмжлэгч анх тохиролцсноос багаар тооцож дутуу олгосон тул ажлын хөлсөд үлдэх 300.000 төгрөгийг тооцон авсан гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ тус тус өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээхээр заасан боловч энэ үүргээ зохигч хэн алин нь хэрэгжүүлээгүй. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөвд тооцон үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4.Зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч өөрийн Хаан банкны дансаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, нөхөр Н.Балжиннямын Хаан банкны дансаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 300.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай шилжүүлсэн, хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох-оор заасан тул тухайн өдрүүдэд мөнгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээхээр, харин Зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохиролцсон хугацааны дараа буцаан өгөх үүрэг хүлээхээр заасан, нэгэнт хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй тул тэрээр хуулийн дагуу авсан мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

5.Үүнээс гадна талуудын тайлбараас дүгнэвэл, нэхэмжлэгч Ц.Батчимэг түүний нөхөр нар Хан-Уул дүүрэг, Яармаг, Нүхтэд байрлах барилгад дотор заслын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, уг ажилдаа туслуулах зорилгоор хариуцагч Д.Энхцэцэгтэй 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр амаар харилцан тохиролцож, түүний нөхөр, охины хамт тухайн барилгын дотор заслын ажилд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 29-ны өдрийн хооронд ажилласан үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хоорондох дээрх тохиролцоо хуульд харшлаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хариуцагч Д.Энхцэцэг 23 хоног, түүний нөхөр н.Эрдэнэсайхан 23 хоног, охин Э.Мөнхзаяа 21 хоног тус тус ажилласан, тэдгээрийн ажлын хөлсөд нийтдээ 3.790.000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй. Мөн охин Э.Мөнхзаяагийн хувьд бүх ажилласан өдөрт нэг өдрийн хөлсийг 50.000 төгрөгөөр тохирсон, хариуцагч болон түүний нөхрийн хувьд эхний гурван өдөр нэг өдрийн хөлс 50.000 төгрөгөөр тохирсонд маргаагүй.

Харин үлдэх өдрүүдэд хариуцагч өөрийн болон нөхрийн нэг өдрийн хөлсийг 70.000, 80.000 төгрөгөөр тооцох байсан гэж, нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн хувьд 70.000 төгрөгөөр тооцсон, нөхрийн хувьд 60.000 төгрөгөөр тооцсон гэж тайлбарласан. Зохигчид ажлын хөлс тооцсон хэмжээнд маргаж, улмаар зээлийн зарим хэсгийг дутуу олгосон ажлын хөлсөд тооцон авсан хэмээн хариуцагч тайлбарласан.

Нэхэмжлэгч ажлын хөлсөд хариуцагч Н.Энхцэцэгт 1.490.000 төгрөг, нөхөр н.Эрдэнэсайханд 1.350.000 төгрөг, охин Э.Мөнхзаяад 1.050.000 төгрөг болсон, үүнээс барьцаа болгож олговол зохих хөлснөөс 120.000 төгрөгийг авч үлдсэн гэж тайлбарласан.

Шүүх түүний дээрх тооцооноос үзвэл хариуцагчийн хувьд ажлын хөлсөд 23 хоногт 1.550.000 төгрөг олгох ёстойгоос нэхэмжлэгч 1.490.000 төгрөгийг олгосон тул 60.000 төгрөгийг дутуу олгосон гэж үзэв.

/3 хоног *50.000 +20 хоног *70.000 = 1.550.000 - олгосон 1.490.000/

Харин нөхөр н.Эрдэнэсайханы хувьд нэг өдрийн хөлсийг 60.000 төгрөгөөр тооцсныг зөвшөөрөхгүй гэж хариуцагч тайлбарласан ч анх нэг өдрийн хөлсийг хэд байхаар тохирсон талаарх дэмжих баримт хэрэгт авагдаагүйгээс гадна энэ хэрэгт н.Эрдэнэсайхан оролцоогүй, хэргийн оролцогч биш тул шүүх түүний ажлын хөлс дутуу эсэх асуудлыг энэ хэрэгтэй хамт дүгнэлт өгч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв. Хэрэв н.Эрдэнэсайханы хувьд өөрийн ажлын хөлсийг дутуу олгосон гэж үзвэл жич шаардах нь зүйтэй.

6.Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1.300.000 төгрөг хүлээн авсанд маргаагүй тул түүнээс зээлийг буцаан гаргуулахдаа нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс хууль бусаар барьцаанд авсан гэх 120.000 төгрөг, дутуу тооцож олгосон 60.000 төгрөгийг тус тус хасч үлдэх хэсгийг гаргуулах нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238 дугаар зүйлийн 238.4-т нийцнэ гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 1.120.000 /1.300.000-120.000-60.000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 238 дугаар зүйлийн 238.4-д заасныг баримтлан Д.Энхцэцэгээс 1.120.000 /нэг сая нэг зуун арван хорин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Батчимэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31.430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ