| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/1161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1723 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1723
2025 7 07 2025/ШЦТ/1723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Л.Солонго /томилолт/,
шүүгдэгч О.Т************, түүний өмгөөлөгч М.Далайжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х********* овогт О************ийн Т************ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2408003830004 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ****** дугаар гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин суух, урьд:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 293.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар 8 хоногийн хорих ял тус тус шийтгүүлсэн, Х********* овогт О************ийн Т************. /УБ84050517/
Шүүгдэгч О.Т************ нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 2 дугаар буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Г*********ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, уруулд шарх, хоёр зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун чих, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т************ мэдүүлэхдээ: “.....мэдүүлэг өгөхгүй.....” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хэргийн 28-30 дахь тал/,
Хохирогч Н.Г*********ийн мөрдөн байцаалтад өгсөн "Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салаа 2 дугаар буудлын орчимд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр явж байхад манай ойролцоо амьдардаг юм шиг байна лээ, өмнө ганц нэг удаа харж байсан Төмөрчөдөр гэж дууддаг 40 орчим насны залуу согтуу явж байгаад араас дуудахаар нь би алхаад явсан.
Тэгтэл араас хавсарч унагаад газар унасан байхад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөөд хувцаснаас заамдаад цохисон миний уруул сэтэрсэн, доод үүдэн нэг шүд хөдөлсөн, зүүн нүд хөхөрсөн бусад хэсэгт зулгарч цус гарсан. Уг гэмтлийг Төмөрчөдөр гэх залуу согтуу намайг цохиж үүсгэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/
“… Надад урьд хохирогчоор өгсөн мэдүлэгтээ өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн өдрөөс хойш Т************тай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1075 дугаартай:
“1. Н.Г*********ийн биед хамар ясны хугарал, уруулд шарх, хоёр зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хэргийн 22-23 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч О.Т************ нь хохирогч Н.Г*********той үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар Н.Г*********ийн биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч О.Т************ нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж бие биеийнхээ эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Т************т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд хохирогч Н.Г********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч Н.Г********* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч О.Т************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хамгийн бага цагаар буюу 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтоож өгнө үү ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч О.Т************ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэн, шүүгдэгч О.Т************т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч О.Т************ нь шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин оргож, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 35 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Т************ын энэ хэрэгт цагдан хоригдсон 35 хоногийн нэг хоногийг 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжээр тооцоход нийт 33,3 хоног болж байна.
Иймд түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэн тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х********* овогт О************ийн Т************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Т************ын энэ хэрэгт цагдан хоригдсон 35 хоногийн нэг хоногийг 500,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжээр тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.
4. Шүүгдэгч О.Т************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Г********* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ