2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1758

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025            07           09                                         2025/ШЦТ/1758

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор

улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,

шүүгдэгч М.А***,

хохирогч Ө.Ө*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б*******овогт Мөнхбилэгийн А***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 250800000936 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 23 -ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 20*** оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй , Энх **** ХХК-д Барилгын гадна фасат хийдэг ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар ** дүүрэг ** дугаар хороо *** тоот гудамжны *** тоотод оршин суух хаягтай боловч ооогоор ** ** дугаар хороо хайрхан *** тоотод оршин сууж байгаа, урьд

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаанд тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б*******овгийн М**********ийн А*** (НУ01211715).

 

Шүүгдэгч М.А*** нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 04.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд орших "Green rent house" амралтын газарт Ө. Ө**********тай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар түүний цээжний зүүн тал, хэвлий, баруун, зүүн дал, нуруун тус газарт 9 удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний зүүн тал, хэвлий, баруун, зүүн дал, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А*** мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Ө*******“Тухайн үед бид хоёр ам мурийгаад муудалцсан. Анх бид хоёрыг муудалцахад манай ах ирж салгасан. Төд удалгүй дахин муудалцсан бөгөөд манай ах ирээд чи хутгалаад байна гэж хэлээд тэгээд харахад битүү цус байсан бөгөөд ухаан алдсан. Мөн тухайн үеийн ажилгүй байсан цалин, шүдний аппаратыг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч Ө. Ө**********ын мөрдөн байцаалтад өгсөн "2025 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ... хамаатны ах С.Ө**********ын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах амралтын газар очсон.

Удалгүй ахын найз нар ирээд, бид 2 литрийн "Сэнгүр” пиво 5 ширхгийг уусан. ... Ах С.Ө*******найз А***тайгаа маргалдаад байхаар нь салгахаар очиход, А*** нь над руу уурлаад бид хоёр маргалдаж хоорондоо зодолдоод байж байхад ах бид хоёрыг салгасан.

Тэгээд зогсоод байж байхад А*** ирээд зуураад байсан. Манай ах С.Ө*******ирээд "болиоч ээ, чи миний дүүг хутгалаад байна" гээд холдуулахад миний хувцас нил цус болчихсон байсан.

Ах С.Ө*******намайг аваад шууд Гэмтлийн эмнэлэг явсан. ... А*** нь над руу "Чи яасан, над руу томрох гээд байгаа юм уу"...  гэхээр нь би "Чи над руу томрох гээд байгаа юм уу" гэж хэлээд маргалдаад бид хоёр хоорондоо зодолдоод байж байхад С.Ө*******нь амралтын байшингаас гарч ирээд салгасан.

Салаад байж байхад ах буцаад байшин руу орсон. А*** нь дахиад маргаан өдөж "Би чамайг ална" гэхээр нь "Би чамайг харна аа" гэж хэлээд бид хоёр дахиж зодолдоод байж байхад ах гарч ирээд "Хөөе, чи болиоч, чи хутгалаад байна шүү дээ" гэж хэлээд А***ыг салгаад амралтын байшин руу авч орсон. Би дээгүүрээ нүцгэн байсан тул биеэ харахад миний цээж хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Тэр үед чих дүнгэнээд, нүд харанхуйлаад, нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт орон дээр хэвтчихсэн сэрсэн". Би гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй”, А*** шууд миний зүүн шанаа руу 2, 3 удаа цохисон. Дараа нь жижиг тонгорог буюу хутгаар гэдэс буюу хүйсний дээд хэсэгт 1 удаа, зүүн суганы доод хэсэгт 3 удаа, нуруун дээр 4 удаа, баруун гарны булчин хэсэгт 1 удаа хатгаж, баруун арын сарвуу хэсэгт 1 удаа зүссэн.

Нийт намайг 9 удаа хатгаж, 1 зүссэн. Би Гэмтлийн эмнэлэг дээр нийт 8 оёдол тавиулсан.М.А*** нь надад ямар нэгэн эмчилгээний төлбөр өгөөгүй" гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9-10, 12-13, 15-16 дахь тал/

 

Гэрч С.Ө**********ын "... Гарч ирээд харахад М.А***, үеэл дүү Ө.Ө*******хоёр хоорондоо зодолдоод байж байсан. Би тэр хоёрыг салгачихаад ... буцаад амралтын байшин руу орсон ороод, хэсэг хугацааны дараа дахиад зодолдоод байх шиг байсан.

Би дахиж гарч ирээд харахад үеэл дүү Ө. Ө**********ын цээж хэсэг нь цус болчихсон байсан. Би "Хөөе, чи хутгалаад байгаа юм биш үү" гэж хэлээд салгахад М.А*** нь жижиг тонгорог барьчихсан байхаар нь би хойш нь татаад булааж аваад шидчихээд, ... зам дагуу машинд сууж явсан бөгөөд дүү Ө.Ө*******нь машинд сууж явах хугацаандаа унтаад байх шиг байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү шууд авч очиж, анхны тусламж үзүүлсэн.Тухайн ... өдрөөс хэд хоногийн өмнө А*** нь түлхүүрийн оосор гээд нэг жижигхэн тонгорог түлхүүрнээсээ зүүчихсэн байсан. ... М.А***ыг хойш татаад салгахад гарт нь тухайн түлхүүрний оосор маягын жижиг мөнгөлөг өнгийн тонгорог байсан. Тэгээд би тухайн тонгоргыг аваад шидчихсэн".... гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-20 дахь тал /

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлэгийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн СХД0725/111 дугаартай

... Ө.Ө**********ын биед цээжний зүүн тал, хэвлий, баруун, зүүн дал, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 50-51 дэх тал/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.А*** 2025 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 04.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд орших "Green rent house" амралтын газарт Ө.Ө**********тай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар түүний цээжний зүүн тал, хэвлий, баруун, зүүн дал, нуруун тус газарт 9 удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний зүүн тал, хэвлий, баруун, зүүн дал, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий

хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.А*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Ө.Ө**********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.А***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ө.Ө**********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ СХД0725/111 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогч Ө.Ө*******нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг оношлуулах, эмчлүүлсэн талаарх зардлын талаарх баримт авагдаагүй байна.

Хохирогч Ө.Ө*******нь “ ... Би шүүх эмнэлэгээр сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлтийг хавтаст хэрэгт өгсөн байна. /хавтаст хэргийн 52 дахь тал/ г

 

Иймд шүүгдэгч М.А***аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Гэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ө.Ө*******нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч М.А***т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” дүгнэлт гаргажээ.

 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.А***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.А*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б*******овогт М**********ийн А***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар М.А***ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.А***ын торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А***ын торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.А*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Хохирогч Ө.Ө*******нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.А***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ