2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1759

 

 

 

 

 

 

 

 

 

  2025           7           09                                           2025/ШЦТ/1759

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Г.И************, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Их мянган овогт Г************ийн И************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305024760284 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, **** дүүргийн ** дүгээр хороо, **** гудамжны *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Их мянган овогтой Г************ийн И************. /*****/

 

Шүүгдэгч Г.И************ нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б***********т "гар утас лизингээр аваад авсан гар утсаа зараад хямдхан машин худалдаж аваад үнийг нь нэмж зараад мөнгөтэй больё" гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Б***********аар "Сайн электроникс"-оос Хуавэй Нова 10 про загварын 2,799,900 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зээлээр авхуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч Хуавэй Нова 10 про загварын гар утсыг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.И************ мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.Б***********ын өгсөн "... Би 2016 онд Турк улсад гэрээгээр ажиллаж байгаад тэндээ И************ гэх монгол залуутай танилцаж байсан. Харин түүнээс хойш Монголд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тухайн залуутай анх таарсан.

Тэгээд утас лизингээр авчих зараад өгнө гээд авахуулаад Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газрын гадаа үлдээгээд лизингээр авсан утсыг залилж авч яваад миний хохирлыг барагдуулахгүй удаа дараа худлаа яриад байсан учир цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 154-155 дахь тал/

 

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Баасанхүү нь 2,799,900 төгрөгийн үнэ бүхий Хуавэй нова 10 про загварын гар утсыг зээлээр авсан талаарх зээлийн гэрээ. /хэргийн 46-50 дахь тал/

 

"Дамно" ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ2-25-56 дугаартай дүгнэлтээр Хуавэй Нова 10 про загварын гар утсыг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2,799,900 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /хэргийн 86-87 дахь тал/

 

Г.И************гийн яллагдагчаар өгсөн “2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Баасанхүү буюу Б*********** ахтай уулзсан бид хоёр мөнгөө нийлүүлээд хуучин машин тэрэг худалдаж аваад тордоод эргүүлээд бага зэргийн мөнгө нэмээд зарах талаар ярилцсан тухайн үедээ Баасанхүү ах надад хувей нова 10 загварын гар утсыг зээлээр авсан талаараа хэлсэн түүнийг нь би зарын дагуу “boldoo boldoo " гэх фэйсбүүк хэрэглэгчтэй уулзаад машины урьдчилгаанд тэр гар утсийг өгч дараагаар нь бичиг баримтийг шилжүүлэн өгхөөр тохиролцсон.

Харин тухайн өдрөөс хойш Баасанхүү ах над руу залгаад дүүгийн төрсөн болох гээд мөнгө төгрөг хэрэГтэй байна гэхээр нь би 200,000 төгрөг дансаар нь шилжүүлэн өгсөн өөр надаас ямар нэгэн асуудал зүйл асуулгүй салгасан.

Түүний дараа миний утас урьдчилгаанд өгсөн boldoo boldoo гэх фэйсбүүк хэрэглэгч намайг блок хийгээд алга болсон бөгөөд миний хувьд утас ч байхгүй машинч байхгүй хоосон хоцорсон харин тухайн хүний мэдээлэл нь одоогоор надад байхнгүй. Тэрнээс хойш надад гар утсаа байхгүй ямарч холбоо сүлбээгүй байсан учир Баасанхүү ах миний талаар цагдаад өргөдөл өгч би эрэн сурвалжлалт зарласан байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн. Миний хувьд Баасанхүү ахийн гар утсийг бусдад зарж борлуулсан үйлдэлдээ гэмшин байгаа бөгөөд хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 157 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Г.И************ нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Б***********т "гар утас лизингээр аваад авсан гар утсаа зараад хямдхан машин худалдаж аваад үнийг нь нэмж зараад мөнгөтэй болъё" гэж хэлэн Б.Б***********аар "Сайн электроникс"-оос Хуавэй Нова 10 про загварын 2,799,900 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зээлээр авхуулан хуурч Хуавэй Нова 10 про загварын гар утсыг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.И************ нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.И************гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б***********т 2,799,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.И************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.И************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.И************ нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их мянган овогтой Г************ийн И************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.И************г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.И************гийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.И************ торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.И************ баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.И************д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ