| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/1160/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1762 |
| Огноо | 2025-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч С.Т***********э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б******** овогт С*********гийн Т***********э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2210022060298 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ** дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Б******** овогт С*********гийн Т***********э. /***/
Шүүгдэгч С.Т***********э нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо "Гарден вилла" 2 дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг "Бидний дэлгүүр"-ээс насанд хүрээгүй хохирогч А.Б********ий "I phone X" загварын гар утас, Иргэний үнэмлэх, Худалдаа хөгжлийн банкны виза карт зэргийг нууцаар, хууль бусаар авч 678.300 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т***********э мэдүүлэхдээ: “2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр миний дэлгүүрээр үйлчлүүлэн гарахад лангуун дээр нь байсан гар утсыг хүн орхисон байна хэмээн авч гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч А.Б********ийн мөрдөн байцаалтад өгсөн "Миний бие Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 25 дугаар байр 2 дугаар орц 6 давхарт 70- тоотод оршин суудаг. Би ээж Отгоцэцэгийн хамт Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо "Гарден вилла" 2 дугаар орцонд "Бидний" гэдэг нэртэй дэлгүүр ажлуулдаг юм.
2022 оны 08 дугаар сарын 18-ний өдөр дэлгүүр дээрээ сууж байтал 14 цаг 30 минутын орчимд дэлгүүрт цэнхэр хувцастай, хар үүргэвчтэй, саравчтай малгайтай, туранхай, 160 см орчим өндөртэй, 40-45 орчим насны эрэгтэй хүн үйлчлүүлээд гарсан. Тухайн үед дэлгүүр дотор миний бие болон ээж О******** нар байсан бөгөөд дэлгүүрт орж ирсэн үл таних эрэгтэй надад хандаж хөргөгчнөөс хиам аваад өгөөч гэж хэлсэн.
Тэгэхээр нь би хөргөгчөөс хиам авч өгөх замдаа өөрийн гар утсаа шилэн хөргөгчин дээр тавьчихсан юм. Тэгээд хиамаа тухайн эрэгтэй хүнд авч өгсөн. Түүний дараа тухайн үл таних эрэгтэй, хиам 0.75 литр "Хараа" нэртэй архи худалдан авсан. Тухайн үл таних залуу бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Тооцоогоо хийчихээд гарах замдаа шилэн хөргөгчин дээр байсан миний гар утсыг аваад гарсан.
Хяналтын камерын бичлэг байгаа. Ингээд хэд хоног завгүй байж байгаад өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна” /хэргийн 16-23 дахь тал/,
“Би тухайн үнэлгээтэй санал нийлж байна. Би картаа хулгайд алдаад дахин шинээр захиалж авахад 5000 төгрөг болж байсан.
Худалдаа хөгжлийн банкны виза карт хулгайд алдсан өдрөөс хойш гүйлгээ гараагүй ба дахин захиалж аваад картаа ашиглаж эхэлсэн. Картаа алдсан өдрөөс дахин сэргээж авах өдрийг хүртэл данснаас надад мэдэгдэлгүй мөнгө гараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дэх тал/
Гэрч Б.О********ийн “хүү А.Б********э нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүр дээр түр хугацаанд сууж байхдаа өөрийн гар утас, иргэний үнэмлэх, виза картаа хулгайд алдаад цагдаад тэмдэглүүлж байсан.
Тухайн үед камерын бичлэгийг хуулбарлаж авч болохгүй байсан. Камерт бичигдсэн хүнийг би бол хараад таньж байсан. Утас аваад явсан гэх хүн нь 6 дугаар хорооны Цагаан байранд амьдардаг Т***********э гэх хүн байсан. Т***********э нь архи уудаг манай дэлгүүрээр үйлчлүүлдэг хүн байгаа юм.
Одоо би харах юм бол танина. Мөн гар утас алдсан өдөр бичлэг дээр утас аваад гарч байгаа хүн Т***********э мөн байсан. Гар утас хулгайлж авч явсан өдрөөс хойш Т***********э манай дэлгүүрээр огт орж ирээгүй. Хааяа гадуур явж байгаа харагддаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дахь тал/
Хөрөнгө үнэлгээний "Дамно" ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "I phone X" загварын гар утас, Иргэний үнэмлэх, Худалдаа хөгжлийн анкны виза карт нийт 678.300 төгрөгөөр үнэлсэн" гэх ХУ2-22-944 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хэргийн 33-36 дахь тал/
Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 44-45 дахь тал/
С.Т***********ийн яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 06 дугаар хороонд байрлах "Бидний дэлгүүр"-ээс архи, согтууруулах ундааны зүйл аваад байж байтал дэлгүүрийн лангуун дээр жижиг бараан өнгийн гар утас байхаар нь тухайн утсыг аваад дэлгүүрээс гарсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 87-88 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч С.Т***********э нь Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо “Гарден вилла” 2 дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг "Бидний дэлгүүр"-т худалдан авалт хийх явцдаа насанд хүрээгүй хохирогч А.Б********ийг түр сатаарах үед нь шилэн хөргөгч дээр байсан “I phone X" загварын гар утас, Иргэний үнэмлэх, Худалдаа хөгжлийн банкны виза карт зэргийг нууцаар, хууль бусаар авч 678,300 төгрөгийн хохирол учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.Т***********э нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Т***********ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Б********эд 678,300 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Т***********ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О********т олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч С.Т***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Т***********эд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Бусад асуудал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******** овогт С*********гийн Т***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Т***********ийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Т***********ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар хийхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Т***********э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Т***********ээс 678,300 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О********т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Т***********эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ