Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 148/ШШ2021/00333

 

 

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 148/ШШ2021/00333

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Орхон 1 хэсэг гудамж 112 тоотод оршин суух, Халхаачууд овогт Баярсайхан /РД:УЦ88090705/ - ы Отгонтөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 1 хэсэг гудамж 112 тоотод оршин суух, Боржигон овогт Баттулгын Эрдэнэбат /МЮ88042114/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Отгонтөгс / зүүмээр /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Отгонтөгс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Отгонтөгс миний бие нь 2009 оны 7 сарын 7-нд гэр бүл болсон. 2010 оны 1 сард том хүү болох Төгс-эрдэнэ 2013 оны 1 сард охин Номин-эрдэнэ нарыг төрүүлсэн. 2013 оны 10 сард гэр бүлийн маргаанаас болж 2 тийшээ болсон. Эргэн амьдрах боломжгүй тус тусын амьдралтай болсон учир хүсэлтийг минь хүлээн авч гэрлэлтийн баталгаагаа салгуулах хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна... гэх.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хариуцагч Б.Эрдэнэбаттай 2010 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 2013 онд том охиноо төрүүлж 2013 оны 12 дугаар сараас хойш таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Одоо бид хоёрын хэн хэн нь тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан...гэх

 

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... миний бие болох Б.Эрдэнэбат Б.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ээж болох Отгонтөгстэй харилцан тохиролцсон байгаа /шүүхээр шийдүүлэхгүйгээр тохиролцсон/. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй...гэх.

 

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй. Хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаангүй. Хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгохгүйгээр хоорондоо ярилцсан. Нэхэмжлэлийн шаардлага дээр ямар нэгэн маргаангүй тул миний тайлбар хүсэлтийг үндэслэн намайг байхгүйгээр хэргийг шийдэж өгнө үү. Миний эзгүйд хэргийг шийдэхэд татгалзах зүйлгүй...гэжээ.

 

Шүүх Б.Отгонтөгсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Б.Отгонтөгсийн шүүхэд гаргасан ... Б.Эрдэнэбатаас гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийг асрамжиндаа авах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь; Б.Эрдэнэбат, Б.Отгонтөгс нар нь 2009 оны 04 сарын 07-ны өдөр хууль ёсны гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд хоорондын зан харьцааны таарамж, тохиромжгүй байдлаас /хадам аав, ээж нь Б.Отгонтөгсийн бие эрх чөлөөнд халдаж зодсон гэх / шалтгаалан 2013 оноос хойш салж, тус тусдаа амьдрал /өөр хүнтэй гэр бүл болцгоосон/ зохиосон зэрэг шалтгааны улмаас цаашид гэрлэгчдийн гэр бүлийн хамтын амьдралыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай зохигчийн шүүхэд бичгээр гаргасан болон хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 1-9, 19-24 дүгээр талд авагдсан баримтууд болох нэхэмжлэл, багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн тайлбар, хүсэлт, хүүхдүүдийн санал зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр мөн хуулийн 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчдийн дундаас төрсөн 2 хүүхдийг эхийнх нь шүүх хуралдаанд өгсөн тайлбар, эцгийнх нь бичгийн тайлбар болон хүүхдүүдийн санал /хх-ийн 19-24/ зэргийг харгалзан эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.

Харин зохигч нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...2 хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харгалзан энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино.

Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Халхаачууд овогт Баярсайханы Отгонтөгс, Боржигон овогт Баттулгын Эрдэнэбат нарын 2009 оны 04 сарын 07-нд гэр бүл болсныг мөн оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 150 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус зааснаар 2010 оны 01 сарын 14-нд төрсөн хүү Э.Төгс-Эрдэнэ, 2013 оны 01 сарын 20-нд төрсөн охин Э.Номин-Эрдэнэ нарыг эх Б.Отгонтөгсийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

7. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН