Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/541

 

      2021             5             27                                      2021/ДШМ/0541                               

 

     Д.От холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч С.Сувдмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/468 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Н.Бэрхсайхан, С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.От холбогдох эрүүгийн 1906048701170 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Д.О

          Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн;

 

          Шүүгдэгч Д.О нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Чын эзэмшлийн кузов засварын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, гагнуурын аппарат, дрилл, компрессор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 315,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Оыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Оыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Оыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 165,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ч /РД:НТ80040107/-д олгохоор шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Н.Бэрхсайхан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.О нь хохирогч О.Чтай олон жилийн өмнөөс гэр бүлийн найзууд байсан төдийгүй түүний амьдрал ахуйд тусламж дэмжлэг үзүүлсэн байдаг. 2018 онд Д.О нь Төв аймгийн Сум дундын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байх үед О.Ч нь Д.Отай уулзаж учран “хоёул амьдаръя, сууя би нөхрөөсөө салсан” гэж итгүүлэн хамт амьдарч эхэлсэн. Д.О нь хувьдаа олон тооны малтай ахуй амжиргаагаа төвөггүй залгуулаад явдаг нэгэн юм. О.Ч нь “хоёулаа Улаанбаатарт амьдаръя, ямар нэгэн юм түрээслэн ажиллуулъя” гэж ятгасны улмаас Д.О 3 сая гаруй төгрөгийн мал эмээлтэд зарж борлуулаад О.Ч хоёул Баянзүрх дүүрэгт байрлах автомашины кузов засварын газрыг түрээслэн ажиллуулсан. О.Ч нь Д.Оыг байнга эхнэртэйгээ уулзлаа, ярилаа хэмээн харддаг байсны улмаас хувийн өс хонзон, хардалтын шалтгаанаар гэмт хэрэгтэн болгон түлхсэн. Тухайн гэмт хэргийн хохирогч нь О.Ч гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад /1хх 88-90/ Д.О О.Чд 9 сая гаруй төгрөгийг шилжүүлж өгсөн байгааг харахад 315,000 төгрөгийн эд зүйл, багаж хулгайлсан шунахайн сэдэлт мөн үү. Тухайн хэрэг явдал болсон өдрөөс хойш Д.О О.Чтай хамтран амьдарч, тэжээн тэтгэж Дарь-Эхийн дунд буудалд байрлах зочид буудлыг 1 сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлж барьцаанд нь 1,500,000 төгрөг өгсөн байдаг. Үүнээс үзэхэд гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой гэж дүгнэсэнтэй үл нийцэж байна. Мөрдөн байцаалтын явцад орлогын эх үүсвэр хэнд байгаа, түрээсийн төлбөр тооцоог хэний хөрөнгөөр төлж барагдуулсан, хохирогч О.Ч нь орлогын ямар эх үүсвэртэй байсан зэргийг тогтоогоогүй, мөн хамтын амьдралтай байсан эсэхийг шалгаагүй нь учир дутагдалтай. Мөн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн давж заалдах шатны шүүхээс уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцаасан бөгөөд магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй байна. Хэргийг дан ганц хохирогч талын мэдүүлэгт үндэслэн нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгдээгүй. Тодруулбал: Үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шалтгаант холбоо, нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитой гүйцэтгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хохирогчийн алдагдсан гэх багажуудын хувьд, “дриллийг захаас 110,000 төгрөгөөр авч байсан” гэжээ. Гэтэл энэ багажийг хэзээ авсан нь тодорхойгүй. Д.Отай хамтран амьдарч байхдаа авсан уу, өмнө нь авсан уу, Оын 2018 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 2 дугаар сарны 17-ны хооронд 8,611,000 төгрөг шилжүүлсний дараа авсан эсэхийг зайлшгүй тодруулах, Компрессорыг урьд нь ажиллуулж байсан А гдээг хүнээс тохиролцож авсан. Энэ компрессорыг буцааж өгсөн байдаг. Захиран зарцуулах хангалттай хугацаа байсан боловч захиран зарцуулаагүй нь орлого олохгүй байгаа бизнесийг нь зогсоолгохоор авсан байх магадлалтай харагддаг. Шүүх О.Чын өмчлөлийн эд хөрөнгийг Д.О нь өөртөө хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсч үйлдсэн юм шиг, дан ганц Чын хөдөлмөр хөлс, хүч шингэсэн мөнгөөр авсан эд зүйл гэдгийг мөрдөн байцаалтаар хангалттай сайн нотолж, тогтоогоогүй эргэлзээтэй байхад Чын эд хөрөнгө мөн гэж хийсвэрээр дүгнэж болохгүй. н.А гэрчээр “... Ч надруу 8 дугаар сард яриад эд зүйлээ хулгайд алдсан. Дахиж түрээслэхгүй. Л гэх хүнтэй тооцоо хийгээрэй гээд алга болсон. Чд засварын газрыг түрээслэхдээ урьд нь ажиллуулж байсан хүнээс барьцаанд авсан компрессорыг Ч, Л нар хэрэгтэй гээд аваад харин би өртөгт нь машин засуулсан” гэх мэдүүлэг, хохирогч О.Ч “... урьд нь ажиллуулж байсан А гэдэг хүнээс тохиролцож авсан. Гэрч А, Л, Ч нар тухайн газрыг түрээсэлж байсан” гэж тус тус мэдүүлдэг. Дээрх мэдүүлгээс Л, Ч хоёрын хэн нь авсан нь тодорхой биш ойлгомжгүй бөгөөд энэ талаар тодруулаагүй байна. Гагнуурын багажийг Лгийн таньдаг хүнд захиж Эрээн хотоос авахуулсан. Хэзээ, хэнд захиж авсан талаар мөн тодруулаагүй. Үүнийг худалдаж авсан хугацаа энэ хэрэгт зайлшгүй ач холбогдолтой юм. Шүүхээс уг эд хөрөнгө хэний ямар хөрөнгөөр бүрдсэн, гэмт хэрэгтэн хохирогч хоёрын хооронд мөнгөний өр, авлага байсан эсэх, хэдий хугацааны туршид хэн нь хэнийхээ данс руу ямар хэмжээний мөнгө хийсэн, засварын газар, зочид буудлыг ажиллуулж байхдаа түрээсийн мөнгийг ямар эх үүсвэрээс хэдэн сарын хэдний өдөр шилжүүлдэг байсан талаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлууд тодорхойгүй байна. Хэрэгт хохирогч, шүүгдэгч нарын бие бие рүүгээ шилжүүлсэн орлого, зарлагын талаар баримт ач холбогдолтой байхад зөвхөн хаалганы цоож эвдэж орсон талаарх баримтыг цуглуулж, хэт нэг талыг барьж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч, хохирогч нарын дансны хуулгуудаас харахад бие биетэйгээ хамааралтай, Д.О олсон орлогоо хохирогчид шилжүүлсэн, О.Ч бензиний мөнгө шилжүүлдэг зэрэг хамтран амьдрагч байж болохоор харагдаж байхад хохирогч О.Чын хамааралгүй гэсэн мэдүүлгийг дан ганц үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Д.О нь 2018 оны 11 дүгээр сараас өөрийн эхнэр гурван хүүхдээ орхиж О.Чтай 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан. Энэ хооронд Д.Оын Хаан банкны 5745079002 тоот дансанд нийт 29,277,800 төгрөг орсон байдаг. Дээрх мал, бусад эд зүйл зарж олсон мөнгөнөөс тус дансаар 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл О.Чын 5745129589 тоот дансанд нийт 8,611,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ... гэтэл хэрэгт Д.Оын дансны хуулгыг хийсэн боловч, мөрдөгч, прокурор, шүүгч түүнийг О.Чтай амьдарч байх хугацаанд нийт олсон орлого, О.Чын дансанд шилжүүлж байсан мөнгийг нэг бүрчлэн үзэж хянаагүй, нарийвчлан судалж үзээгүй байна. ... мөн О.Ч, Д.О нар нь 2019 оны 8 дугаар сараас буюу цагдаад өгснөөс хойш 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод "Хан-Хөхий” нэртэй зочид буудлыг сард 1,500,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулж дээр дурдсан 07 тоот байраа түрээслэхээ больж зочид буудалдаа хамт амьдарсан. Тэгвэл өөрийнх нь өмчийг хулгайлан авсан, өөртэйгөө ямар ч хамааралгүй гэж мэдүүлэг өгсөн хүнээр зочид буудлаа галлуулаад, түүнээс мөнгө аваад, түүнтэй нэг дор цуг амьдарч байсан гэдэг асуудал бас гарч энэ талаар ч тодруулан шалгах ёстой. Үүнээс дүгнэлт хийхэд О.Чын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд эргэлзээтэй харагдаж байна. ... хэргийг анх дэслэгч Болор-Эрдэнэд шалга гэж цохолт хийсэн байдаг. Бүртгэсэн дардас засвартай, хэргийн газрын үзлэг хийсэн тоо засвартай, үзлэгт хэн оролцож алдсан эд зүйлийг зааж өгсөн нь тодорхойгүй, энэ хэрэгт ямар ч ажиллагаа хийхгүйгээр удсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааны зөрчлүүд харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршиг гэм буруугүйгээр учруулсан. Ер нь энэ үйлдлээс болж О.Чд ямар нэгэн хор уршиг, хохирол учраагүй байдаг. Хор уршиг учирсан хүн хэрэг үйлдсэний дараа хор уршиг учруулсан болон, учирсан хүмүүс бие бие рүүгээ харилцан мөнгө шилжүүлээд байгаа үйлдлийг бид бас дүгнэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Батболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн “2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө бусдын кузов засварын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан” гэх хэрэгтэй хамааралгүй асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл анхан шатын шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ “Д.О гэх хүн бусдын эд зүйлийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Чын эзэмшлийн кузов засварын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, гагнуурын аппарат, дрилл, компрессор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 315,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч О.Чын “... 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай засварын газарт хулгай орж эд зүйл алдагдсан талаар засварын газрын ажилчид над руу утсаар мэдэгдэхээр нь засварын газартаа очиход гагнуурын аппарат, өнгөлгөөний дрилл, компрессор зэрэг эд зүйлс алга болсон байсан. ... хулгай орсноос хойш нэг сарын дараа надтай хамт амьдарч байсан О гэх залуу манай засварын газраас алдагдсан багажуудыг авсан талаараа хэлсэн. Авч ирж өг гэхэд компрессор авсан гээд авч ирж өгсөн. Өнгөлгөөний дрилл авсан талаараа хэлээгүй, гагнуурын аппаратыг өгөөгүй, надад байгаа гэсэн. ...” /1хх 12-14/,

 

гэрч Б.Аын “... 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой ажлаа тараад гражаа цоожлох гэхэд түлхүүр нь олдохгүй байсан учир дэлгүүрээс шинэ цоож авч хаалгаа цоожлоод явсан. Өглөө нь ирэхэд цоожийг эвдээд хаалганд зүүгээд орхисон байсан. Граж руу ороод ажлаа хийх гэхэд өнгөлгөөний дрилл, компрессор байхгүй болсон байсан. ...” /хх 1хх 16/,

 

гэрч Г.Аийн “... Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Кузов засварын газрыг 2019 оны 5 дугаар сараас эхлэн О.Ч гэх эмэгтэйтэй гэрээ байгуулан түрээслүүлж байсан. Тэрээр ганцаараа хариуцаж түрээсэлсэн. 8 дугаар сард Ч над руу яриад би тухайн газраас эд зүйлээ хулгайд алдсан. Дахиж түрээслэхгүй. Л гэх хүнтэй тооцоо хийгээрэй гээд алга болсон. ... Чд тухайн засварын газрыг түрээслэхдээ урьд нь ажиллуулж байсан хүнээс барьцаанд авсан компрессорыг Ч, Л нар хэрэгтэй гээд аваад харин би өртөгт нь машин засуулсан. ...” /1хх 17/,

 

Д.Оын яллагдагчаар өгсөн “... Би Чтай хамт нийтийн байр түрээсэлж байсан юм. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө Чын ажиллуулдаг байсан Кузов засварын газарт очиж Л болон зүс таних залуугийн хамт засвар хийж байсан машинд архи уусан. Би тэндээ тасраад унтсан байсан. Өглөө сэрээд засварын газар руу орох гэхэд цоожийг нь сольсон байхаар нь цоожийг нь домкрадны ишээр хөшиж онгойлгоод гагнуурын аппарат, компрессор хоёрыг машиндаа хийгээд аваад явсан. ...” /1хх 18, 48/ гэсэн мэдүүлгүүд,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн БЗД2-19-549 болон 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн БЗД2-20-514 дугаартай “2019 оны 8 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр компрессор 150,000 төгрөг, өнгөлгөөний дрилл 66,000 төгрөг, гагнуурын аппарат 99,000 төгрөгийн нийт 315,000 төгрөгийн үнэтэй” гэх үнэлгээний тайлан /1хх 20-24/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-10/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Д.Оыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд тодорхойлсон шударга ёсны зарчим, 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих нөхцөл байдалд нийцжээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч Д.О өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар тус ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь хуульд нийцсэн шийдвэр болжээ.

 

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Н.Бэрхсайхан, С.Сувдмаа нар нь “... гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Д.От холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгасан байх бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Хохирогчийн хувьд өөрийн алдагдсан эд хөрөнгийн шинж, чанар, тоо хэмжээ, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг нь яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч Б.А, Г.А нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолдоо дурдсан “хамтын амьдралтай байсан, хамтарч бизнес хийдэг байсан, хөрөнгө оруулалт хийсэн, энэ байдал нь түүний дансны хуулгаар нотлогдоно” гэх агуулга бүхий гомдлын хувьд хэрэгт авагдсан гэрч Б.А болон хохирогчийн мэдүүлгээр тухайн кузов засварын газрыг хохирогч дангаараа түрээслэн ажиллуулж байсан нь тогтоогддог бөгөөд уг засварын газарт шүүгдэгч нь хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байсан талаар ямар нэгэн нотлох баримт хэрэг авагдаагүй, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хохирогчид мөнгө шилжүүлж байсан гэх банкны дансны хуулга нь хамтарч ажиллаж байсныг нотлохгүйн зэрэгцээ шөнийн цагаар шүүгдэгчийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсныг дурдах нь зүйтэй.

 

          Иймд хэргийг дахин шалгах шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул дээр дурдсанаар шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Н.Бэрхсайхан, С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/648 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Н.Бэрхсайхан, С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ