Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/01554

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/01554

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, Файнанс стор ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух,  С.Оюунбат ,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт  оршин суух, Г.Чимэдбулган,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгт оршин суух,  Э.Алтангэрэл нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23.581.932 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Г.Ч, С.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Э.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Файнанс стор ББСБ ХХК нь Э.Алтангэрэл, Г.Чимэдбулган, С.Оюунбат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.581.932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгч Файнанс стор ББСБ ХХК нь Э.Алтангэрэл, Г.Чимэдбулган, С.Оюунбат нарт 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-269 тоот зээлийн гэрээгээр 51.000.000 төгрөгийг сарын 3,7 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай олгосон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Чимэдбулган, С.Оюунбат нартай 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Г.Чимэдбулган, С.Оюунбат, О.Маралжингоо нарын өмчлөлийн Ү-2203003902 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр, 07 тоот хаягт орших орон сууцыг барьцаалсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгчид гэрээний 5.1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчин 462 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдэгч нар нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 11.765.720 төгрөг, үндсэн хүүнд 9.846.844 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.969.369 төгрөг, нийт 23.581.932 төгрөгийн өр төлбөртэй байна. Хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Нэхэмжлэлд хавсаргасан зээлийн хүү тооцооллын дагуу шаардаж байгаа.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зээлийн гэрээний хугацаа дууссан ч тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-269 тоот зээлийн гэрээний 3.6-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцно гэж заасан. Иймд хуулиар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байхаар заасан тул хариуцагч нар төлөх үүрэгтэй. Хариуцагч тал гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу БГ-269 тоот гэрээнд заасан үл хөпдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээнд заасан Ү-2203003902 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр, 07 тоот хаягт орших орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Зээлдэгч нар хамтран гэрээг байгуулсан тул үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцах үүрэгтэй. Үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгөнөөс гадна хоёр ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалсан байсан нь үнэн. Манай хувьд барьцаа хангалттай гэж үзсэн тул нэг тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлсөн. Мөн нөгөө тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй, татгалзаж байгаа. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөө өөрөө сонгох эрхтэй тул үүний дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан гэв.

2.Хариуцагч С.Оюунбат, Г.Чимэдбулган нараас нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Бид хамтран 40.000.000 төгрөг зээлсэн. Мөнгийг Э.Алтангэрэлийн дансаар хүлээн авч, зээлээс 11.000.000 төгрөгийг Э.Алтангэрэл авсан. Анх авсан зээлийнхээ хэмжээгээр зээл, хүүгээ хариуцаж төлөхөөр тохиролцсон байна. Үүнийг тооцвол эргэн төлөлтөөс сар бүр 586.000 төгрөгийг Э.Алтангэрэл төлөх ёстой, харин С.Оюунбат, Г.Чимэдбулган нар сар бүрд 2.000.000 төгрөг төлөхөөр тохирсон. Үүний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч С.Оюунбат, Г.Чимэдбулган нарын хувьд сар бүрийн зээл, хүүгээ бүрэн төлж дуусгасан. Энэ хугацаанд үндсэн зээлээс гадна 40 сая төгрөг хүүнд төлсөн. Нийтдээ 72 сая төгрөгийг хариуцагч нар төлж, өөрт ногдох хэсгээ бүхэлд нь төлж барагдуулж дууссан. Гэтэл Э.Алтангэрэл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээл төлөөгүйгээс болж Г.Чимэдбулган, С.Оюунбат нараас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Мөн барьцаанд хариуцагч нарын орон сууцнаас гадна хоёр ширхэг Хово машин барьцаалсан. Нэхэмжлэгч Э.Алтангэрэлийн барьцаа хөрөнгийг зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад өөрсдөө чөлөөлчихсөн хэрнээ одоо болтол зээлдэгч С.Оюунбат, Г.Чимэдбулган нарын машиныг чөлөөлж өгөөгүй барьцаанд хэвээр байгаа. Мөн үүргийн гүйцэтгэлийг зөвхөн С.Оюунбат, Г.Чимэдбулган нарын орон сууцнаас хангуулахаар шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэв.

3.Хариуцагч Э.Алтангэрэл нэхэмжлэлийн шаардлагаас 8.206.262 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Анх гэрээг гурван зээлдэгч хамтран авсан. Үүнээс 11.000.000 төгрөгийг хариуцагч Э.Алтангэрэл авсан. Мөнгийг өөрсдийн авсан зээлийн хэмжээгээр төлөхөөр тохирсон ч хариуцагч Э.Алтангэрэлийн хувьд 2019 оны 02 дугаар сараас хойш төлөх үүргээ биелүүлээгүй гэдгийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч зээл, хүүгийн тооцооллыг буруу тооцсон байна. Хэрэгт баримтаар нэхэмжлэгч талын өгсөн тооцооллоос үзвэл хариуцагч нар энэ зээлд нийтдээ 86.088.000 төгрөг төлсөн байна. Үүнээс хариуцагч С.Оюунабт, Г.Чимэдбулган нарын хувьд 74.362.000 төгрөг, Э.Алтангэрэл 11.726.000 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээний хавсралтаар сар бүр 2.586.300 төгрөг төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч сар бүрийн төлсөн мөнгийг хүү, зээлд тооцон авахдаа хавсралтад зааснаас өөрөөр буюу төлсөн 2.865.300 төгрөгнөөс хүүг илүү хэмжээгээр тооцож авсан байна. Үүнийг тооцвол 3.195.207 төгрөг байх тул одоо нэхэмжилж байгаа үндсэн зээлээс хасагдах ёстой. Мөн анхнаасаа хуваарийн дагуу төлж байхад нэмэгдүүлсэн хүүг зөрчил үүсээгүй байхад тооцон авсан. Мөн хамтран зээлдэгч С.Оюунбат, Г.Чимэдбулган нарын хувьд ногдох хэсгээрээ төлбөл зохих зээл, хүүгээ тогтмол төлсөн байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Хариуцагч нарын төлсөн 86.088.000 төгрөгөөс төлөх ёстой хүү 44.969.370 төгрөгийг хасч үлдэх зөрүүг үндсэн зээлээс хасч тооцвол гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл үлдэгдэл 10.033.759 төгрөг байна. Үүнээс хүүнд илүү тооцсон 3.195.207 төгрөгийг хасч тооцоод түүнд нэмэгдүүлсэн хүүг тооцож одоо 8.206.262 төгрөг төлмөөр байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003902 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, мөнгө шилжүүлгийн баримт, зээлийн дансны тооцоолол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00544 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/ШЗ2020/15403, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/02165 дугаар шүүгчийн захирамжууд, Э.Алтангэрэлийн гаргасан 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлт, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээл төлөх тухай бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Зээл хүссэн хүсэлт зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 4-29/

Хариуцагч Г.Чимэдбулган, С.Оюунбат нараас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1414 дүгээр прокурорын тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг баримтаар гаргуулжээ. /хх 33, 104, 123-126, 127-160/

Хариуцагч Э.Алтангэрэл нотлох баримтаар: Зээл төлөлтийн тооцоолол, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх42, 51-57/

Шүүхийн журмаар: хариуцагч Г.Чимэдбулган, С.Оюунбат нарын хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс баримтаар гаргуулсан лавлагаа, түүний хавсралтууд, шүүхийн тамгын газраас баримтаар гаргуулсан үзлэгийн тэмдэглэл, фидуцийн гэрээнүүд, тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/02165 дугаар шүүгчийн захирамж зэргийг бүрдүүлжээ. /хх 73-79, 80-93, 94-102, 111-121/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч Файнанс стор ББСБ ХХК нь С.Оюунбат, Г.Чимэдбулган, Э.Алтангэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.581.932 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээл олгосон, зээлийг бүрэн төлөөгүй тул үлдэгдлийг гаргуулна, зээлийг хамтран авсан тул хамтран зээлдэгч нараас гаргуулна, барьцаа хөрөнгөнөөс эрхийнхээ дагуу сонгож үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулна, фидуцийн зүйлийг барьцаанаас чөлөөлөхөд татгалзахгүй гэж тайлбарлав.

2.Хариуцагч С.Оюунбат, Г.Чимэдбулган нараас татгалзлын үндэслэлээ Э.Алтангэрэлтэй хамтран зээлийн хөрөнгийг хувааж авсан, өөрт ногдох хэсгээр зээлийг бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч Э.Алтангэрэл зээлийг төлөх үүрэгтэй, мөн зээлийн барьцаанд гурван хөрөнгө байснаас зөвхөн С.Оюунбат, Г.Чимэдбадам нарын үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахаар шаардсныг зөвшөөрөхгүй гэв.

3.Хариуцагч Э.Алтангэрэл нэхэмжлэлээс зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:Мөнгөн хөрөнгөөс 11.000.000 төгрөгийг авсан, нэхэмжлэгч зээлийн үлдэгдлийг буруу тооцоолсон, хүү илүү авсан байх тул нийт зээлд 8.206.262 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэг талаас Файнанс стор ББСБ ХХК, нөгөө талаас С.Оюунбат, Г.Чимэдбулган, Э.Алтангэрэл нар 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 51.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 3,7 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр тохиролцож ЗГ-269 тоот зээлийн гэрээг байгуулжээ. /хх 9-11/

4.2.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг С.Оюунбат, Г.Чимэдбулган, О.Маралжингоо нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003902 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр 7 тоотод байрлах 18 мкв талбайтай нэг өрөө орон сууцнаас хангуулахаар тохиролцож БГ-269 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г, мөн 73-17 УБК улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгсэл, 71-36УНТ улсын дугаартай SINOTRUK маркийн тээврийн хэрэгслээс тус тус хангуулахаар фидуцийн гэрээ-г тус тус байгуулсан байна. /хх 12-13, 94-96, 97-97-99/

Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

5.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан. Мөнгөн хөрөнгө болох 51.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө хариуцагч Э.Алтангэрэлийн дансаар шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй тул төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг буцаан төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 11.765.720 төгрөг, хүү 9.846.844 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.969.369 төгрөг нийт 23.581.932 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар эрх бүхий этгээд-д хамаарах тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан зээл, хүү тооцох журмыг баримтлах үүрэгтэй. Уг журмын дагуу тооцвол үндсэн зээл 51.000.000 төгрөг, гэрээний хугацаанд төлбөл зохих хүү 42.105.229 төгрөг /гэрээнд сарын 3,7 хувь, 36 сар/ нийт 93.105.229 /51.000.000+42.105.229/ төгрөгийг төлөх үүрэгтэй байхаас зээлийн гэрээний хавсралтаар хүүг 44.969.370 төгрөг хэмээн Монголбанкнаас баталсан журмаас илүүгээр тооцож заасан байна. /хх 11/

Хэргийн 16-17 дах талд нэхэмжлэгч зээл, хүүг тооцоолсон дансны хуулгыг баримтаар ирүүлсэн. Хариуцагч зээл төлсөн Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн. /хх 127-160/ Зохигч талуудын ирүүлсэн дээрх баримтуудыг харьцуулбал хоёр удаагийн төлөлт болох 5.172.600 төгрөг /2017.06.24-нд 2.568.300 төгрөг, 2017.11.25-нд 2.586.300 төгрөг/ төлсөн баримтыг хариуцагч ирүүлээгүй боловч нэхэмжлэгч зээлийн дансны хуулгад дурдсан мөнгөн дүн бүрийг хүлээн авсан хэмээн шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч тайлбарласан тул шүүх хариуцагч нар нийт 86.088.000 төгрөгийг төлсөн гэж үзнэ. Иймд гэрээний хугацаа дуусах үед зээлийн үлдэгдэл бодитоор 7.017.229 /93.105.229-86.088.000=7.017.229/ төгрөг байна.

6.Талуудын хоорондох зээлийн гэрээний 3.5-д нэмэгдүүлсэн хүүг сарын зээлийн хүүгийн 20 хувь ба нэмэгдүүлсэн хүүг зээлийн нийт үлдэгдлээс тооцно гэж, гэрээний 6.2.3-т зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн нийт үлдэгдлээс бодогдох нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг уг аргаар тооцсон хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж заасан тул шүүх талуудын гэрээнд заасан дээрх тохиролцоо хуулийн дээр дурдсан зохицуулалттай нийцээгүй, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний энэ заалт хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарна гэж үзэв. Иймд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

Шүүх нэмэгдүүлсэн хүүг тохиролцоогүй гэж үзсэн тул шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн дүнгээр 8.206.262 төгрөг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

7.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж, мөн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж тус тус заасан.

Зээлийн мөнгөн хөрөнгөнөөс Э.Алтангэрэл 11.000.000 төгрөгийг, С.Оюунбат, Г.Чимэдбулган нар үлдэх 40.000.000 төгрөгийг хуваан авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. Гэвч зээлийн гэрээнд мөнгөн хөрөнгийг зээлдэгч тус бүр хэрхэн хэдэн төгрөгөөр төлөх талаар тухайлан зохицуулаагүй байх тул зээлийн мөнгөн хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг бүрэн төлсөн, хариуцлагаас чөлөөлөгдөх тухай С.Оюунбат, Г.Чимэдбулган нарын тайлбар үндэслэлгүй гэж үзнэ. Хэрэв хамтран зээлдэгч Э.Алтангэрэл өөрт ногдох хэсгийнхээ зээл, хүүг зохих ёсоор төлөөгүйгээс түүний өмнөөс төлсөн, хохирол учирсан гэж үзвэл хариуцагч С.Оюунбат, Г.Чимэдбулган нар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.

8.Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг нэг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан, дээрх БГ-269 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул шүүх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003902 дугаарт бүртгэлтэй хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэв.

Хэргийн баримтаар дээрх хөрөнгөнөөс гадна хоёр ширхэг тээврийн хэрэгслээс хангуулахаар фидуцийн гэрээнүүдийг байгуулсан, нэхэмжлэгч 71-36 УНТ дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр барьцаанаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. Мөн шүүх хуралдааны явцад 73-17 УБК улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөхөд татгалзахгүй, уг хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Алтангэрэл, С.Оюунбат, Г.Чимэдбулган нараас 8.206.262 /найман сая хоёр зуун зургаан мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Файнанс стор ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.375.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003902 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар байр 7 тоотод байрлах 18 мкв талбайтай нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346.060 /275.860+70200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 216.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ