| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/04896/И |
| Дугаар | 101/ШШ2020/04130 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2020/04130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны өргөтгөл, 0 тоот хаягт байрлах, ОМБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт оршин суух, С.Э-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.445.650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б,
Хариуцагч С.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ОМБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ОМБ ХХК нь С.Э-тай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр 13266 тоот зээлийн гэрээ /барьцаагүй/ байгуулж түүний ХААН банкны 0 тоот данс руу шилжүүлж зээл олгосон. Уг зээлийг авах хүсэлтийг тэрээр миний эгч Д.С-ээр дамжуулан гаргасан бөгөөд зээлийн хүү төлөгдсөн тохиолдолд зээлийн гэрээний хугацаа цааш сунгагдах боломжтой юм.
Зээлийн гэрээний хүүд С.Э нь 2017.11.07-нд 78.150 төгрөг, 2018.12.11-нд 80.700 төгрөг, 2019.02.03-нд 129.000 төгрөг, 2019.03.12-нд 88.750 төгрөг, 2019.05.06-нд 136.900 төгрөг тус тус төлсөн. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 518 хоног зээлийн хүү болон үндсэн зээлийг төлөөгүй байна.
Зээлийн гэрээний хугацаа дуусахаар нь эгч Д.С-ийн 80720000, 88820000 тоот утсаар мэдэгдэж, тооцоог нь явуулахаар дээрх хүүгийн төлбөрийг АТМ-с шилжүүлдэг байсан.
С.Э-ийн гэрийн хаягийг түүнээс утсаар асууж гэрээ байгуулсан, уг гэрээнд тэрээр гарын үсэг зураагүй, түүнээс барьцаа хөрөнгө аваагүй, иргэний үнэмлэхийг аваагүй. С.Э-ийн хүсэлтээр түүний ХААН банкны дансанд мөнгийг шилжүүлсэн тул түүнээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.
ОМБ ХХК нь 2 гишүүнтэй, өөрийн нөхөр Д.Г-ын хамт хувьцаа эзэмшдэг, С.Э-д олгосон зээл нь хэдийгээр миний ХААН банкны дансаас олгогдсон боловч компанийн хөрөнгө юм.
Иймд С.Э-аас үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 1.375.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр түүнийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.250 төгрөг, нийт 2.445.650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С.Э миний бие ОМБ ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ болон бусад гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй.
Д.Б-ийн эгч Д.С-ээр дамжуулан түүнээс 1.000.000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр ХААН банкны 0 тоот дансаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.
Тэрхүү зээлийг авснаас хойш эгч Д.С-д нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 570.000 төгрөгийг бэлнээр, 500.000 төгрөгийг бараагаар тооцож төлж дуусгасан, энэ талаарх баримтыг шүүхэд өгсөн.
Зээлийн гэрээний хүүгийн төлөлтийг мэдэхгүй байна, Д.С-ийг өгсөн юм байх гэж бодсон. 2020 оны 05 дугаар сард Д.Б надаас мөнгө нэхэхээр нь Д.С-д хэлэхэд тэрээр хүүг нь төлж байгаа гэснээр энэ 2 хүн хоорондоо муудалцсан.
Миний бие одоогийн оршин сууж байгаа хаягт 1999 оноос хойш 20 гаруй жил амьдарч байгаа бөгөөд намайг Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсанд гомдолтой байна.
ОМБ ХХК-иас 1.000.000 төгрөг авсан гэдгээ мэдсэн бөгөөд эгч Д.С-д мөнгийг төлчихсөн гэж ойлгож байсан. Д.С-д мөнгийг нь төлчихсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОМБ ХХК нь хариуцагч С.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 1.375.000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70.250 төгрөг, нийт 2.445.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ОМБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ХААН банк ХХК-ийн 0 тоот данснаас хариуцагч С.Э-ийн тус банкны 0 тоот данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, үүний үндсэн дээр №0013266 дугаартай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээг үйлджээ.
ХААН банк ХХК-ийн 0 тоот дансыг Д.Б, 0 тоот дансыг С.Э тус тус эзэмшдэг болох нь тус банкны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50/11853 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 2, 10, 40-43 тал/
Хариуцагч С.Э нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг нэхэмжлэгч ОМБ ХХК-иас 1.000.000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсантай маргаагүй болно.
Хариуцагч С.Э нь 1.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 570.000 төгрөгийг бэлнээр, 500.000 төгрөгийг бараагаар тооцож Д.С-д буцаан төлсөн, оршин суух хаяг тодорхой, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, хүү төлснөөр гэрээний хугацаа сунгагдах талаар тохиролцоогүй, гэрээний дагуу хүү төлж байгаагүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Тэрээр татгалзлын үндэслэл болгож 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн огноотой баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Уг баримтад: С.Э би 2018.10.06-нд ОМБ ХХК-ийн ломбарднаас эгч Д.С-ээр дамжуулан ХААН банкны 0 дансаар 7 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатайгаар 1.000.000 төгрөгийг авсан. Үүнийгээ 2018.11.05-нд эгч С-д 570.000 төгрөгийг бэлнээр, 500.000 төгрөгийн бараагаар төлсөн нь үнэн болно. Өргөдөл гаргасан С.Э гэх,
Би 1.070.000 төгрөгийг 570.000-бэлэн, 500.000-бараагаар авсан нь үнэн болно. Д.С гэх агуулга тус тус тусгагджээ.
/хх-ийн 47 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ОМБ ХХК-нь 1.000.000 төгрөгийг С.Э-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, С.Э нь 1.000.000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ОМБ ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын №112 дугаартай батламж зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 8-9 тал/
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д:Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, 286.2-т:Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно, 286 дугаар зүйлийн 286.5-д:Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийх шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр талуудын хооронд хуульд заасан шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулагдаагүй боловч ОМБ ХХК нь 1.000.000 төгрөгийг С.Э-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, С.Э нь 1.000.000 төгрөгийг, 30 хоногт, 7 хувийн хүүтэйгээр буцаан өгөх үүрэг хүлээхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2020/11555 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух хаяг болон түүний буруу тодорхойлсон байгаа нь С.Э-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байх тул тэрээр түүнийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тодруулахад гарсан зардал 70.250 төгрөгийг хариуцах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
/хх-ийн 3-5, 11 тал/
Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч ОМБ ХХК нь барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийсэн гэх, хариуцагч оршин суух газраа буруу тодорхойлсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч С.Э нь 1.000.000 төгрөгийг, хүүгийн хамт тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэх татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ тус тус хэрэгжүүлсэнгүй.
Иймд хариуцагч С.Э-аас үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 70.000 төгрөг, нийт 1.070.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ОМБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.375.650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Э-аас үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 70.000 төгрөг, нийт 1.070.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ОМБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.375.650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 30.230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ОМБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ