Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/01609

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/01609

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид в-9 дүгээр гудамж, 432 тоотод оршин суух, Боржигон овогт Содномцэрэнгийн Нямсүрэн /Регистрийн дугаар: ЧН55070767/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, С.Зоригийн гудамж 2, өөрийн байранд байрлахУлсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ /Регистрийн дугаар: 9077138/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 45.995.463 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэлмэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Нямсүрэн нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 45.995.463 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Даваажав овогтой Энхтуяа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Бөөрний төвийн сувилагчаар ажиллаж байсан. Цар тахлын хүнд нөхцөлд эмчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажиллаж байсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улаан бүс буюу ковид-19 вирусээр өвчилсөн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх титэм-2 багт орж ажиллаж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн осол буюу хэт их ачааллын улмаас эмнэлгийн байран дээрээс унаж нас барсан. Энэ нь хүнд хэцүү нөхцөлд тухайн нөхцөл байдлыг даван туулах ажлын байрны орчин нөхцөл байхгүй, эмнэлгийн ажилчдадаа хандуулах анхаарал халамж сул байгаагийн илрэл юм. Мөн ажлын байрны ачааллаас болж сэтгэл зүйн таагүй байдлыг даван туулах орчин нөхцөл байхгүй байсан нь энэхүү осол гарах болсон шалтгаантай шууд холбоотой байна. Учир нь талийгаач тухайн үед ямар хүнд хэцүү байгааг, олон хүмүүс зэрэг нас барах, түүнтэй холбоотой сэтгэлзүйн өөрчлөлт, хий юмс харах зэрэг хүндрэлүүдийг байгууллагын удирдлагуудад удаа дараа хэлсээр байтал ямар нэг арга хэмжээ аваагүй нь уг осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.7 дахь хэсэгт Ажлын байран дахь эрсдэл гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц ходлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцлийг, Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-т зааснаар цар тахлын нөхцөлд ковид-19 өвчний улмаас олон хүмүүс нас барж байсан нь эмч ажилчдыг үйлдвэрлэлийн осолд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөл гэдгийг харуулж байна. Үйлдвэрлэлийн осол гэдэгт хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн осолд хамаарч байна. Түүнчлэн ажил олгогч үйлдвэрлэлийн осол болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байрны орчин нөхцлийг бэлтгээгүй байсан нь энэхүү таагүй нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа 97.2-т Энэ хуулийн 97.1-т заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй гэж тус тус заасан байдаг. Талийгаач 2 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн ирээдүйн төлөө хуульд заасны дагуу төлбөрийг гаргуулахаар эмнэлгийн захиргаанд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 1501 тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэжээ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг тоохгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа юм. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан үйл баримт талийгаачид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэсэн үг биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч нөхөн төлбөр өгөх үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь хариуцагчийн хууль бус эс үйлдэл байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.15, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.5, 29.8-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл байна. С.Нямсүрэн миний бие талийгаач Д.Энхтуяагийн төрсөн эх бөгөөд хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран хамгаалж байгаа болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Д.Энхтуяагийн ар гэрт үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж нас барсны хохиролд 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 45.995.463 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогчийн үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлан бүртгэн акт, дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, талийгаачийн нас барсан шалтгааныг үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох гэж бичсэн нь бие даасан шаардлага бус харин нөхөн төлбөр гаргуулах шаардлагын үндэслэл болно. Цар тахлын үед ажлын ачаалал ихтэй, мөн битүү өмсгөлтэй, өмсгөлийг хэрхэн өмсөх талаар заавар чиглэл бүрэн дүүрэн өгч байсан эсэх нь тодорхойгүй, мөн тухайн нөхцөлд хүн олноор нас барахад сэтгэл зүйн зөвлөгөөг өгч байсан эсэх эргэлзээтэй тул тухайн нөхцлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасан хэвийн бус ажлын байрны нөхцөлд хамаарна гэж үзэж байна. Энэ нь осол гарахад нөлөөлсөн. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д заасан түүнтэй адилтгах хүчин зүйл хэсэгт хамаарч байгаа тул үйлдвэрлэлийн осол мөн гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх дүрмээр ажил олгогч зайлшгүй бүртгэх ёстой байтал бүртгээгүй хэрнээ одоо ослыг нөхөн бүртгэх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт осол болсноос хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул акт нөхөн гаргахгүй тул маргааныг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Тус эмнэлгийн Бөөрний төвийн сувилагч Д.Энхтуяа 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс улаан бүс буюу ковид-19 вириусаар өвчилсөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх титэм-2 багт орон ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө эмнэлгийн зүүн байрны 6 давхрын цонхноос унаж нас арсан. Тухайн хэргийн шийдвэрлэлттэй танилцах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт тавьж тус газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 4315 тоот албан бичгээр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 1501 тоот тогтоолоор хаасан байна. Дээрхи нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан нөхцөл байдал үүссэн гэж тогтоогдоогүй тул эмнэлгийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дах хэсэгт заагдсан тэтгэмжийг олгох боломжгүй байна. Эмнэлгийн зүгээс талийгаачийн ар гэрт 6.359.640 төгрөгний тэтгэмж олгосон болно.Талийгаач улаан бүсэд ороод хоёр өдөр ажиллаад 3 дах өдөртөө нас барсан. Талийгаач тухайн үед улаан бүс дэх энгийн тасагт орж ажилласныг гэрчүүд шүүхэд мэдүүлсэн. Тэрээр эрчимт эмчилгээний тасагт ажиллаагүй тул ажлын ачаалал ихтэй байсан, хүн их нас барсан, ажлын байрны нөхцөл хэвийн бус гэсэн тайлбар үндэслэлгүй. Талийгаач тухайн үед ээлжнээс буугаад эмнэлгийн амрах байранд байхдаа өөрөө цонхоор үсэрч нас барсан, гадны нөлөөгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоосон тул үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй гэж үзэж байна. Тухайн амрах байр буюу обьектод нас барсныг нэхэмжлэгч үйлдвэрлэлийн осолд хамаатуулаад байна. Ажлын ачаалал болон хамгаалалтын хувцасны тухайд үйл явдал болох үед монголын бүх эмч сувилагч нар тухайн хувцасыг өмсч ажиллаж байсан тул нийт сувилагч эмч нар хувцасыг өмсөөд ажиллаад болоод байсан. Иймд энэ хувцас, ажлын ачааллаас болоод хэрэг явдал болоогүй. Хөдөлмөрийн эрүүл ахуйн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн манай байгууллага одоо осол мөн эсэх талаар судалж акт тогтоох эсэхийг шийдвэрлэх боломжтой гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Д.Энхтуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/964 тоот хариу, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1090 тоот хариу, Нийслэлийн сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/4315 тоот албан бичгийн хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цалин хөлс тогтоосон тушаалын хуулбар хэсэг, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/14174 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02-02/1254 тоот хариу, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр эх хувиар баримтаар ирүүлжээ. /хх 4-16, 56, 79, 113-115/

Хариуцагч талаас нотлох баримтаар: төлөөлөгчид олгосон итгэмжлэл, тус эмнэлгийн ерөнхий захирлын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/86 дугаар тушаал, хавсралтын хамт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/4315 тоот албан бичиг зэргийг баримтаар ирүүлсэн. /хх 22, 30-34/

Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас баримтаар гаргуулсан хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1501 тоот прокурорын тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 816 тоот шинжээчийн дүгнэлт, /хх 42-46/

Нэхэмжлэгч талын хүсэлтээр: гэрч Ц.Амаржаргал, Д.Энхжаргал, Д.Батмөнх Л.Анхбаяр, Г.Гэрэлтуяа нарын мэдүүлгүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баримтаар гаргуулсан 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хяналт шалгалтын удирдамж, эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 05/980 тоот албан бичиг зэргийг бүрдүүлжээ. /хх 57-61, 93-105, 109-111/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч С.Нямсүрэн нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ-д холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үйлдвэрлэлийн осол хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэн акт дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, талийгаачийн нас барсны шалтгааныг үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах гэж анх тодорхойлжээ.

Нэхэмжлэлд дурдсан акт дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, талийгаачийн нас барсны шалтгааныг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлага бус харин үйлдвэрлэлийн ослын улмаас хуульд зааснаар нөхөн төлбөрт 45.995.463 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад мөн бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Тус эмнэлгийн сувилагч Д.Энхтуяа цар тахлын үед улаан бүсэд орж ажиллах явцдаа нас барсан, ажлын ачаалал ихтэй, битүү өмсгөлтэй, өмсгөлийг хэрхэн өмсөх талаар заавар чиглэл бүрэн дүүрэн өгч байсан эсэх тодорхойгүй, хүн олноор нас барж байсан тухайн үед ажил олгогчийн зүгээс сэтгэл зүйн туслалцааг бүрэн хангаагүй тул тухайн тохиолдолд ажлын байрны нөхцөл өөрөө хэвийн бус нөхцөлд хамаарна, энэ нь осол гарахад нөлөөлсөн, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д заасан түүнтэй адилтгах хүчин зүйл хэсэгт энэ тохиолдол хамаарах тул үйлдвэрлэлийн осол мөн гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талийгаач улаан бүсэд ороод удаагүй, 2-3 хонож байсан, сэхээн амьдруулах тасагт бус энгийн тасагт сувилагчаар ажилласан тул ажлын байрны орчин нөхцөлтэй хамааралгүй, талийгаач амрах байранд байхдаа гадны нөлөөгүйгээр цонхоор унаж нас барсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон, хамгаалалтын битүү хувцасыг тухайн үед эмнэлгийн бүх ажилчид өмсч байсан тул талийгаачийн нас барсан үйл баримттай шалтгаант холбоогүй, улмаар үйлдвэрлэлийн осол биш гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримт, талуудын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.Үүнд:

4.1.Даваажав овогтой Энхтуяа Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ-д 2020 оны 5 дугаар сараас эхлэн сувилагчаар ажиллах болсон, тус эмнэлгийн ерөнхий захирлын баталсан 2021 оны А/86 дугаар тушаалын дагуу коронавируст халдвар батлагдсан тохиолдолд 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд орж ажиллах 2 дугаар ээлжийн эмч, ажилчдын дунд түүний нэр багтсан, хуваарийн дагуу тухайн өдрөөсөө эмнэлэгт байрлан ажиллаж байсан, 2021 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө эмнэлгийн 6 давхарын цонхоор унаж нас барсан үйл баримтуудад талууд маргаагүй, тогтоогдсон. /хх 30-34, 113 ар тал, 114/

4.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 816 тоот шинжээчийн дүгнэлтэд талийгаач өндрөөс унаж цээж, хэвлий мөчдийн хавсарсан гэмтэл авсны улмаас нас барсан, нас барах үедээ согтолтгүй, архаг хууч өвчингүй талаар тусгагдсан, улмаар сувилагч Д.Энхтуяа цонхоор үсэрч нас барсан үйлдэлд бусдын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1501 дүгээр прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, уг тогтоолд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болжээ. /хх 34, 42-46/

4.3.Нэхэмжлэгч С.Нямсүрэн талийгаач Д.Энхтуяагийн төрсөн эх, түүнд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, тэрээр шаардах эрхтэй гэдэгт мөн маргаагүй. /хх 6, 113/

5.Харин зохигчид сувилагч Д.Энхтуяагийн нас барсан явдал үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэхэд маргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж буюу ажил олгогч дагаж мөрдөхөөр заасан. Уг дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас амь насаа алдсан бол акт тогтооно гэж зааж улмаар үүнд хамаарах зургаан үндэслэлийг тодорхойлсноос 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед, мөн 2.1.4.ажилтан ажил эхлэхийн өмнө болон дараа ажлын байрандаа амрах үед гарсан осол хамаарахаар зохицуулжээ.

Уг дүрмийн 2.1-т заасан хөдөлмөр эрхлэгч иргэн гэдэгт талийгаач Д.Энхтуяа хамаарна. Мөн талийгаач тухайн үед коронавирус өвчин гарснаас буюу ажлын онцлогоос хамаарч ажил дээрээ 14 хоногийн хугацаагаар байрлан ажиллаж байсан, амрах өрөөний цонхоор унаж нас барсан үйл баримтууд тогтоогдсон, энэ нь дүрмийн 2.1.1-д заасан ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед болон 2.1.4-т ажлын байранд амрах үед гэж заасан нөхцлийг маргааны энэ тохиолдолд хангаж байна.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгоно гэж заасан, дээр дурдснаар шүүх Д.Энхтуяаг үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж үзсэн тул гадны нөлөөгүйгээр амрах байранд байх үедээ өөрөө цонхоор унаж нас барсан нь үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн гаргах хугацааг Монгол Улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 7.2-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй гэж заасан тул одоо осол мөн эсэхийг нөхөн тогтоох, акт гаргах боломжтой тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч үндэслэлээ ажлын байрны нөхцөл, орчинтой холбож тайлбарласныг үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл: гэрч Ц.Амаргэрэл, Г.Гэрэлтуяа, Л.Анхбаяр нараас сувилагчийн ажлын ачааллын хувьд Коронавирус гарахаас өмнөх үе, тэр үе болоод одоо үед ялгаагүй адилхан, сувилахуйн албаны хувьд угаасаа дутагдалтай ачаалал ихтэй байдаг, үйл явдал болох үед хамгаалах битүү хувцас өмссөнөөс бусдаар илүү ажил үүрэг хүлээсэн зүйлгүй, адилхан байсан, талийгаач 4 давхарт буюу хэвтэн эмчлүүлэх тасагт ажиллаж байсан зэргээр мэдүүлснээс үзвэл талийгаачийн ажлын байрны нөхцлийг хэвийн бус нөхцөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22-т заасан "эрсдэлийн түвшин их ажлын байр" гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. /хх 57-61, 99-105/ Дэлхий нийтээр тархсан коронавирус халдвараас сэргийлэх үүднээс ажилтанд хамгаалах хувцас хэрэгсэл өмсүүлсэн явдал ажлын орчин нөхцлийг хэвийн бус гэж үзэх шууд үндэслэлийг бүрдүүлэхгүй. Мөн тухайн тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажилтнуудад сэтгэл зүйн туслалцаа үзүүлээгүй, захиргаа үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй, харин эсрэгээрээ гэрчүүд сэтгэл зүйч ажиллаж байсан, улаан бүсэд орохоос өмнө уулзаж байсан гэж тайлбарласныг дурдав.

6.Нэхэмжлэгчээс нөхөн төлбөрийг нийт цалин хөлснөөс тооцсон гэж, хариуцагч үндсэн цалингаас тооцох ёстой гэж зохигчид нөхөн төлбөрийн хэмжээнд мөн маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2.-т заасан ...цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр-ийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасан цалин хөлс-нөөс тооцно. Иймд үндсэн цалингаас тооцох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хэрэгт баримтаар авагдсан талийгаач Д.Энхтуяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын дундажаас журмын дагуу тооцвол нэг сарын дундаж цалин хөлс 1.115.161 төгрөг байх тул 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 40.145.796 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 5.849.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /хх 114/

Хариуцагч байгууллагаас 6.369.640 төгрөг олгосон үйл баримтад зохигчид маргаагүй боловч хэрэгт баримтаар авагдсан тус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1090 дүгээр албан бичигт Хөдөлмөрийн дотоод журмын дагуу 6.369.640 төгрөгний тусламж олгосон гэж дурдсан тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрт хамаарахгүй, улмаар хасч тооцох үндэслэлгүй гэж үзсэн болно.

7.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас хангагдсан хэмжээнд тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Улсын нэгдүгээр төв эмнэлэг ТБАГУТҮГ-аас нөхөн төлбөрт 40.145.796 /дөчин сая нэг зуун дөчин таван мянга долоон зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Нямсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.849.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358.679 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ