Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/542

 

      2021             5             27                                      2021/ДШМ/0542                               

 

     Ч.Дд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Д.Отгонбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Дд холбогдох эрүүгийн 1908018660440 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Ч.Д

 

          Шүүгдэгч Ч.Д нь архинаас гаргах үйлчилгээтэй гэх Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Dizone” гэсэн нэртэй эм, “Jyocol eyecaps” гэх нэртэй нүдний дусаалга /эм/, эмийн түүхий эд, био бэлдмэлийг хууль бусаар импортолж, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Драгон”, “Саппоро”, Баянгол дүүрэгт байрлах “Гранд плаза” худалдааны төвүүдэд, мөн интернет орчинд фэйсбүүк сүлжээгээр дамжуулан худалдаж, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Дыг эм, эмийн түүхий эд, био бэлдмэл импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоо тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэн тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 69 хайрцаг 6900 ширхэг “Jyocol eyecaps гэх эм, 166 хайрцаг 16600 ширхэг “Dizone гэх эмийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Д.Отгонбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ч.Д нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэхээр тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдаг.

Ч.Дын гэмт үйлдлийн улмаас бусдад хор хохирол учруулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог төдийгүй түүний худалдан борлуулсан эмийг хэрэглэсэн хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзсан эерэг үр нөлөө үзүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус тогтоогдсон. Үүнд:

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1554 дугаартай “... Монгол Улсын эмийн бүртгэлд Dizone гэх худалдааны нэртэй эм бүртгэгдээгүй болно. ... Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм тул эмийн гарал үүсэл үйлчлэл, эмээс хордсон, сэтгэцэд нөлөөлсөн өөрчлөлт орсон, сөрөг нөлөө үзүүлсэн гэх мэдээлэл болон холбогдох баримт бичгүүд тус төвд байхгүй болно ...”, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийн бүртгэн мэдээллэх журам”-ын дагуу эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн эмийн гаж нөлөөний мэдээлэлд Dizone гэх нэртэй эмтэй холбоотойгоор илэрсэн гаж нөлөөний тохиолдолд бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /1аа 108/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06-4061 дугаартай “... Jyocol eyecaps гэх нэртэй эмнээс хордсон, сэтгэцэд өөрчлөлт орсон, сөрөг нөлөө үзүүлсэн талаарх тохиолдол, зөрчил, гомдол мэдээлэл манай байгууллагад бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг.

Шүүгдэгч Ч.Дын хувийн байдлын хувьд дээл боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болно. Ч.Д нь “Гранд плаза” худалдааны төвд түрээсийн гэрээгээр худалдааны танхим түрээсэлж Энэтхэг барааны шашны эд зүйл зарж хувиараа хөдөлмөр эрхэлдэг боловч дэлхий даяар тархсан цар тахлын улмаас Монгол Улс 2019 оны 1 дүгээр сараас эхлэн хөл хорионы дэглэм тогтоож, улсын хилийг хугацаагүйгээр хаасан. Улмаар Энэтхэг улсаас импортоор оруулж ирдэг байсан худалдааны зүйл болох шашны эд зүйлс тасалдаж, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсноор өрхийн орлого багасч одоогийн байдлаар тогтмол орлогын эх үүсвэргүй болоод байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Дын үйлдэлд эм, эмийн түүхий эд, био бэлдмэл импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийтгэх тогтоол нь Ч.Дын үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасны дагуу шүүхээс шүүгдэгч Ч.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нийгэм цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, өрхийн орлого тасалдсан, түрээсийн гэрээгээр худалдааны танхим ажиллуулдаг/ зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял ...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор П.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч Ч.Дын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдалд бүрэн дүүрэн үндэслэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ёстой” гэх шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 8 дугаар хуудсанд ямар учраас шүүгдэгч Ч.Дт торгуулийн ял оногдуулсан хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарласан байдаг. Шүүгдэгч Ч.Дт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ч.Д нь архинаас гаргах үйлчилгээтэй гэх Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Dizone” гэсэн нэртэй эм, “Jyocol eyecaps” гэх нэртэй нүдний дусаалга /эм/, эмийн түүхий эд, био бэлдмэлийг хууль бусаар импортолж, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд  Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Драгон”, “Саппоро”, Баянгол дүүрэгт байрлах “Гранд плаза” худалдааны төвүүдэд, мөн интернет орчинд фэйсбүүк сүлжээгээр дамжуулан худалдаж, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Ш.Тгийн “... би 2019 оны 1 дүгээр сард ... 1, 2, 3 хайрцаг эмийг байгаа мөнгөндөө тааруулан 20,000 төгрөгөөс 30,000 төгрөгөөр худалдан авч 10,000 төгрөг нэмээд 1 хайрцаг эмийг 40,000 төгрөгөөр өөрийн ... фэйсбүүк хаягаар зар тавьж, худалдан борлуулдаг байсан. 2019 оны 1 дүгээр сараас хойш 12 орчим хайрцаг эм худалдан борлуулсан. ...” /1хх 73/,

 

гэрч Б.Уын “... би 2018 оны 8 дугаар сараас “Дайзоне” гэх нэртэй эмийг зарж борлуулсан. Өнгөрсөн хугацаанд 5 хайрцаг буюу 50 ширхэг “Дайзоне” эмийг зарж борлуулсан. ... Би Дайзоне гэх эмийг улсын хилээр оруулж ирснийг мэдээгүй, яаж оруулж ирдэг талаар мэдэхгүй. ... 2019 оны 1 дүгээр сараас хойш 10 орчим удаа ... Ч.Д гэх залуугаас ... уг эмийг худалдан авч 10,000 төгрөг нэмж гадуур худалдан борлуулдаг. ...” /1аа 75, 79/,

 

гэрч Б.Эын “... Энэтхэг барааны дэлгүүрээс Ч гэх хүнээс “Дайзоне” гэх нэртэй эмийг худалдан авч Уаар заруулдаг байсан. Уг эмийг Дын аав Ч ахаас 1 таблет эмийг 6,000 төгрөгөөр худалдаж аваад Уад 1 таблет эмийг 20,000 төгрөгөөр зардаг байсан. Уа надаас авсан эмийг цааш нь 40,000 төгрөгөөр зардаг байсан. ...Ч ахтай ярилцаж байхад архинаас гаргадаг, цэвэр ургамлын гаралтай эм тэдний дэлгүүрт байгаа талаар надад бас үзүүлж байсан. ...Ч, түүний хүү Д нар нь Энэтхэг барааны дэлгүүр ажиллуулдаг байсан учир би Дайзоне гэх нэртэй эмийг Энэтхэг улсаас оруулж ирдэг гэж боддог байсан ...” /1хх 86-87/,

 

гэрч Б.Чын “... Хүмүүс захиад байхаар нь Доос аваад захисан хүмүүст өгч байсан. ...Би тийм ихээр зарж байгаагүй. Тийм эм байдаг олж өгөөч гэхээр нь би Грандаас аваад зардаг байсан. ...” /1хх 89/ гэсэн мэдүүлгүүд

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай /1хх 94-95/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/01 дугаартай /1хх 165-168/ шинжээчийн дүгнэлтүүд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2019-625 дугаартай шинжилгээний дүн /1хх 97/,

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1554 дугаартай /1хх 108/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/3464 дугаартай /1хх 130/, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/1/4090 дугаартай /1хх 135/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06/4061 дугаартай /1хх 138/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10б/700 дугаартай /1хх 141/, Цэргийн төв эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1062 дугаартай /1хх 144/, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-3/4840 дугаартай /1хх 147/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1922 дугаартай /1хх 159/, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2-5а/9616 дугаартай албан бичгүүд,

 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч- мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бадрахын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 07200005 дугаартай магадлагаа /4хх 180-184/,

 

Ч.Дын Хаан банкин дахь дансны хуулга /4хх 127-178/, Ч.Дын хилээр нэвтэрсэн талаар лавлагаа /1хх 236-237 зэргээр нотлогдон тогтоогдсон байна

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу  анхан шатны шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Ч.Дыг эм, эмийн түүхий эд, био бэлдмэл импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Дын архинаас гаргах үйлчилгээтэй гэх Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Dizone” гэсэн нэртэй эм, “Jyocol eyecaps гэх нэртэй нүдний дусаалга /эм/ бүхий эмийн түүхий эд, био бэлдмэлийг хууль бусаар импортолж, худалдаж, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

       Шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Д.Отгонбат “... хувийн байдлыг минь харгалзан үзэн анхан шатны шүүхийн оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

      

          Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Дын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хуульд заасан ялын хэмжээний дотор буюу 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хүнд биш ял байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

          Шүүгдэгч Ч.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон харгалзан үздэг.

 

          Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

 

          Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр эмийн худалдаа эрхлэх, эм импортлох, хугацаа нь дууссан, бүртгэлгүй эмийг гар дээрээс худалдах, түгээх явдал бий болсноор хуурамч эм хэрэглэсэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох үр дагавартай, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хувьд их гэмт хэрэг юм.

 

          Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ